Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УПЕГ: Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, захидал харилцааны эрхийг хаасан гэдэг нь огт үндэслэлгүй мэдээлэл

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 54 секунд

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэв­­­дулам, хүү Б.Чулуудай нар өнөөдөр /2022.03.23/ хэвлэлийн бага хурал хийж, түүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг прокурор хааж байгаа учраас өлсгөлөн зарлаж байна гэж мэдээлсэн. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Баярсайхан хэвлэлийн бага хурлын үеэр яригдсан асуудлуудын талаар дараах тодруулгыг өглөө.

-Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг нь прокурорын байгууллагаас үндэслэлгүйгээр хязгаарлаж байгаа талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам ярьсан. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Юуны түрүүнд прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, захидал харилцааны эрхийг үндэслэлгүйгээр хааж, зөрчиж байгаа гэсэн нь огт үндэслэлгүй мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдье.

Прокурор хоригдож байгаа хүний эрхийг хязгаарлах, хаах талаар ямар нэгэн шийдвэр гаргадаг субъект биш. Харин хорих ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж ажилладаг байгууллага.

Хэрвээ ял эдлүүлэх ажиллагааны явцад хэн нэгний эрх, эрх чөлөө зөрчигдсөн бол прокурорт гомдол гаргаж уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Гэтэл Э.Бат-Үүл болон түүний өмгөөлөгчөөс прокурорын байгууллагад албан ёсоор гомдол, хүсэлт ирүүлээгүй атлаа удаа дараа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр ор үндэслэлгүй асуудлуудыг ярьж байна. Энэ асуудлаар прокурорын байгууллага тухай бүрд нь залруулга мэдээллийг олон нийтэд өгч байсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараад байгаа эдгээр мэдээ, мэдээллийн мөрөөр прокуророос хорих анги дээр нь очиж, Э.Бат-Үүлтэй хэд хэдэн удаа биечлэн уулзсан. Тэрбээр “ар гэрт нь бичсэн захидлыг хорих анги өөрт холбогдолгүй зүйл бичсэн байна гэж хориглосон” гэх асуудлын талаар ярьсан учраас энэ асуудлыг шалгаж, тодруулах арга хэмжээ авч байна.

-Хоригдож байгаа хүний захидал харилцаагаар харилцах эрхийг ямар үндэслэлээр хязгаарладаг юм бэ? Э.Бат-Үүлийн ар гэртээ бичсэн хэд хэдэн захидал нь очоогүй гэсэн.

-“Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хууль болон Хууль зүйн сайдын 2014 оны “Хорих байрны дотоод журам”-нд хоригдсон хүний эрх, үүргийг тодорхой тусгаж зохицуулсан байдаг.

Эдгээр хууль, журамд зааснаар хоригдож байгаа хүн захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах эрхтэй. Гэхдээ ирсэн болон тэднээс явуулсан захидал, цахилгааныг хорих байрны захиргаа заавал хянана гэж заасан байдаг.

Нийслэлийн прокурорын газраас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа Э.Бат-Үүлийн захидал, харилцааны эрх зөрчигдсөн гэх мэдээлэлтэй холбоотойгоор түүний хуульд заасан эрхийг хангаж ажиллах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албан бичгийг хүргүүлсэн.

-Э.Бат-Үүл өлсгөлөн зарласан гэсэн, түүний биеийн байдал ямар байгаа вэ?

-Э.Бат-Үүл нь өлсгөлөн зарласан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гарч байгаа ч прокурорт энэ талаар мэдэгдээгүй байна. Хэрвээ өлсгөлөн зарлавал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас прокурорт мэдэгдэх журамтай.

Эх сурвалж: УПЕГ

Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдан борлуулна
Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдан борлуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.