Улсын онцгой комисс өнөөдөр /2022.03.17/ хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн нэг гол асуудал нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлж татан авах ажлыг тогтмол зохион байгуулах тухай байв.
БНХАУ-д цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсаас татан авдаг эм, эмнэлгийн хэрэгсэл саатах эрсдэл үүсээд буйн зэрэгцээ ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор зөвхөн тус 2 улсаас нийлүүлдэг 136 нэр төрлийн эмнээс тасалдах эрсдэлтэй 10 эмийг бусад улсын ижил төрлийн эмээр орлуулах судалгааг хийж буйг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дэд дарга Д.Уранзаяа мэдээлэв. Үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэх асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.