Украин,ОХУ-ын хооронд дайн дэгдээд багагүй хугацааг үдэж байна. Гэтэл манай улсаас Украин улсын Харьков хотод хүнд нөхцөлд байгаа 18 оюутан нэг Монгол иргэнээ өнөөдрийг хүртэл татан аваагүй байна. Бид тус оюутнуудын төлөөлөлтэй холбогдож нөхцөл байдлыг тодруулахад оюутнуудын сэтгэл санаа маш хүнд байгаа гэдгээ хэллээ. Мөн хоол хүнс дуусаж, биеийн байдал хүнд байгаа талаараа онцолсон юм. Иймээс Монгол Улсаас эл оюутнуудаа татан авах нэн тэргүүний шаардлага үүсээд байгааг харж болно. Ингээд Харьков хотын метроны буудалд хорогдож буй оюутнуудтай чатаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа. Тэд мөн Монгол Улсаас Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Доржтой утсаар ярьсан бичлэгээ бидэнд илгээж, нийтэлж өгөхийг хүссэн юм.
-Нөхцөл байдал хэр байна вэ?
-Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Анх лайв хийснээс хойш гурав хоногийн дараа яриа өгч байна. Лайв хийснээс хойш намайг дарамталсан болохоор юу ч ярьж чадаагүй. Гэтэл одоо биднийг Монголд оччихсон юм шиг яриад байна. Одоогийн байдлаар 02-04 цагийн хооронд энэ хотыг дэлбэлэх пуужин хөөргөнө маш болгоомжтой байгаарай гэсэн мэдээг авснаас хойш унтаагүй байна. Өнөөдөр бид тэр мэдээг сонсоод Элчин сайд руу яриад бид нарыг яаж авах гэж байгаа юм бэ. Өөр улсууд оюутнуудаа аваад байх шиг байна аа гэж асуухад манай элчин сайд Б.Дорж гэдэг хүн "Би юу хийх ёстой юм бэ, надаар юу хийлгэх гээд байгаа юм бэ" гэж асуусан. Бид нарыг Монгол Улсад авааччихсан юм шиг яриад байна. Дээр бөмбөгдөлт болж, хажууханд бидний нүдэн дээр хүн буудуулж нас барж байна. Ийм нөхцөл байдлаа хэлж байхад өөдөөс би яах юм бэ гээд зогсож байдаг Элчин сайд байдаг юм уу.
Монголтой хоёр, Польштой нэг цагийн зөрүүтэй. Бид консулын газрын дарга руу ярьдаг утсаа авахгүй байна гэхэд Б. Дорж гэдэг хүн одоо ганц хоёрхон цагийн дараа Монголд үүр цайлаа. Тэгээд та хэд ярьчих гэсэн. Гэтэл бид нарын амь нас нэгхэн секундийн дараа амьд байх үгүй нь мэдэхгүй байхад яаж ингэж ярьж чадаж байна аа. Бидний нулимс уйлсаар байгаад ширгэлээ. Одоо усгүй болж байна. Монголчууд яагаад биднийг очсон мэт ярьж байна аа. Хэвлэлийнхэн минь сайн хэлээд ойлгуулаад өгөөч.
-Хоол хүнс нь дуусаж маш хүнд байдалд байгаа гэж сонссон?
-Бидний хоол хүнс дууссан. Хүмүүсийн олж ирсэн хоол хүнснээс бага хэмжээгээр авч хэрэглэж байна. Метроны буудал усгүй болж байгаа.
-Оюутнуудын биеийн байдал хэр байна вэ. Мөрөө мултлах муужирч унахаас авахуулаад нөхцөл байдал хүнд байна гэж сонссон?
-Харьковт 18 оюутан нэг Монгол иргэн байна. Арав, наймаараа хуваагдаад хоёр тусдаа газар байгаа. Энэ метроны буудалд надтай нийлээд арван оюутан нь байгаа. Гадаа бол аль улсынх нь мэдэгдэхгүй цэргүүд, танк дүүрэн байна. Метроны буудлаас гарсан гадаад оюутан буудуулж үхсэн тохиолдол ч гарсан. Манай улсын ГХЯ-ны дарга сайд нар үр хүүхэдгүй хүмүүс үү. Хэрвээ тэдний өөрсдийн үр хүүхэд ийм байдалд байсан бол хамгийн түрүүнд авчихсан байгаа даа /уйлав/.
Бид буцахгүй гэх мэтээр өөрийн хүсэлтээр үлдсэн юм байхгүй байсан шүү дээ. Лайв хийснээс хойш дөрөв хоног өнгөрлөө. Гэтэл бидний ярьсан юмыг эцэг эхчүүдэд маань хэлээд бидний амыг таглаад байх юм. Бид энд байхад Монголд очсон гэж ярьж болохгүй. Бид өмсөх хувцаснаас өөр юмгүй гарч ирсэн. Мөр нь мултарсан охины биеийн байдал бас л хүнд байна. Би өөрөө багтраад уутаар амьсгалаад байж байна. Нөхцөл байдал хүнд байна /уйлав/. Дайны хажуугаар яаж үхэх ээ ч мэдэхгүй болчихоод байна.
Ингээд тэдний утсаар ярьсан бичлэгийг оюутнуудын хүсэлтийн дагуу нийтэлж байна.