ХЭРГИЙН МӨРӨӨР: Маргалдсандаа өш санаж, хонинд явж байсан хүүгээ хөнөөчихөөд найз, хүргэн ах нарындаа цогцсыг нь аваачин “АРАА БИ ДААНА. Хамт булалц“ гэжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 46 секунд

Төрсөн аав нь хүүгээ хөнөөж, бусадтай үгсэн тохиролцон цогцсыг нь нуусан хэргийг цагдаагийнхан 4 жилийн дараа илрүүлсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын иргэн Г нь 2022 онд сураггүй алга болжээ. Түүний алга болсон байдал нь сэжигтэй байсан тул цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Улмаар мөрдөн шалгалтын явцад сураггүй алга болсон гэх Г-г нас барсан болохыг тогтоож, түүний цогцсыг олсон аж. Уг хэргийг түүний төрсөн эцэг 41 настай Б нь 2022 онд хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, амь насыг нь хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Ингэхдээ тэрбээр эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон өөрийн хүргэн ах нартай үгсэн тохиролцож, хүүгийнхээ цогцсыг нууж булсан болох нь тогтоогдсон байна.

Талийгаач хүү хэрэг гарах үед 17 настай байжээ

Амиа алдсан Г нь сэжигтэн Б-гийн төрсөн хүү. Тэрээр аав, ээж хоёр дүүгийн хамт тавуулаа амьдардаг байжээ. Амь насаа алдах үедээ буюу 2022 онд 17 настай байсан аж. Аав нь эхнэр хүүхдүүдээ байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан тул талийгаач хүү ээжийгээ өмөөрч аавтайгаа маргасан байна. Үүний улмаас аав нь хүүдээ өс санаж, хонинд явж байхад нь зодож, амь насыг нь хохироосон байна.

Улмаар цогцсыг нь найз Г, хүргэн Ш нарт аваачин, "Асуудлыг би ганцаараа даах учраас та хоёрт ямар нэгэн асуудал байхгүй. Бусдад мэдэгдэж болохгүй шүү. Хамт цогцсыг нь булалц" хэмээн шаарджээ. Тэгээд тэд хамтдаа хүүгийн цогцсыг Буянт сумын Хавтгайн шил гэх газарт булсан нь ийнхүү 4 жилийн дараа илчлэгдсэн аж.

Сэжигтэн этгээд өмнө нь ч хүүгээ ухаан алдтал зодсоны улмаас хүү гадаа хоёр хөлөө хөлдөөж байжээ

Амиа алдсан хүү төрсөн эцэгтэйгээ байнгын таарамжгүй харилцаатай, сургуульд сурдаггүй байсан талаар эх сурвалж мэдээлж байна. Харин аав нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан бөгөөд хүүг ухаан алдтал нь зодож, гадаа орхисны улмаас хүү 2 хөлөө хөлдөөж, эмнэлгийн тусламж авч байсан аж. Харин аав нь энэ үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар ял авч байжээ.

Хүүгийн ээж "Аймгийн төв рүү аваад явсан. Өөр зүйл мэдэхгүй" хэмээн мэдүүлжээ

Ээжийнх нь тухайд тэрбээр амиа алдсан хүүгийн хойд ээж. Хоёр жаахан хүүхдээ дагуулан сэжигтэн Б-тэй ханилсан. Харин Б нь 17 настай хүүхдээ дагуулснаар тал талаасаа хүүхдүүдээ нийлүүлэн ханилсан нь энэ аж. Гэвч Б нь байнгын эхнэр хүүхдээ зоддог байсныг 17 настай хүү тэвчилгүй, хойд ээжийгээ, өөрийгөө, хоёр дүүгээ хамгаалан маргалдсанаар өнөөдөр ийнхүү амь насаа алдсан байна.

4 жилийн дараа цогцсыг илрүүлснээр ээжээс нь мэдүүлэг авахад “Б амь хохирогчийг аймгийн төв рүү авч явсан. Өөр зүйл мэдэхгүй” гэж мэдүүлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Хүүгээ хөнөөж, цогцсыг нь нуун дарагдуулсан эцгийг яллагдагчаар татан цагдан хорьжээ

Гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдаад буй сэжигтэн Б-г Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл (Хүнийг алах)-ийн 2.8 дахь хэсэг (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан) –т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хориод байгаа аж.

Харин гэмт хэрэг болсныг мэдэж байсан ч нуун дарагдуулсан хүүгийн ээж Д, сэжигтэн Б-гийн найз Г, хүргэн ах Ш нарыг гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх зүйл ангиар шалгаж байна.

Д.Ганмаа: УИХ-ын гишүүдийг жагсаалтын, тойргийн болон хөгшин, залуугаар нь ялгаварлаж болохгүй
Д.Ганмаа: УИХ-ын гишүүдийг жагсаалтын, тойргийн болон хөгшин, залуугаар нь ялгаварлаж болохгүй
 
Ж.Сандагсүрэн: 20 гаруй жил бичиг цаастай зууралдаж, удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласныг маань харж Ерөнхий сайд зөвлөхөөрөө томилсон байх
Ж.Сандагсүрэн: 20 гаруй жил бичиг цаастай зууралдаж, удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласныг маань харж Ерөнхий сайд зөвлөхөөрөө томилсон байх
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!