
Гэр бүл салалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хамгийн том асуудлуудын нэг болж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд улсын хэмжээнд 79.577 хос гэрлэлтээ бүртгүүлж, 20.499 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Хамгийн сүүлийн буюу 2024 оны тоон мэдээллийг харахад 14.225 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4436 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Эндээс харахад өдөрт дунджаар 12 хос гэрлэлтээ цуцлуулсан гэсэн үг. Үүний цаана гэрлэлтээ бүртгүүлээгүй хэчнээн хос салж байгааг тааж хэлэх боломжгүй.
Тиймээс бид энэ удаад гэр бүл салалтын сүүлийн 5 жилийн тоон мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
ДҮҮРГҮҮД: ГЭР БҮЛ САЛАЛТ БЗД, СХД, ХУД-Т ХАМГИЙН ИХ БҮРТГЭГДЖЭЭ

Сүүлийн 5 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд нийт 40590 хос гэрлэлтээ батлуулж, 12.387 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэр бүл салалт хүн ам олонтой Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн бол Багахангай дүүрэгт хамгийн бага бүртгэгджээ. Багахангай дүүрэг 4.485 хүн амтай юм.
АЙМГУУД: ГЭР БҮЛ САЛАЛТ ОРХОН АЙМАГТ ХАМГИЙН ИХ БҮРТГЭГДЖЭЭ

Сүүлийн 5 жилийн хугацаанд 21 аймгийн хэмжээнд нийт 38.987 хос гэрлэлтээ батлуулж, 8.037 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэр бүл салалт Орхон аймагт хамгийн их буюу сүүлийн 5 жилийн хугацаанд 965 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Тус аймаг нийт 106.387 хүн амтай. Харин Орхон аймагтай ойролцоо тооны хүн амтай Баян-Өлгий аймагт 5 жилийн хугацаанд 253 хос, Өвөрхангай аймагт 399 хос гэр бүлээ цуцлуулсан байна. Гэр бүл салалт хамгийн бага бүртгэгдсэн аймаг нь Говьсүмбэр аймаг. Сүүлийн 5 жилийн хугацаанд 109 хос гэр бүлээ цуцалсан байна. Тус аймаг 21 аймгаас хамгийн бага буюу 18.349 хүн амтай аймаг юм.
35-39 НАСНЫХНЫ ДУНД САЛАЛТ ХАМГИЙН ИХ БАЙНА

2024 онд гэрлэлтээ дуусгавар болгосон хүмүүсийг хүйс болон насны бүлгээр нь авч үзэхэд, 35-39 насныхны дунд салалт хамгийн их байна. Тодруулж хэлбэл, 2024 онд 35-39 насны 1009 эмэгтэй, 1074 эрэгтэй гэрлэлтээ цуцлуулсан байна. Түүнээс гадна 50 болон түүнээс дээш насныхны дунд ч салалт их байна.
САЛАЛТЫГ ГЭР БҮЛ БАЙСАН ХУГАЦААГААР НЬ АВЧ ҮЗЭХЭД 10-ААС ДЭЭШ ЖИЛ ХАНИЛСАН ХҮМҮҮС ХАМГИЙН ИХ САЛЖ БАЙНА

Салах сонголтыг хэдэн жилээс дээш хамт амьдарсан хүмүүс хийж байгааг судлахад, 10-аас дээш жил хамт амьдарсан хүмүүс хамгийн их салж байна. Тодруулж хэлбэл, сүүлийн 5 жилийн байдлаар 10-аас дээш жил ханилсан 13502 хос гэрлэлтээ цуцлуулсан бол 7-8 жил ханилсан 2478 хос, 4-6 жил ханилсан 2050 хос, 1-3 жил ханилсан 2087 хос, 1 жил хүртэлх хугацаанд хамт амьдарсан 382 хос гэрлэлтээ цуцлуужээ.
Дээрх тоон мэдээллүүдээс харахад гэр бүлийн үнэ цэнэ, тогтвортой байдлын асуудалд анхаарал хандуулах цаг болжээ. Хамгийн сүүлийн буюу 2024 оны байдлаар улсын хэмжээнд 14.225 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4463 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.
Гэрлэлтээ цуцлуулах сонголтыг 10-аас дээш жил хамт амьдарсан 30-аас дээш насныхан хамгийн ихээр хийж байгаа нь харамсалтай. Учир нь тэдний цаана хамгийн багадаа 1-3 хүүхдийн ирээдүйн асуудал яригддаг. Судалгаанаас харвал гэрлэлтээ цуцлуулсан хосын 70 хувь нь 0-15 насны хүүхэдтэй байдаг аж. “Гэр бүл салалтыг хамгийн эмзэг хүлээн авч, сэтгэлийн шархтай үлддэг хүн бол хүүхэд байдаг тул суурь хүмүүжил, төлөвшил, зан аашинд нь сөргөөр нөлөөлдөг. Тэр ч утгаараа гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүүхдүүдийн дийлэнхийг энэ төрлийн шарх авсан хүүхдүүд эзэлдэг байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!