
"Эх орончдын өдөр"-т зориулсан 256 бөхийн барилдаанд зодоглож, нэгийн даваанд Улсын арслан Э.Батмагнайг өвдөг шороодуулсан Сумын заан Б.Баасантогтохтой ярилцлаа.
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Намайг Баярмагнайн Баасантогтох гэдэг. Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрж, өссөн. Сумын заан цолтой залуу байна.
-"Эх орончдын өдөр"-т зориулсан барилдаанд зодоглосон. Нэгийн даваанд Улсын арслан Э.Батмагнайтай таарсан гэдгээ мэдээд ямар бодол төрөв?
-Улсын наадмын түрүү бөхтэй таарсан учраас сэтгэгдэл маш өндөр байсан. Эрэмбэ, чансаа доогуур байдаг болохоор 128, 256-д багтах тохиолдол бага байдаг. Аз завшаанаа ашиглаад төрийн наадамд түрүүлсэн бөхийн сэнжигнээс атгаж үзэх нь гэж бодож баярласан.
-Сэнжигнээс нь атгаад зогсохгүй, бүр давчихсан шүү дээ?
-Тэрийг бол тэр өдрийн аз л байсан гэж бодож байгаа. Би мундагтаа Э.Батмагнай арсланг даваагүй. Хүнд нэг өдрийн аз гэж байдаг бол тэр нь л намайг ивээсэн байх гэж бодсон.

-Яг тухайн үед төрсөн сэтгэгдлийг тодруулж асуумаар байна?
-Арслан намайг харцагадаад бариад авсан. Би харин далбааных нь араас 3 хуруугаа хийгээд барьчихсан байсан. Намайг мушгингуут нь би суларч үлдээд, мордоод хойшоо зүтгэсэн чинь арслан доор орж байгаа нь мэдрэгдсэн. Тэр үед өөртөө итгээгүй ч арсланг элэг бүсээ тайлж, тахимаа өгөхөд маш их баярласан. Давах тухай бодож ч байгаагүй болохоор тэгсэн байх.
-Тухайн үед Э.Батмагнай арслан юу гэж хэлсэн бэ?
-Сайн барилдаарай гэж хэлсэн.
-Үндэсний бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-Би сүүлийн 3 жил үндэсний бөхөөр хичээллэж байна. Үндэсний өв соёл гэдэг ухаанаар үндэсний бөхөө хүндлэн, дээдэлж биширдэг байсан учраас сонгож хичээллэсэн.

-Бөхийн өргөөний хамгаалалтын албанд ажилладаг гэж байсан. Өөрөө бөхөд дуртай болохоороо хамгаалалтын албанд нь орсон уу?
-Том цолтой бөхчүүдийг ойроос харах хүсэл маань энэ ажилд намайг хөтөлсөн. 2023 оноос ажиллаж эхэлсэн. Зөвхөн бөхийн хамгаалалтад гардаг. Өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажлаа хийнгээ бөхөө үзээд, улсын цолтой бөхчүүдийг ойроос харж, бүгдтэй нь мэндэлдэг болсон.
-Хүндэлж, биширч, үлгэр дууриалал авдаг бөх нь хэн бэ?
-П.Бүрэнтөгс аварга шиг бөх болно гэсэн зорилго тавиад багаасаа харж өссөн.
-Ирээдүйд юунд зорьж байна вэ?
-Одоохондоо тийм том зорилго байхгүй. Бодсон бол бий. Тэрнийхээ төлөө бөхийн бэлтгэлээ хийгээд, шантрахгүйгээр урагшилж байна.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!