Ц.Шаравжамцын “Шар хүү“-гийн дараачийн зогсоол NBA

Ангилал
Спорт
Огноо
Унших
6 минут 52 секунд

Саяхан л МУГТ Ц.Шаравжамцын шар хүү АНУ-ын NCAA-д тоглохоор боллоо гэсэн мэдээ Монгол хүмүүсийн чихийг мялааж байв. Тэр цагаас хойш сагс сонирхогчид учиргүй сонирхоод байдаггүй NCAA тоглолтын мэдээллийг хайж, Ш.Энхийн-Од хэр тоглосон талаарх мэдээллийг хайж судалж, уншдаг болсон. Харин тэр хүү энэ хугацаанд анхны гэх тодотголтой олон түүхийг бүтээж, их сургуулийн сагсан бөмбөг замналаа дуусгах цаг хаяанд иржээ. Түүний хувьд NCAA-н замналаа Дэйтон, Сан Франциско, Юта, Өмнөд Каролиногийн сургуульд тоглосноор дуусгаж байна.

Эхний жилдээ Дэйтоны сургуулиас тоглож 5.6 оноо, 1.9 самбар, 2.6 ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлтээр улирлаа дуусгаж байв. Харин энэ улиралд 11.0 оноо, 5.5 самбар, 2.4 ашигтай дамжуулалт, 0.9 хаалт, 0.7 бөмбөг таслалт хийсэн статыг үзүүлжээ.

2025-2026 оны улирлын тоон үзүүлэлтийг хувьчилж харвал, 48.7 хувийн довтолгоо, алсын зайн шидэлт 34.2 хувь, чөлөөт шидэлтийг 88.2 хувьтай гүйцэтгэжээ.

Түүний дараагийн алхам бол NBA. Бид Монгол тамирчнаа дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн лигийн талбайд харж чадах уу гэдгийг чих тавин хүлээсээр байгаа. Монгол тоглогч NBA-д тоглох түүхэн үйл явдлын гэрч нь бид байхыг үгүйсгэхгүй. Ш.Энхийн-Од NBA-д орох бүрэн боломж байгааг бид энэ нийтлэлээр уншигч танд хүргэхийг хичээлээ.

NCAA-н тамирчдын 1-2 хувь нь NBA-д ордог

NCAA-н Division 1 хэсэгт 360 гаруй сургуулийн өрсөлддөг. Баг дунджаар 13-15 хүнтэй гэж бодохоор 4,800-5,400 тоглогч тоглож энэ лигт тоглож байна. Гэхдээ эдгээр тоглогчдын 1-2 хувь нь мөрөөдлөө биелүүлж NBA-д орж чадна.

Ш.Энхийн-Од дөрвөн жилийн хугацаанд 1,000+ авсан амжилтыг үзүүлсэн. Энэ бол түүний NBA-д орох магадлалыг өсгөх чухал үзүүлэлт. Нэг ёсондоо гарааны тоглогчид л энэ тоог давах боломжтой гэсэн үг.

Ш.Энхийн-Одын өндөр, биеийн хөгжил давуу тал болно

NBA-д холбон тоглогч оноо авах, дамжуулах, бөмбөг эзэмших ёстой гэсэн ойлголт хуучирч тэднээс хамгаалалтын ур чадварыг шаардах болсон. NBA-д оноогоор уралдахаас илүү хамгаалалтад суурилсан баг илүү амжилт үзүүлж байгаа. Тэр ч утгаар холбон тоглогч хайж буй багууд хамгаалалт сайтай холбогчийг илүү сонирхох болсон.

Яг одоо NBA-д идэвхтэй тоглож байгаа холбон тоглогчдын дундаж өндөр 200 см байна. Тэгэхээр багууд тэднээс өндөр, биеийн хөгжил сайтай холбон тоглогчийг илүү сонирхоно. Ш.Энхийн-Одын хувьд 206 см өндөр, 88 кг жинтэй байгаа. Өнгөрсөн зун түүний булчингийн масс нэлээн сайн нэмэгдсэн. Түүний хамгаалалтын ур чадвар сайн гэдгийг хаалт, бөмбөг таслалтын үзүүлэлтээс харж болно.

Тоо худал хэлдэггүй

Дөрвөн улирлын хугацаанд Ш.Энхийн-Одын бүх стат өссөн. Яахав драфтын дээгүүр сонголтод байгаа тоглогчид шиг 20+ оноо дундажлаагүй ч оноо авдаг, самбарт идэвхтэй, хамгаалах чадамжтай тоглогч гэдгээ харуулсан. Тоон үзүүлэлтийг хувьчилж харвал нэлээн сайн үзүүлэлт харагдана. Мэдээж түүний өндөр хувийн гүйцэтгэлтэй тоглолт скаутуудын нүдэнд өртсөн байхыг үгүйсгэхгүй. NCAA лигийн хувьд тамирчдын ур чадвар гэхээс илүү багийн тактик, хувилбаруудаар тоглолт явдаг. Ш.Энхийн-Од энэ улиралд хувийн амжилтаа бодоод дайрч тоглосон бол илүү оноо авах боломжтой байсан. Бас нөгөө талдаа түүний хамгаалалтын идэвх алдааны асуудалд оруулаад тоглолтоос гаргаж байсан жишээнүүд олон бий. Бас түүний тоглосон минут хэр талбайд үр дүнтэй байсныг харуулна. Түүний хувьд улирлын 29 тоглолтод оролцож 30.1 минутыг талбайд өнгөрүүлсэн. Мэдээж ахлах дасгалжуулагч талбай дээр үр дүнтэй байгаа тоглогчийг удаан тоглуулах нь ойлгомжтой асуудал.

Ш.Энхийн-Од 2023 онд скаутуудын хараанд өртсөн

Ш.Энхийн-Од 2023 оны драфтад нэрээ өгсөн нь багуудын хараанд өртөх эхний алхам болсон. Удалгүй Даллас Маверикс, Юта Жазз, Милуоки Бакс багууд түүнийг “Pre-draft Workout” үйл ажиллагаанд урьж байсан. Энэхүү үйл ажиллагаа нь тоглогчдыг сорих үйл ажиллагаа гэж хэлж болно. Мөн NBA-н хөгжлийн лигээс зохион байгуулдаг “Elite Camp” үйл ажиллагаанд урилгаар оролцож байсан.

Энэ жилийн драфтад нэрээ өгөхөөс олон зүйл шалтгаална

Ш.Энхийн-Одын нэр Nbadraftroom.com сайтын “Mock Draft”-д багтсан байгаа. Энэ жагсаалт нь драфтын өмнөх таамаглал гэж хэлж ойлгож болно. Энэ таамгаар бол draft-ын хоёрдугаар тойргийн сонголтоор сонгогдох боломжтой гэж харуулж байгаа. Гэхдээ албан ёсны биш таамаг төдий гэдгийг энд дурдах нь зөв байх.

Ш.Энхийн-Од драфтад нэрээ өгвөл түүнийг сонирхож байгаа багууд албан ёсоор “Pre-draft Workout” үйл ажиллагаанд урина. Хөгжлийн лигээс зохион байгуулдаг “Elite Camp”-д ч дахин уригдах боломжтой. Тэнд багийн менежер, дасгалжуулагчдын бүрэлдэхүүн тоглогчийн физик чадвар, техник, тоглолтыг унших чадвар, эрүүл мэндийн байдлыг судална. Үүнээс гадна багууд тухайн тоглогчийн хувийн хандлага багийн соёлд хэр их нийцэхийг тусгай үзүүлэлтээр хардаг болсон. Эндээс үндэслэн тухайн багт нэгдэж чадах тоглогчийг илүү нарийвчлан судалж бүх үнэлгээг гарган багийн менежер, ерөнхий менежер, ахлах дасгалжуулагчид өгнө. Мэдээж энэ бүх үйл ажиллагаанууд жинхэнэ драфтын үр дүнд шууд нөлөөлнө. Нэг үгээр хэлбэл албан ёсоор драфтад нэрээ өгөхөд бүх үйл ажиллагаа жинхэнэ утгаараа эхэлнэ гэсэн үг.

Бүргэдийн баяр энэ амралтын өдрүүдэд болно
Бүргэдийн баяр энэ амралтын өдрүүдэд болно
 
Ормузын хоолойд 10 гаруй хөлөг онгоцыг сөнөөжээ
Ормузын хоолойд 10 гаруй хөлөг онгоцыг сөнөөжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!