Ч.Сайханбилэг: Би АНУ-ын иргэн болохгүй. Монгол Улсын иргэнээрээ л энэ амьдралаа дуусгана

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
124 минут 3 секунд

NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаарт Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг оролцлоо. 2019 онд Монгол Улсын хилээр гарснаасаа хойш эх орондоо ирээгүй байгаа түүнтэй АНУ-ын Лос Анжелес хотноо уулзаж, удаах ярилцлагаа бэлтгэлээ

-Сайн байна уу, та?

-Сайн байна уу. Хамгийн сүүлд 2019 оноос хойш зургаан жил өнгөрсөн байна. Энэ боломжийг олгосон “Лхагвын тойм” нэвтрүүлгийн болон NTV телевизийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье. Нэвтрүүлгийн тань шинэ хуудсыг нээж буйдаа баяртай байна. Анх удаа Улаанбаатар хотоос биш 10 мянган км алс хол АНУ-ын Лос Анжелес хотоос нүүр тулж уулзах боломж гаргасандаа баяртай байна. Магадгүй дэлхий даяар тархан суурьшиж байгаа монголчуудыг, алдар цуутай эрхмүүдийг урьж оролцуулан нэвтрүүлгээ хөгжлийн дараагийн шатанд гаргасан түүхийн тань шинэ хуудсыг бичилцэж буйдаа талархаж байна.

-Юун түрүүнд нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан явдалд тань баярлалаа?

-Над руу хэд хэдэн сонин сэтгүүлээс холбогдсон. Бүгдэд нь “Цаг нь болохоор өгнө өө” гэж хэлж байсан юм. Тэрхүү сэтгүүлчдээс хүлцэл өчиж буйгаа хэлэхгүй бол болохгүй байх.

-Гурван жил гаруйн хугацаанд таниас ярилцлага авмаар байна, асуух зүйл их байна гэж холбогдсон. Өнөөдөр тэрхүү зүйлсээ бүгдийг нь асууна. Та яриандаа дурдаж байна. 10 мянган км бол багагүй хол зай. Энэ зүйлийг туулаад ирсэн тул та ч миний асуултад дэлгэрэнгүй хариулж өгөөрэй. Олон нийтийн анхаарлыг татсан үйл явц өрнөснөөс хойш арваад жилийн хугацаа өнгөрсөн байна. Дэлгэрэнгүй ярих байх гэж найдаж байна?

-Хүмүүстэй холбоотой байдаг л даа. Ойр дотнын найз нөхдөөс “Улс төрийн ороо бусгай нөхцөл байдал нэмээд нийгэм, сошиал ертөнц зохион байгуулалттай болсон энэ үед өөрөө ил гарч хэчнээн ухаантай зүйл яриад тэр нь буух хөрс суурь байхгүй байна. Түр чимээгүй байвал яасан юм бэ” гэсэн зөвлөгөө саналууд зөндөө ирдэг л дээ. Түүнийг нь бодож үзээд нэг хэсэг чимээгүй явсан. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд дуугарах үедээ дуугарч явсан. Сүүлдээ зарим мэдээллүүд нь үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд гарсан учраас цаг нь болсон гэж бодоод гурван жилийн дараа өөрт тань “За” гэж хэлсэн. Удаан хүлээлгэсэн явдалдаа хүлцэл өчье.

-Та энд ирээд хэр удчихав. 6.6 жил үү?

-Тийм ээ. 2019 оноос хойш гэж үзвэл 6.6 жил юм байна.

-Ямар ажил төрөл эрхэлж байна. Сонин сайхан ЮУ БАЙНА вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Хүний амьдрал хойно ажил мундахгүй. Хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх зүйлс хийж байна.Амьдралын хийж бүтээх цаг хугацаагаа хий дэмий өнгөрөөчихгүй юм сан гэж хичээж байна. Уншиж, судлах, хөгжих бололцоогоо алдахгүй байхыг хүсэж байгаа. Биеийн тамираа ч хаяхгүйгээр хааяа очиж хүнд жингээр өргөөд байхгүй ч гимнастик болгож өөрийн хэмжээнд хийх зэргээ зогсоохгүй байгаа. Амьдрал өдрөөс өдөрт үргэлжилж байна. Нэг үгээр хэлбэл, нэг мэдэхэд өглөө, нэг мэдэхэд орой, нэг мэдэхэд өвөл, нэг мэдэхэд зун гээд нэг мэдэхэд он жилүүд өнгөрч байна.

-Юу юугүй зургаан жил өнгөрчихсөн байна. Та монголоос гарахдаа эмчилгээнд явна гэж гарч байсан санагдаж байна. Бие гайгүй юу. Энэ 6 жил өнгөрүү хугацаанд биеийн байдал хэр байв?

-Эмнэлэг, орчин нөхцөл гээд л. Ямартай ч санаа зовниж байсан бүх зүйлийнхээ ард гарсан. Гэхдээ буцах боломжгүй болсон нөхцөл байдал эмнэлгээр явж байх хугацаанд үүссэн. Энэ нөхцөл байдал өнөөдрийг хүртэл арилаагүй байгаа учраас энд гацсан байдалтай байж байна.

-Ер нь сонгууль, улс төрийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж үе үе Ч.Сайханбилэг гэдэг хүн яагаад ирэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал хөндөгддөг. Монголд очихгүй байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Саяхан УИХ дээр Оюутолгойн сонсгол болоход ажлын хэсгийн дарга нь миний тухай хэлж л байх шиг байна лээ. Гишүүд мөнгө төгрөг цуглуулаад онгоцны тасалбарыг нь авч өгье, яагаад ирж юмаа ярьдаггүй юм зэргээр ярьсныг сонсоход “сонсголонтой” л байгаа юм л даа. Гэхдээ бас маш хоржоонтой байгаа байхгүй юу. Би онгоцны тасалбар худалдаж авч чадахгүй байгаадаа очихгүй байгаа юм биш. Намайг энд эмчлүүлээд явж байхад холбогдох хууль хяналтын байгууллагынхан холбогдож байсан. Би ийм учир шалтгаантай байна, удахгүй очно гэж хэлж байсан. Гэтэл намайг очоогүй байхад шүүх хурал хийгээд, өмгөөлөгч нарыг хүртэл авч ирж байгаад онгоцны буудал дээрээс баривчлах шийдвэр гаргачихаж байгаа юм. Дээрээс нь тухайн үеийн төр засгийн удирдлагууд надад ар араасаа маш олон мэдээллийг дамжуулсан л даа.

-Ямархуу мэдээллүүд байх уу. Ний нуугүй сонсоод л явья

-Ойлгомжтой шүү дээ. “Чамайг шоронд хийнэ. Зүгээр ч шоронд хийхгүй. Чи амьд гарах уу, гарахгүй юу гэдгийг чинь харуулна” гэх мэтээр. Зарим хүмүүс ч хэлж л байдаг л даа. Буруугүй юм бол хүрч ирээд шүүхээр шударга үнэнээ шийдүүлчих гэж ярьдаг. Гэтэл манай шүүх, хууль хяналтын байгууллагууд өнгөрсөн жилүүдэд яаж ажиллав. Төрийн тэргүүн нь энэ гурван байгууллагын удирдлагыг нэг дор солиод явах бололцоог хуулиар нь хүртэл өөрчилсөн шүү дээ. Харин сүүлдээ энэ хууль эрх зүйн орчин эргээд зөв зүг рүүгээ болж өөрчлөгдсөн. С.Баярыг, С.Баярцогтыг, Б.Бямбасайханыг, намайг 30 хоног хориод суллагдсан өдрийнх нь орой Ерөнхий шүүгч төрийн ордонд дуудагдаж өглөө гаргасан шүүгчийн шийдвэрийг хүчиндэж өөрчлөөд биднийг буцаагаад хорьж байсан. Нэг үгээр хэлэхэд, хувь хүн хүсэл зоригоороо шүүх, хууль хяналтын байгууллагуудыг хөдөлгөж байсан. Ийм л цаг үе байсан. Тиймээс л хэлээд байгаа аюул, заналхийлэл нь үнэхээр бодитой юм байна. Монголд шударга шүүхээр шүүлгэх ямар ч бололцоо алга. Хэн нэг хүн мундаг хариуцлага тооцож байгаа юм шиг харагдаж, түүнийх нь улс төрийн золиос болж өөрийнхөө эрх чөлөө, амь насыг алдах ямар шаардлага байгаа юм бол гэдэг бодол мэдээж орж ирж байгаа. Эрх чөлөөгөө алдаад гарна гэдэг бол нэг хэрэг. Гэтэл амь нас яригдаад эхэлбэл өөр. Хоригдож байгаад хоолны хордлого эсхүл гэнэт зүрх зогсоход өргөн олон түмний хэн нь ч юунаас болж нас барав гэдгийг мэдэхгүй шүү дээ. Навальны байна. Дөнгөж саяхан л шоронд хордоод нас барсан гэдэг нь ил болж байна. Ийм нөхцөл байдал үүсэх бололцоо бүрэн байгаад байсан учраас би бодсон. Би чинь улстөрчөөс гадна хувь хүн. Хувь хүнийхээ хувьд үр хүүхэд, хань ижил, настай аавынхаа өмнө хүлээсэн үүрэг гэж байгаа. Зүгээр очоод улстөрийн золиос болох уу эсхүл гаднаас нь улс оронд болж бүтэхгүй байгаа зүйлсийг хэлж, 30 жилийн туршид бойжиж ядаж байгаа ардчиллаа 3,4-хөн жилийн дотор хумьж дарангуйллын шат руу аваачих уу гэдгийг нь хэлэх ёстой юм байна. Дураараа монгол дотроо хашиж, хилийн хориг тавьж байгаад яаж дураараа загнаж болдгийг саяын хэдэн жилд харуулсан шүү дээ. Энэ “тоглолт”-ыг хэн хийгээд байгаа юм бэ гэдгийг хүмүүс мэдэхээ больсон. Намайг “Ийм зүйл боллоо. Шоронгийн мастер нь төрийн тэргүүн болсон байна” гэж ил захидлаар хэлсний дараа хүмүүс чөлөөтэй үгээ хэлэхээс айж эмээж эхэлсэн. Тийм нөхцөл байдал маш хурдан бий болдог юм байна лээ. Улс төрийн намуудад ч ялгаагүй.

-Таны яриан дээр хоёр, гурван ч удаа давтагдлаа. Шоронд хийх бол наад захын зүйл. Амь насанд халдаж болзошгүй яриа гарсан гэж. Хэн тэгээд байгаа юм?

-Янз бүрийн сувгаар хэл чимээ ирдэг юм. Зэвүү, дургүй хоёр зэрэг хүрч байна гэж тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга руу хандсаны дараа над руу тэр заналхийлэл орж ирж байсан. “Шоронд чинь хатаана. Амь насыг чинь хариуцахгүй шүү” гэдэг заналхийлэл ирж байсан бодит үнэн. Тэр байтугай тухайн үед УИХ-ын гишүүд нь төрийн ордонд шивнэж ярьдаг, утсаа унтраадаг, өрөөндөө юм ярихдаа зурагтаа асаадаг байсан. Нийгэм өөрөө ийм айдас хүйдэст автсан үе. Хүмүүс мартаагүй. Саяхны л зүйл шүү дээ.

Би Х.Баттулга Ерөнхийлөгч рүү хандсан захидлаа найз нөхдийнхөө сошиал группт тавихад дараа нь над руу “Сайхнаа наад Х.Баттулга руу хандсан захидлаа авчхаач дээ. Энд заавал байх ёстой юм уу” гэж хэлж байсан. Тийм л айдас төрүүлчихсэн байсан л үе шүү дээ.

-Ний нуугүй л ярья. Иймэрхүү нөхцөл байдал танай намын үед л үүссэн зүйл шүү дээ. Таны яриад байгаа Х.Баттулга ч танай нам. Хэдийгээр та бүхэн өөр өөрийн гэсэн үзэл бодолтой байсан ч хариуцлага гэдэг зүйл нам дээр л очно шүү дээ. Та ч намаасаа холдохгүй

-Хонгил, шударга шүүх, шударга ёсны тухай асуудал бол намын асуудал биш. Энэ махны машины аль талд нь гарах вэ гэдэг л асуудлыг утга нь болчихдог. Махны машины талд байгаа хүмүүс нь болоод байдаг. Гэтэл махны машины эсрэг байгаа хүмүүс нь хэрчүүлээд байдаг. Ингэхээр чинь нөгөө шударга ёс, хууль дээдлэх ёс гээд бүх зүйл алдагдчхаж байгаа юм. Энэ бол намуудын тухай асуудал биш. Ардчиллын хамгийн гол багана нь алдагдчихсан үед ийм зүйл гардаг л даа. Тиймээс үүнийг бид нийтээрээ засаж байж зөв талдаа гарна уу гэхээс хэн нэгэн хувь хүн эсхүл нэг нам руу чихэх зүйл биш. Хөгжлийн явцад туулах ёстой зүйл нь л юм шиг байгаа юм. Анх удаа монголд гарч байгаа зүйл ч биш.

-Эргээд санахад таны үед долоо хоног бүрийн Баасан гарагт баривчилдаг, шалгадаг өдрүүд өрнөсөн. Жишээлбэл, тэр үед Б.Хурц гэдэг хүний нэрийг хэлж чаддаггүй, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нэрийг хэлж чаддаггүй дохио зангаагаар харьцдаг байсан гэлцдэг. Тэр үед та Ерөнхий сайд байсан. Танай намын үед гэдэг нь энэ эхлэлийг л би яриад байна л даа?

-Ийм нөхцөл байдал 2014, 2015 ч биш. 2020 он гартал ийм нийгэм бий болчихсон. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад хууль хяналтын байгууллагын удирдлагаар томилогдож байсан хүн орж ирээд “Би ийм албан тушаалд томилогдсон. Тантай ойр ажиллах шаардлага байгаа учраас тантай уулзаж байна” гэж ирсэн. Тэгэхэд нь “Би бол Ерөнхий сайд. Миний ажил бол эдийн засаг, бизнес, улс орны хөгжлийн асуудал. Танай хууль хяналтын байгууллага бол тэс өөр ертөнц. Би танай ертөнцөөс хол явья гэж боддог. Та өөрийнхөө ажлыг сайн хий. Би өөрийнхөө ажлыг сайн хийе” гэж хэлээд гаргаж байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн үед хууль хяналтын байгууллага, шударга ёс, авлигын эсрэг зэрэг асуудал руу орж байсан учраас Ерөнхий сайд давхцаж орох шаардлагагүй. Урдах ажлуудаа хийгээд явья гэдэг байр сууринаас хандсан он жилүүд байсан. Тухайн үед хэн хэн дээр хэрэг үүсгэж, дараагаар нь яаж үргэлжилсэн зэрэг нь миний өмнө хэлсэнчлэн махны машины аль талд нь хэн байна вэ гэдгээс л шалтгаалж байсан. Би тэр хонгилынх нь махны машины нөгөө талд нь 2017 оноос хойш яагаад ч юм бэ гарчихсан. Түүнийхээ үр дүнг одоо хүртээд явж байгаа.

-Бидний ярилцлага их олон сэдвийг хамарна. Амь насанд халдана, батлан даахгүй гэдэг зүйлийг ярьж байна шүү дээ. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг утгаараа хувь хүн гэдгээс гадна төрд байгаа хар хайрцагны бодлого, мэдээлэл гээд бүгдийг дааж явдаг хүн. Тийм хүнд заналхийлэл ирж байсан гэхээр ноцтой сонсогдож байна. Магадгүй буцаж очихгүй байх шалтгаанаа та ингэж тайлбарлаад байгаа юм биш биз гэдэг бодол ч байна. Хоёрдугаарт, танд яг хэнээс, ямар хүнээр дамжуулж юу дамжуулж хэлэв гэдгийг сонирхмоор байна?

-Санаанаасаа зохиосон зүйл байхгүй. Энэ бол бодитой. Тэр хүн чинь надад тус болчихъё гэдэг байдлаар л “Ийм зүйл болоод байна шүү” гэж хэлж байгаа шүү дээ. Би эзнийг нь сая хэлсэн шүү дээ. Монгол Улсын төрийн тэргүүнээс надад бодитой заналхийлэл ирсэн. Ийм тохиолдолд тэр хүний улс төрийн хий ПР-т нь орж амь насаа золиослох уу эсхүл ийм зүйл болж байна шүү гэдгийг нийгэмдээ хүргэх үү гэдэг сонголт гарч ирсэн. Түүнийхээ дагуу үүргээ биелүүлсэн. Ил захидал бичсэн, өөрөө олон нийтийн сүлжээнд гарч ярьсан, хэд хэдэн ярилцлагыг тухайн үед өгч байсан. Голын нэг эрэгт хашиж байгаад дураараа дургихгүй шүү, хууль байдаг юм шүү гэдгийг хэлсэн. Миний араас Ч.Хүрэлбаатар гишүүн УИХ дээр нэлээн үзэлцэж эхэлсэн. Араас нь С.Эрдэнэ гишүүн үзэлцсэн. Энэ бүх зүйл чинь сүүлдээ бид ер нь буруу зүг рүү явж байна шүү гээд МАН институцынхээ түвшинд тарах асуудал ч үүссэн. Гажуудсан зүйлсийг засах үйл явц явсан л даа. Бид ярьдаг. Монголын хувь заяа их гэдэгчлэн диктатур руу хурдацтай шилжих гэж байсан тэр үйл явц саарах талын зүйлс өрнөсөн.

-Диктатур гэдэг ч юм уу. Дарангуйлал гэж сүүлийн үед их ярих болсон. Үүнээс шилжих оролдлого, үйлдлүүдийг хийсэн гэж 2019,2020 оны үйл явц тэр дундаа Х.Баттулга Ерөнхийлөгчийг яриад байна шүү дээ. Сонирхоод асуухад, энэ нь дан ганц тэр хүний бодол байгаад байдаг юм уу. Эсвэл цаана нь өөр сонирхол байдаг юм уу. Олон жил улс төрд явсан хүний хувьд төдийгүй Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд мэдээлэлд ойр л байдаг байх?

-Бидний үед талбай дээр хүмүүс гарч жагсахгүй байхад “Сүүлийн үед яагаад сул байгаад байна” гэтлээ нийгэм өөрийнхөө асуудлыг илэрхийлдэг байсан. Бидний үед жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл авах гэдэг бол том асуудал биш байсан. Хэн дуртай нь гарч ирээд жагсдаг, хэн дуртай нь төрийн ордон руу салаавч гаргаад долларын ханш ярьдаг тийм л үе байсан шүү дээ. Гэтэл дараагаар нь 30 жилийн ололт амжилт 3,4-хөн жилийн дотор яаж хурдан хумигдаж байгаа нь харагдах болсон. Талбай дээр очиж жагссаныг шууд ачдаг, зөвшөөрөл авах гэж өчнөөн юм болдог, зөвшөөрлийг нь өгдөггүй эсхүл тусгай зөвшөөрөлтэй хүмүүс гарч ирж жагсдаг зэрэг нь саяхныг хүртэл үргэлжиллээ шүү дээ. Хамгийн бодитой заналхийлэл нь, хуульд өөрчлөлт оруулж хууль хяналтын байгууллагыг гарын аясаар үйлчилдэг зэвсэг болготлоо доройтсон явдал юм. Барууны орнууд болоод Америкт монголын ардчилал буруу зүг рүүгээ явлаа гэдгийг маш олон хэвлэлээр бичдэг байсан.

-Миний асуулт. Энэ нь дан ганц тэр хүний бодол юм уу. Эсвэл цаана нь өөр сонирхол байдаг юм уу?

-Юм юманд л бий л дээ. Ардчиллын дор засаглах хамгийн хэцүү. Өдөр бүр сөрөг хүчний, гудамжны, иргэдийн, хэвлэл мэдээллийн хяналт дор ажил хийнэ гэдэг хэцүү. Үүнийг нэг нэгээр нь алга болгоод засаглана гэдэг амархан. Тэгэхээр эрх баригч аль тал руу нь явах вэ. Хүн төрөлхтний түүх шүү дээ, энэ чинь. Хамгийн амархан руугаа зүтгэдэг. Хамгийн амархан нь боломжгүй бол ардчиллын замаас явахаас өөр аргагүй болдог. Мөн манай улс геополитикийн хувьд онцлогтой. Хойд хөрш л гэхэд эндхийн сонгуулиуд дээр хүртэл орж ирж бужигнуулдаг том төрийн бодлоготой улс. Тэгэхэд гуравхан сая хүнтэй жижиг улсыг бужигнуулах, төрөөр нь тоглох зүйл асар их явж байгаа. Энэ тролл, ботуудыг санхүүжүүлэх нь хамгийн энгийн буюу хуруу хөдөлгөх төдийд л хэрэгжих зүйл. Бид аль аль талыг нь л бодолцож явах ёстой.

-Монголоо байнга санадаг. Өнөөдөр ч гараад монголдоо очих хүсэл надад байгаа-

-Байнга холбоотой байдаг гэсэн. Монголын болоод намын тань улс төр яаж өрнөж байна гэдгийг хэр анзаарч байна?

-Өглөө босоод заавал монголын тухай мэдээллүүдээ орж уншдаг. Тоглоомоор ч гэсэн “За нэг сайхан стресстээдхэе” гээд монголын мэдээ рү ордог. Твиттер, фэйсбүүкийн зарим мэдээллүүд, вэб сайтуудаар гарч байгаа мэдэээллийг ч хардаг. Нэг ёсондоо дотор нь амьдарч байгаа юм шиг л мэдээ мэдээллийг өдөр бүр авдаг.

-Ер нь ямархуу санагдаж байна. Алдаа оноо нь хэр байна. Болж байна уу?

-Зөндөө л юм гарна шүү дээ.

-Үргэлжлүүлээд Оюутолгой, Эрдэнэт зэрэг сэдэв рүү орохоос өмнө олон нийтийн сонирхож байгаа хэд хэдэн асуултыг таниас асуумаар байна. Буцахгүй юм уу. 7 жил болох гэж байна. Эндээс унших биш монголдоо очоод сэрүүн салхинд сууж байх шиг сайхан зүйл үгүй шүү дээ. Энэ тухай бодож үзэв үү?

-Өөрийн чинь нэвтрүүлгийн урд шторкууд явдаг шүү дээ. Тэр дунд “Хариуцлагаа би өөрөө хүлээнэ” гэж хэлж буй миний дүрс ч явж байдаг. Би хариуцлагаа өөрөө хүлээгээд л явж байгаа. Өөрийн чинь хэлдгээр төрсөн нутгаасаа олон жил хол явна гэдэг хэний ч хүсэх зүйл биш. Найз нартайгаа уулзаад, нутгийнхаа очъё гэсэн газруудаар очиж байна гэж шөнөжин зүүдэлж сэрээд өглөө нь байдгийнхаа баруун хаяанд байгаа юм байна шүү дээ гэж бодох нь сайхан зүйл биш. Монголоо байнга санадаг. Манай Динверт Хайнзангийн Лхамжав гээд яруу найрагч байдаг юм. Цагаан сараар таараад нэг шүлэг уншиж байсан нь их ойрхон санагддаг юм. “Нутаг хэзээ буцах вэ гэж надаас битгий асуу. Нуурлан хурсан нулимс минь асгарчих гээд хэцүү юм. Нуугдаж бугсан гуниг минь задарчих гээд хэцүү юм” гээд шүлэг байдаг шүү дээ. Тэр л миний дотор байдаг зүйл. Өнөөдөр ч гараад монголдоо очих хүсэл надад байгаа.

-Шалтгаан нь?

-Би шалтгаанаа өмнө хэлсэн шүү дээ. Надад ямар ч боломж өгөхгүйгээр онгоцны буудлаас гавалж аваачаад шоронд хийгээд, шоронд нь хоолны хордлогод ороод, зүрх чинь зогсож магадгүй шүү гэдэг дүр зураг байхад би яагаад очих ёстой юм гэдэг дээр хариулт өгөхөд хэцүү байгаа юм.

-Та “Би буруу зүйл хийгээгүй. Ерөнхий сайдын хувьд шийдэх ёстой зүйлээ шийдсэн” гэж ярьдаг. Хоёрдугаарт, шүүхээр таны амин найз С.Баярцогт, С.Баяр дарга шоронд суугаад гараад ирсэн. Одоо эрүүл саруул ажил төрлөө хийгээд байж л байна. Тэр хүмүүс болоод байхад та яагаад болдоггүй юм бэ гэдэг асуулт. Та яагаад энд айж байгаа юм шиг хулчийгаад сууж байгаа юм?

-Би бүгдийг л бодсон л доо. Х.Баттулга Ерөнхийлөгч болохоосоо өмнө С.Баярын кабинетад ажиллаж байсны хувьд нэлээн хүндэтгэлтэй ханддаг. С.Баярцогтыг бол өөрийнхөө бараг улс төрийн ментор, тусалж дэмжиж авч явна гэдэг байсан. Хувь хүнийхээ хувьд ч тэр хоёр сайн харилцаатай. Бид хоёр бол цугтаа жимд явдаг, төмөр өргөдөг гээд ойр л байсан. Гэхдээ бидний харилцаа хувь хүнийхээ хувьд таараагүй. Жаахан ойртоод эхлэхэд намайг хэнтэй найзлах ёстой вэ, хэнээс холдох ёстой вэ гэдгийг зааж эхэлсэн. Дараа нь ажил хэргийн шаардлагаар нэг зүйл болсон юм. Би нуугаад яах вэ. 60 хоног хоригдож гарч ирээд яагаад намайг шорон оронгоор сүрдүүлж яваад байгааг асуухаар Х.Баттулгатай нүүр тулж уулзсан. Тэгэхэд хамгийн дургүй хүрсэн зүйлээ надад ярьсан.

Төсвөөс 4 сая ам.долларыг гаргуулаад Маккейнзи компаниар төмөр замын ТЭЗҮ боловсруулна гэдгээ тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг бид хоёрыг суулгаад танилцуулж байсан. Би тэр үед ЗГХЭГ-ын дарга байсан юм.

-Нөгөө алдарт овоолсон шороо?

-Тийм ээ. Тэр үед төмөр замын ТЭЗҮ-д дөрвөн сая ам.долларыг зарцуулчихсан байсан. Дараа нь гүйцэтгэлээрээ 4 ч биш 5.6 сая ам.доллар авсан байдаг юм. Тэр мөнгөний зөрүүг өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан залууд өгсөн. Тухайн үед Маккейнзи ч нэлээн асуудалд орж байсан. Ажиллаж буй улсынхаа Засгийн газрын албан тушаалтанд мөнгө гаргаж өгнө гэдэг бол эндхийн авлигын тухай хуулиа зөрчсөн ноцтой асуудал. Тэр нь дүүрч. 2015 оны үед үүссэн хэргээ 2017 онд Ерөнхийлөгч болсныхоо дараа хууль хяналтын байгууллагынханд хэлээд хэрэгсэхгүй болгуулсан. Шударга ёс байдаг юм бол яагаад энэ хэргийг өнөөдөр гаргаж ярихгүй байгаа юм. Ярихгүй л байгаа биз.

Мөн төмөр замын ТЭЗҮ-ийг танилцуулж байх үед Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Бид хоорондоо “Маккейнзи ийм том компани байж яагаад ийм түүхий ТЭЗҮ хийсэн юм бол” гэж гайхаж байсан. Дэмжих аргагүй л ТЭЗҮ байсан байхгүй юу. Нөгөө нөхөр ч “Та нар дэмжихгүй байна” гэж баахан юм болсон. Дандаа л тэгж юмаа хийлгэдэг л дээ. Тэр үед нь би “Би Монгол Улсын сайдын хувьд ямар нэгэн улс төрийн нөлөө, хүчинд автаж дэмжсэн ч иргэнийхээ хувьд үүнийг чинь хэзээ ч дэмжихгүй” гээд хэлчихсэн юм. Тэр үгэнд л шаралхаж, дургүй нь хүрсэн юм билээ.

Дараагаар нь намайг Ерөнхий сайд байхад нэг удаа орж уулзсан.

-2016 оны сонгуулийн өмнөхөн үү?

-Тийм ээ. “Намайг баахан хэрэгт хийх гээд байна. Чи Ерөнхий сайд байна даа. Надад тусла” гэсэн. Тэгэхээр нь Ерөнхий сайд АТГ, прокурор дээр ямар ч нөлөө байхгүй. Шүүхийг ч мэдэхгүй. Яаж туслахаа мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд над руу хүүхэлдэй рүү баахан зүү хатгачихсан зураг мэйлээр явуулж байсан. “Чамайг ийм болгоно оо” гээд.

Би С.Баяр, С.Баярцогтын адилаар тэр шоронд нь ороод явж л байсан шүү дээ. Гарч ирэхэд ийм зүйлс яригдаад “Амь настай чинь ярина” гээд заналхийлээд байхад яах юм. Би хэлээд байна шүү дээ. Зүгээр л “Өө энэ нөхөр хоолны хордлогоор нас барчихжээ” гэж яригдаад л сууж байх байсан. Хүн өөрийнхөө хувь заяаны шийдлийг хийж байна. Зарим хүмүүст би хулчгар, хариуцлагаас зугтаж буй мэт санагдаж байж болно. Тэр хүмүүсийн бодлыг би өөрчилж чадахгүй. Гэхдээ энэ бол миний бодит байдал. Би үүнийгээ өнөөдрийг хүртэл хэнд ч ярьж байгаагүй.

-Мэйлээр ирсэн зүйл бол баримтаараа байгаа л байх. Хүний амь насанд халдахыг заналхийлсэн гэх процесс дээр Х.Баттулгыг их ярьж байна. Гэхдээ нотолгоо байхгүй бол төвөгтэй л зүйл юм даа?

-Би ямар санаанаасаа зохиож ярих шаардлагатай байгаа биш. Болсон процессыг л ярилаа. Өнөөдөр намайг яагаад ийм байдалд байгаа юм гэдгийг хүмүүс ойлгоосой гэж бодсоны үндсэн дээр л хэлж байгаа юм.

-Буцахаар асуудал үүсээд байна гээд байдаг. Та 2021 онд бичсэн ил захидалдаа “Х.Баттулгын шүүхээр орохгүй” гэж бичсэн байсан. Гэтэл тэр шүүхээр нь улстөрчид орж, гараад л байдаг. Хоёрдугаарт, та хөлгийн ахмад байсан хүн шүү дээ. Да.Ганболд, Ариунсан, Бямбасайхан, Золжаргал гээд танай залуус бүгдээрээ л Оюутолгой, Эрдэнэттэй холбоотой зүйл дээр асуудалд ороод байж байна. Энэ хүмүүсээ орхиод өөрөө энд ирээд суучхаар танд юу бодогдож байх юм?

-Хөлгийн ахмадын гэхээс илүүтэйгээр хувь хүн тус бүр дээр өөр өөр асуудал байгаа. Жишээлбэл, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шоронд орно гэсэн хүлээлт надад байаагүй. С.Баярцогт ч танай нэвтрүүлэг орохдоо яагаад ял авсан бэ гэдгээ тайлбарласан байсан шүү дээ. Б.Бямбасайхан бол Х.Баттулгын зөвлөх хийгээд уул уурхай, гадна дотнын хөрөнгө оруулалт гээд явж байсан хүн. Да.Ганболд, Ариунсан гэдэг хүмүүс бол энэ хэрэгт огт холбоогүй. Тийм мөртлөө яагаад шоронд хоригдчихсон юм. Надаас болоогүй байхгүй юу. Энэ хүмүүс 2020 онд сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Нэг ёсондоо, тэднийг “Миний үгэнд оролгүй сонгуульд нэр дэвшлээ. Улс төрийн ажилд орчихлоо. Би зөвшөөрөөгүй байхад яагаад нэр дэвшдэг юм” гээд л сонгуулийн компанит ажлаа хийж байхад нь түүж авчраад, шүүх хурлыг нь маш хурдан зарлаад л шоронд явуулчихсан шүү дээ. Болсон явдал нь л энэ.

-Энд багагүй өртөгтэй л дөө. Би ирээд 2,3 хоноход л харагдаж байна. Та энд ямар ажил хийж байгаа гэсэн бэ. Тодорхой эрхэлж байгаа ажил бий юу?

-Ажил байхгүй.

-Ямар мөнгө, ямар зардлаар та энд ингэж амьдраад байна бэ. Үүнээс чинь л дахиад хардлага үүсэж байгаа юм. Ч.Сайханбилэг Оюутолгой, Дубайн гэрээг хийснийхээ төлөө авсан авлигын мөнгөөрөө сайхан амьдарч байна гэдэг ч юм уу. Монголоос санхүүжээд байна гэдэг ч юм уу. Яг ямар зардлаар амжиргаагаа залгуулаад байгаа хэрэг вэ?

-Өөрийн чинь хэлж байгаа шиг зүйлийг хүн бодох л байх. Гэхдээ миний хувьд зарж болох бүх л зүйлээ зарж байгаа. Монголд байгаа бүх л үл хөдлөх хөрөнгүүдийг маань хууль хяналтын байгууллагаас хөдөлгөөнд оруулахгүй байхаар битүүмжилсэн. Тиймээс унаа тэрэг, гэр доторх бүхий л зүйлсээ зарсан. Америк сургууль дахь өөрийн хувьцаагаа зарсан. Тэр мөнгөөрөө хэсэгтээ амьдарсан. Мөн манай эхнэр бизнес хийдэг. Өрх толгойлсон эмэгтэй гэдэгтэй адилаар гэр бүлээ авч явах гол зүйлийг манай эхнэр хийдэг. Монголд эхлүүлсэн бизнес, брэндээ Америкийн зах зээл рүү гаргая гэдэг байдлаар ажиллаад явж байгаа. Монголчуудтайгаа л адил хоёр идэхгүй хоосон хонохгүй л амьдарч байна. Хүүхдүүд маань өөрсдөө ажил хийгээд, амьдралаа аваад явж байна. Манай бага хүүхэд бид хоёртой цуг амьдардаг. Тиймээс бусад гэр бүлийн адилаар л амьдарч байгаа.

-Улс төрийн хүрээнд болоод МАН-аас тантай холбоотой мэдээлэл үе үе гарч ирдэг. 2.8 сая ам.доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг МАН-аас НИТХ-д сонгогдож байсан Төмөрбаатар гэх хүн тань руу шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан. Энэ асуудал 2023 оны 12 дугаар сард АТГ-д шалгагдсан. Та энэ хүнээс ямар зорилгоор энэ хэмжээний мөнгийг авсан юм бэ?

-Тийм хүн байдаг гэдгийг би тухайн үед л анх удаа хэвлэлээс сонссон. Амьдралдаа уулзаж, ярьж ч үзээгүй хүн рүүгээ 2.8 сая ам.доллар шилжүүлдэг юм бол асар их хөрөнгөтэй хүн байна даа гэж бодоод л өнгөрсөн. Зүгээр л гүтгэлэг. Наад мэдээлэл чинь зүгээр л улс төр. Над руу мөнгө шилжүүлдэг хүн нэг ч байхгүй.

-Тэр 2.8 сая ам.доллар ирээгүй гэсэн үг үү. Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас шалгаж байна гэдгийг хэлсэн шүү дээ?

-Надад тийм мөнгө ирээгүй.

-Нэг сарын дотор 100 гаруй сая төгрөгөөр гольф тоглоод явж байдаг. Ямар мөнгөөр ингэж яваад байна гэх мэдээлэл ч гарсан?

-Зүгээр байж байхаар гэж бодоод л гольф гэдэг спортыг сонирхож, тоглож сурсан. Гольфийн үнэ ямар байдаг вэ гэдгийг тоглодог хүмүүс нь маш сайн мэднэ. 100 гаруй саяар тоглодог гольфийн цаг гэж дэлхийд хаана ч байхгүй. Намайг хариулт өгөхөөс өмнө хүмүүс хариулт өгчихдөг юм билээ. Гольф гэдэг чинь олон нийтийн спорт. Нэг удаа тоглоход 30-50 ам.доллароос авхуулаад үнэтэй нь ч байдаг. Сард гишүүнчлэлийн хэдэн төгрөг өгөөд тоглох бололцоо ч байдаг. Америк даяар хэдэн сая хүн тоглож байгаа спорт шүү дээ. Манайд л асар үнэтэй спорт гэж ойлгоод байгаа болохоос.

-Тэгвэл энэ хоёроос нэгтгээд асууя. Энэ мэдээллүүдийг гаргаж, олон нийтэд ил болгож байгаа нь тухайн үеийн МАН, Ерөнхий сайд л байсан шүү дээ. Яагаад ийм худал мэдээллийг гаргаад байна?

-Авлигын тэмцэл гэдэгтээ ажил хийсэн юм шиг харагдах хэрэгтэй шүү дээ. Манайхан тул, жараахай гэж яриад байдаг. Жараахай нь хүмүүст хүрдэггүй. Тэгэхээр нь тул хэрэгтэй болдог. Хажууд байгаа нөхдүүддээ хариуцлага ярих гэхээр бэрх. Тиймээс муу л юм болвол хойд талын хар овоохой гэдэг шиг нэг бэлэн хүн байгаа юм чинь мэдээлэл гаргаад сенсаци дарчихья гэдэг зүйл л явж байгаа шүү дээ. Өмнө хэлсэн 2.8 сая ам.доллар, гольф зэрэг чинь зүгээр л ПР-ын зохиол, тоглолтууд. Үнэн юм байхгүй.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энд байгаа шүү дээ. Та хоёр уулзалдаж байна уу?

-Монгол хүмүүс байна даа, мэнд устай байдаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч олон улсын байгууллагынхаа сонгуульт ажлаар ийш тийш их явдаг. Хааяа нэг яриахад ийшээ яваад ирлээ, тийшээ яваад ирлээ гэж л байдаг юм.

-Ер нь уулзсан юм уу?

-Ноднингоос хойш уулзаж амжаагүй. Хоёр, гурван сардаа нэг удаа утас цохиж, мэндийг нь асуудаг.

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй холбоотой зүйл асуусных үргэлжлүүлээд Эрдэнэтийн асуудал руу оръё. Ч.Сайханбилэгийн шийдлийн Засгийн газар гарч ирэхдээ гурван эдийн засгийг ярьсан. Нэг нь Дубайн байсан байх. Хоёрдугаарт, Тавантолгойг хөдөлгөх гэж оролдсон. Мөн Эрдэнэт.

Оюутолгойгоос эхэлье. Дубайн гэрээний нэмэлт дээр очиж гарын үсэг зурахаас өөр аргагүй нөхцөлд байдалд та Ерөнхий сайд байхдаа орсон юм уу. Эдийн засаг хүнд байсан. Гэхдээ бид алдаа хийсэн гэдэг нь цаг хугацааны эрхээр хараад ойлгож байгаа шүү дээ?

-Ер нь Оюутолгойн гэрээн дээр гэлтгүй төгс гэрээ гэж хаана ч байхгүй. Учир нь хүний хүсэл гэдэг чинь 100 хувь шүү дээ. Хамтрагч нар бол хэзээ ч 100 хувь хангагддаггүй. Тиймээс Оюутолгойн гэрээ сайн болсон уу гэдэн зүйл мөнхийн байна. Ерөнхий дүр зургаар нь авч үзвэл, би Оюутолгой хөдөлснийг алдаа гэж харж чаддаггүй. Учир нь тийм биш. Харьцуулаад яривал их сайн ойлгогдоно. Эрдэнэт байна. Анх 1973 оноос үйлдвэрлэлийнх нь үйл явц эхэлсэн. 2008,2009 оны эдийн засгийн хямралын дараагаас л ногдол ашиг авах бололцоо гарч ирсэн. Ингээд харахад бараг 35 жилийн процесс байгаа биз. Оюутолгой 2003 онд эхэлсэн. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ нь 2009 оноос, үйл ажиллагаа нь 2010 оноос эхлээд явсан. Уул уурхайн төслүүд ийм л байдаг. Ийм төслийг долоон буудалд амьдарч байгаа хоёр хөгшин ойлгоход бэрх шүү дээ. Нарантуул дээр жижигхэн лангуу түрээсэлж байгаа хүнд арилжааны банкнаас авч байгаа 100 сая, 1 тэрбумын зээл аймшигтай санагдана. Жижиг ААН-ын авсан өр, сар бүр төлөх төлбөрийг сонсоход аймшигтай санагдана. Үндэстэн дамжсан компаниудын авч байгаа хэдэн тэрбумыг сонсоход ч аймшигтай санагдана. Манай улстөрчид ийм зүйл дээр нь л популизмаа хийдэг. Оюутолгойн зээлийн хүүнд өдөрт хэдэн сая ам.доллар өгч байна гээд л. Уул уурхайн хэдэн тэрбумын төсөл ингэж л явна. Үүнийг тэтгэврийн хоёр хөгшинтэй аваачиж харьцуулах уу, Нарантуултай харьцуулах уу гээд явбал аймшигтай санагдахаас өөр аргагүй шүү дээ. Гэхдээ энэ төслөөр хэзээ ч монгол өрөнд орохгүй, дампуурахгүй. Энэ чинь 90,100 жил үргэлжлэх төсөл. 20,30 дахь жилээсээ ногдол ашиг хуваарилж эхэлдэг. Ийм төслүүдийн хүрээнд л явж байгаа. Нэмээд гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирж байна. Тусгаар тогтнолынх нь баталгаа болж байна. Ингээд үзвэл Оюутолгой хэзээ ч халтай биш. Хүн бүр энэ төслийг тэтгэврийн хоёр хөгшний нүдээр хараад байвал алдаа, оноог нь хараад байна гэдэг зүйл рүү аваачиж байна. Уул уурхайн мега төслийнх нь хувьд харвал, маш зөв явж байгаа төсөл.

-Н.Алтанхуягийн ЗГ унасан шалтгаан Оюутолгойтой огт холбоогүй. З.Энхболд, Х.Баттулга нар УИХ дээр МАН-тай нийлж заналтай гэгч нь гарын үсгээ зурж байгаад огцруулсан-

-Оюутолгойн сонсголыг та харж амжив уу?

-Харалгүй яахав. Муу л юм болвол хойд талын хар овоохой гэдэг шиг Дубайн гэрээг муулдаг ч төсөл нь урагшилж байвал яахав гэж бодоод дуугүй явсан. Гэтэл сүүлдээ учир мэдэх хүмүүс нь хүртэл үнэн байдлаас хазайсан зүйл яриад байгаа учраас энэ талаар ярилцаж, өөрийн байр сууриа хэлье гэсэн юм.

-Сонсгол болж байх үеэр тань руу дахин холбогдоход таныг энэ талаар ярих байх гэж найдсан. Гэрээнд алдаа оноо байдаг. Дубайн гэрээг хийснээр гацаад байсан Оюутолгой хөдөлсөн юм байна. Далд уурхайгаа ашиглалтад оруулаад хоёр жилийн өмнөөс зэсээ гаргаад эхэллээ шүү дээ. Нөгөө талдаа ТЭЗҮ гэх зүйлийг ярих хэрэгтэй болчихлоо. Тухайн үед ТЭЗҮ-г тодорхойгүйгээр үе шаттай хуваадаг байдал руу оруулснаас болж ашгаа авах хугацаа маань хойшилж, өр төлбөр гэдэг асуудал яригдаад байна гэх юм?

-МанайханДубайн гэрээ муу. Гэхдээ гацсан байсан зүйлийг хөдөлгөсөн” гэдэг жижүүрийн үгтэй болчихсон. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ Оюутолгой төслийг хундаамыг тавьж өгсөн гэрээ байсан. Хундаамыг нь ухчихсан энэ байшин баригдаагүй. Яагаад гэвэл 20 хувь нь л ил уурхай дээр байсан. Хүн ч, бизнес ч орж болохгүй, ажил ч хийж болохгүй хэсэг нь 80 хувь буюу далд уурхай дээрээ байсан. Хоёр давхар ухчихсан хундаам дээр нь 8-10 давхар байшинг нь бариад дотор нь хүн орж амьдрахаар нөхцөл бололцоог нь Дубайн гэрээ хийж өгсөн. Би ганцхан жишээ хэлье. Улаанбаатараас Дархан орох зам 220 км. Бид бэлэн байгаа энэ замыг ховхолж аваад шинээр тавих гэж хэдэн жил ухантав. 8 жил. Зүгээр л зам тавихад шүү дээ. Гэтэл Дубайн гэрээ гээд байгаа далд уурхай чинь 2015 онд шийдвэр нь гараад 2016 оноос хэрэгжиж эхлээд 2023 оны 3 дугаар сард дууссан. Ойролцоо хугацаанд буюу 8 жил үргэлжилсэн байгаа биз. Тэгэхэд Парисын Эйфэлийн цамхгаас 3-4 дахин өндөр байхаар хэмжээнд газрын гүн рүү ухаад, тэнд нь метро шиг урт хонгил үүсгэж, хоёр автомашин зөрөхөөр болгож, 1300 метрийн гүнд байгаа хонгилд бүх тогтоогчийг нь хийгээд нурж унахааргүй болгоод, хажуугаар нь туузан зураас гүйлгэж бүтээгдэхүүнээ хийдэг болгоод, тав зургаан газар босоо ам хийсэн гээд энэ бүх бүтээн байгуулалтыг адилхан 8 жилд хийсэн. Аль алийг нь монгол хүмүүс хийж байгаа. Менежмент нь л жаахан өөр. Нэг нь барууны том компани. Энэ хэмжээний ажлыг далд уурхайгаар хийсэн. 8 жилийг зарцуулж энэ том уурхайг барьсан байна. Манай Засгийн газар тэр үед шийдээгүй байсан бол өнөөдөр бид нөгөө л ухчихсан хоёр давхар хундаамтайгаа л байж байх байсан. 2009 оноос 2026 он хүртэл хундаамтайгаа сууж байсан бол Рио Тинто манайхаас аль хэдийнэ гараад явчихсан байх байсан. Эсвэл Орос, Хятадын аль нэг компанид энэ эрхээ өгөөд гараад явчихсан байх байсан. Тиймээс Дубайн гэрээ гэдэг чинь Оюутолгой төслийг утга учиртай болгосон гэрээ. 2026,2027 оноос эхлээд 2009 оны үйлдвэржиж байсан хэмжээнээс хүчин чадал нь дөрөв дахин нэмэгдэж байгаа. Бидний авах ашиг руу ороод эхэлж байна гэсэн үг.

Асуултын чинь хоёр дахь хэсэг рүү оръё. Монгол руу орж ирж байгаа маш олон татвараар энэ өгөөж чинь бий болно. 2009 оны ил уурхай хэвээр үргэлжилж байсан бол бид зургаа орчим тэрбум ам.доллар олоод л, хоёр давхар хундаамтайгаа дуусах байсан. Харин дээшээ арван давхар байшин барьж чадсан учраас энэ төсөл цааш 100 жил үргэлжилнэ. Монгол Улс 6 тэрбум ам.доллар олоод зогсох байсан бол энэ тоо 40 гаруй тэрбум ам.доллароор нэмэгдэж, нийт 49.7 тэрбум ам.долларыг олох боломжийг Дубайн гэрээ олгосон. Энэ орлогын 8 тэрбум ам.доллар нь ногдол ашиг. Тэгэхээр 17 орчим хувийн төлөө ингэж их маргаан болоод байгаа юм. Цаана нь 83 хувийн орж байгаа ашгийг ярихгүй байгаа. Ногдол ашиг чухал.

Монголчууд гурав хуваагдчихаад байна. Оюутолгой гэж ярьдаг 2009 оныхон, 2015 оныхон, одооны нэлээн хэсэг популистууд. 2009 оныхон маань тухайн үеийн ТЭЗҮ-ээр 5 тэрбум ам.доллар олоод түүгээрээ далд уурхайгаа барина. Тэгсэн мөртлөө далд уурхайн ажил яагаад 2,3 жилээр хойшлов гэхээр ТЭЗҮ бол хууль биш гэдэг зүйлийг ярьдаг. 2015 онд ч яг адилхан. 2015 онд Рио Тинтогийн зүгээс “Бид 2009 оны ТЭЗҮ-ээр Оюутолгой төслөө хөгжүүлэхэд бидний бодож байснаас хамаагүй их хугацаа, санхүүжилт шаардагдах юм байна. Бид дангаараа хөрөнгө оруулагчийн санхүүжилтээр шийдэж чадахгүй учраас олон улсын санхүүгийн 15 байгууллагаас 5.4 тэрбум ам.долларын туслалцаа авъя. Үүнийг дэмжихгүй бол далд уурхайн ажлыг үргэлжлүүлэх боломж алга” гэсэн. Бодит байдал нь ийм байгаа юм чинь энэ зээлийг аваад явахаас өөр аргагүй байсан. Түүнээс биш 2009 оныхон монголоо боддог, 2015 оныхон нь монголоо боддоггүй юм биш. Бололцоо байсаар байхад нь бид зээл аваад ногдол ашгаа хойшлуулъя, зээлийн хүү төлье гэсэн зүйл байхгүй. Ер нь 2009 онд Рио Тинто өөрийн хувь нийлүүлэгчийн хөрөнгө оруулалтаа хийгээд явсан ч бид 34 хувьдаа хөрөнгө оруулагчийн зээл гэж тооцоод зээл төлөөд л байж байгаа. 2015 оны далд уурхай дээр ч адил. Зээлүүд нь ч адилхан. Лайбер+6.5 гэдэг нөхцлөөр зээлийг нь төлөөд явж байгаа байхгүй юу. Ийм л утга учиртай зүйл. Түүнээс биш бололцоотой байхад нь зээл аваад улсаа хохироогоод байсан зүйл байхгүй.

-1.8 сая ам.доллар нь сүүлдээ бараг 2 сая ам.доллар ч гэж яригдаад байсан. Таныг татварыг нь байхгүй болгоод улсаа хохироосон зэргээр ярьдаг. Тэр байтугай тантай нэг танхимд байсан хүн, танай намынхан чинь тэгж ярьдаг шүү дээ?

-Татварын маргаан дээр нэг талдаа гарах зайлшгүй шаардлагатай. Миний үед 1.5 тэрбумын татвар, зардлын хэтрэлтийн асуудал гарлаа гэх зэргээр маргаан явдаг байсан. Өнөөдөр ч тэр маргаан явж л байна. Арбитрын шүүх дээр яваа шүү дээ. Тиймээс энэ асуудал хэзээ ч дуусахгүй. Миний үед эсхүл Л.Оюун-Эрдэнийн үедээ гэдэгтээ биш. Хэрэв энэ асуудал дээр хоёр тал суугаад ойлголцож чаддаг бол маш сайн. Чадахгүй бол Арбитрын шүүхээр нэг талд нь шийдүүлэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл үе үеийн Монгол Улсын Ерөнхий сайд нар ийм асуудалд орсоор байх болно. Би ганцхан жишээ хэлье. Витхолдн такс гээд байдаг юм. Манайхаар бол суутгалын татвар. Уг нь Засгийн газар авахад маш амар татвар л даа. Яагаад гэвэл тийм олон нарийн бодолт хийхгүй, ашгаас өмнө татварыг нь суутгачихдаг учраас ЗГ-т ашигтай байдаг юм . Гэтэл хуулиараа бид суутгалын 20 хувь авах ёстой. Гэтэл хоёр талдаа давхар татвар авахгүй гээд байгаа учраас 20 хувийн татвар нь 10 хувь болж буурдаг. Ашиг зэргээсээ татагддаг учраас 66 хувь нь Рио Тинтогийнх, 34 хувь нь монголынх. Тэгснээ та нар 34 хувийг ашиг гэж авч байгаа мөртлөө яагаад дахин 3.4 хувийг авах гээд байгаа юм бэ гэдэг. Татварын маргаан гэдэг чинь иймэрхүү л зүйл байдаг юм. Авч ч болохгүй. Хаяж ч болохгүй. Аль аль талд нь үндэслэлүүд байдаг. Ийм зүйлс нэмэгдсээр байгаад Арбитрт хүртлээ маргадаг. Манай ЗГ ч гэсэн энэ гурван хуулийг өөрчлөх ёстой юм байна гээд явж байсан. Рио Тинтогийн зүгээс хоёр нөхцөл тавьсны нэг нь санхүүжүүлэгчдийн зээл авах асуудал нөгөө нь үүсээд буй зардлын хэтрэлтээ хүлээн зөвшөөрөх. Тэр үед 1700 хүн ажлаасаа халагдаж байсан шүү дээ. Улсын төсөвт доллар орж ирэхээ больж, долларын ханш огцом өсөхөд бэлэн болчихсон байсан. Хэлэлцээ хийж байх үед буюу 2015 онд хүчин чадал маш муу байсан. Харин өнөөдөр бол тоолуур ажиллачихсан байхгүй юу. Тэгэхээр он цаг үе үеэрээ хэлэлцээ хийх хүчин чадал нь өөрчлөгдөж байдаг учиртай.

-Анх гэрээ байгуулж байсан үеийн манай улсын нөхцөл байдал, эдийн засаг, улстөрчид иргэдийн мэдлэг боловсрол нэг түвшинд байсан. 2015 онд өөр болсон гэдэг зүйлийг та онцолж байх шиг байна. Үүнтэй тань санал нэг байна. Сайжруулаад явах ёстой. Та энэ асуудлыг ЗГ-аараа хэлэлцүүлээд шийдвэрлэхгүйгээр Дубайд явж очоод хийчихсэн гэдэг дээр л маргаан үүсээд байдаг шүү дээ?

-Наад асуудал чинь өмнө ярьсан 2.8 сая ам.долларын зардлын хэтрэлт гэдэгтэй л адил зүйл. Л.Оюун-Эрдэнийн ЗГ Дубайн гэрээтэй холбоотой бүх тогтоолыг ил болголоо гэж мэдэгдэж байсан. Ил болгосон бүхнийг ороод үзэх хэрэгтэй шүү дээ. Засгийн газраар хэлэлцүүлээгүй гэдэг зүйл огт байхгүй. Би үүнийг ЗГ-т хэд хэдэн удаа хэлсэн байдаг юм. С.Баярцогт ЗГХЭГ-ын дарга байхдаа зээл авч болохгүй, гэрээ ийм тийм гээд ярьж байсан юм. Тэгэхэд нь би С.Баярцогтод “2009 оны гэрээтэй холбоотой асуудалд холбогдсон 3 сайдын нэг гэдэг нэр зүүж олон жил балбуулж явааг чинь ойлгож байна. Тиймээс 2015 оны гэрээ дээр би нэг ч сайдыг оруулахгүй” гэсэн. Жишээлбэл, 2015 онд уул уурхайн сайд хэн байсныг та санаж байна уу.

-2015 оны Уул уурхайн сайд гэхээр Жигжид сайд уу?

-Яг тийм. Өнөөдөр Оюутолгойн төсөлтэй холбоотойгоор Жигжид сайд нэр нэг ч яригдахгүй байгаа биз. Сангийн сайд нь Ж.Эрдэнэбат, байгаль орчны сайд нь Ж.Оюунхорол байсан. Энэ хүмүүсийн нэр хэзээ ч гарахгүй байгаа биз дээ. Би үүнийг л хүссэн юм. 2009 онд С.Баярцогт, Зоригт, Гансүх, С.Баяр руу хэчнээн их дайрлаа. Хэн нэг улстөрч рүү дайрах ёстой юм бол тэр нь би өөрөө байг гэж бодсон юм. Яагаад гэвэл би Ерөнхий сайд. Би С.Баярцогтод “Үүнээс хол бай. Одоо энд нэг ч сайдыг холбохгүй” гэж хэлж байсан. Гэхдээ Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлуудыг хэлэлцсэн. Хэлэлцсэн учраас л ЗГ-ын тогтоол гарч байгаа шүү дээ. “Дубайн гэрээ байгуулахыг Ерөнхий сайд захирамжаар өөрийн эрх мэдлийн хүрээнд гарга” гэдэг ЗГ-ын тогтоол гарсан. ЗГ хэлэлцсэн байгаа биз. ЗГ шийдвэр гаргасан байгаа биз. ЗГ-ын тогтоолд үндэслэж Ерөнхий сайд захирамж гаргаад Дубайд очиж далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг тухайн үеийн Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюутолгой компанийн удирдлагуудад өгч байсан. Хэзээ ч явж байгаагүй хэлэлцүүлгүүд ч явсан. Тэр байтугай ард түмнээсээ хүртэл асуусан шүү дээ. 300 гаруй мянган хүн саналаа өгөхөд бараг 60 хувь нь дэмжсэн. УИХ-ын 34/41 гэдэг тогтоол 2014,2015 онд гарсан. УИХ-ын шийдвэр, ЗГ-ын тогтоолтой. Үүнээс илүү ямар хуульзүйн үндэслэл хэрэгтэй юм. 2009 онд ч ингэж явж байгаагүй. Гэхдээ 2015 онд ингэж явсан. Түрүүн хэлсэн 2.8 сая ам.доллар гэдэгтэй адил энэ чинь зүгээр л ПР.

-Ард нь байсан улс төрийг та яриад өгөөч. 2014,2015 онд хоёр тогтоол гарсан. Эхний тогтоол нь таныг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үед гарсан. Дараагийн тогтоол нь таныг Ерөнхий сайд болсны дараа гарсан. Энэ бүхэн дээр чинь эдийн засгийг эрчимжүүл гэсэн агуулгатай зүйл хавсралтаараа ч ороод явж байсан. Н.Алтанхуяг гишүүн “Оюутолгойтой холбоотой зардлын хэтрэлтийг манай Засгийн газар гаргаж ирээд болохгүй байна гэхэд Ц.Элбэгдорж шахсаар байгаад намайг огцруулсан” гэж яриад байгаа. Нээрээ ч 2014 оны 11 сард Ерөнхий сайдыг огцруулахтай зэрэгцээд Рио Тинтогоос энэ асуудлаа шийдье гэх бичиг цаас нь ирж байсан юм билээ. Ард нь юу болсон бэ?

-Ардчилсан намынхан нэг байж чадаагүйгээс болж засаг огцорсон. Тэнд ямар ч Оюутолгойтой холбоотой нөлөөлөөгүй. З.Энхболд, Х.Баттулга нар УИХ дээр МАН-тай нийлж байгаад заналтай гэгч нь гарын үсгээ зурж байгаад Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Тэр үед олонхио бүрдүүлж чадаагүй, Х.Баттулга, З.Энхболд намайг огцруулсан юм аа гэж хэлж чадахгүй учраас гоё объектив шалтгаан олох хэрэгтэй болно шүү дээ. Бүх зүйл субъектив шалтгаанаар унасан.

Бид Засгийн газраа унагахгүй гэж маш их явсан. Эхний удаа авч үлдсэн. Ярих ярихгүй зүйл яриад яах вэ. Хоёр дахь удаа дээрээ үнэхээр чадаагүй. Олонхдоо дийлдээд унасан. Ийм л зүйл болсон. Оюутолгойг хөдөлгө гэсэн янз бүрийн шалтгаан байгаагүй. Хувь хүмүүсийн ойлголцлын асуудал, бие биенээ хүлээн зөвшөөрөх зөвшөөрөхгүйн тухай л асуудал байсан.

-Тухайн үеийн Ерөнхийлөгчөөс болж унасан биз дээ. Та гал тогоонд нь байсан шүү дээ

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь ойлголцохгүй байсан дээр хүч өгсөн хүн нь З.Энхболд, Х.Баттулга хоёр.

-Та баримт үзүүлэх гээд байна уу?

-Тийм ээ. 34,41-р тогтоолууд нь энэ байна. Энэ тогтоолууд дээр бүр тодорхой зааж өгсөн байхгүй юу. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, ЗГ-аас дэмжлэг үзүүлж хийх, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх гээд. УИХ-аас далд уурхайн ажлаа явуул гэдэг шийдвэр гарсан. Ямар юмных нь дангаараа Ерөнхий сайд шийдвэр гаргасан байх вэ дээ.

Дараа нь Дубай явахаасаа өмнө би Засгийн газрыг бүрдүүлж байсан МАН, АН-ын удирдлагуудтай уулзаж, гэрээний талаар танилцуулсан. Ирсний дараа УИХ-ын гишүүд Дубайн гэрээгээр асуулгууд тавиад, би чинь хоёр удаа УИХ дээр танилцуулга хийж асуултад нь хариулсан. Дараа нь Засгийн газраас МАН гарсан. Түүний араас манай Засгийн газрыг огцруулна гэсэн. Ингэхдээ Б.Уянга гишүүний албан бланк дээр Оюутолгойн гэрээнээс болж гэдэг зүйл бичигдсэн. Тэр үед далд уурхайн гэрээ тийм муу байсан юм бол УИХ дээр зогсоох боломж нь байсан шүү дээ. Тэгэхэд УИХ далд уурхайн бүтээн байгуулалтаас болж Засгийн газрыг унагаах нь буруу юм байна гэдэг шийдвэрээ гаргаад манай ЗГ огцрохгүйгээр үлдэж байсан. Одоо энэ бүх фактыг сонсохоор зүгээр л гүтгэлэг байгаа биз дээ. Ерөнхий сайд УИХ-д хэлэхгүйгээр дур мэдэж шийдсэн, Улаанбаатарт хийх ёстой байсан гэрээг Дубайд зугтаж очиж хийсэн гэдэг бүгд худал. Дубайд яагаад очиж хийсэн юм бэ. Дубай бол олон улсын санхүүгийн зах зээлийн мэдээ мэдээлэл хамгийн хурдан цацагдаж байдаг газар. Албаар зорьж очиж хийж байсан. Зугтаж очиж хийгээгүй.

-2009 онд байгуулагдсан гэрээг 2011 онд сайжруулсан. 2015 онд Дубайн гэрээгээр муужруулсан гэж ярьсан. Хэн тэгж ярьсныг та сонссон уу?

-Сонссон. Би өмнө хэлсэн шүү дээ. С.Баярцогт оо, дураараа шүүмжлээд яв. Би бол Дубайн гэрээг муужруулсан гэрээ гэж бодохгүй байна. Энэ гэрээ байгуулагдаагүй бол өнөөдөр С.Баярцогтын хийж өгсөн доошоо ухсан хоёр давхар хундаам дотор сууж байх байсан. Зогсож байсан зүйлийг явуулсан гэдэг. Худлаа байхгүй юу. Зогсож байсан зүйлийг явуулсан биш. Дээр нь арван давхар шинэ байшин барьсан. Энэ байшингаа хугацаанаасаа удаан барьчихлаа, оруулах гэж байсан зардлаасаа илүүгээр барьчихлаа гэдэг хэрүүлтэй сууж байгаа байхгүй юу. Өнөөдөр энэ байшин байгаагүй бол юу болох ёстой байсан бэ. Өнгөрсөн УИХ-ын бүрэлдэхүүнийг хар. Энэ олон популист гишүүдтэй УИХ далд уурхайг эхлүүлэх байсан уу. Зуун хувь баттай хэлнэ. Хэзээ ч эхлүүлэхгүй байх байсан. Манай Засгийн газар зориглож хөдөлсөн учраас өнөөдөр бид арван давхар байшинтайгаа сууж байгаа юм. Нээлтэд нь хэн очсон гээч. Нөгөө популистууд Л.Оюун-Эрдэнэтэй цуг очсон. Хошин шог шиг зүйлүүд болсон. 2013 оны гуравдугаар сарын 13-нд далд уурхай нээгдсэн. 2022 оны 12 сард буюу нээлт болохоос хоёр сарын өмнө Дубайн гэрээг хүчингүй болгох УИХ-ын тогтоол гарсан. 2015 онд гэрээ байгууллаа. Түүнээс хойш 7,8 жил миний өмнө дурдсан тэр том бүтээн байгуулалт явсан байна. Яагаад далд уурхайн гэрээг хүчингүй болгож байгаа юм. Үүний учрыг хэн ч асуухгүй. 2015 оны муу гэрээг хүчингүй болголоо гэхээр хүнд гоё сонсогдож байгаа юм л даа. Манай Л.Оюун-Эрдэнэ сайд нээлтэд нь очоод 2.3 тэрбум ам.долларын Дубайн гэрээг хүчингүй болгоод ирээдүйд үүсэх байсан 22 тэрбум ам.долларын өрийг байхгүй болголоо гэж хэлсэн. С.Баярцогт өөртэй чинь ярилцахдаа “Л.Оюун-Эрдэнийн ЗГ нэг том гавьяа байгуулсан. Тэр нь 2.3 тэрбум ам.долларыг тэглэсэн” гээд яриад байж байгаа биз дээ. Одоо нэг зүйлийг нөгөө өнцгөөс нь бод. 2015 онд зээлсэн 2.3 тэрбум ам.долларыг монгол төлөх ёстой. Нөгөө тал 66 хувиасаа гэж үзвэл 4 гаруй тэрбум ам.долларыг төлөх ёстой. Үүнийгээ төлөхийн тулд Танай 2.3 тэрбум ам.долларыг хүчингүй болголоо гэж Рио Тинто хэлж байгаа юм. Тэгэнгүүтээ энэ мөнгийг өөр дээрээ тавиад ногдол ашиг хуваарилах үед 2.3 тэрбум ам.долларыг хүчингүй болгосны ямар хэрэг байгаа юм.

-Залилаад байгаа юм биш үү?

-Зүгээр л санхүүгийн бичилт шүү дээ, энэ чинь. Хатуухан хэлэхэд, зүгээр л залилан. Рио Тинто өөрөөсөө 2.3 тэрбум ам.долларыг гаргаж, олон улсын 15 байгууллагад төлсөн тохиолдолд 2.3 тэрбум ам.долларын зээл хүчингүй боллоо гэсэн үг. Өнөөдөр 300 хүн Төрийн ордонд цуглаад сонсгол хийлээ шүү дээ. Энэ асуудлыг нэг ч гэсэн хүн хөндсөн үү. Хэн ч хөндөөгүй. Улсаараа ийм гэнэн, хүүхэд шиг байж болох юм уу. С.Баярцогт “Рио Тинтогийн захирлаас Ерөнхий сайдад ирүүлсэн захидлыг би өөрөө үзсэн” гэж дуугарна лээ. Тэгэхээр Рио Тинто дээр түүнийг баталгаажуулсан баримт байна гэсэн үг байхгүй юу. Одоо манай ажлын хэсгийн хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол үүний учрыг олох явдал. Далд уурхайгаас болж 22 тэрбумын өрөнд монгол орчихлоо гээд Б.Солонгоо дарга гэнэт хэвлэлээр гарч ирснийг санаж байна уу. Энэ тооцооллыг хэнээс авсан юм бол гээд хараад байсан чинь Рио Тинтогийнхон өөрсдөө өгсөн гэдгийг хэлсэн. Аливаад энгийн логик гэж байх ёстой. Рио Тинто Засгийн газар хоёр нийлээд олон улсын 15 байгууллагаас 5.4 тэрбумын зээл хүсээд эхний ээлжинд 4.4 тэрбумыг нь аваад хэрэгжүүлээд явсан. Монголын тал энэ 2.3 тэрбумын зээлийг аваад 22 тэрбумын өрөнд орчихдог юм бол Рио Тинто үүний 66 хувийг авч байгаа юм чинь 44 тэрбумын өрөнд орно биз. Ийм зээл байдаг юм уу. Байхгүй. Тэгэхээр 22 тэрбум гэдэг бол зүгээр л Рио Тинтогийн бидний толгойг эргүүлж байгаа тоглолт. Би сүүлийн үед яагаад ийм зүйл болов гэдгийг бодсон. Рио Тинто УИХ-даа маш олон популистуудтай, яаж ч магадгүй түнштэй байхыг хүсэх үү. Рио Тинтогийн хувьд хамгийн амархан зам нь, Монгол Улсын Засгийн газар 34 хуюиар зараад гарчихаасай л гэж байгаа. Бид яагаад энэ талаас нь асуудлыг харж чадахгүй байгаа юм. Яагаад монголчуудыг 2009,2015 оноор нь байлдуулаад байдаг юм. Яагаад монголчуудын дунд ороод бид нэг ч албан тушаалтанд авлига өгөөгүй гээд зарлаж чадахгүй байгаа юм. Зарлахыг яагаад хүсэхгүй байгаа юм. Биднийг байнга хооронд нь алалцуулж байх хүсэл Рио Тинтод байна гэсэн үг. Ийм тоглолт яваад байгаа байхгүй юу. Гэтэл Б.Солонгоо “Танайх 22 тэрбумын өрөнд орох гээд байна шүү” гэдэг бичгийг аваад улстөрч болоод шийдвэр гаргагч хүний хувьд нөгөө тал яагаад ийм тоглолт хийж байна вэ гэдгийг бодохоос илүүтэйгээр өмнөх Засгийн газрын нөхөр байна шүү дээ, ямар гоё улс төр вэ гээд л зарлаж байгаа байхгүй юу.

-Дубайн гэрээг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотой ямар нэгэн тогтоол шийдвэр гарсан уу гээд хайж үзлээ. Бүрхэг хариултууд нэлээн орж ирж байна лээ шүү. Бүрхэг байна, хайж байна гэдэг ч юм уу?

-Тэгнэ шүү дээ. Ер нь нэг зүйл ажиглагдаад байгаа юм. Тухайн институцын ой санамж гэж зүйл байдаг. Манай монголын тал энэ тал дээр маш хариуцлага ажиллаж ирсэн. Одоо Оюутолгойн ТУЗ-ийн гишүүний сонгон шалгаруулалт хийнэ гээд ярьж байна. Хамгийн хийж болохгүй зүйл чинь энэ. Би Ерөнхий сайд Г.Занданшатарт өөрийн саналыг хэлэх гээд байгаа юм. Төрийн санах ой гэдэг зүйл чинь алга болчхоод байна. Гурван цагийн хэлхээс явж ирж байж Оюутолгой төсөл дээр монголын тал, ЗГ байр сууриа сайн илэрхийлж байна. Тиймээс 2009 оныхноос Г.Тэмүүлэнг ч юм уу, 2015 оныхноос Б.Бямбасайханыг ч юм уу нэмээд нэг эксперт авч ирээд ажиллах юм бол энэ төслийн эхнээс нь дунд үеийг өнөөдөртэй нь холбоод монголын талын эрх ашгийг хамгаалах ажил чинь бүтэн болж харагдана. Ийм байдлаар ажиллах ёстой гэж хэлмээр байна.

-Ард талд нь өрнөсөн зүйлийг ярьж байснаа өр рүү орчихлоо. Хүмүүсийн яриаг сонсохоор их л зүйл болсон юм шиг. Засгийн газар огцорсон шалтгаануудын нэг нь Оюутолгойг хөдөлгөх байсан юм биш үү гэдэг зүйл бодогдож байна. Үнэхээр амьдрал дээр тийм зүйл байсан юм уу?

-Байхгүй ээ. Сүүлдээ бүлэглэл зэргээр ярьдаг болсон. 2014 онд Засгийн газар унасан шалтгаан бол АН доторх хагарал, түүнээс нь болоод олонх дэмжлэгээ авч чадаагүйгээс л болсон. Ийм л асуудал болсон. Түүнээс биш Оюутолгой эсхүл ямар нэг том шийдвэртэй холбогдож объектив байдлаас болж огцорсон зүйлгүй.

-Олон нийт рүү тайлбарлаж буй өнцгийг ойлгож байна. Хагаралдаанаас болоод унасан юм байна. Тэгвэл тэр хагаралдаан юунаас болж үүсэв гэдэг ч сонин. Би 10 гаруй жил улс төрийн сэтгүүлчээр ажиллаж байна. ЗГ огцордог үндсэн хоёр л шалтгаан байдаг юм шиг санагддаг. Нэгдүгээрт, томилгооноос үүдсэн зөрчил. Хоёрдугаарт, санхүү. Эрдэнэт, Оюутолгой зэрэг чинь бүгд л санхүү. Санхүүгийн хувьд ийм асуудал үүсээд байгаа учраас Н.Алтанхуяг нь Ц.Элбэгдоржийн хий гэсэн ажлыг нь хийхгүй гэхээр нь шахаж огцруулаад дараагаар нь таниар энэ зүйлээ хийлгэчихэж байгаа юм биш үү гэдэг л асуудал. Ингээд харахаар ор тас худлаа яриа ч бас биш. Болсон үйл явдлынх нь дараалал ингэж л уншигдаж байна?

-Тийм бас үгүй. Улс төр, эдийн засаг гэдэг нь том асуудал. Улс төр гэдэгт таны хэлсэн томилгоо зэрэг асуудлууд орно. Нөгөө талдаа санхүү гэдэг нь янз бүрийн шалтгаан байж болно шүү дээ. Жишээлбэл, манай тойрог руу төсөв тавиагүй гэдгээс авхуулаад л. Үеийн үед байж ирсэн шалтгаан. Ийм шалтгаанаар унаснаа дараа нь бүлэглэлийн эсрэг Оюутолгойг хөдөлгөхгүй гэдгээс болж огцорсон гэж ярина гэдэг бол уянгын халил.

-Таныг Ерөнхий сайд байхад Оюутолгойг явуул гэдэг шахалт орж ирсэн юм уу эсхүл хар толгойгоороо шийдсэн юм уу?

-Орж ирсэн шүү дээ. Гэхдээ тэр нь хэн нэг хувь хүнээс биш хоёр тогтоолыг танд харууллаа шүү дээ. Ийм шахалт байсан. Институцын шахалтаас гадна бидний өдөр тутмын амьдрал бодит шахалт руу оруулчихсан. Нүүрс, зэс, алт зэрэг манай бүх экспортын бүтээгдэхүүний үнэ уначхаад ам.долларын ханш 10 мянга гараад явчихвал бид улсаараа дефолт болно биз дээ. Ийм зүйлээс хамгаалах гэсэн юм. Дээрээс нь Оюутолгой, Эрдэнэт шийдэгдсэн учраас түүхий эдийн үнэ бууралттай цаг үеийг толгой өвтгөхгүй давчихсан шүү дээ. Манайхан түүхий эдийн өсөнгүүт хонины найр хийгээд бяслагны үйлдвэр бариад эсхүл андлалын хөшөө бариад явчихдаг. Мөнгө дутагдаад ирсэн үедээ ухаан ороод янз бүрийн юм хийх гээд унадаг. Манай Засгийн газар яг тэр хэцүү үед нь байсан. Бид Монголбанктай хамтраад янз бүрийн арга хэмжээ авах гээд үздэг л байсан. Энэ дээр л Засгийн газруудын ялгаа харагдана.

-17.5 хувийн өсөлттэй байж Оюутолгойн гэрээг хийсний дараах үр дүн орж ирсэн. Эдийн засаг 7 хувьтай байхад нь та аваад таныг өгөхөд -1,4 болтлоо уруудсан

-Үгүй. Манайд хасах руу орж байсан түүх байхгүй. Оны эцэст гаргадаг жилийн өсөлтүүд дээр дандаа нэмэх хувьтай явж ирсэн. Бид экспортоос цэвэр хамааралтай. Жишээлбэл, зэсийн үнийг бодъё. Зэс нэг тонн нь 12500-12800 байна. Бидний үед 4000. Ингээд бодохоор төсвийн мөнгө өдөр шөнө шиг ялгаатай. Тиймээс бид төсвийнхөө зардлыг хоёр их наядаар хэмнэе, төсвөө балансжуулахын төлөө явья гэж байсан. Бид өнөөдрийг хүртэл жил бүр алдагдалтай төсөв баталж ирсэн. Хоёр жилийн алдагдалтай төсөв батлахад л Чингис бондын хэмжээний өр тавьж байгаа шүү дээ. Үүнийгээ ерөөсөө ярьдаггүй.

-Дахиад л асуумаар байна. Ард өрнөсөн улс төр. Олон жил өнгөрсөн. Ярих цаг нь болсон байх гэж бодож байна. Дубайн гэрээг хамгийн их эсэргүүцсэн хүмүүсийн нэг нь С.Баярцогт байсан юм билээ. Тэр эсэргүүцлийг та яагаад хүлээж аваагүй юм

-2009 онд бидэнд ямар нэгэн хувилбар байгаагүй юм. 34 хувийг ав гээд л 2009 оны гэрээ байгуулагдсан. Хувилбаргүй үед хийсэн өөрийнхөө асуудлыг ойлгоод байгаа биз. 2015 онд бид дахиад хувилбаргүй байсан. Төслийн санхүүжилт авахгүй бол далд уурхайн бүтээн байгуулалт явахгүй. 2009 онд бид хувилбаргүй учраас өнөөдрийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. 2015 онд хувилбаргүй учраас төслийн санхүүжилт авсан. Хэзээ байтлаа зээл авдаг нь гэмт хэргийн түвшинд ангилагддаг болчихсон юм бэ. Дараа бидний энэ яриаг үр хүүхдүүд маань үзнэ. Тэр үед төслийн санхүүжилтийг зээл авч хийж байгаа нь гэмт хэрэг гээд яриад сууж байгаа нь марзан зүйл рүү л аваачиж байгаа юм. Хэрэв банкнаас зээл аваад бизнесээ явуулах нь гэмт хэрэг юм бол энэ олон банкууд яагаад байгаа юм. Яагаад бизнес эрхлэгчид банк дээр очиж бизнесээ явуулахын тулд зээл хөөцөлдөж гүйгээд байгаа юм.

Энэ чинь өөрөө том төсөл учраас өдөрт нь хуваагаад бодохоор төлөх дүн нь өндөр учраас аймар санагдаад байгаа юм. Гэхдээ би өмнө түвшин, түвшнийг хэлсэн шүү дээ. Энэ төсөл зээлээ бүрэн төлөөд явчихана.

Жишээлбэл, Рио Тинто 2.1 тэрбум ам.долларын далд уурхайн бүтээн байгуулалтын явцад 2.1 тэрбум ам.долларыг илүү зарцуулахгүй бол болохгүй байна гэдэг зүйл рүү орсон. Тэр нь өөрөө ашиг өгөх хугацааг 7-8 жилээр хойш татаж байна гэдэг зүйлийг тухайн үед ярьж байсан. Тэгээд л манайхан 2030 он гэж байсан ногдол ашиг нь 2040 он болчихлоо гээд улс төр хийгээд байна лээ. Гэтэл нээлтийн үеэр юу болсон бэ. 2.3 тэрбумын өрийг тэглэлээ гэсэн. Рио Тинтогийн тооцоо зөв юм бол бидний зээл авах хугацаа дахиад 7-8 жилээр наашилж байх ёстой шүү дээ. Тэр нь хэдэн онд юм гэдгийг ярьж байгаа хүн байна уу. Нэг ч хүн байхгүй. Ялгаатай нь Рио Тинтогийн хувьд институцынх нь ой санамж сайн. Нэг захирал дурынхаа юмыг амлачихаад алга болдоггүй. Манай Ерөнхий сайд нар чинь дуртай юмаа ярьчихаад дараа нь алга болчихдог шүү дээ. Тиймээс 2.3 тэрбум ам.доллар гэдэг дээр бид учраа олох ёстой. Тэгээд энэ нь өөрөө ногдол ашиг авах хугацааг хэчнээн жилээр наашлуулж байгаа юм бэ гэдгээ тооцох ёстой.

-С.Баярцогт та хоёр муудалцаад хоёр сар орчим хоорондоо уулзаагүй гэх юм билээ. Өргөдлөө өгнө гэдэг зүйлийг эсэргүүцэж байсан хүмүүстээ ярьж байсан юм байна лээ шүү дээ?

-Би наадхыг чинь анх удаа сонсож байна. Ерөнхий сайд нь ЗГХЭГ-ын даргатайгаа юм ярихгүй байвал засгийн ажил яаж явах юм. Тийм зүйл байхгүй. Бидний хооронд өргөдлөө өгөхтэй холбоотой ямар ч яриа өрнөөгүй.

-Та хоёрын хооронд маргаан болж байсан уу?

-2009 онд “С.Баярцогт оо гэрээг сайн болгох хүслийг чинь ойлгож байна. Гэхдээ бүх зүйл хүслээр болохгүй. Хоёр тал хоорондоо ярьж байгаа учраас янз бүрийн л асуудлууд болно” гэж хэлж байсан. Би УИХ дээр ороод “Өнөөдрөөс эхлээд Оюутолгойн төсөл улстөрчдөөс хамаарахгүй. Мэргэжлийн хүмүүс нь хийдэг бизнесийн төсөл болж байгаа шүү” гэж зарлаж байсан хүн. Даанч дараа нь хүслээр болоогүй л дээ. Ер нь цаашид Оюутолгой төсөл хэн нэг сайд, гишүүнээс хамааралгүй, мэргэжлийн удирдах зөвлөл нь бизнесийн байгууллагатайгаа удирдаад явдаг болох ёстой. Тэрнээс биш улстөрчид манлайлж гараад хэвлэлийн бага хурал, сонсгол хийгээд байвал буруу зүг рүүгээ явна.

-Бид өөрсдөө талцахаас гадна Рио Тинто талаас албаар хагаралдуулах зүйл хийдэг талаар та хэлж байна. Үүнтэй адилаар танай Засгийн газартай холбоотой шийдвэрүүд гарахад огцруулах зүйл явсан. 7 жил тутамд гэрээнд өөрчлөх боломж байсан ч түүнийгээ 2017 онд өрнөсөн зөрчлөөс болж алдсан. Өнгөрсөн жил энэ асуудлыг хавраас эхлээд ярихад намраас нь эхлээд МАН зодолдчихлоо. Засаг огцрох хэмжээнд хүртэл энэ компани нөлөөлж чадаж байна уу?

-Мэдэхгүй юм. Гэхдээ 2015 оны Дубайн гэрээ байгуулагдсаны дараа Рио Тинто Монголын ЗГ нэг завинд суулаа, цаашид нэг зорилготой юм чинь хамтдаа явна гэдэг зүйлийг би тухайн үед ярьж байсан. Одоо болсон процессуудыг эргээд харахад, Рио Тинтотой нэг завиар гарахаас өмнө монголчууд нийлж нэг завин дээр гарах зүйл нь дутуу хийгдсэн, түүнийгээ олж харахгүй байгаа юм болов уу. Тиймээс Оюутолгойгоос болж талцдаг нь буруу. Би ганцхан жишээ хэлье. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед далд уурхайн бүтээн байгуулалт дахин 2.1 тэрбум ам.доллароор хэтэрлээ гэж гарсан. Миний үед зардлын хэтрэлт гээд маргаан байсан. Л.Оюун-Эрдэнийн үед ч гараад ирлээ. Одоо тэгээд яах юм. Дахиад улс төрөө хийх үү. Гэхдээ энэ улс төр яагаад явахгүй байна гээч. Дараагийн Ерөнхий сайд нь Г.Занданшатар байхгүй юу. Хувь хүн нь ажил явж байг гэдэг байдлаар хандаж байж магадгүй. Эсвэл үе үеийн Ерөнхий сайд нарын зовлон учраас дахиад улс төр хийгээд яахав гэж бодож байж магадгүй. Үүнийгээ хараагүй ч байж магадгүй. Харамсалтай нь миний ард Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүмүүс Ерөнхий сайд болсон учраас тэд улстөржихийг л хүссэн. Үе үеийн Ерөнхий сайдууд ийм хэцүү зүйлийн дундуур явдаг учраас би Л.Оюун-Эрдэнэ рүү дайрмааргүй байгаа юм. Гэхдээ өнөөдөр монголд асуудал маш субъектив болчхоод байна. Надад байсан зовлон Л.Оюун-Эрдэнэд ирэхгүйгээр явбал сайн. Би өмнө хэлсэн шүү дээ. Харанхуй нүх рүү орж байхад ямар ч ажил, зардал гарч болно. Ямар ч байдлаар ТЭЗҮ өөрчлөгдөж болно. Уул уурхайн төслийг үүгээр нь хараач гэж байгаа юм.

-Дэлхийд 1 үү 2 уу гэж яригдах хэмжээний технологитой уурхай л даа. Тухайн үеийн Оюутолгойтой холбоотой асуудлыг хоёр гурван асуултаар дуусгая. Шийдвэр гаргах процессын өмнө ҮАБЗ-өөр хоёр ч удаа хэлэлцсэн байна лээ. Энд нэг сонин зүйл байгаа юм. ҮАБЗ яагаад Төрийн ордны дэргэдэх хувийн байгууллагын оффист хуралдсан юм. Та ч тэр хурал дээр байсан юм билээ. Ямар компанийн, ямар оффист, ямар шалтгаанаар?

-Би наадхыг чинь анх удаа сонсож байна. ҮАБЗ төрийн ордонд хуралддаг ганцхан өрөөтэй. Би тийм гадуур болсон хуралд оролцож байгаагүй.

-Та, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга байсан. С.Баярцогт тэргүүтэй залуус орж тайлбар хийсэн байна лээ?

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын оролцсон уулзалтууд маш их болж байсан. Янз бүрийн л газруудад болж байсан. Албан ёсны ҮАБЗ-ийн хурал аль нэг компанийн байранд болж байсан зүйл байхгүй. Түүнээс биш албан бус уулзалтууд зөндөө болдог. Бид гурав цуглаад бие биеийнхээ гэрт ч уулздаг. УИХ-ын гишүүдтэй явж байхад ямар нэг арга хэмжээн дээр таарвал уулздаг. Компанийн байран дээр очоод албан ёсны хурал хийсэн зүйл харин байхгүй. Монгол төр тэгтлээ доошоо ороогүй. Ганцхан зүйлийг баталгаатай хэлье. Юу гэж ҮАБЗ төрийн ордноос гарч хуралдах вэ дээ.

-Та “Монгол төр тэгтлээ доошоо ороогүй” гэж байна. Би ч гэсэн тийм байгаасай гэж бодож, итгэж байна. Ерөнхий сайд нь нэг компанийн захирлынх нь хүүхдийн гэрийн даалгаврыг хийлгээд сууж байсан гэдэг зүйл яригдаж байсан?

-Өө, дахиад л нөгөө улс төр нь байхгүй юу. Нэгдүгээрт, би эхний бөгөөд эцсийн удаа нэг хариулт өгчихье. Оюу толгойн ил бүтээн байгуулалт бүрэн зогсчихсон, 2-3 жил хийгээгүй байх үед Оюу толгойг цааш нь яаж хөдөлгөх вэ гээд ажлын хэсэг /Б.Бямбасайхан, Да.Ганболд/ ажиллаж байсан. Би тэр үед Парист өөр ажлаар явж байгаад таарсан. Тэр үед би Ерөнхий сайд биш ЗГХЭГ-ын дарга байсан. Тэгээд ажлын хэсгийн нөгөө хоёр “Бид уулзаж байна. Өнөөдөр Францын зэсийн захирал байсан хүнтэй уулзах юм аа. Та бидний уур амьсгалыг зөөллөөд, явж байгаа ажлын процесст нэмэр болох үүднээс хамт байгаад өгөөч ээ, оройн хоол хамт идье” гэсэн. Тийм учраас оройн хоол идээд л гарсан.

Түүнээс биш хүүхдийн даалгавар хийлгээд л гал тогоонд очоод байсан юм байхгүй. Манай Г.Уянга эд нар чинь уран сайхны зохиол болгоод алж өгсөн. Жан Себьяастаныг Монголд ирэхэд далд уурхайн гэрээ байгуулагдаад “Бид их ажлын ард гарлаа” гээд би Ерөнхий сайд байхдаа Их тэнгэрт гэртээ уриад, оройн хоол идээд гаргаж байсан. Дараа нь энэ ажлыг Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн хийж байсан. Энэ зүйл тэртээ тэргүй хамтрагчдын хооронд болж л байдаг ажил хоорондын, хүн хоорондын л харилцаа. Би хүний хүүхдийн гэрийн даалгавар хийлгэх нь байтугай өөрийнхөө гурван хүүхдийн даалгаврыг хийлгэж амждаггүй завгүй явж байсан хүн байхгүй юу. Гал тогоонд очиж гар, хөлийн үсэг зурдаг тийм юм ерөөсөө байхгүй. Ийм үлгэрээ өнөөдрөөс зогсоох хэрэгтэй.

-Оюу толгойн асуудал дээр ганц асуулт асууя. Хэрвээ яг өнөөдрийн Ч.Сайханбилэгийг тухайн цаг үед аваачаад Ерөнхий сайдаар ажиллуулбал Дубайн гэрээг хийх байсан уу?

-Яг адилхан хийх байсан. Яагаад гэвэл ямар ч хувилбар байгаагүй. Энэ гэрээ 2015 онд хийгдэхгүй бол бид зүгээр л хундаамтайгаа сууж байх байсан. Харин 2015 онд зориглож хийсэн учраас өнөөдөр улсаараа очиж нээлтийг нь хийгээд, хэрүүл уруул хийгээд сууж байгаа.

Би илүү ухаантай болсноор ямар нэг зүйл өөрчлөгдөх байсан уу гэвэл үгүй. 2015 онд хийгдсэн гэрээгээр юм болбол болох ёстой байсан.

-Одоо бид Оюу толгойг яаж сайжруулж, юуг шийдвэл монголчууд хэл амгүйхэн шиг байх вэ?

-“Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг зовлонгийн дундуур явсан хүний хувьд одоогийн ЗГ, Ерөнхий сайдад хэд хэдэн зүйлийг хэлмээр байна.

Нэгдүгээрт, одоо Оюу толгой Рио Тинтотой хийж байгаа хэлэлцээрийг түр зогсоох хэрэгтэй. Өнөөдөр Рио Тинтогийн өгсөн тоон дээр хоёр тал хоёулаа ажиллаад, улс төрөө хийгээд яваад байна. Хоёрдугаарт, Монголчууд нэг тоотой. Өөрсдийн гэсэн тоо, тооцоололтой болох хэрэгтэй. Харин гуравдугаарт, Английн хөлбөмбөгийн баг ивээн тэтгэж байхын оронд Английн Хууль зүйн баг, санхүүгийн байгууллагыг хөлсөлж авах хэрэгтэй. Бид 2015 онд Рио Тинтотой ярихад өөрийн гэсэн тоотой байсан. Бүх тооцоог зэсийн үнэ 6790 ам.доллар байхад хийж байсан. 8500 ам.доллар болбол Монголын өгөөж 53 биш 56 хувь болж өсөх юм байна аа гээд тооцооллуудыг гаргаж байсан. Харин тэр үед зэсийн үнэ 10000 ам.доллар болох нь мөрөөдөл байсан байхгүй юу. Өнөөдөр 12500-12800 ам.доллар байна. Дээрээс нь “Golden Success”-ын судалгаагаар 2035 он хүртэл зэсийн үнэ тогтмол өснө. Мөн 12500-12800 байгаа үнэ дор хаяж 15000 ам.доллар болно гэж байна.

Тийм учраас би юу хэлэх гэж байна вэ гэхээр 34 хувиа ямар нэг тусгай такс, татвараар солихоо март гэж хэлмээр байгаа юм. Бүр УИХ-ын тогтоол гарчихсан. Тэгээд С.Баяр дарга, С.Баярцогт нарын учир мэддэг хүмүүс нь “Энийгээ ав аа, олон жил харлаа” гээд байгаа. Харин яг эсрэгээрээ байхгүй юу.

Энэ яриаг дөнгөж 2003 онд хайгууль явж байх үед эсвэл 2009 онд хөрөнгө оруулалтын анхны гэрээ байгуулагдаж байсан үед, 2015 онд далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ хийгдэж байхад ярьсан бол утгатай. 2009 оноос хойш 17 жил өнгөрчихөөд байна. Өөрөөр хэлбэл 2009 онд ярих утгатай юмаа өнөөдөр яриад байвал бид өөрсдөө ёстой буруу юм руугаа орно. Дээрээс нь нэмж юуг батлах гээд байна вэ гэхээр түрүүн хэлсэн прогнозууд. Яагаад гэхээр зэсийн үнэ 10000 мянган ам.долларт хүрэхэд, 2034 онд авах гэж байсан ашиг наашлахаар харагдаж байсан. Гэтэл өнөөдөр юун 10 мянга. 12500, 12800 гээд явж байна. Цаашлаад 15 мянгад хүрэх гэж байна.

Хоёрдугаарт, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын “Мундаг ажил хийчихлээ” гээд байгаа юмны 2.3 тэрбум нь бид юмнуудаа нэгтгэж чадвал ашгаа 7-8 жилээр нааш нь татах боломжийг өгнө. Энэ тооцоонууд дээрээ суух хууль, санхүүгийн хүмүүсийг авчрах хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр нэг шүгэл үлээдэг “Рио Тинто”-той “муудалцсан” ганц хоёр шар толгойтой хүмүүсийг авчирсныгаа гадаадынхныг авчирлаа гэж хэлж болохгүй.

Нэр хүндтэй, Рио Тинтотой ашиг сонирхлын зөрчилгүй хоёр байгууллагын хууль, санхүүгийн зөвлөхийг авчирч, монголчууд өөрийн гэсэн тоотой болох ёстой. Тэр өөрийнхөө тоог Рио Тинтогийн тоотой харьцуулж маргах ёстой байхгүй юу.

Хамгийн гол юм нь 2022 оны 12-р сард УИХ-ын тогтоол гараад Дубайн гэрээг хүчингүй болгосон. Дубайн гэрээг хүчингүй болгосноор нэг аюултай юм нь Монголын тал 53 хувийн өгөөж авна, Рио Тинто 47 хувийн өгөөж авна гэдэг ганц албажсан зүйлээ алга болгочихсон. Үүнийг зайлшгүй албажуулах ёстой. Мөн Оюу толгойн зээлийн асуудлыг 7 жилд нэг удаа ярилцаж байгаа. Үүнийг 2-3 жил болгох юм руугаа орох хэрэгтэй.

Дараа нь Засгийн газар Оюу толгойг улстөржүүлдэг энэ бүх зүйлийг алга болгож, 2-3 жилд зээлийн хүүгийн асуудлаа ярьдаг болсныхоо дараа УИХ дээр танилцуулж, чиглэл авдаг болохгүй бол гэнэт ард түмнээ бодсон мундаг хүн гарч ирээд “Энэ Оюу толгой чинь болохгүй байна” гэсэн улс төр чинь хэзээ ч дуусахгүй юм руу явах гээд байна. Нэмээд нэг зүйлийг хэлэхэд, Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийх хүчин чадал хамаагүй их болсон. Яагаад гэвэл 15 байгууллагын өгсөн зээл Рио Тинтогийн ч чихийг мушгиж байгаа, Монгол Улсын чихийг ч мушгиж байгаа. Тийм учраас нэг завин дээр гарах юмаа 2026 оноос ярьж эхлэх хэрэгтэй.

-Энэ бүх зүйлээ сонсгол дээр нь очоод, боломжгүй бол цахимаар ярьж болохгүй байсан юм уу?

-Гурав хоногийн сонсголынх нь хэлэлцэх асуудалд Дубайн гэрээний талаар үг, үсэг ч байгаагүй. Яагаад гэвэл тэд нар чинь хүчингүй болгосон. Хоёрдугаарт, Дубайтай холбоотой хүмүүсийг аваачих сонирхол байгаагүй юм байна гэж ойлгосон. Би Ч.Отгочулуу руу утасдаад “Та нарыг урихгүй байгаа юм уу” гээд асуусан чинь “Б.Бямбасайхан гадагшаа явсан. Чи ирээч” гэхээр нь очдог юм уу, больдог юм уу гэж бодож байтал Ч.Отгочулуу руу “Та сонсголд ирэхгүй биз дээ” гэж асуусан гэж байгаа юм. “Үгүй ээ, би ганцаараа юм бол очоод яах вэ дээ” гэхэд нь “За за, таныг ирээгүйгээр бүртгэлээ шүү, баярлалаа” гээд утсаа тавьсан гэсэн. Хөөрхий тэнд Да.Ганболд улстөрчийнхөө хувьд сүүлийн өдөр нь очиж ярьсан юм билээ. Дубай тэгээд л өнгөрсөн. Тэгэнгүүт бүх буруутан нь хэн болсон гэхээр, 2009 онд их гоё юм хийсэн, 2015 онд “муужруулсан” гэдэг юман дээр очиж байгаа юм. 2015 онд муужраагүй юм аа. Үүнийг би хаана ч, хэзээ ч хэлнэ.

-Засгийн газрын тэргүүн байсан хүн өөрөө ачаагаа үүрч очихгүй болохоор ийм нөхцөл байдал руу орсон байх?

-Нүүрсний сонсголд орох ёстой байсан нэг нөхөр яасан. Шүүхээс гарч ирж үгээ хэлж чадаагүй. Би онгоцны буудал дээр ирж баривчлагдаад яах юм. Энэ юмнуудаа хэзээ ярих юм. Хэнд ч ярьж чадахгүй шүү дээ. Харин одоо би өөрт чинь яриад сууж байна. Энд байгаа учраас юмаа хэлэх боломжтой байгаа байхгүй юу. Дубайн гэрээ хийсэн хүмүүс чинь хэдэн жил Багийн дарга шиг “За яах вэ, миний нэр дээр биччих” гээд л явж ирлээ шүү дээ.

Уг нь учир мэдэх хүмүүс нь утгагүй, балай юм яриад эхлэнгүүт нь “За, гарч юмаа тайлбарлахгүй бол болохгүй юм байна” гэж бодсон. Би хэлж байгаа юмаа архивт үлдээсэй гэж бодож ярьж байгаа юм. Та бид хоёрын ярилцлагын араас хэдэн мянган тролл над руу зөндөө дайрах биз. Юм ойлгоё, мэдье гэсэн учир мэдэх хүмүүст шал өөр ойлголт өгөх ёстой. Тийм учраас би “Лхагва аа, тэгье ээ” гээд өөр дээр чинь хүрээд ирсэн сууж байгаа юм.

-Сонсгол болохтой зэрэгцээд Калининградад шүүх хурал болсон. Тэр мэдээллийг та авсан уу?

-Авсан. Миний хэлсэн зүйлсийг наадах чинь 100 хувь батална. Дубайн гэрээ байгаагүй учраас яг Оросчууд Калининградын шүүх шиг шүүх хийгээд Рио Тинто байсан хоёр давхар байшингийн хундаамыг “булааж авах” шийдвэр гаргаж байгаа. Өнөөдөр ОУВС, Дэлхийн банк, олон улсын нэр хүндтэй санхүүгийн 15 байгууллагын ард дэлхийн хүчтэй 15 улс байна. Эдгээрийн хөрөнгө оруулсан хөрөнгийг Оросын Калининградын шүүх булааж авах уу. Хэзээ ч болохгүй.

Тийм учраас Дубайн гэрээний ач тусаар Оросын шүүх Монголд ажиллахгүй гэсэн. Дубайн гэрээний гавьяа энэ дээр гарна. Тийм учраас би бардам хэлээд байгаа. Нээлтэн дээр нь Л.Оюун-Эрдэнэ сайд аягүй сонин юм ярьсан байхгүй юу. “2022 оноос хойш анхны тэсэлгээ хийгээд жилд гүний уурхай баригдлаа” гээд хэлсэн. Энэ бол нэг жилийн дотор баригдаагүй. 2015, 2016 оноос хойш найман жилийн дараа буюу 2023 оны 3-р сард нээлтээ хийж байгаа юм. “Энэ найман жилийн хугацаанд шоронд орж хэлмэгдсэн хүмүүсээсээ Монгол Улсын Засгийн газар уучлал гуйж байна” гээд ганцхан өгүүлбэр хэлээгүй байхгүй юу.

Манай хөлбөмбөг сонирхдог залуучууд байдаг. Тэдний нэг болох “Special one” буюу онцгой нэгэн толинд харж байгаад “Би ухаантай хүнтэй юм ярих дуртай” гэж хэлээд хүмүүсийг инээлгэж байсантай адилхан би 2023 оны 3-р сарын 13-нд Б.Бямбасайхан, Да.Ганболд, Ч.Отгочулуу гурав руу утсаар ярьж байсан. “Бид хэдийн олон жилийн хичээл зүтгэл биелэлээ олж байна. Би ганцаараа 50 грамм вино задлаад сууж байна” гээд ярьсан. Толинд харж байгаад ганцаараа тулгана шүү дээ. Ухаантай хүнтэй 50 грамм тулгах чинь гоё шүү дээ.

Тийм учраас дахиад хэлье. 2015 оны гэрээ “муужруулсан” юм байгаагүй. Муу гэрээ байгаагүй. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс нэг ч зүйл, заалт засагдаагүй. 2015 оны гэрээ хийгдээгүй бол 2026 оноос цааш найман жилийн дараа 2034 он хүртэл зүгээр л далд уурхай барих асуудлаа яриад явах байсан. Тэгээд Калининградын шүүхийн шийдвэрээр Оюу толгойгоо Орост тушаасан сууж байгаа. Бодит үнэн энэ шүү дээ. Юм болгонд цаг хугацаа бүхнийг харуулдаг. Ерөнхий сайд байсны хувьд би өөрийнхөө Legacy-г үлдээж чадсан. Энэ далд уурхай монголчуудад ашиг өгч чадна. Рио Тинтод ашиг өгнө. Популистуудад ашиг өгч чадахгүй. Ийм л зүйл байгаа.

-С.Лавров сайд “Бид Эрдэнэтийн 49 хувиа зарвал танай ЗГ дэмжих үү” гэж асуухад "Дэмжилгүй яах вэ" гэсэн чинь “Үгүй ээ, танай хувийн хэвшлийн хүмүүс манайхтай хэлэлцээ хийж яваад байгаа. Бид ингэж л шийднэ” гэхээр нь би жаахан гайхсан-

-За одоо Эрдэнэтийн асуудал руу оръё. Та “Хариуцлагыг нь би хүлээнэ ээ” гэж хэлж байсан. Таны нэр л яригдаад байна. Хариуцлагаа яагаад хүлээхгүй байгаа юм бэ?

-Эрдэнэтийн аль асуудал юм бэ, 49 хувь уу.

-“Эрдэнэт”-ийн 49 хувь?

-Эхнээсээ ойлголтын зөрүүгээ нэг болгоё. Эрдэнэтийн 49 хувь гэдэг асуудал байхгүй. Оросын 49 хувь гэдэг асуудал л бий. Оросын 49 хувийг Монгол Улсын Ерөнхий сайд хулгайлах уу. Тийм боломжтой юу. Байхгүй шүү дээ. Оросын 49 хувийг Монгол Улсын Ерөнхий сайд Монголдоо авчирсан юм. Бид Оросын 49 хувь гээд яриад сурчихвал “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлчихлаа, албан тушаалаа ашиглалаа гэдэг зүйлс ойлгогдоно.

Намайг мөрдөн байцааж байсан мөрдөн байцаагч, прокурор хоёр “Та Монгол Улсад 4 их наяд, дараа нь 9 их наядын хохирол учруулсан” гэхээр нь “Юун хохирол вэ” гэсэн чинь “Эрдэнэт”-ийн 49 хувь, ирээдүйд олох байсан ашигуудыг нийлүүлэхээр ийм болж байна гэсэн.

Би ОХУ-ын Мөрдөн байцаах албанд байцаалт өгөөд байна уу, Монгол Улсын хууль хяналтын байгууллагад байцаалт өгч байна уу гээд өөрсдөөс нь асуусан. Орост очих байсан ашгийг би Монголд аваад ирсэн. Хохирол учруулсан бол Оросууд надаас 9 их наядаа нэхнэ шүү дээ. Одоо ойлгогдож байна уу.

Одоо энэ хүмүүс Монголд үнэхээр гавьяа байгуулсан. Д.Эрдэнэбилэг гэж хүнийг манайхан “Сахал” гээд муухай хэлдэг л дээ. Албан ёсны сонин хэвлэл дээр ч “Сахал” гэж явдаг. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч энэ хүнтэй би 2015 он хүртэл уулзаж юм ярьж үзээгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар мэддэг байсан. Харин би Оросын 49 хувиас болж анх уулзаж байсан.

Би одоо нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлнэ. Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гээд бүх түвшний айлчлал дээр Оросын 49 хувийг Монголд авчрах талаар яриа хэлцэл хийж байсан нэг ч тохиолдол байхгүй. Протокол ч байхгүй. Хэрвээ ийм тэмдэглэл, протокол гараад ирвэл тэр хүнд нь би С.Баяр даргын хэлдэг шиг 10 сая төгрөг өгч болж байна.

Оросын 49 хувийг Монголд шилжүүлэх асуудал В.В.Путин дарга эд нар дээр очихгүйгээр шийдэгдэнэ гэдэгт би итгэхгүй байгаа. Би дээр нэг ярилцлага өгч байхдаа “Монголын дараа үеийн залуучууд энэ хүмүүст хөшөө босгох байх” гэж хэлж байсан. Үүндээ ч би ороогдож байлаа.

10 сая төгрөг ярьсан дээрээ дараагийн нэг зүйлийг хэлье. Тэртээ тэргүй Оросын 49 хувь Монголд үнэ төлбөргүй ирэх гэж байсан юм аа гэдэг нэг өгүүлбэр, үсэг өмнөх гэрээнүүдэд байвал би дахиад 10 сая төгрөг өгөхөд бэлэн.

Өмнө нь огт ярьж байгаагүй зүйлээ өөрт чинь ярьчих уу. 2016 оны зургаадугаар сард Эрдэнэтийн асуудал шийдэгдсэн шүү дээ. Дөрөвдүгээр сард нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров айлчилсан байдаг. Тэр айлчлал болон Ерөнхий сайдын албан ёсны уулзалт дуусаад хоёр тийшээ гарах гэж байсан чинь С.Лавров сайд “Эрхэм Ерөнхий сайд аа, тантай ганц зүйлийг ганцаарчилж яримаар байна аа. Болох уу” гэхээр нь хажуу талын жижиг өрөө рүү ороод бид хоёр уулзсан байдаг.

Эрдэнэттэй холбоотой бүх асуудлыг нууцаас гаргасан учраас би харилцааны талаарх асуудлуудыг ярьж байгаа шүү. “Бид Эрдэнэтийн 49 хувийг зарна аа. Хэрвээ зарвал танай Засгийн газар дэмжих үү” гэж асуусан. Орос өөрийнхөө 49 хувийг зараад Монголд ирэх гэж байгаа бол мэдээж дэмжилгүй яах вэ гэсэн чинь “Үгүй ээ, танай хувийн хэвшлийн хүмүүс манайхтай хэлэлцээ хийж яваад байгаа. Бид ингэж л шийднэ” гэхээр нь би жаахан гайхаад “Хэрвээ Монголд ирж байгаа бол яагаад болохгүй гэж...” ингээд л дууссан асуудал.

Монгол ардын намынхан заавал төрд ирсэн тохиолдолд л Монголд ирсэн гэж үздэг юм билээ. Хувийн хэвшлээ Монгол гэж боддоггүй юм билээ. Тийм учраас Монголд ирсэн зүйл дээр дандаа улстөржиж байдаг.

Өөр нэг ойлголтын зөрүү. 2014 онд ОХУ Кремль рүү довтлоод Кремлийг эзэлчихсэн. 2015 оноос ОУ-ын байгууллагууд хориг арга хэмжээнүүдээ аваад эхэлсэн. Тэр үед Орос өөрөө маш хүнд байдалд орсон байхгүй юу. Харин одоо мэдээ материал уншиж байхад, 2016 оны эхээр зарж болох зүйлээ зараад дотооддоо ам.долларын нөөц бүрдүүлье гэдэг зүйлийг ярьж байсан юм билээ. Тэр дотор нь Эрдэнэтийн гэж яриад байгаа Оросын 49 хувь орсон байхгүй юу.

Орос-Украины дайн одоо тав дахь жил рүүгээ орж байна. Орос Европын улсууд руу байгалийн хий нийлүүлдэг байсан, тэр нь зогссон. Одоо дахиад валютын хомстолд орж байгаа. Оросын банк Монгол руу орж магадгүй зэрэг улс төрийн янз бүрийн юмнууд яваад байна шүү дээ. Хэрвээ одоо Ерөнхий сайд ухаантай, зөв хөдөлж чадвал төмөр замаа 100 хувь мэдэлдээ авч болох түүхэн боломж байна. Үүлэн чөлөөний нар шиг энэ боломж 2016 онд тохиож байсан. Би хэрвээ одоо Ерөнхий сайд байсан бол Г.Занданшатар даргыг эсвэл Ерөнхийлөгчийг намайг хараасай гэж бодож байгаа. Оросын 1-р шлонтой яриа хэлэлцээ хийж чадаж байгаа хүмүүсийгээ явуулах хэрэгтэй. Яагаад нутаг цөлсөн юм шиг Сингапурт байлгаад байгаа юм бэ. Ингэх нь ч аргагүй. Онгоцны буудал дээр буунгуут нь юу ч хэлүүлэхгүй цоожилно гэж байгаа хүн дээр бие нь муу хүн яаж очих юм бэ.

Оросын 49 хувийг авч ирэх нь бидний эрх ашиг биз дээ. Авчирсан бүх хүнийг нь шоронд хийгээд байх юм уу. Намайг шоронд хийх гэж байгаа.

-Оросын 49 хувийг Монголд авч ирэх нь хэрэгтэй. Менежмент нь төрд байгаа учраас хулгай зэлгий аймшигтай байгаа гэдэгт би итгэлтэй байна?

-Би хоёр зүйлийг дутуу тооцсон юм билээ. Нэгдүгээрт, улстөрчдийн хооронд цэвэр атаархал байдаг. Гайгүй яваа нэгнээ “Пуужинд суучихлаа” гэж ярьдаг юм билээ. Нэг хувийн хэвшлийн захирал нь Эрдэнэтийн 49 хувийн эзэн болчихоор нөгөөдүүлд нь аймаар санагддаг юм билээ. Би тэрийг дутуу тооцсон. Дараа нь улстөрчдийг сумлаж Эрдэнэтийн 49 хувийг хулгайллаа гэсэн энэ бүх юмыг гаргасан. Хоёрдугаарт нь, өөрийн чинь хэлдэг Эрдэнэт дээр наймаа хийдэг, шахдаг, өөрийн үр хүүхэд, хамаатан саднуудаараа дамжуулж бараа өгч байсан бүх наймаа нь алга болонгуут улстөрчдийн бүлэг орилж босож ирж энэ асуудлыг үүсгэсэн. Энэ хоёрыг л дутуу үнэлсэн.

-Улстөрчдийг цэнэглэдэг, хөдөлгөдөг гэхээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Ц.Нямдорж гэдэг хүмүүс компаниудыг хөдөлгөсөн гэсэн үг үү?

-Би бол асуудлыг тэгэж л харж байгаа. Тэр компани, энэ компани гэж би хэлмээргүй байна. Нэг л хүнийг ярьсан. Тэр хүнээрээ л дуусъя. Миний ярилцлага өгч байгаагийн гол сэдэв бол Оюу толгойн болон манайхан харж чадахгүй байгаа хоёр, гурван чиглэлийг би хэллээ шүү дээ. Хурдан арга хэмжээ аваад бодолцоосой гэсэн үүднээс хэлмээр байна. Манайхан чинь энэ яриаг сонирхолтой болгохын тулд аль нэг компани, хэн нэг хүн рүү дайрах гээд байж магадгүй.

Худалдаж авах бололцоо гарлаа гэхэд би эхэндээ итгээгүй. Итгээгүй учраас дараа нь С.Лавров сайд ирээд баталсан бичгээ аваад ир гэхэд нь аваад ирж байгаа байхгүй юу. Тэр үед УИХ хуралдах боломжгүй байсан. Зургаадугаар сар байсан учраас сонгуулийн ажил гээд явсан. З.Энхболд дарга руу яриад “Ядаж байнгын хороогоо хуралдуулж өгөөч ээ” гэсэн чинь “Байнгын хороогоо ч хуралдуулах чадвар байхгүй” гэж хэлсэн. Тэгээд нөгөө л ЗГХЭГ-ынхаа хуульчдад хүсэлт тавьж байгаа юм чинь. Гэтэл энийг УИХ-гүйгээр шийдэхэд хэцүү. УИХ-д заавал танилцуулах хэрэгтэй гэсэн. Дараа нь би өөрөө Ерөнхийлөгч рүү ороод “Д.Эрдэнэбилэг захирал чинь ийм юм ярьж яваад байна аа. Үнэхээр Оросоос аваад ирвэл Ерөнхийлөгчийн хувиар та өөрөө дэмжих юм уу” гэсэн чинь “Үнэхээр явах юм бол юу гэж дэмжихгүй байх юм бэ. Ерөнхийлөгчийн хувьд дэмжинэ” гэсэн. Бид хоёрын хооронд ийм л яриа болсон.

Юмыг болгоё гэвэл аргыг нь олоод хийнэ. Болохгүй гэвэл шалтаг бол зөндөө олдоно. УИХ дээр намар нь би дуудагдсан шүү дээ. 2016 оны сонгуулийн дараа би .. дугаарын хорооны иргэн болчихоод, Зэсийнхэнтэй байнгын хорооны өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Тэгэхэд А.Сүхбат гишүүн “Та нар ийм байхгүй юу. Орж ирэхээс нь өмнө ална, хядна гэж байснаа орж ирэхээр нь олигтой дуугарч чадахгүй байгаа биз дээ” гээд хуурай агсам тавьж байсан. Тэр үед УИХ ямар ч шийдвэр гаргаагүй. Засаг төр солигдоод, мундаг мундаг ярьдаг хүмүүс чинь гарч ирээд Эрдэнэт чинь явсан байхгүй юу. Прокуророос Монголд хэрэгтэй зүйл хийгдсэн байна гээд хэрэг үүсгээгүй. Оюу толгойн хэрэг л над дээр үүссэн байсан. Дараа нь Х.Баттулга гарч ирээд л өөрийнхөө хүнийг тавьж байгаад хэрэг үүсгэсэн шүү дээ. Өөрийнх нь хэрэг алга болсон.

-Эрдэнэтийн дараа ярих ёстой сэдэв нь төмөр замын асуудал гэж сонсож байсан. Тийм яриа байсан уу?

-Бид чинь сонгуульд ялагдаад, би .. дугаар хорооны иргэн болсон шүү дээ. Эрдэнэтийг ав гэж ямар ч бүлэглэл шахаагүй. Ерөнхийлөгч ч шахаагүй, УИХ-ын дарга ч шахаагүй.

Би Тони Блэртэй уулзахад надаас “Та Ерөнхий сайд хийж байхдаа юунд их харамсдаг байсан бэ” гэж асуухад нь “Зориг гаргаж шийдээгүй асуудлуудынхаа төлөө би одоо хүртэл харамсдаг” гэж хэлсэн.

-2024 оны сонгуулийн өмнө Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн “Улаанбаатараас ярьж байна” гээд ярилцлага дээрээ “Бүлэглэлийн шахалтад орсон Ч.Сайханбилэг уйлаад л энэ асуудлыг шийдэж байжээ” гэсэн. Тийм зүйл болсон юм уу?

-Лхагва аа, би нэг юм хэлбэл өөрөө итгэх үү, үгүй юу. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг би амьдрал дээр нэг ч удаа харж үзээгүй. “Сайн байна уу” гэж мэндэлж ч үзээгүй. Намайг Ерөнхий сайд байхад МАН дотроо залуучууд, оюутан гээд л явдаг байсан байх. Уулзах далим, боломж үүсээгүй байхгүй юу.

Би нэг нартай өдөр Монголд очих байх. Очихоороо Л.Оюун-Эрдэнэтэй “Сайн байна уу, намайг Сайханбилэг гэдэг юм аа, хоёулаа танилцъя. Би 28 дахь нь, өөрөө хэд дэх нь билээ” гээд танилцана.

Гэтэл амьдралдаа уулзаж үзээгүй, миний тухай үг сольж үзээгүй хүн Ч.Сайханбилэгийг бүлэглэлийн шахалтад оруулаад, намайг уйлуулаад яваад өнөөдрийг хүртэл гайхаж явдаг. Харин би “Хэро” Б.Баатартай 2010 онд нэгхэн удаа уулзаж үзсэн. Үүнээс хойш нэг ч уулзаагүй. Ах дүү хоёртой би ийм л холбоотой.

-Яагаад ингээд байдаг юм бэ?

-Яагаад гэдгийг тэр хоёр хүнээс л асуух хэрэгтэй. Х.Баттулга бид хоёр хувь хүнийхээ талаас огт таардаггүй. “Монгол Улсын сайдын хувьд, иргэний хувьд” гэж хэлсэнд хорсож явдгаа надад хэлсэн. Надад “Чамайг улс төрөөс зайлуулна аа” гэхээр нь ”Би зайлахгүй ээ” л гэсэн.

Би Х.Баттулга Ерөнхийлөгчид “Монгол хүний хувьд нэг ч төгрөгийн авлига авалгүйгээр Оросын 49 хувийг авчирсан” гэсэн чинь “Хохино, авахгүй яасан юм” гэсэн. Х.Баттулга өөрөө номер нэг албан тушаалд очоод юу хийсэн юм.

-Төмөр зам барьсан.

-Яг шүү дээ. Тэр төмөр замаар нэг ширхэг вагон явж, нэг тонн нүүрс хилээр гарсан уу. Тэрийг төмөр зам барьсан гэж хэлэх үү, Лхагва аа. Асуудал чинь өөрөө энэ шүү дээ. Төмөр зам барихад хэдэн төгрөг хэрэг болохыг бурхан ч таашгүй. Тэгээд хэн ялсан юм. Монгол ялаагүй шүү дээ. Тэр төмөр замаар нь нэг ч тонн нүүрс гаргаж чадаагүй л яваа шүү дээ.

-З.Энхболд гэж хүн байна. Оросын 49 хувийг мэдээ гарах хүртэл мэдээгүй гэж хэлсэн. Гэвч та сая “Ийм асуудлыг хэлэлцмээр байна. Ядаж байнгын хороогоо хуралдуулж өгөөч” гэж хэлсэн гэхээр З.Энхболд энэ асуудлыг мэдэж л байсан юм байна шүү дээ?

-Д.Эрдэнэбилэг Ерөнхийлөгч дээр, З.Энхболд дээр орж өөрийнхөө асуудлыг ярьсан. Би дараа нь Ерөнхийлөгч дээр орсон шигээ З.Энхболд дээр ороход энэ асуудлыг дэмжинэ ээ гэж байсан. Гэтэл тэр үед хамтарч байсан МАХН-ынхан сонгуулийн оноо цуглуулах гэж Эрдэнэтийн 49 хувь яриад эхлэнгүүт З.Энхболд над руу залгаад “Гарч 49 хувиа ярь” гэхээр нь би “Монголд ирлээ” гээд ярьсан.

З.Энхболд манай хүн чинь өөрөө бие, жудаг бүх юм нь жижигхэн учраас өөрийгөө хамгаалаад, сүүлдээ Д.Эрдэнэбилэгийг танихгүй болоод явсан шүү. Гэхдээ би З.Энхболдын ганц гавьяаг нь дурдана. Тэр нь өөрийнх нь 10 хар нүглийг хаана. Юу вэ гэхээр Х.Баттулгыг дахиж сонгуулахгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг үнэхээр сайн хийж өгсөн. Үүнээс болж ЕТГ-аасаа хөөгдөж гарсан нь үнэн. Х.Баттулга дахин сонгогдсон бол Монголын ардчилал гээд бүх юм нурах байсан.

Хэрвээ Тавантолгой явсан бол өнөөдрийн “Нүүрсний” гэх тодотголтой том хэрэг гарахгүй байх байсан. Хувийн хэвшил нь ороод ирсэн, бүх юм нь хяналт тооцоотой ингэж л явах байлаа.

Би одоог хүртэл ганцхан зүйлд харамсдаг. Харамсах ч гэж дээ, тэр үед үнэхээр хувилбар байгаагүй. З.Энхболдтой уулзах үед “Оюу толгойг чинь дэмжиж явуулна. Тавантолгойг чинь хэзээ ч явуулахгүй шүү. Хэрвээ явуулбал Засгийн газрыг чинь огцруулна” гэдэг байсан. Цаг хугацааны хайч нь буруу таарчихсан юм.

-Би хэрэг хийгээгүй, авлига аваагүй. Монголд хэрэгтэй шийдвэрүүд гаргаж байсандаа итгэлтэй байдаг. Гэхдээ миний амь нас хайран байна-

-Та ер нь Монголын иргэн хэвээрээ байна уу?

-Хуулиар давхар иргэншил зөвшөөрөхгүй. Х.Баттулга Ерөнхийлөгч өөрийг нь дахин сонгогдох боломжгүй болгосны дараа хэвлэлийн хурал хийж миний тухай ярьсаар байгаад гарсан. Намайг АНУ-ын иргэн болсон гээд ярьчихсан. Би өнөөдөр энд хууль зөрчиж амьдраагүй. Би АНУ-ын иргэн болохгүй. Монгол Улсын иргэнээрээ л энэ амьдралаа дуусгана.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөрчил таны үед хэр байсан бэ?

-Хувь хүн хоорондын харилцаа, нэгнээ хэрхэн хүлээж авах уу, аль хүртэл буулт хийх үү гэх мэт харилцаа. Намайг ЗГХЭГ-ын дарга байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч хоёрын хооронд асуудал байсан. Энэ бол зөвхөн Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг хоёрын асуудал биш. Үе үеийн Засгийн газарт л байсан. Энэ бол манай Үндсэн хуультай холбоотой. Ерөнхийлөгч гэдэг хүн ард түмнээс мандат авч сонгогдчихоод өөрөө ямар нэг ажил хийх шаардлагатай болдог. Хүмүүст таалагдахын тулд заримдаа ЗГ-ын ажил руу орохоос өөр аргагүй болдог. Жишээлбэл, авлигатай тэмцэх тэмцэл дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө нэлээн орсон байсан учраас би өөр ажлаа барьж авдаг ч юм уу.

Сая У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ч гэсэн сонгодог байдал руу орох талаар том том алхмууд хийчихлээ. Өөрөө дахиж нэр дэвшихгүй ч гэдэг юм уу, парламентад засаглалтай улс гэдгээ хэд хэдэн удаа хатуу хэлсэн.

-Ерөнхий сайдаар ажиллахад юу хамгийн их саад болдог юм бэ. Хүмүүс үү, нам уу, хууль уу?

-Өөрийн чинь хэлж байгаа бүх юм шүү дээ. Маш олон юм байдаг учраас маш хэцүү ажил байхгүй юу. Тэр хүнд замыг туулчихаад, өмнөх дараах сайд нараа муулдаггүй. Тийм учраас Л.Оюун-Эрдэнийг би шүүмжлэхгүй байгаа юм.

-Өнгөрсөн 4-5 жилд таны нэрийг дурдаад л “Ч.Сайханбилэг зугтсан, Эрдэнэтийг гацаасан” гэдэг асуудал яригдсан. Эсвэл таныг иржээ, ирэх гэж байна гэдэг. Яг ирэх гэхээр үнэхээр болдоггүй юм уу?

-Хэдэн давхар гэдэг билээ. Тэр хүмүүсээс нь л асуусан нь дээр байх өө.

-Очъё гэсэн төлөвлөгөө өнгөрсөн хугацаанд гараагүй гэсэн үг үү?

-Очих юм сан гэсэн хүсэл өнөөдөр ч байгаа. Гэхдээ хүсэл маань биелэх боломж өнөөдрийг хүртэл гарахгүй байна.

-Та Х.Баттулгын шүүхээр орохгүй гэдэг. Одоо тэр үеэс чинь хойш өчнөөн зүйл өөрчлөгдлөө. Та ирэхгүй байхыг бодоход Х.Баттулгын шүүх нь хэвээрээ л байгаа гэсэн үг үү?

-Миний хоёр хэрэг чинь хэрэг биш байхгүй юу. Гэтэл онгоцноос буухад л “баривчлах” шүүхийн тогтоолтой. Юу нь өөрчлөгдөж байгаа юм бэ, Лхагва аа. Би хэрэг хийгээгүй, авлига аваагүй, Монголд хэрэгтэй шийдвэрүүд гаргаж байсандаа итгэлтэй байдаг. Гэхдээ миний амь нас хайран байна шүү дээ.

-Та АН-ын лидер байсан хүн. Намынхаа үйл ажиллагааг юу гэж харж байна. 2027 оны сонгуульд нэр дэвшээсэй гэж бодсон хүний нэр байна уу?

-Ардчилал амархан мөхдөгийн хамгийн эхний шинж тэмдэг бол улс төрийн сөрөг хүчин мөн чанараа алдаж буй нь хамгийн их харагддаг юм билээ. Намын удирдлага нь яаж энийг би хийсэн гэж мэдэгдэхгүй байх вэ гэж байгаа нь сөрөг хүчин ингэтлээ жижигэрч айна гэдэг бол ардчиллын хамгийн том шалгуур алга болсонтой адилхан.

Ингэтлээ сөрөг хүчин бүдгэрнэ гэдэг бидний 30 жилийн ололт амжилт ямар хурдан устаж, үгүй болох нь вэ гэсэн түгшүүрийн харанга өгч байгаа юм. Намын үйл ажиллагаандаа оролцож чадахгүй байгаа учраас шүүмжлэх нь зохимжгүй.

-Ер нь та ямар баталгаа өгвөл эх орондоо ирэх юм бэ?

-Тодорхой зүйл ярихад надад хэцүү байна. Нэг нартай өдөр би Монголдоо буух болов уу. Харин буухад цэцэг барьж угтдаггүй юм аа гэхэд гарт маань гав зүүхгүй тийм өдөр ирэх болов уу гэсэн бодолтой байна.

Ярилцсанд баярлалаа

З.Занабазар жин хасаж барилдаад түрүүллээ
З.Занабазар жин хасаж барилдаад түрүүллээ
 
“World Baseball Classic 2026” тэмцээнд 20 улс өрсөлдөж байна
“World Baseball Classic 2026” тэмцээнд 20 улс өрсөлдөж байна
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!