“Эрчист Монгол” эрчимтийн тасагт шилжих ёсгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 48 секунд

“Намайг ажил хийлгэхгүй юм байна гэдэг нь тодорхой болсон. Тиймээс өргөдлөө өгсөн гэж ойлгож болно”. Энэ үг хөдөлмөрийн гэрээгээр ажил гүйцэтгэдэг ажилчны үг бус томилогдож очсон гүйцэтгэх захирлын үг. Захирал, захиралдаа “Эрчист Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшингийн үг. Томилогдож очоод жил ч бололгүй Төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал өргөдлөө өглөө. Төрийн өмчит 44 компанийн үйл ажиллагааг сайжруулж, менежментийн шинэчлэл оруулах гэсэн Засгийн газрын хүсэл ийнхүү талаар боллоо. Эхэндээ Г.Амартүвшингийн хувь хүн рүү нь дайрч байсан бол сүүлдээ “Эрчист Монгол” гэж байгаад хэрэггүй гэж шүлсээ үсчүүлэгчид олширлоо. Гэхдээ байна аа, менежментийг нь сайжруулъя, алдаагаа олъё, хяналт тогтооё гэж байгаа бол менежментийг сайжруулахаас өөр замгүй.

Хэн нэгэн Г.Амартүвшиндээ биш тамганы хүчээр залгилсаар ирсэн “утсан хүүхэлдэй”-нүүдээс салахын тулд хяналт зайлшгүй хэрэгтэй. Хяналт боловсролтой мэргэжилтнүүд дээр тогтоно. Яг хоёр жилийн өмнөхөн дөө, ковидын дараахан төрийн өмчит компаниудын 30 орчим хувийг олон нийтэд нээлттэй болгоно гэж байв. Тэгээд яасан. Сонгууль ч дөхөж, Засаг ч шударгын дүрд тоглож ахуйд энэ санаа мартагдсан. Мартагдаад удаагүй байтал өнгөрсөн оны сүүлээр Г.Занданшатарын Засгийн газар төрийн өмчит компаниудын шинэчлэлийн бодлогын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг төсөлд тусгаснаар 18 компанийн хувьцааны 10-66 хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, олон нийтэд нээлттэй болгохын зэрэгцээ найман компанийг бүрэн хувьчлах санал тусгасан байна. Гэхдээ менежментийн шинэтгэлгүйгээр энэ бодлого хэрэгжихгүй.

Ердөө хэдхэн тоог тогтож харцгаая. 2024 оны байдлаар төрийн өмчийн хороонд тайлан өгдөг 122 компани Монгол Улсад байна. Үүний 99 нь толгой компани. Энэ 99-өөс 43 нь ашиггүй ажилладаг. Нийтдээ 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Алдагдал 150 тэрбумд хүрсэн юм байж. Гэтэл актив нь ч дагаад өссөн байгаа юм. Монгол Улсын төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нийт активын хэмжээ 2024 оны байдлаар 122.2 их наяд төгрөгт хүрчээ. Их байгаа биз. Үүнийг 2022 онтой харьцуулбал 29.3 их наяд төгрөгөөр өссөн дүн юм. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө гэдэгт үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалт гэх мэт бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хамааруулж ойлгоно. Актив нь өсөөд л байгаа. Цаашид ч өснө. ТӨК гэдэг бол сонгуульд тохой түшсэний бэлэг байсаар ирсэн. Бэлэг байсан учраас сааж сурсан. Саадаг учраас ашигтай ажиллахгүй, алдагдалтай байгаа юм.

Алдагдалтай учраас төр бол муу менежер гэдэг үг бий болсон. Менежментийг нь сайжруулъя гэвч даргын халааснаас үсэрсэн цааснууд ТӨК-иар нэг хийсдэг нь бараг жишиг болж дээ. Энэ жишгийг халъя гэж “Эрчист Монгол”-ыг байгуулсан. Анх байгуулахдаа төрийн өмчит уул уурхай, эрчим хүчний компаниудыг нэгтгэж ижил чиг үүрэгтэй давхардсан бүтэц бүрэлдэхүүний зардлыг 50 хувь бууруулах зорилгоор байгуулагдсан юм. Байгуулагдаад зардлыг бууруулъя, ТУЗ-ийг цомхон чадвартай болгоё гэж байтал шүлсээ үсчүүлэгчид шүлсээрээ булсаар ирсэн. Сүүлдээ “Эрчист Монгол” шиг хэрэггүй юм алга гэж утас барьж, “лайв” хийгчид шавчихсан. Энэ хооронд ТӨК-иудыг ашигтай ажиллуулах том зураг нь бүдгэрсэн юм. Том зураг нь бүдрэхтэй зэрэгцээд том дарга нар ноцсоор байгаад Г.Амартүвшингийн өргөдлийг нь өгүүлсэн. Одоо том зураг бүр бүдгэрлээ. ТӨК-иуд ашигтай ажиллахын тухайтад “Эрчист Монгол” гэнэ үү, өөр юу гэнэ ямар нэгэн хяналт байх ёстой. Хяналт байж гэмээж нь ТӨК ашигтай ажиллаж, бүрэн агуулгаараа Монгол Улс хожно...

Морин жилийн эхний барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлэв
Морин жилийн эхний барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлэв
 
Эмэгтэй боксчид өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана
Эмэгтэй боксчид өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!