
2023 оны долдугаар сард хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдээлэл өгөхөөр манай редакцад хандлаа. Хэрэг 2023 оны долдугаар сарын 9-10-нд шилжих шөнө гарчээ. Цагдаагийн байгууллагад "Хажуу айлаас өмхий үнэртээд хаалгыг нь тогшихоор тайлахгүй байна" гэх дуудлага мэдээлэл анх бүртгэгдэж, хүн амины хэрэг гарсан нь илэрсэн байна. Амь хохирогч 1980 онд төрсөн эрэгтэй, ганцаараа амьдардаг байсан аж.
-Тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгөөч?
-2023 оны долдугаар сард цагдаагийн байгууллагаас хүн амины хэрэг гарсан тул яаралтай ир гэж намайг дуудсан. Очиход амь хохирогчийн цогцсыг аваад явчихсан байсан. Эндэхийг цэвэрлэ гэсэн тул би гэр бүлийнхнийхээ хамтаар цэвэрлэхээр орсон. Хоёр газарт маш их цус тунарч хатсан байсан. Хэд дахин угааж хуссан. Амь хохирогч хэн нэг хүний гарт амь үрэгдсэн нь тодорхой байсан. Гэтэл цагдаагийн байгууллага амиа хорлосон гэх үндэслэлээр зохиомол хэрэг нээсэн. Ингэхдээ хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн. Хоёрдугаарт, хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгч утсаараа бичлэг хийж, авсан бичлэгүүдээ санаатай устгасан. Хавтас хэрэгт тухайн бичлэгүүдээ огт хавсаргаагүй. Санаа зорилготойгоор бичлэгүүдээ устгасан байсан. Энэ хэрэг илрэхгүй 2.9 жилийн хугацаа өнгөрлөө. Хэргийг шалгах тав дахь ажлын хэсэг гараад байгаа. Энэ хугацаанд ажилласан бүх мөрдөгчид нотлох баримтыг устгах буюу хуурамчаар бүрдүүлэх ажиллагааг явуулж, хэргийг илрүүлэх талаар ямар ч процессын ажиллагаа хийхгүй байсаар өнөөдрийг хүрч байна.
-Хэргийг мөрдөж байсан анхны мөрдөгчөөс эхлээд нотлох баримтыг устгасан хэрэг үү?
-Хамгийн анх хэрэг хүлээж авсан О нь хаалганы дээд талын камерын бичлэгийг устгаад гадагшаа зугтчихсан. Энэ хэрэгт холбоотой О гэж хүн мөн хилээр гарч зугтсан. Гэтэл энэ хоёр хүнийг авчрах ямар ч процессын ажиллагаа цагдаагийн байгууллагаас хийхгүй байгаа. Энэ хоёр хүн хил даваад зугтсан учир яллагдагчаар татах ямар ч боломжгүй гэх тайлбарыг өгсөөр өнөөдрийг хүрсэн.
-Та амь хохирогчтой хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ. Тухайн үед юу гэж ярьж байв. Гадны нөлөөтэй нас барсан гэдгийг ямар үндэслэлээр тайлбарлах вэ?
-Хамгийн сүүлд хэрэг болохоос хоёр хоногийн өмнө амь хохирогчтой утсаар ярьж уулзахаар төлөвлөсөн байсан. Гэтэл ирээгүй. Ямар ч байсан энэ хэрэг 24 цагийн дотор илрэх боломжтой байсан. Яагаад гэвэл хэрэг болсон байрны хаалганы дээр камертай. Тэрхүү камерт алуурчид бичигдсэн гэдэг нь тодорхой. Гэтэл энэхүү бичлэгийг эрүүгийн мөрдөгч санаа зорилготойгоор устгасан. Хоёрдугаарт, шалаар дүүрэн цус тунарч тогтсон. Гуравдугаарт, бүх доогуурх хувцсыг тайлж угаалгын машинд угаагаад, нүцгэн орхисон байсан. Дээгүүрээ ганц футболктой үлдсэн байсан ч хэргийн явцад тэрхүү футболк нь алга болж устгагдсан. Ямар ч шүүх шинжилгээнд өгөөгүй байдаг. Хэрэг болсон тэр өдөр цусны дээж авсан, гурван гарын мөр авсан гэдэг боловч өнөөдрийг хүртэл хугацаанд түүнийх нь шинжээчийн дүгнэлт алга болчихсон. Хажууд нь унасан байсан цус болсон сандалд урт үс наалдаж үлдсэн байдаг. Гэвч тэр үснээс ямар ч дээж аваагүй. 2023 оны есдүгээр сард тэр үснээс дээж авсан боловч 2024 оны тавдугаар сард мөн адил тухайн үсийг устгасан нь тогтоогдсон. Түүгээр ч барахгүй анхны шүүхийн шинжилгээний дүгнэлтэд ар дагз буюу баруун чамархайндаа олон удаагийн мохоо зүйлээр цохигдож, их хэмжээний цус хуралт, гэмтэл үүссэн гэх дүгнэлт гарсан боловч 2024 оны тавдугаар сарын 20-нд шүүх эмнэлэг дахин дүгнэлт гаргахдаа олон удаагийн цохилтыг нэг удаагийнх болгож, цусыг бөөлжис болгож хуурамч дүгнэлт гаргасан. Энэ ямар ч боломжгүй. Анхнаасаа хуурамч дүгнэлт хийж, хэргийг хаах зорилго агуулж байсан. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 12.3-т шинжилгээний объект буюу цогцос нь биет байдлаар байх ёстой гэж заасан. Гэтэл цогцос биет байдлаар байхгүй байхад дүгнэлтийг хуурамчаар гаргасан байдаг. Дараагийн үндэслэл нь энэ хэрэгт холбогдогч О нь амь хохирогчоос мөнгө авсан нь Иргэний хэргийн шүүхээр тогтоогдсон. Гэвч энэ хүн удаа дараа хилээр гарч зугтсан. Энэ хүн сэжигтэй байна хилийн хориг тавьж өгөөч гэж удаа дараа хүсэлт гаргаж, олон нотлох баримт үзүүлсээр байхад огтхон ч хориг тавьж өгдөггүй. Хуулийн дагуу яллагдагчаар татах боломжгүй гэдэг хариултыг прокурор, мөрдөн байцаах алба, мөрдөгчид байнга ийм хариу өгдөг. Өнөөдрийг хүртэл энэ хүнийг яллагдагчаар татаж, эрэн сурвалжлах ажиллагаа хийхгүй байгаа нь цагдаа, мөрдөгчидтэй ямар нэгэн байдлаар холбоотой, нуун дарагдуулах ажиллагаа хийж байна гэж үзэж байгаа. Эрүүгийн мөрдөгч нь камерын бичлэгүүдийг устгахаас гадна камерын үзлэгийн тэмдэглэлийг хүртэл хуурамчаар хийсэн. Анхны мөрдөгч О нь хэргийн нотлох баримтыг устгаад гадагшаа зугтаж 3 жил болсон байхад энэ хүнийг авчирдаггүй. Эрүүгийн мөрдөгч О нь камерын бичлэгийг үзсэн, алуурчдыг өөрийн нүдээр харсан амьд гэрч байгаа юм.
-Урт үс үлдсэн гэхээр эмэгтэй хүн болж таарлаа. Тухайн хэргийг ганц эмэгтэй хүн үйлдэх боломжтой юу. Эсвэл хамсаатан бий гэж үзэж байгаа юу?
-Яг хэрэг учрал болсон тухайн өдөр хажуу айлын хөрш нь шөнийн 01:00-02:00 цагийн хооронд коридорт хоёр эрэгтэй хүн ярилцаж байгаад хажуу айл руу орсон гэж ярьдаг. Амь хохирогч бол 180 см өндөр, том биетэй хэнд ч цохиулж нүдүүлээд байхааргүй хүн байсан. Тэгэхээр ганц эмэгтэй хүн, ганц эрэгтэй хүн дийлэхгүй. Тиймээс энэ хэргийг 3-4 хүн оролцож хийсэн гэж би үзэж байгаа. Тамлан зовоох маягаар Binance хаягийн нууц дугаарыг авсан нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Мөн сандалд үлдсэн урт үсийг сэжигтэн О "Миний үс" гэж хэлсэн байдаг. Хэрэг болох өдөр О хоёр удаа өөрөө амь хохирогч руу залгасан байдаг. Тэгээд уулзсан гэж үзэж байгаа.
-Тамлан зовоосон гэхээр биед нь ил харагдах шарх, зодуулж тамлуулсан ул мөр их байж ээ?
-Хажууд нь унасан сандал байдаг. Сандлын оройд цус тогтоод урт үс наалдаж үлдсэн. Энэ сандлаар цохиж хөнөөсөн гэж би үзэж байгаа. Тиймээс толгойноос нь их хэмжээний цус алдсан байдаг. Сандлынх нь баруун тал нь цусаар их бохирлогдсон. Зүүн тал нь гайгүй. Гэтэл амь хохирогчийн зүүн гуя язарсан, их хэмжээний цус урссан, их хэмжээгээр гэмтсэн байдаг. Сандал дээр буруу харуулж суулгаад, хоёр гарыг хүлсэн нь үзлэгийн зурагт тодорхой байдаг. Хоёр гарын шуу нь их хэмжээгээр гэмтсэн байдаг. Баруун гарт нь тамлах ажиллагаа хийсэн болов уу гэж би харддаг. Яагаад гэвэл баруун гарын хумснуудыг бүгдийг нь өндөгтэй нь хамт өм цөм авчихсан байдаг. Түүгээр ч барахгүй 2023 оны есдүгээр сарын 23-нд цагдаагийн мөрдөгч утсыг нь хурааж авсан. Арванхоёрдугаар сард буцааж өгсөн. Утсыг нь хурааж авсан хугацаандаа ямар ч тогтоол үйлдээгүй. Надаар утас хурааж авсан тогтоолд гарын үсэг зуруулаагүй. Утас хурааж авсан тогтоолтой танилцах хүсэлт 10-20 удаа гаргахад өнөөдрийг хүртэл тогтоолтой ч танилцаагүй, үзлэгийн тэмдэглэлтэй ч танилцуулаагүй. Үүнээс би сэжигтэй О-той цагдаагийн ажилтан хамтарч Binance дансыг нь авах оролдлого хийсэн гэж хардаж байгаа. Энэ хугацаанд хийх ёстой процессын ажиллагаанууд огт хийгдээгүй. Нэн тэргүүнд хийх ёстой процессын ажиллагааг хийж өгөөч гэж олон удаа хүсэлт гаргасан ч огт хийхгүй байгаа нь энэ хэрэгт мөрдөгч, прокурор, шинжээч бүлэглэн хуйвалдаж, энэ хэргийг нуун дарагдуулах зорилготой гэж би үзэж байна.
-Энэ хугацаанд хаана хаана хэчнээн гомдол гаргав?
-Энэ хугацаанд маш олон гомдол маш олон газарт гаргасан. 5-10 удаа магадгүй 15 удаа хүсэлт гаргасны эцэст хоёр жилийн дараа ажиллагаа хийсэн тохиолдол ч байгаа. Би Ерөнхийлөгчид 6 удаа, УИХ-ын даргад, Ерөнхий сайдад, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өмнөх ажиллаж байх хугацаанд нь 6 удаа, сая шинээр томилогдсоны дараа нэг удаа хүсэлт өгсөн. Тагнуулын ерөнхий газар, АТГ, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын хяналтын түр хороо, бүх шатны прокурорын байгууллага гээд хаана л гомдол хүсэлт гаргах боломжтой бүх байгууллага, хүмүүст гомдол хүсэлт гаргаж өгсөн. Бүгд нэг л хариу өгдөг. Ямар ч ажиллагаа хийхгүй байгаа мөрдөн байцаах албанд харьяаллын дагуу гээд шилжүүлчихдэг. Сүүлийн үед Улсын ерөнхий прокурорт хандсан боловч Нийслэлийн прокурор руу шилжүүлсэн. Яг ийм эргэлдсэн тойрогт орчихсон хэрэг ерөөсөө илрэхгүй байгаа.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!