
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын даргын хувиар 21 аймгийн Засаг дарга, Аймгуудын онцгой комисстой цахимаар хуралдаж өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбоотой үүрэг даалгавар өгөв.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос малчид иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, өвөлжилт хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд аймаг сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвар сайтай авто машин 20 ширхэг, цас ихээр орж зам даваа хаагдсан зарим аймаг, сумдад Автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхэг, 796 тонн өвс, 8154 тонн тэжээл, аймаг тус бүрт 50 тн шатахууны дэмжлэг улсын нөөцөөс олгосон байна.
Түүнчлэн зудын эрсдэлийн үнэлгээгээр маш их болон их эрсдэлтэй үнэлэгдсэн баруун, төв, хангайн бүсийн аймгуудад Улсын онцгой комиссын ажлын хэсэг 2025 оны арваннэгдүгээр сараас эхлэн ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Баруун болон төвийн аймгууд өнгөрсөн зун гантай, зарим бүс нутгаар зуншлага сайтай, мөн зарим бүс нутгаар цас их орсон зэргээр нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 50 орчим хувьд зудын эрсдэл их байсан боловч Засгийн газар, Улсын онцгой комисс, аймаг, сумдын онцгой комисс, малчид иргэд хамтран авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд эрсдэлийг тодорхой хувиар бууруулж чадсан байна.
Цаашид агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэх, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул аймаг, сумдын Онцгой комисс анхаарч ажиллахыг даалгаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах үүрэг өглөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!