УБТЗ-ын удирдах ажилтны зөвлөгөөн болов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

Өнгөрсөн жил ачаа тээврийн түүхэн шинэ дээд амжилт тогтоосон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Болор-Эрдэнэ болон "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй замын удирдлага, удирдах ажилтнууд оролцлоо.

Зөвлөгөөнөөр Монгол Улсын хамгийн том ажил олгогч тус нийгэмлэгийн 16 мянган төмөр замчдыг удирдан чиглүүлж ажилладаг 70 гаруй салбар нэгжийн 350 шахам удирдах ажилтнууд өнгөрсөн оныхоо зорилтыг дүгнэн хэлэлцэж, энэ оныхоо зорилтыг хэлэлцлээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарлан мэргэжлийн өндөр ур чадвартай, ажил амьдралдаа сэтгэл ханамжтай хүний нөөцийг бүрдүүлж, байгууллагын тогтвортой хөгжлийг хангах зорилт дэвшүүлэн ажиллажээ. Энэ зорилтын хүрээнд ажилтнуудынхаа мэдлэг, ур чадвар, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилласнаар хүний нөөцийн тогтвор суурьшил сайжирч, ажлын бүтээмж дээшилсэн эерэг үр дүн гарчээ.

Тэгвэл тус нийгэмлэг 2026 оныг “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгох зорилт дэвшүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх, тээврийн үйлчилгээний зардлыг бууруулах, удирдлагын сахилга, гүйцэтгэлийг сайжруулах, хамт олны оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна.

Уг зорилтыг хэрэгжүүлэхэд удирдах ажилтнуудын хариуцлага, манлайллыг улам өндөржүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ.

Зөвлөгөөнд оролцсон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг үг хэлэхдээ “Улаанбаатар төмөр зам” бол Монгол Улсын стратегийн чухал дэд бүтэц бүхий найдвартай ажиллагаа, хөдөлмөрийн болон цагийн сахилга бат, боловсон хүчний тогтвортой нөөц, үйл ажиллагааны чанар, стандартын дагуу явагддаг, хэмжигдэх үзүүлэлт бүхий удирдлага, сайн засаглалын дуурайлал болсон байгууллага юм гэж онцлон дурдав.

Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ "УБТЗ" ХНН-ийн соёл, туршлагыг бусад төмөр замуудад нэвтрүүлэх шаардлагатай гэлээ.

Зөвлөгөөний үеэр менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлсэн УБТЗ-ын зарим аж ахуйн нэгжид олон улсын стандартын гэрчилгээ олгов.

Менежментийн нэгдсэн тогтолцооны хүрээнд өнөөдрийн байдлаар УБТЗ-ын 22 салбар нэгж ISO 9001, ISO 45001, ISO 14001, ISO 22000, ISO 50001, ISO 21001 гэсэн 6 төрлийн олон улсын стандартын гэрчилгээг аваад байгаа бол 2026 онд 13 аж ахуйн нэгжийг менежментийн тогтолцоонд хамруулахаар бэлтгэж байна.

Малын сэг зэмийг устгаж, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Малын сэг зэмийг устгаж, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ
 
Маргааш Улаанбаатарт -9 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Маргааш Улаанбаатарт -9 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!