УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа өнөөдөр (2026.03.04) Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Сангийн яамны урилгаар манай улсад ажиллаж байгаа Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус сангийн Төсвийн газрын Зарлагын бодлогын хэлтсийн дэд захирал, ноён Маурисио Сото ахлагчтай мэргэжилтнүүдийн баг манай улсын төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцоог судалж, дүгнэлт, зөвлөмж гаргахаар ажиллаж байгаа юм.
Байнгын хорооны дарга Б.Найдалаа удахгүй эхлэх Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар олон чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс нэн тэргүүнд тэтгэврийн тогтолцоог шинэчлэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг танилцуулж, манай улсад улс төрийн тууштай, тогтвортой байдал хангагдахгүй байгаагаас зарим бодлогын хэрэгжилт удаашрах, орхигдох, өөрчлөгдөх явдал байгааг дурдав. Иймд төрийн албан хаагчийн цалингийн болон тэтгэврийн тогтолцоог баталгаатай, илүү сайн нөхцөлтэй, тогтвортой болгоход шаардлагатай мэргэжлийн дүгнэлтийг хийхийн зэрэгцээ олон улсын сайн жишиг, чиг хандлагын талаар зөвлөмждөө дэлгэрэнгүй тусгаж, манай улс төрчид, холбогдох хүмүүст зөв мэдээлэл өгөхөд анхаарал хандуулахыг хүсэв.
Ноён Маурисио Сото цалин, тэтгэвэртэй холбоотой Засгийн газрын байгууллагууд, яам, агентлагийнхантай уулзаж, холбогдох мэдээллийг авсан тухайгаа товч танилцуулаад, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, эрсдэл болон төсөв санхүүгийн удирдлагын талаар тодорхой дүгнэлт хийж эхлээд байгаагаа ярилаа. Монгол Улсын төрийн албан хаагчийн цалин хөлсний тогтолцоонд хэт жижиглэн ангилсан, иргэд, олон нийтийн шахалт шаардлагаар цочир өөрчлөлтийг цөөнгүй хийж, суурь бодлогоо алдагдуулсан, мөн улсын төсөвт дарамт учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн байгааг Маурисио Сото хэлэв.
Тэтгэврийн тогтолцооны хувьд шимтгэл төлөгчдийн хуримтлалаас ахмад настны тэтгэврийг олгож буй эв санааны зарчимтай, нэрийн дансны тогтолцоонд шилжих бодлого, хувийн нэмэлт тэтгэврийн болон сайн дурын даатгалын тогтолоцоог бий болгох хэтийн төлөвлөгөөтэй байгааг тэрбээр тус бүрчлэн ярьж, өгөөжийн болон хураамжийн хувь, шимтгэл, тэтгэврийн хэмжээг оновчтой тогтоох, бодлого, зарчмыг тогтвортой хэрэгжүүлэх талаар эрх бүхий субьектууд тодорхой амлалт өгч, тууштай баримтлах шаардлагатайг онцоллоо.
Улсын Их Хурал болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх дунд, эсвэл урт хугацааны бодлогын баримт бичиг батлуулж, дарамт шахалтгүй, нийгэмд шуугиан дэгдээн инфляцид нөлөөлөхгүй, цочир өндөр хувиар бус алгуур өсгөн нэмэгдүүлж, иргэдийн нийгмийн баталгааг хангаж ажиллахыг Засгийн газраас шаардаж буйгаа Байнгын хорооны дарга Б.Найдалаа танилцуулж, энэ талаарх эрх зүйн шинэчлэлийг бодитой, үр дүнтэй хийхэд түлхэц болох үнэлэлт дүгнэлтийг өгч, зөвлөмж боловсруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!