БАЙР СУУРЬ: Ойрх Дорнодын “мөргөлдөөн“-ий нөлөөлөл хоёр хөршөөр дамжин манай улсад орж ирэх эрсдэлтэй

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
18 минут 33 секунд

АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагааны хүрээнд өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Ираны хотуудад цохилт өгч улмаар Иран улс ч хариу цохилт өгөөд буй. Тэгвэл Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй эл нөхцөл байдал дэлхий дахины болоод манай улсын эдийн засаг, гадаад харилцаанд хэрхэн нөлөөлөх талаар судлаачдаас тодрууллаа

-ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ-

-Н.ЭНХБАЯР: Олон улсад III сарын эхний 15 хоногт газрын тосны үнэ өсөх, савлах магадлал өндөр ч ирэх саруудад үнэ ханш буцаж тогтворжино гэж үзэж байна-

Эдийн засагч Н.ЭНХБАЯР: Дөрвөн жилийн тэртээ Орос-Украины дайн эхлэхээс өмнө 2022 оны нэгдүгээр сард олон улсын зах зээл дээр Брент газрын тосны үнэ ханш $85.00 -$86.00 ам.доллартай тэнцэж байсан. Оросын арми Украин газар нутагт түрэмгийлэн довтолсны дараа газрын тосны үнэ ханш огцом өссөн. 2022 оны 5-р сард Брент төрлийн газрын тосны үнэ ханш $123.00 ам долларт хүрч, оны эхнээс даруй 40-44 хувиар үнэ ханш нь өсч байсан.

Ойрх Дорнодын бүс нутаг, газрын тос олборлогч орнууд төвлөрсөн бүс нутагт орших Иран улсад болж байгаа үйл явдалтай холбоотойгоор түүхий эдийн зах зээлд газрын тосны үнэ ханш өсөх хандлагатай байна. Өнөөдөр Брент төрлийн тосны үнэ 3.00-3.52 хувиар өсч $76.39 ам.долларт хүрч байна.

Ням гарагт Газрын тос олборлогч орнуудын холбоо ОПЕК-ийн гишүүд хуралдаж газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

АНУ, Израйлийн армийн зүгээс Иранд өгөх цохилт хэд хоног үргэлжлэхээс шалтгаалан цаашид газрын тосны үнэ ханш хэр зэрэг өсөх вэ гэдэг нь хамаарна.

Гол асуудал нь газрын тос тээвэрлэж буй далайн тээврийн гол суваг дайны эрсдэлтэй нөхцөлд байгаа тул далайн тээврийн даатгалын байгууллага энэ бүс нутгаар тээвэрлэлт хийх хөлөг онгоцонд гэнэтийн осол, хохирлын даатгалын нөхөн олговор олгохгүй гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл эрсдэл өндөр бүс нутгаар тээвэрлэлт хийвэл эрсдэлээ тээвэрлэгч компани өөрөө бүрэн хариуцах болно гэсэн үг юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэл, Америкийн армийн төвлөрсөн хүч, цохилтын арга тактик зэргээс дүгнэж үзвэл Иранд өгөх цохилт 7-10 хоногийн дотор үргэлжлэх болов уу.

Өөрөөр хэлбэл 3-р сарын эхний 15 хоногт газрын тосны үнэ өсөх, савлах магадлал өндөр, газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа тул үнийн өсөлт $90.00 ам доллараас цааш давахгүй, ирэх саруудад үнэ ханш буцаж тогтворжино гэж үзэж байна.

-ДОТООДЫН ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ-

-Б.ЭНХ-АМГАЛАН: Ойрх Дорнодын нөхцөл байдал ОХУ-аас шатахууны үнийн өсөлтөөр, БНХАУ-аас импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин манайд орж ирэх эрсдэлтэй-

Эдийн засагч Б.ЭНХ-АМГАЛАН: Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан үүсэх нөлөөлөл нь манай улсад шатахууны үнээр дамжин орж ирэх болов уу таамаглал байна. Өнөө, маргаашдаа энэ нөхцөл байдал намжвал үзүүлэх нөлөөлөл гэхээр зүйл тийм ч хүчтэй ажиглагдахгүй. Харин дайн сунжирч урт хугацаандаа үргэлжлэхээр болчихвол дэлхийн зах зээл дээр нефтийн үнийн өсөлт явагдана. Ормузын хоолойгоор дэлхийн нийт нефтийн 20 орчим хувь дамждаг. Тэгвэл энэ 20 хувьд саатал үүсэж эхэлбэл улс орнуудын нефтийн бүтээгдэхүүний татан авалт саарч, инфляцын дарамт, эдийн засгийн өсөлт саарах байдал хүчтэй мэдрэгдэх нь гарцаагүй.

Манай улсын хувьд ч нефтийн бүтээгдэхүүний гэрээнүүд нь олон улсынхтай уялдаатай байдаг учраас ОХУ-аас авч буй нефтийн үнэ өсөх магадлал байгаа. Энэ тохиолдолд манай улсын бараа бүтээгдэхүүний үнэд орох "хөдөлгөөн"-тэй холбоотойгоор инфляцын түвшинд нөлөөлөл болж орж ирнэ гэсэн үг. Түүнчлэн манай улс Арабын зарим улс орнууд руу мал, мах экспортолдог шүү дээ. Тэгэхээр энэ талдаа экспорт буурах дүр зураг ажиглагдаж болох юм.

Урт хугацаандаа ашигтай тал ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тухайлбал, Япон зэрэг хэрэглээ өндөртэй улсуудад нефтийн асуудал үүсэж эхлэхэд эдийн засгий өсөлт удааширч, инфляцт нөлөөлвөл юанийн ханшийн сулрах явагдана. Энэ тохиолдолд манай улс тухайн улсаас бараа бүтээгдэхүүн худалдан авахад хямд өртгөөр авах боломж бүрдэнэ. Гэхдээ дэлхийн улс орнуудын нийт массаар нь авч үзвэл манай улсад ирэх сөрөг нөлөөлөл нь эерэгээсээ давна.

Харин БНХАУ-ын талаас авч үзвэл, манай улсын импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүний үнээр дамжин нөлөөлж болох юм. Хятад улс нь Иранаас их хэмжээний газрын тос авдаг. Харин дайны нөхцөл байдалтай холбоотойгоор авах конверын тоо ч буурна. Үүнийг дагаж, хятадад эрэлт нэмэгдэж улмаар бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин манайд орж ирэх эрсдэлтэй.

Манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ гол төлөв урд хөршөөсөө авч байгаа шүү дээ. Энэ утгаараа Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэж манай инфляцт бий болох нөлөө байгаа гэж ойлгож болно.

Тиймээс Ойрх Дорнодын дайны нөхцөл байдал богино болон урт хугацаандаа манай улсад ямар нөлөө үзүүлж болох вэ гэдгийг дотооддоо тооцох хэрэгтэй. Хэрэв тооцоо судалгаагаагаа сайн гаргачихвал Монголбанк, ЗГ-ын зүгээс ч тэр хариу авах арга хэмжээгээ боловсруулах ёстой. Тухайлбал, импортын бүтээгдэхүүн дээр үнийн өсөлт явагдах нь эргээд инфляц хөөрөгдөхөд нөлөөлөх тул Монголбанк бодлогын хүү дээрээ ямар арга хэмжээ авах вэ гэдгээ хүртэл төлөвлөх ёстой болж эхэлнэ гэсэн үг. Засгийн газраас "Экспортыг дэмжинэ" гэдэг бодлоор төлөвлөлтүүдээ хийж байтал шатахууны үнийн өсөлт явагдаад эхэлбэл экспортлох бүтээгдэхүүнүүд дээр үнийн өсөлт гарч эхэлнэ. Нүүрсний эрэлт, үнэ зэргээс шалтгаалж төсөв дээр орж ирэх орлого буурах эрсдэл бий юу гэдэг тооцооллоо ч давхар хийх ёстой болно.

дайны үргэлжлэх хугацаа хэр байхаас шалтгаалж богино, дунд, урт хугацааны бодлогоо тодорхой болгох ёстой.

-Г.БАТЗОРИГ: Ойрх Дорнодын тодорхой бус нөхцөл байдал манай улсын эдийн засагт шууд гэхээсээ илүүтэйгээр хоёр хөршөөр дамжин нөлөөлнө-

Эдийн засагч Г.БАТЗОРИГ: Ойрх Дорнодын тодорхой бус нөхцөл байдлын манай улсад үзүүлэх шууд нөлөөлөл нь бага. Гэхдээ урд болон хойш хөршөөр дамжин нөлөөлөл нь орж ирэх эрсдэл бий. Тэр дундаа Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны нийлүүлэлт тал дээр асуудал үүсэж мэдэхээр харагдаж байгаа. Гэхдээ АНУ, Ираны хоорондох асуудал хэр удаан үргэлжлэхээс шалтгаалж олон зүйл хамаарна. Магадгүй 7-10 хоног дотроо асуудал намжвал газрын тосны үнэд төдийлөн нөлөө үзүүлэх нь бага.

Хэрэв нөхцөл байдал даамжирвал газрын тосны нийлүүлэлт тал дээр асуудал үүсэж, улмаар импортоор авч буй шатахууны үнэ өсөх эрсдэл өндөр. Нэг ёсондоо, ОХУ талаас шатахууны хомстолд орж болзошгүй эрсдэл биднийг хүлээж байна.

Нөгөө талдаа, Иран улсын хувьд БНХАУ гол импортлогчдынх нь нэг. Энэ утгаараа Америкийн талаас хятадын эдийн засгийг сааруулах бодлого явуулж буйтай адилаар алтнаас бусад түүхий эдийн үнэ унах нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй.

Өөрөөр хэлбэл, Ойрх Дорнодын тодорхой бус нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн эрсдэл нь БНХАУ-ын түүхий эдийн үнийн нөлөөллөөр дамжин манай улсад орж ирнэ гэж харж байна.

Хэрэв энэ байдал цаашид урт хугацаандаа үргэлжлэх тохиолдолд манай улс төвийг сахисан гадаад бодлогын үзэл баримтлалаа баримталж, эдийн засгийн өөрчлөлтөд бэлэн байж аль ч нөхцөлд манивер сайтай, уян хатан байдлаар ажиллах ёстой. Өөр боломж үгүй. Дотоод улстөржилт их байгаа энэ цаг үед бид гадаад талдаа улс төрийн бодлого дээрээ тун болгоомжтой, анхааралтай хандах ёстой. Хэрэв дотоод улстөржилт нь халиад байвал геополитикийн хүнд нөхцөл байдлыг тэсэж гарахад бэрх.

-ГАДААД ХАРИЛЦААНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ-

-Хоёр хөршийн эдийн засгийн тогтвортой байдалд Ираны гүйцэтгэх үүрэг нэн их учраас манай улс гадаад бодлогынхоо тэнцвэрийг барьж хөршүүдийн байр суурийг анхаарч явах нь зүйтэй-

ШУА-ийн олон улс судлалын хүрээлэнгийн судлаач З.МЭНД: Ойрх Дорнод буюу Баруун Азийн Бүс нутагт үүссэн нөхцөл байдал бол АНУ-Израилийн зүгээс геополитик, цэрэг зэвсгийн стратегийн хувьд өөрийн давуу байдлыг хадгалахтай холбоотойгоор Ираны хүчин чадлыг үгүй хийх, улмаар цөмийн хөтөлбөрийг нь зогсоох гэсэн хүчний тэнцвэртэй холбоотой асуудал юм. Мөн Газа дахь Палестины оршин тогтнохуй буюу Хамас, Израилийн хоорондын хямралтай холбоотойгоор Ираны зүгээс гаргасан бодит эсэргүүцлийг бүр мөсөн нухчин дарах зорилго агуулагдсан. Мөн тус улсын одоогийн улс төрийн тогтолцоог унагах, өөрчлөх явдал гэх судлаачдын байр сууриуд бий. Өөр нэгэн томоохон шалтгаан бол Ираны цөмийн хөтөлбөрийг царцаах, цөмийн зэвсэггүй бүс болгох гэсэн Израилийн туйлын эрмэлзлийг хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын хүчийг татан оролцуулснаар бүс нутагт дайны галыг дахин өрдөж, томоохон мөргөлдөөн эхлээд байна.

-Бүс нутагт үүсэж буй энэ нөхцөл байдал манай улсад шууд байдлаар нөлөөлөхгүй ч хоёр хөршөөр дамжин нөлөөлөх боломжтой юу. Гадаад харилцааны хувьд манайд хэрхэн нөлөөлөх вэ?

-Энэхүү мөргөлдөөнийг зөвхөн бүс нутгийн цохилт гэж харахаас гадна Евразийн олон туйлт худалдааны архитектурт сөргөөр нөлөөлж болзошгүй үйл явдал гэж үзэж болно. Ираны дэд бүтэц, ялангуяа Бандар Аббас боомтод хийсэн цохилт нь Орос, Хятад улсууд Барууны хяналттай далайн замыг тойрч гарахад найддаг Олон улсын Хойд-Өмнөд тээврийн коридор болон Бүс ба Зам санаачилыг нураах аюулд хүргэж болзошгүйг судлаачид тэмдэглэж байна. Оросын зүгээс шалтгаангүй түрэмгийллийг буруушааж байгаа бол Хятадын талаас нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд дайсагнасан ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалж байгаагаа илэрхийлсэн.

Евразийн хоёр гүрэн хоёулаа улам бүр нэмэгдэж буй хямралыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдааныг хийхийг хүссэн. 2025 оны сүүл, 2026 оны эхээр Иран "Зүүн тийш харах" бодлогоо эрчимжүүлж, Орос улстай 20 жилийн хугацаатай Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг эцэслэн байгуулж, Хятад улстай 25 жилийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хурдасгасан.

Хятадын Иран дахь гол сонирхол нь хямд түүхий газрын тосны аюулгүй тогтвортой урсгал болон эрчим хүчний аюулгүй байдал ба далайн дөт зам юм. Ираны Оросоос авах орчин үеийн зэвсэг техникийн худалдаа жил ирэх тусам өндөр үзүүлэлтэй явсан байдаг.

Тэгэхээр манай хоёр хөршийн эдийн засгийн тогтвортой байдалд Ираны гүйцэтгэх үүрэг нэн их гэдэг нь тодорхой. Эндээс бид гадаад бодлогынхоо тэнцвэрийг барьж хөршүүдийн байр суурийг анхаарч явах нь зүйтэй. Мэдээж Монголоос Ирантай хийх худалдааны эрчимд өөрчлөлт орвол таатай биш гэсэн үг.

-Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт тал дээр улс орнууд нэлээд болгоомжилж байна. ОПЕК-ийн гишүүн орнууд зөвлөлдөж газрын тосны хоногийн гарцыг ирэх 4-р сараас хоног тутамд 206.0 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэрийг ч гаргаад байгаа шүү дээ?

-АНУ болон Израилийн Иран руу хийсэн дайралт, Ираны хариу цохилт нь дэлхийн эрчим хүчний хангамжийн сүлжээнд тасалдал үүсгэж болзошгүй талаар ярьж бичиж байна. Улмаар газрын тосны үнэ огцом өссөн үзүүлттэй боллоо. Өөрөөр хэлбэл, Персийн булангийн нарийхан ам болох 35 км-ийн өргөнтөй Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй усан тээврийн хөлөг онгоцууд саатахад л газрын тос экспортлох чадварыг хязгаарлана гэсэн үг. Энэ нь түүхий нефть, шатахууны үнэ өсөхөд хүргэж болзошгүй гэж эрчим хүчний мэргэжилтнүүд үзэж байна. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болох ОПЕК дайн эхлэхээс өмнө төлөвлөсөн байсан 4 дүгээр сард үйлдвэрлэлийн гарцаа 206,000 баррелиар нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн нь шинжээчдийн таамаглаж байснаас илүү байна гэж мэдээлж байна.

Ормузын хоолойн хурцадмал байдал дэлхийн эдийн засгийг ганхуулж болох талаар таамгууд гараад ирлээ.

Энэ хоолойгоор дэлхийн газрын тосны 20 орчим хувь тээвэрлэгддэг бөгөөд дэлхийн хамгийн чухалд тооцогдох газрын тосны боомтын цэг болоод байна. Хойд талаараа Ирантай хиллэдэг уг хоолойгоор дамжин өнгөрч буй танкерууд Саудын Араб, Кувейт, Ирак, Бахрейн, АНЭУ, Иранаас газрын тос, байгалийн хий тээвэрлэдэг юм. Иран энэ 2026 оны хоёрдугаар сарын дундуур цэргийн сургуулилт хийх зорилгоор хоолойн зарим хэсгийг түр хугацаагаар хаасан. Энэ тээврийн суваг цаашид тасалдах нь нийлүүлэлт буурч, газрын тосны үнэ өсөхөд хүргэж болзошгүй юм.

Сүүлийн үеийн мэдээгээр Саудын Арабын Рас Танура дахь хамгийн том Сауди Арамкогийн газрын тосны байгууламжид Ираны цохилт болсон гэж сонслоо. Сауди Арамко компани бол дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн хамгийн үнэ цэнэтэй ашигтай компаниудын нэг.

-Геополитикийн энэ нөхцөл байдалд бид ямар байр сууринаас хандах ёстой вэ?

-АНУ, Израилийн Иранд эхлүүлсэн цөмийн байгууламжууд, баллистик пууцингийн дэд бүтэц, Тегеран болон томоохон мужийн төвүүдийн удирдах албан тушаалтнуудын байршлыг чиглэсэн “Эпик уур хилэн” хэмээх ажиллагааг эхлүүллээ. Ираны зүгээс хариуд нь АНУ-ын хөрөнгө болон бүс нутгийн түншүүдийн эсрэг бага түвшний хариу цохилт өгч байна. Иран анхнаасаа стратегийн хүлээцтэй арга барилыг баримталж, талууд хоорондын дипломат яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэхгүй байсан гэж АНУ-ын тал байр сууриа илэрхийлж байсан. Улмаар байдал хурцадмал шатанд хүрч АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр Ираны удирдагч болон түүний гэр бүлийн хүмүүс хоморгонд нь амь эрсдэж Иранд үндэсний гашуудал зарлаад байна.

Манай умард хөрш Орос “шалтгаангүй түрэмгийлэл” боллоо гэж буруушааж байгаа бол, өмнөд хөрш Хятадын зүгээс “нухацтай санаа зовниж” байгаагаа илэрхийлж Иранд хариу довтлох, хамгаалах чадвар бүхий зэвсэг нийлүүлж байгаа бөгөөд хөршүүдийн зүгээс аль болох энхийн замаар, яриа хэлэлцээний замыг сонгохыг талуудад уриалж байна.

Манай улсын хувьд нөөцийн хомсдол ихтэй, олон улсын харилцааны төвийг сахисан байр суурь, тэнцвэрийг барихын сацуу ялангуяа хөршүүдийн байр суурийг сайтар ажиглах шаардлага үүсэх байх. Цаашид бүс нутагт үүссэн геополитик нөхцөл байдал улам хурцдаж дэлхийн томоохон дайн самуунд хүргэж болзошгүй талаар олон улсын харилцааны онол таамгууд дэвшигдэн яригдаж байна.

Pubg Mobile спортын “Twisted Minds” баг Монгол тамирчдыг багтаа нэгтгэлээ
Pubg Mobile спортын “Twisted Minds” баг Монгол тамирчдыг багтаа нэгтгэлээ
 
​​​​​​​Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржууллаа
​​​​​​​Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!