Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНЭЭДЭГ БАЙШИН: Хуучин хувцас авах гэж ирж байгаадаа бүү санаа зов, энэ бол түр зуурынх

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 36 секунд

Чин сэтгэлээсээ баярласан олон хүний БАЯРЛАЛАА хэмээх үг сэтгэгдлийн дэвтэрт “хадагджээ”. Магадгүй сэтгэгдлийн дэвтэрт бичигдсэнээс илүү их хүн “Инээдэг байшин”-гаар ороод гарахдаа шаналал, санаа зовинол дунд гээчихсэн байсан инээмсэглэлийнхээ багахан хэлтэрхийг ч болтугай олоод гардаг байх. Учир нь тэд нэг асуудлаа ч гэсэн шийдээд гарах нь.

...Сайн байцгаана уу. Би ... дүүргийн ... хороонд зургаан хүүхдийн хамт амьдардаг нэгэн ээж билээ. Сургууль, цэцэрлэг орох гээд юмны үнэ маш их нэмэгдчихсэн энэ үед надад бас хүүхдүүдэд минь хэрэгтэй маш чухал зүйлсийг зүгээр л бэлэглэж байгаад маш их баярлалаа. Энэ бүхнийг мөнгөөр авсан бол хэдэн төгрөг болох байсныг хэлж мэдэхгүй юм. Лав л арван өдрийн минь хоол хүнсэнд зарцуулахтай тэнцэхүйц хэмжээний их мөнгөөр худалдаж авах байсан байх. Үнэхээр их баярлалаа..

/2021.08.13-нд нэгэн ээж талархлын дэвтэрт бичсэн сэтгэгдлээс/

Хүний хэрэгцээ тоймгүй их.Түүний ядаж ганцханыг нь ч болтугай хэн хэнийхээ тус дэмээр босгоод өгнө талархам үйлдэл. Үүний жишээ бол “Инээдэг байшин” ТББ. Хуучин хувцас цуглуулж хэрэгтэй хүнд нь хүргэдэг сайн дурын ажлаа ес дэх жилдээ явуулж байгаа аж. Ингэхдээ зөвхөн хуучин хувцас гэлтгүй хүний хэрэгцээнд шаардлагатай бүхий л эд зүйлийг боломжоороо хүргэхийг зорьдог гэнэ.

Биднийг очих үед дараагийн үйлчлүүлэгчид ирсэн байлаа. Тэд өөрт таарч тохирохоо сонгохоор сонирхон зогсоно. Хэрэгтэй нэгэн нь ирээд хэрэгцээгээ хангаад гарах нь "Инээдэг байшин"-гийн гол зорилго биелж байгаа нь тэр.

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед мөнгө, хоол хүнснээс гадна хувцас хэрэглэл нь зардал өндөртэй болохыг тус төвийн үүсгэн байгуулагч О.Анхмаа хэлж байв.

Тэрбээр “8-9 жилийн хугацаанд сайн дурын ажил хийхэд анх айлуудаар явж хандивлах зүйлсийг нь цуглуулаад түүнийгээ хорооны сургууль, цэцэрлэгийн спорт зааланд байрлаж иргэдэд тараадаг байсан. Найман сарын өмнөөс оффис түрээсэлснээр авах, өгөх хүн нь ч нэмэгдсэн. Хувцсанд зарцуулах мөнгөө гэртээ хоол, хүнс авах зориулах нь тухайн айлын эдийн засагт бага ч болов нэмэр болох болов уу гэж бодсон” гэв. Түүнтэй тус төвийн үйл ажиллагааны талаар хэсэг зуур ярилцав.

“Хувцас худалдаж авах мөнгөө гэртээ хоол хүнс авах хэрэгцээндээ зарцуулаасай гэж бодсон”

-Манайханд эдэлж хэрэглэсэн хувцсаа хүнд өгөх хандлага тийм ч таатай бус санагдаж болох юм. Таны хувьд яагаад заавал хуучин хувцас цуглуулахыг сайн дурын ажлынхаа нэг болгосон юм бэ?

-Олон хүүхэдтэй, өрх толгойлсон болон зорилтот бүлгийн иргэдэд шаардлагатай зүйлсийг их ажигладаг байсан. Тухайн үед сайн дурын ажил хийнэ гэж бодож байсан боловч яаж хийх учраа олохгүй явсан. Ингэхдээ хүнд яг юу хэрэгтэй вэ гэдэг дээр нэлээн бодсон. Хамгийн зөв сонголт нь хувцас байсан. Учир нь хүн бүрт хэрэглэдэггүй хувцас, эд хэрэгсэл байдаг. Хэрэглэхгүй учраас шатаана гэж ярих хүмүүс их шүү дээ. Захыг нь ураад шатаа гэх үгээр мухаг сүсэг хийх нь ч харагддаг. Энэ ойлголт надад таалагддаггүй. Хүн хүүхдийнхээ хуучин хувцсыг өөр нэг хэрэгтэй хүнд нь өглөө гээд буруудахгүй. Монголд комиссийн барааны дэлгүүр их. Боломжтой хүн комиссийн барааны дэлгүүр ороод зогсохгүй нь ойлгомжтой. Тиймээс үүний оронд хувцас худалдаж авах мөнгөө гэртээ хоол хүнс авах хэрэгцээндээ зарцуулаасай гэж харсан.

-Та өмнө нэг ярилцлагынхаа үеэр залуу гэр бүлүүд орж ирээд гардаг талаар дурдсан байсан. Магадгүй хүн бүрийн цаана тодорхой хэмжээнд асуудал байдаг байх л даа. Үйл ажиллагаагаа явуулж буй хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Бүх хүн л зээлтэй. Залуу гэр бүлүүд нь орон сууц, банкны зээлтэй. Зээлээс зээлийн хооронд амьдардаг гэр бүл бишгүйдээ л их. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үргэлж шинэ хувцас худалдаж авахад ч хүндрэлтэй. Хэчнээн ажил төрөлтэй байлаа гээд зээлээс зээлийн хооронд олон хүүхэдтэй бол эдийн засаг ч асуудалтай. Гэхдээ олон хүүхэдтэй байлаа гээд тэр хосын буруу биш. Тиймээс би манайхыг зориод ирдэг залуу хосуудад нэг зүйлийг байнга хэлдэг. “Битгий санаа зов, чи одоохондоо ингэж амьдарч байгаа. Энэ бол үүрдийнх биш. Та хоёр хоёулаа хөдөлмөр эрхэлж, архи дарсанд ороогүй цагт энэ ичмээр асуудал биш” гэдгийг хэлдэг юм. Магадгүй хэдэн жилийн дараа энэ залуус хуучин хувцас битгий хэл хэчнээн үнэтэй брендийн хувцас өмсөөд явах бүрэн боломжтой шүү дээ. Тиймээс хуучин хувцас авах гэж ирж байгаадаа битгий санаа зов гэж их хэлдэг дээ.

Би заавал эмзэг бүлгийн иргэдэд хувцас өгөх гэж энэ ажлыг эхлүүлээгүй. Хэрэгтэй хүн л ирээд өөрийн хэрэгцээнд шаардлагатай зүйлээ хангаж авч болно. Мэдээж үнэтэй брендийн эд зүйл хэрэглэсэн хүн орж ирээд манайхаас хувцас авахгүй. Ардаа бүгд л амьдралын их бага гэлтгүй асуудалтай, шалтгаан байгаа хүмүүс ирдэг.

“Ээждээ хувцас авах гэсэн юм” гэж хэлээд ороод ирэх хүүхдүүд ч байдаг”

No description available.

-Хуучин хувцас цуглуулж тараах ажлаа хийх хугацаанд өөрт тохиолдож байсан санаанаас мартагддаггүй зүйл бий юу?

-Хүүхдүүд өөрсдөө хүрээд ирэх маш хөөрхөн санагддаг. Аав, ээж нь байдаггүй 20 нас ч хүрээгүй охин дүү нараа бүгдийг нь хөтөлж ирээд “Би ихийг авахгүй ээ эгч ээ” гэж хэлээд улирал улиралд нь хувцаслаад явахыг харж байсан. “Ээждээ хувцас авах гэсэн юм” гэж хэлээд ороод ирэх хүүхэд ч байна.

-Танай үйл ажиллгаанд дэм болох үүднээс ажиллая гэсэн хүүхэд, залуус хэр их ханддаг вэ?

-Оюутан, арван жилийн сургуулийн сурагчдаас сайн дураараа ажиллая гэж их холбогддог. Бидний ажилд хамгийн их цаг хугацаа, ажил шаардагддаг нь хүмүүсийн авч ирсэн хувцсыг задалж эрэгтэй, эмэгтэйгээр нь ангилж эвхэж тавих. Нэг өдөр 10 айл орж ирээд хувцас авлаа гэж бодоход өнөөх эвхсэн хувцас маань дорхноо л замбараагүй болчихоно. Иймээс ирж сайн дурын ажил хийж байгаа хүмүүсийг ядаж нэг өдөр ч гэсэн авч ирсэн хувцсыг задалж, эвхэх ажилд л туслах нь хамгийн том тус болно.

-Өдөрт хамгийн ихдээ хэчнээн гэр бүл ирж байсан бэ?

-10-20 гэр бүл ирэх өдрүүд байдаг. 17 цагаас хойш ажилладаггүй учраас маргааш нь ирдэг.

С.Баяр: Дутууг гүйцээж, дундуурыг дүүргэсэн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй ЗГ-т гүн талархал илэрхийлье
С.Баяр: Дутууг гүйцээж, дундуурыг дүүргэсэн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй ЗГ-т гүн талархал илэрхийлье
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.