Коронавирус халдварын омикрон хувилбарыг хөнгөн хэлбэрээр туссан үед гэрийн эмчилгээг хийж буй. Өнөөдрийн байдлаар 33630 иргэн гэрээр эмчлүүлж байгаа билээ. Тэгвэл гэрээр эмчлүүлж байгаа тохиолдолд ямар эмчилгээ хийж болох ба ямар эмчилгээ хийлгэж болохгүй талаар болон бусад мэдээллийг хүргэж байна.
Хэн гэрээр эмчлүүлэх вэ?
Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд хөнгөн хэлбэрээр туссан буюу:
- Халуурах
- Ханиалгах
- Ядрах
- Булчин өвдөх
- Хамар битүүрэх
- Толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл гэрээр эмчлүүлнэ.
Хөнгөн хэлбэрийн үеийн эмчилгээ (Насанд хүрэгчид)
- Гэрийн нөхцөлд тусгаарлан ажиглана
- Ихэнх хөнгөн хэлбэрт өвөрмөц эмчилгээ хийх заалтгүй ба аяндаа эдгэдэг
- Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, зовуурь багасгах, өвдөлт намдаах зэрэг эмчилгээ хийнэ
- Урьдчилан сэргийлэх зорилгоор вирусийн эсрэг бэлдмэл, антибиотик болон даавар эмчилгээ хийхийг ЗӨВЛӨХГҮЙ
Хөнгөн хэлбэрийн үеийн эмчилгээ (Хүүхэд)
- Шингэн хангалттай уулгах буюу ердийнхөөс их уух зарчмыг мөрдүүлэх
- Ихэнх тохиолдолд өвөрмөц эмчилгээ хийх заалтгүй ба аяндаа эдгэдэг
- Витамин С 250-1000 мг/хоногт уулгах
Хэзээ яаралтай эмчид хандах вэ?
- Гурваас дээш хоног 38.5 хэмээс дээш халуурах
- Амьсгал давчдах, амьсгалахад бэрх болох
- Уруул, хамар хөхрөх
Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд вакцины нэмэлт тунд хамрагдах, халдвар хамгааллын дэглэм баримтлахыг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Амин тус Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Ариунзаяа зөвлөлөө.