“Нисдэг бор морийг нь идээд ир” гээд явуултал нисдэггүй бор морийг нь идчихдэг бүтэлгүй явдал гардаг үлгэрийг бүгд мэднэ. Өчигдөр манай улс төрд үүнтэй төстэй үйл явдал боллоо. Нийслэлчүүд утаа ихэссэнд бухимдаж хариуцлага тооцохыг шаардтал нарийн яривал нэн түрүүнд хариуцлага хүлээхгүй шахуу гурван нөхрийн албан тушаалыг төр засаг нь “идчихлээ”. Утаагаар хариуцлага тооцох жагсаалтыг эрүүл ухаанаар гаргавал Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тэргүүлж, Н.Уртнасан удаалж мэднэ. Үүнийг мэдэх Ардын намын экс дарга хүртэл Эрчим хүчний сайдыг ажлаа хийж чадахгүй байна гээд бухимдаад амжсан талаарх саарал ордонд өчигдөр сонсогдоно билээ.
Байгаль орчин гурван даргыг халж ямар "бяртай" байгаагаа харуулах гэсэн Ерөнхий сайдын сонирхол байв уу
Тэгвэл сая “хусагдсан” гурван хүнийг эргэж харъя. Н.Уртнасан сайдыг Д.Сарангэрэл хөтөлж, Я.Содбаатар томилуулсан. Дэд сайд Батбаяр нь угаасаа Зүүний хүчний холбоо гээд У.Хүрэлсүхийн талынх. Харин төрийн нарийн бичгийн дарга Ганболд нь төрийн албанд олон жил ажилласан. Аль нэг талын гэх тодорхой зүйл багатай ч энэ албанд томилогдохдоо У.Хүрэлсүхийн квотоор орж ирсэн гэх яриа бий. Ингээд энэ тэндээс нийлсэн байгаль орчны гурван дарга явж, явж Ерөнхийлөгчийн эд халгиж цалгиж явахдаа тавьсан хүмүүс болж таарна. Иймээс л энэ гурван хүнийг халагдсан үндэслэл нь утаа биш улс төр болох нь шууд уншигдах учиртай. Харин Л.Оюун-Эрдэнэ яагаад Ерөнхийлөгчийн хүмүүсийг явуулах санаа төрөв гэдэг сонирхолтой. Хариулт нь мэдээж өнөөх муу “давхар дээл”-тэй холбогдож мэднэ. Хамаг хэргийг нь гацаасан нэр зүүгээд буй Ерөнхийлөгчийн хүмүүсийг хүртэл хөдөлгөх “бяр” одоохондоо байгаа гэдгээ Ардын намын дарга олон хүнд харуулахыг хүссэн бололтой. Үүнийг нь харсан олон хүн нь “одоохондоо эвгүй юм байна” гэдэг сигнал авбал зохино. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр тийм ч амархан гүнзгий эвдэрч, юу юугүй нэг нэгэн рүүгээ чулуу нүүлгээд эхлэхгүй л байх. Тиймээс энэ зэргийг зөрчлийг ангал мэт сэтгээд үнэн дүр төрхөө ил гаргав даа улстөрчид минь. Товчхондоо, өчигдрийг гэнэтийн халаа, сэлгээний үнэн учир ийм байх магадлалтай юм.
Цэцийг орхиод өөрсдөө хууль санаачилж Үндсэн хуулиа өөрчлөөд, "Давхар дээл"-ийг ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР шийдэх шинэ хувилбар
Эцэст нь мэдээж өнөө муу “давхар дээл”-тэй холбоотой шинэ мэдээлэл хүргэж, ирээдүйд өрнөж мэдэх улс төрийн үйл явцын талаар шинэ сонин юм хуваалцъя. “Давхар дээл” Цэц дээр бүрэн гацсан. Хэн, хэзээ, яаж хөдөлгөх учиртайг мэдэж байгаа амьтан Ардын нам дотор лав алга. Товчхондоо, Цэцийн дүгнэлтээр гишүүд сайд болох мөрөөдлөө хаях зам руугаа орчихлоо. Уур амьсгал ийм болсныг гадарласан Ардын намынхан тэгвэл шинэ төлөвлөгөөгөө боловсруулжээ.
“Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгчээр Цэцийн хэдэн өвөгчүүдийг царай алдаж байснаас өөрсдөө Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг санаачлах нь зүйтэй гэх яриа Ардын намын гишүүд дунд сүүлийн үед хүчтэй яригдах болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Цэцийг нэг мөр орхиод оронд нь 39 гишүүн хууль санаачилж Үндсэн хуулийг өөрчлөөд бүгд “давхар дээл” өмсөх гэнэ. Ийм эрх нь гишүүдэд байгаа. Магадгүй энэ хамгийн ирээдүйтэй хувилбар байж мэднэ. Нэгэнт баастай хутгалдсан хойно ахиухан хутгалдаад асуудлаа нэг мөр шийдээд авах нь зүйтэй. Их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий шүү дээ. МАН-ынхан хууль санаачилж Үндсэн хуулиа өөрчлөх замдаа ганц “давхар дээл” биш. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог болгох зэрэг асуудлуудыг багтаахаар ярилцаж байна. Хууль хэлэлцэхэд “давхар дээл”-ний хажуугаар тогтолцоо, төсөв санхүү, БогдЗонхова яриад сууж байх нь хэрэгтэй.
Ямартаа ч өчигдөр Ерөнхий сайд олон түмэнд улс төрийн “бяр”-аа гайхуулчихлаа. Одоо сайд болох сонирхолтой гишүүд нь УИХ дээр Үндсэн хуулиа өөрчлөх гаргалгааг хууль санаачлах замаар бий болгох үлдлээ. Хэрвээ Цэцээр “могой бариулахгүй”-гээр өөрсдөө хууль санаачлаад Үндсэн хуулиа өөрчлөх тохироо ойрын өдрүүдэд эцэслэгдвэл асуудлыг ээлжит бус чуулган зарлаж байгаад шийднэ гэдгийг эх сурвалжууд онцоллоо.
Ардын намын улс төр унтраагүй. Дөнгөж эхэлж байна. Цаашдаа бүр халуухан болно гээд мөрийцчихье.
Г.Лхагвадорж