Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Пүрэвхүү: Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах саналыг ажил хийх том боломж гэж харсан

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
14 минут 52 секунд

Нийслэлчүүдийн сүүлийн 20 орчим жилийн асуудал болох агаарын бохирдол сүүлийн хоёр жилийн хугацаанд тодорхой хувиар буурч байсан ч энэ жилээс дахин гамшгийн түвшинд хүрлээ. Тиймээс 2017 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулагдсан "Утааны эсрэг ээж аавууд" Төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүүтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаад хагас жил орчмын хугацааг үдлээ. Энэ хугацаанд хийсэн ажлаас тань ярилцлагаа эхлэх үү?

-2021 оны зургадугаар сарын 25-нд Ерөнхийлөгч тангараг өргөн, 28-нд Ерөнхийлөгчийн тамгын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаандаа орсон. Эхний хоёр сарын хугацаанд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зөвлөхүүдийн хэлэлцүүлгүүд ихээр өрнөсөн. Байгаль орчны салбарт цөлжилтийг бууруулах, усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, говийн бүс дэх усан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн байсан. Эдгээр ажлууд дундаас цөлжилтийг бууруулах ажлыг нэн тэргүүнд тавьсан.

БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим уулзалт хийн цөлжилттэй тэмцэхэд бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах талаар ярилцсан. 20 гаруй эрдэмтдийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр сарын хугацаанд судалсны дүнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх үндэслэл гарч ирсэн. Эхний ээлжид энэ ажлуудад анхаарал хандуулж ажиллаж байна.

Үүний дараагаар Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Цэвэрхэн Монгол" хөдөлгөөнийг өрнүүлнэ. Энэ нь монголчууд хоггүй байх, аж ахуйч байхад анхаарсан ажлууд байх болно. Үүнийг 2022 онд нэлээд идэвхжүүлж ажиллана.

-ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАХ САНАЛЫГ ТОМ БОЛОМЖ ГЭЖ ХАРСАН-

-Утааны эсрэг тэмцэж яваад гэнэт л Ерөнхийлөгчийн зөвлөх болчихсон. Мэдээж үүнийг иргэд таатай хүлээж аваагүй. Харин та өөрөө Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах саналыг анх хүлээж авахдаа юу гэж бодсон бэ?

-Гэнэтийн санал байсан. Хэд хоногийн турш бодож, энэ бол ажил хийх маш том боломж юм байна гэж харсан. Байгаль орчны салбар гэдэг нь их таалагдсан. Сүүлийн таван жилийн турш энэ салбарт иргэний нийгмийн байр суурийг илэрхийлсээр ирсэн намын харьяалалгүй, жирийн иргэд дундаас төрийн өндөр албан тушаалд томилох үйл ажиллагаа байдаггүй байх гэж боддог байсан. Байгаль орчны салбарыг таван жил гаднаас нь ярьж байсан хүнд ажил хийлгэх боломж олгож байгааг том боломж гэж харсан.

-Тэгвэл одоо "Утааны эсрэг ээж аавууд" Төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилласан хэвээр байгаа юу?

-Дараагийн багт нь хүлээлгэж өгсөн. Гэвч дэлхий нийтээр тархсан ковид цар тахлын сөрөг нөлөөний улмаас сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулсангүй. Ганц Монголд ч биш, олон улсын хүний эрхийн сүлжээ байгууллагуудын ирүүлж байгаа мэдээнээс харахад дэлхий даяар л ийм нөхцөл байдалтай байна. Олон нийтийн сүлжээ дэх талбар нь иргэний сэтгүүл зүйн илүү нээлттэй горимдоо хэдийнэ ороод ажиллаж байна.

-Төрд орсноос хойш “чимээгүй боллоо” гэх шүүмжлэл их байна?

-Утааг хамгийн их шүүмжилдэг байсан хүн төрд ороод дуугарахгүй байна гэж хүмүүс хэлж байна. Үргэлж л талбай дээр тэмцлээ хийх ёстой гэсэн хандлага зарим үед байдаг нь ажиглагддаг. Би угаасаа л нийгмийн, олон нийтийн ажилд дурласаар ирсэн. Сэтгүүл зүйн салбарт 10 гаруй жил ажилласан. Сэтгүүлчдийг заавал үүнийг хий, үгүй бол чамд хуулийн хариуцлага тооцно гэсэн асуудал байдаггүй. Өөрсдөө сайн дураараа олон нийтийн төлөө ажилладаг нэг талаараа сайн дурын ажил. Надад цаанаас өгсөн өгөгдөл л тийм байсан. Өвөө маань ч, ээж маань ч над шиг олон нийтийн ажилд дуртай хүмүүс. Сэтгүүл зүйн салбарт байхдаа ч олон нийтийн асуудалд санаа тавьсаар ирсэн. Ээж болсныхоо дараа хүүхдүүд, эмэгтэйчүүдийн асуудлыг хөнддөг байсан. Харин надад одоо энэ ажлыг хийх боломж олгож байна. Аливаа албан тушаалд ажлын байрны тодорхойлолт гэж байдаг. Ерөнхийлөгчийн зөвлөх нь Засгийн газрын гишүүн биш, Нийслэлийн салбар хариуцсан орлогч дарга биш. Үндсэн үүрэг нь Ерөнхийлөгчдөө зөвлөх. Ерөнхийлөгчийн зөвлөх гэснээрээ бусад институцын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болно гэсэн үг биш, ес зүйн хувьд ч, хуулийн хувьд ч боломжгүй. Энэ утгаараа би ажлын байрныхаа тодорхойлолтод тусгагдсан эрх мэдлийнхээ хүрээнд ажиллаж байгаа.

-Та ажлын байрны чиг үүргийн дагуу ажиллаж байна гэлээ. Тэгвэл өмнө нь бодлогын түвшинд агаарын бохирдолтой тэмцэхэд хэрхэн ажиллаж байсан бэ?

-Агаарын бохирдлын асуудлаар 2016 оны арванхоёрдугаар сараас эхлэн ажилласан. Энэ бол цэвэр сэтгэлийн дуудлага байсан. Би хэзээ нэгэн цагт төрд орно гэж төлөвлөж ямар нэгэн ажил эхлүүлж байгаагүй. Туйлбартай байх нийгмийн шаардлага тулгарсан учир таван жил иргэний нийгмийн салбарт сайн дураараа ажилласан. Хүмүүс намайг энэ салбартаа илүү удаан ажиллах ёстой байсан гэж хүлээж байгааг би ойлгож байна. Намайг иргэний нийгмийн салбартаа ажиллахгүй төрийн байгууллага руу орсонд дургүйцэж байгаад би заримдаа талархдаг. Хүмүүс надад итгэж найддагийн л нэг илрэл шүү дээ. Төрд орлоо гээд байгаль орчны төлөө хийх ажил маань тасалдахгүй, харин ч өргөжөөд үргэлжлээд л явж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол зөвхөн Улаанбаатарын утааг бууруулаад зогсохгүй дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах үндэсний хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх, бүсийн түвшинд олон улстай хамтран хэрэгжүүлэх томоохон ажил юм.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БИДЭНД БАЙНГА ХЭЛДЭГ ЗҮЙЛ БОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХГҮЙ БАЙХ-

-Та мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо хэвээрээ байгаа юу, татгалзсан уу?

-Би “Таван толгой түлш” ХХК-ийн ТУЗ-өөс гарсан. Энэ бол Засгийн газрын ажил. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн байхдаа утааг бууруулах эхний үр дүнтэй ажлыг хийгээд утаа 47 хувь хүртэл хоёр өвлийн турш буурч, богино хугацаандаа агаарын бохирдлоо хянах, зохицуулах бүрэн системийг бүрдүүлээд хүлээлгэж өгсөн. Гэхдээ ТУЗ-ийн гишүүн гээд оффист суугаад байдаггүй байсан. Түлшний 400 цэгээр өвөлжингөө тойрдог байсан. Хаана түлш хагарч байгааг бүгдийг нь хянадаг байсан. Тэр болгоныг би сурталчилаад явдаггүй байсан. Биднийг ажилладаг байх хугацаанд агаарын бохирдол буурсан.

Харин одоо Ерөнхийлөгч Засгийн газрын үйл ажиллагаанд ордоггүй. Бидэнд байнга хэлдэг зүйл бол Засгийн газрын үйл ажиллагаанд оролцохгүй байх. Энэ чиг үүргийнхээ хүрээнд би “Таван толгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс гарсан. Гэлээ гээд агаарын бохирдол одоо надад хамаагүй гээд хаяагүй. Есдүгээр сарын 30-наас агаарын бохирдлын асуудал яригдаж эхэлсэн. 2021-2022 оны өвөл агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлөхүйц ажлууд есдүгээр сард эхэлсэн. Түлшний цэгийн тоог маш ихээр нэмж, түлшний үйлдвэрлэлийг нэмсэн. Би Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралд оролцож “Энэ янзаараа явбал утаа нэмэгдэнэ. Түлшний хэрэглээ нэмэгдсэнээр утаа нэмэгдэнэ. Яаж аль болох бага түлш зарцуулж өвөлжилтийн бэлтгэлийг өрхийн түвшинд сайн хийх талаар НЗДТГ ч, БАОЖЯ ч анхаарах ёстой” гэдгийг Үндэсний хорооны албан бус гишүүний хувиар хэлсэн. Гэхдээ би Засгийн газрын гишүүн биш. Энэ ажлыг Нийслэл, БОАЖЯ хариуцах ёстой.

-ИРГЭД АРДЧИЛСАН НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙГАА ДАВУУ ТАЛАА АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ-

Нөгөө талаар иргэд зохион байгуулалттайгаар дуу хоолойгоо хүчтэй, тод хүргэх хэрэгтэй. Эрх ашгаа хамгаалах ёстой. Би Ерөнхийлөгчийн зөвлөх байж иргэдийг турхирч байна гэсэн шүүмжлэлд өртөж магадгүй. Гэхдээ иргэд эрхээ хамгаалж дуугарах үйл ажиллагаанд идэвхтэй байх ёстой. Би бодлого тодорхойлж байгаа нэгжүүдэд аль чадлаараа хэлж байна. Миний бодлоор одоогийн нийслэлийн удирдлагууд болон БОАЖЯ-ны удирдлагууд өмнө агаарын бохирдолд иргэд хэрхэн бухимдаж эсэргүүцлээ илэрхийлдэг байсныг мэдэхгүй байх шиг байна. Иргэд маань ч өмнөх шигээ дуу хоолойгоо хүргэх ажлаа илүү сайн зохион байгуулалттайгаар хийх хэрэгтэй. Энэ бол амар ажил биш. Дараагийн хүмүүс гарч ирэх ёстой гэж боддог. Товчхондоо хариуцсан хариуцсан ажлаа сайн хийгээд иргэд ч өөрсдийн эрх ашгаа хамгаалж дуугарах ажлаа илүү зохион байгуулалттай хийх хэрэгтэй. Ингэлээ гээд төр засаг хавчаад байдаггүй. Улс төржихгүйгээр, хэн нэгний хувийн эрх ашгийг оруулахгүйгээр цэвэр асуудал тавихад төр сонсдог. Үүнийг би өөрийн биеэр мэдэрсэн. Манай улс харьцангуй ардчилсан орон. Иргэд ардчилсан нийгэмд амьдарч байгаа давуу талаа ашиглах хэрэгтэй.

Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой Улаанбаатар хотын дэд бүтцийн бүх төслүүд маш удаан байгаа. Үүнийг би зөвлөх болохоосоо ч өмнө хэлдэг байсан. Зөвлөх болсныхоо дараа ч холбогдох хүмүүст, хурлуудад хэлж байгаа. Одоо ч гэсэн энэ ярилцлагаараа нээлттэй хэлж байна. Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийн ажил яагаад явахгүй байна вэ. Энд анхаарах хэрэгтэй.

-Төрийн алба гэдэг хугацаатай. Таван жилийн дараа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад та мөн албан тушаалаасаа чөлөөлөгдөх болно. Үүний дараагаар хийхээр төлөвлөсөн ажил бий юу?

-Байгаль орчны салбартаа л үргэлжлүүлэн ажиллах байх. Одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаад ердөө зургаан сар болж байна шүү дээ. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжил-Монголын ирээдүй гэсэн томоохон зорилт байгаа. Найман дэд сэдэв бүхий энэхүү мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Ач холбогдлын дарааллаараа тэрбум модоо эхний хэмжээнд тарьж ургуулахыг бидний зүгээс зорьж байна. Үүний дараагаар хог хаягдлын салбарт олон нийтэд танин мэдүүлэх, тэдний оролцоог бүрэн хангасан хот хөдөө гээд хаана ч ил хог байдаггүй орчныг бүрдүүлэх ажил бий. Мөн ширгэж байгаа гол, усны асуудал гээд олон ажил хүлээж байна. Энэ бүхний ард надад ямар боломж гарахыг би мэдэхгүй. 10 жилийн өмнө би иргэний нийгмийн байгууллагад ажиллана гэж төсөөлөө ч үгүй байсан. Иргэний нийгэмлэгийн байгууллагад ажиллаж байх үедээ хэзээ ч улс төрийн албан тушаалд томилогдоно гэж төсөөлж байгаагүй. Амьдрал тааварлашгүй. Хүн урдах ажлаа чин сэтгэлээсээ гүйцэтгэл сайтай хийж байхад илүү сайхан боломжууд харагддаг гэж бодож байна. Ажил хийснийхээ дараа хүүхдүүдийнхээ өмнө, олон нийтийн өмнө зөв зүйл хийсэн гэдгээ харах бол миний хамгийн гол зорилго.

-ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦСЭНЭЭР УЛААНБААТАР ХОТЫН ХЭТ ТӨВЛӨРӨЛ СААРЧ, ТҮГЖРЭЛ УТАА АЛЬ АЛЬ НЬ БУУРНА-

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэр цаг үеэ олсон санаачлага вэ?

-Цөлжилтийг бууруулах ажлыг хойш тавих нь өөрсдийн ахуйн асуудлаа хүүхдүүдийнхээ эрүүл амьд явах эрхээс илүүд үзсэн үйлдэл болно. Цөлжилт үргэлж ядуурлыг дагуулдаг. Манай газар нутгийн бараг 76.9 хувь нь цөлжилтэд нэрвэгдсэн. Цөлжсөн нутагт амьдарч байгаа хүүхдүүд өвөлдөө хатуу хахир хүйтэнд, хавартаа нүүр нүдгүй шуурах элсэн шуурга, зундаа аагим халуун гээд цаг агаарын эрс тэс эрүүл мэндэд нөлөөлөхүйц нөхцсөл байдал дунд өнгөрөөж байна. Амьдрахын эрхэнд Улаанбаатар уруу нүүж ирсээр хот ачааллаа дийлэхээ больсон. Хотоо тэлж хөгжүүлээгүй нь мэдээж гол нөлөөлөгч нь мөн. Цөлжилттэй тэмцсэнээр Улаанбаатар хотын хэт төвлөрөл саарч, түгжрэл утаа аль аль нь буурна, орон нутагт ажлын байр нэмэгдэнэ, ядуурал буурна, хүнсний ногооны хэрэглээгээ дотоодоосоо хангадаг болно, хүүхдүүдийн хэрэглэдэг хүнсний ногоо, жимсний нэр төрөл нэмэгдэнэ гээд олон талын ач холбогдлыг дагуулна.

-Ярилцсанд баярлалаа.

Өнөөдөр Улаанбаатарт 13 хэм хүйтэн
Өнөөдөр Улаанбаатарт 13 хэм хүйтэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.