ГХ-ны сайд Б.Батцэцэг гадаадад ял эдэлж байгаа иргэдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын иргэд гадаадад урт, богино хугацаагаар аялаж, жуулчлах, суралцах, эмчлүүлэх, хөдөлмөр эрхлэх, зорилгоор зорчих хөдөлгөөн сүүлийн 20 жил тогтмол өсөж байгаа. Үүнийг дагаад гадаадад зорчих хугацаандаа эрх ашиг нь хохирох, гэмт хэрэгт өртөх, эрүүгийн зөрчил хэрэгт холбогдох, ял шийтгүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна.
Өнөөдрийн байдлаар БНХАУ, БНСУ, Турк, ОХУ, Куб, Вьетнам, Чех, Америк, Швед зэрэг 9 улсад 153 Монгол иргэн хорих ял эдэлж байна. Хилийн чанадад ял эдэлж буй Монгол иргэдэд манай улсын дипломат төлөөлөгчийн газрууд жилд 1-2 удаа эргэж тойрч, уулздаг.
Нөхцөл байдалтай нь танилцаж Консулын үйлчилгээ, туслалцааг тодорхой хэмжээнд үзүүлдэг. Үүнтэй холбоотой зардлыг хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сангаас санхүүжүүлж ирсэн.
Саяхан өнгөрөгч есдүгээр сарын 28-ний өдөр хуралдсан иргэдэд туслах сангийн ээлжит хурлаар БНХАУ-ын Тяньжин, Гуансоу, Гуандун хотод ял эдэлж байгаа 11 иргэнийг эргэх, туслалцаа үзүүлэхэд шаардлагатай 2.2 сая төгрөгийг шийдвэрлэж, Бээжин дэх элчин сайдын яаманд холбогдох үүрэг чиглэлийг хүргүүлээд ажиллаж байгаа.