НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Бүгдэд хүртээмжтэй НҮБ-ыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулагдаж байна

Ангилал
Улс төр Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 34 секунд

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 22-28-ны хооронд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан мэндчилж, дурсгалын зураг авхуулав.

Ерөнхийлөгч дараа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

Дэлхийн 130 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож байгаа чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлнэ.

Ерөнхий санал шүүмжлэлээр улс орнууд үндсэн сэдвээс гадна “Бүс нутгийн мөргөлдөөн ба геополитик”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ ба тогтвортой хөгжил”, “Дэлхий нийтийн эрүүл мэнд ба шинээр гарч ирж буй сорилтууд”, “Хиймэл оюун ухааны засаглал”, “Хүний эрх ба нийгмийн оролцоо” зэрэг сэдвээр өндөр түвшний хуралдаан, хэлэлцүүлэг хийж, шийдвэр гаргах төлөвтэй байна.

Тухайлбал, цөмийн зэвсгийг бүрэн устгах, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын санхүүжилтэд шилжих явц, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах, COVID-19 цар тахлын сургамж, хариу арга хэмжээ, дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хиймэл оюун ухааны аюулгүй, найдвартай, хариуцлагатай хөгжлийг хэрхэн дэмжих зэргийг хэлэлцэнэ.

Мөн Хөгжих эрхийн тухай тунхаглал батлагдсаны 40 жил, Арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, үзэн ядах шинжтэй үзлийн эсрэг Дурбаны тунхаглал болон Үйл ажиллагааны хөтөлбөрийн 25 жилийн ойд зориулсан хурал болох юм.

Түүнчлэн НҮБ-ын үйл ажиллагаа, ил тод байдал, үр ашгийг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “НҮБ-80” санаачилгыг урагшлуулах, Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл зэрэг ч хэлэлцэх асуудалд багтжээ.

Маргааш Улаанбаатарт 12 хэм дулаан, оройдоо бага зэргийн бороотой
Маргааш Улаанбаатарт 12 хэм дулаан, оройдоо бага зэргийн бороотой
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!