Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дуулим: Ээжтэйгээ ярьдаггүй нууцаа аавтайгаа ярьдаг

Ангилал
Нийгэм Ubn story
Огноо
Унших
8 минут 5 секунд

"Ubn story" булангийн ээлжит дугаарын зочноор Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон алтан үеийн дуунуудыг өөрийнхөөрөө сэргээн дуулж олны хайрыг татаж буй залуу дуучин Б.Дуулимыг урин оролцууллаа.

-Ярилцлагын урилга хүлээж авсанд баярлалаа. Залуу дуучин Б.Дуулимаар сонин сайхан ЮУ БАЙНА?

-Сүүлийн үеийн сонин гэвэл “Хайр уу, Найз уу” гэдэг нэртэй уран сайхны киноны гол дүрд тоглолоо. 1990-ээд оны үеийн ахлах ангийн сурагчдын үйл явдал гардаг кино маань есдүгээр сард нээлтээ хийсэн.

-Өмнө нь кинонд тоглож байв уу?

-Кинонд тоглож байгаагүй. Харин Төв аймагт драмын жүжигт тоглодог байсан.

-Дэлгэцийн уран бүтээл, тайзны уран бүтээлийн ялгааг хэрхэн мэдэрсэн бэ?

-Киноны хувьд байгаагаараа тухайн дүрээ гаргаж, камертайгаа сайн харьцах хэрэгтэй юм билээ. Тайзны тоглолтын хувьд илүү тоглолттой байдгаараа онцлог. Ингэснээрээ тухайн дүрийн характер тод харагддаг.

-Б.Дуулимыг жүжигчний мэргэжлээр суралцдаг талаар хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Энэ мэргэжлийг сонгоход юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Урлагийн бүх төрлийг нэгтгэсэн мэргэжил бол жүжигчний мэргэжил. Дуу, бүжиг, мэдрэмж, уран уншлага, баримжаа гээд л урлагтай холбоотой бүхий зүйлсийг хөгжүүлдэг. Багаасаа л жүжигчин болно гээд явдаг байсан би энэ мэргэжлийг дурлаж сонгосон. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон бай шүдээ зуугаад ард нь гарна гэж боддог.

“Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” УСК-ны А.Ганчимэг эгчийн дүр надад маш их таалагдсан. Тэр киног хэд ч үзээд уйддаггүй. А.Ганчимэг эгчийн дүрийн хувирал, ур чадварыг тэр киноноос мэдрээд жүжигчин болох хүсэл минь улам нэмэгдсэн. “Атганд үлдсэн эрдэнэ” УСК-г уйлаад л үзээд байдаг.

-Сэтгэл хөдлөл өндөр байх тийм үү?

-Тийм. Би үйлдэлд биш, үгэнд нурж уначих гээд байдаг. Хэн нэгэн надад муухай үйлдэл үзүүлэхэд би барагтаа тоохгүй. Харин муухай үг хэлбэл хүндээр тусгаж авдаг. Аавыгаа дуурайсан учраас их уян налархай.

-Аав тань охиноо олонтой танилцаг гээд кинонд тоглохыг нь зөвшөөрсөн гэж нэгэн ярилцлагын үеэр дурдаж байсан. “Хайр уу, Найз уу” кинонд тоглосноор олон хүнтэй танилцаж их зүйлийг сурч мэдсэн байх?

-Маш олон зүйлийн талаар мэдэж авсан. Айлын том хүүхэд гэдэг утгаараа багаасаа л хичээлээ тараад шууд гэртээ хариад гэрийн даалгавраа хийдэг, дүү нараа хардаг байсан. Найз нөхөдтэйгээ гадуур гарч, зугаална гэдэг ойлголт бараг байдаггүй байлаа. Үргэлж аав, ээжийн хараат байсан. Оюутан болсон ч аав, ээжтэйгээ зууралдсаар л. Нэг үгээр хүмүүсээс их бишүүрхдэг байсан.

Кинонд тоглосноос хойш намайг илүү биеэ дааг гэдэг болсон. Жүжигчний мэргэжлээр суралцан, кинонд тоглож эхлэхээр нүүр хагарч эхэлдэг юм билээ.

-Таны нэрийг хүмүүс онцолж ярих нь элбэг. Дуулим гэдэг нэрийг аав тань өгсөн үү?

-Тийм. “Миний охин урлагийн хүн болоорой, дуулим хорвоог бэлгэдэн дэлхийн хүн болоорой” гэж энэ нэрийг өгсөн гэдэг.

-Та Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон хуучны дуунуудыг дуулж олонд танигдсан шүү дээ. Хүн бүрийн сэгтэлд хоногшсон дууг өөрийнхөөрөө дуулж олны хүртээл болгоно гэдэг амаргүй байх?

-Хуучны дууг сэргээж дуулна гэдэг нь асар том хариуцлага. Анхнаасаа өөр дуучны дуу хоолойгоор Монголын ард түмэнд хүрсэн дууг би дуулаад дуулахад хүмүүст хүрэх болов уу гэсэн маш том айдастай байсан. Анх дуулсан дуучнаас нь илүү гарна, илүү гоё дуулна гэсэн бодол ер байгаагүй. Энэ дуун дээр Дуулимын хоолой, Дуулимын мэдрэмж л гарах ёстой гэж бодож дуулдаг.

-Таны өвөө, эмээ, аав, ээж бүгд урлагийн хүмүүс. Урлагийн гэр бүлд хүмүүжихийн онцлог нь юу вэ?

-Солонгосын алдартнууд багаасаа бэлтгэгдэг шүү дээ. Түүнтэй төстэй гэж хэлж болно. Гурван настайгаасаа дуулж эхэлсэн. Эмээ, өвөө хоёр маань “Урлагийн хүн гэдэг хүмүүжилтэй, ёс зүйтэй, сайн муугийн аль алиныг хүлээж авдаг байх ёстой” зэрэг олон зүйлийг багаас минь зааж өгсөн.

-Аавтайгаа хамтарч хэд хэдэн дуу гаргасан. Ааваасаа суралцах зүйл олон байдаг уу?

-Манай аав маркетинг, менежмент талдаа чадварлаг хүн. Маш төлөвлөгөө сайтай, цагийн юмыг цагт нь хийж сурсан хүн л дээ. Тэдэн сарын тэдэнд тийм зүйл хийнэ гэж төлөвлөсөн л бол түүнийгээ урагшлуулах ч үгүй, хойшлуулах ч үгүй яг төлөвлөсөн цагтаа хийдэг. Аавынхаа тэр зангаас суралцахыг хичээдэг.

-Охин хүүхэд аавдаа илүү амь байдаг гэлцдэг. Аавтайгаа хэр дотно вэ?

-Маш дотно. Манай аав гаднаа их хатуу харагддаг хэрнээ дотроо маш уян зөөлөн хүн. Охидтой аавууд л тийм байдаг байх. Би ээжтэйгээ ярьдаггүй нууцаа хүртэл аавтайгаа ярьдаг. Хэдийгээр оюутан болоод жил ирэх бүр том хүн болж байгаа ч гэсэн аавдаа нэг, хоёр настай үеийнхээрээ л байдаг юм шиг санагддаг. Хүнтэй үерхэж, найзлана гэхээр харамлаад байдаг шүү дээ. /инээв/

-Үерхэл гэснээс, найз залуугүй бололтой. Тийм үү?

-Яг одоогийн цаг хугацаанд хүнтэй үерхэх гэж яараагүй байна. Учир нь яг одоо миний ид суралцах нас. Хичээлийнхээ хажуугаар өөрийгөө хөгжүүлэх өөр зүйлсэд суралцахыг хичээдэг. Гэхдээ үнэхээр сэтгэлд таарч тохирч байвал болох байх.

-Өөрийгөө хөгжүүлэх бусад зүйлс гэж юуг хэлж байна вэ?

-Гадаад хэл сурах. Би хичээлийнхээ хажуугаар Хятад хэл сурж байгаа. Мөн эмэгтэй хүн болсон хойно хумс, хуруу, make-up чиглэлийг мөн сонирхдог. Завгүй л байхыг хичээдэг.

-Хувь уран бүтээлчийн хувьд ямар сонинтой байна вэ. Шинэ дуу гаргах гэж байгаа гэж дуулсан.

-Шинэ жил дөхөж байна. Аавтайгаа хамт дуулсан шинэ жилтэй холбоотой дуу гаргах гэж байгаа. Мөн ганцаарчилсан уран бүтээл удахгүй гарна. Уран бүтээлээс гадна хичээл, сургуульдаа түлхүү анхаарч байна.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд үеийн залуустаа хандаж хэлэх зүйл бий юу?

-Хорт зуршлаас хол байгаарай гэж хэлмээр санагддаг. Тамхи, архи гэх мэт зүйлсээс хол байгаасай гэж боддог. Өсвөр насны хүүхдүүд аливаа зүйлд амархан уруу татагддаг учраас бодолтой байж зөв байх хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Намайг ярилцлагын буландаа урьж оролцуулсанд баярлалаа. Ubn.mn сайтын хамт олонд амжилт хүсье.

Элчин сайд Лин Ё Хун: Солонгосоос Монгол явах нислэгийг зөвшөөрч байгаа, Монгол хуваарьт нислэгээ сэргээвэл асуудалгүй
Элчин сайд Лин Ё Хун: Солонгосоос Монгол явах нислэгийг зөвшөөрч байгаа, Монгол хуваарьт нислэгээ сэргээвэл асуудалгүй
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.