Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Лин Ё Хун: Солонгосоос Монгол явах нислэгийг зөвшөөрч байгаа, Монгол хуваарьт нислэгээ сэргээвэл асуудалгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 52 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай уулзлаа. Уулзалтаар хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд өргөжүүлж, олон салбарт хамтын ажилллагаагаа эрчимжүүлэх, тэр дундаа парламентын хамтын үйл ажиллааг идэвхжүүлэх, ковидын дэглэмтэй холбоотойгоор хоёр орны харилцаанд болон иргэдэд тулгараад буй зарим хүндрэлтэй асуудлуудын талаар ярилцлаа.

Ардчиллын замаар амжилттай замнасан арвин туршлагатай БНСУ нь 30-аад жилийн өмнөөс Ардчилал зах зээлийн замыг сонгож, амаргүй сорилтуудтай тулгарч байгаа Монгол орны хувьд үлгэр авах хамгийн ойрын гуравдагч хөрш улс юм гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат уулзалтын эхэнд онцоллоо.

Дэлхий нийтэд нүүрлээд буй цар тахлын эсрэг вакцинжуулалт БНСУ-д албан болон албан бусаар амьдарч байгаа Монгол иргэдийн хувьд хэр хүртээмжтэй байгааг тодруулахад ноён Элчин сайд Ли Ё Хун “...албан ёсоор ажиллаж амьдарч буй иргэдийн хувьд насны ангиллаар үе шаттай вакцинд хамрагдаж байгаа, харин албан бус иргэдийн хувьд хэдийгээр вакцинд хамрагдах гээд ирэхэд нь цагаачлалын албаны ямар нэг шалгалт үзлэг хийхгүй гэдгийг хэлсээр байгаа ч, иргэд болгоомжлоод ирж хийлгэхгүй байгаа” гэлээ. Ямар байсан албан ёсоор ч бай, албан бусаар ч бай, БНСУ-д ажиллаж амьдарч буй хэн ч вакцинд хамрагдах бүрэн боломжтой, давхар хяналт шалгалт байхгүй гэдгийг албан ёсоор хэллээ.

Монгол улсад сүүлийн үед үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдэлсэн иргэдэд Засгийн газрын зүгээс элдэв дарамт үзүүлэх, барьж хорих, хүний эрхийг хааж боогдуулах үзэгдэл газар авах шинжтэй болж байгаад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд ихээхэн санаа зовниж байгаагаа Д.Ганбат дарга илэрхийлээд, байнга жагсаал цуглаан болж байдаг БНСУ-ын хувьд иймэрхүү асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн ямар зохицуулалт байдгийг сонирхож асуулаа. “Өнөөдрийн БНСУ-ын Ардчиллыг жагсаал цуглаан хийх замаар л иргэд бүрэн гартаа авч чадсан” гэж Элчин сайд Ли Ё Хун хэлээд “манай улсын иргэдийн жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нарийн зохицуулсан ямар ямар эрх зүйн актууд байдгийг ЭСЯ-ны зүгээс судлаад, та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгье” гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мөн энэ үеэр Монгол улстай шууд хиллэдэг БНХАУ өмнөд хилээ хаасан энэ хүнд үед манай улсын иргэдийн гуравдагч орнууд руу гардаг гол гарц болсон Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг сая 11 дүгээр сарын 02-ны өдрөөс цуцлагдсанд ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийллээ. Элчин сайд Ли Ё Хун “Ковидын дэглэмээс шалтгаалан тусгай үүргийн нислэгийн зорчигдод бид тусгай шаардлага тавихаас өөр арга байхгүй байгаа. Нэг онгоцноос 3-аас дээш хүнээс халдвар илэрсэн тохиолдод тус улсын нислэгийг 7 хоног цуцалдаг. Уг нь хуваарьт нислэгээ сэргээчихвэл манай зүгээс татгалзах ямар ч асуудал байхгүй. Хуваарьт нислэгтэй орнуудад бол нислэг цуцлахгүй 60 хувийн дүүргэлттэй явах л шаардлага тавьж байгаа. Дэлхийн олон оронтой бид хуваарьт нислэгийг сэргээсэн, харин танай орны зүгээс хуваарьт нислэгээ эхлэхгүй, зөвхөн тусгай үүргийн нислэг хийгээд байгаа бөгөөд тусгай үүргийн нислэг дээр бид бусад бүх орнуудад тавьдаг тооны хязгаарлалтаа тавихаас өөр аргагүй байна гэлээ. Гэхдээ дамжин өнгөрөх зорчигчдыг хүлээн авч байгаа, мөн Солонгосоос Монгол явах нислэгийг зөвшөөрч байгаа гэдгийг нэмж хэллээ.

Уулзалтын үеэр талууд хоёр орны иргэдийн визны нөхцөлийг хөнгөвчлөх, улмаар визгүй зорчдог болох, баруун аймгуудад баригдах 10 дулааны станцын зээлийн гэрээний явцын талаар санал солилцлоо. Ковидоос шалтгаалан аялалын богино визыг олгож чадахгүй байна. Эмчилгээ болон сургалтын виз өгч байгаа. Ковид намжихаар аялалын виз хэвийн журмаар олгогдож эхэлнэ. Элчин сайд болсноосоо хойш ач холбогдол өгөн судалж байгаа ажлуудын маань нэг бол манай хоёр улсын хооронд визгүй зорчдог болох асуудал. Харамсалтай нь Монгол Улсын 40 гаруй мянган иргэн Солонгосд байдаг. Үүнийг 42 хувь нь хууль бус байна. Энэ үзүүлэлт нь визгүй болгох асуудлыг хойш татаж байгаа. Ойрын хугацаанд визгүй зорчдог болгочихвол энэ тоо улам өсөх эрсдэлтэй байна. 2019 онд ковид эхлээгүй байхад 100 гаруй мянган хүн БНСУ-аас Монгол оронд зорчин ирж байсан. Эхний ээлжинд Монголд ирж байгаа Солонгосчуудыг визгүй болгочихвол энэ тоо нэмэгдэж, Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх байх. Ингэвэл манай Засгийн газар Монголд “өртэй” мэт болж эргээд Монголчуудыг визгүй зорчдог болгох асуудлыг түргэвчлэхэд дөхөмтэй болох болно гэж Элчин сайд хэллээ. Үүнээс гадна БНСУ-д ажлын гэрээгээр олон Монголчууд ажиллаж, манай орны эдийн засаг, бүтээн байгуулалтад томоохон нөлөө үзүүлдэгт талархаж явдгаа ноён Элчин сайд уулзалтын үеэр онцоод, ковидын нөхцөл байдал намжмагц ажлын гэрээгээр виз олгох ажлыг шуурхайлахаа амлалаа.

Баруун аймгуудын дулааны станцын төсөл нь чухал төслийн нэг. Хэдийгээр ковидоос шалтгаалан БНСУ-аас ирж ажиллах мэргэжилтнүүдийн Монголд ирэх үйл явц хойшлогдсоор байгаа ч, уг станцуудыг барихад Монголын талаас өгдөг зөвшөөрлийн үе шат маш хүнд байгаа нь илүү том саад бэрхшээл болж байгаа юм байна. Монгол талаас зөвшөөрөл өгдөг энэ хүнд үе шатыг хөнгөвчлөх тал дээр тусалж дэмжвэл энэ ажлыг хурдан хийх боломжтой гэлээ.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ли Ё Хун “Ардчилсан нам бол Монгол Улсын түүхэнд томоохон өөрчлөлтийг хийсэн хүчирхэг нам” гэдгийг онцлоод, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд даргын хувьд хоёр орны парламент хоорондын харилцааг өргөжүүлж хөгжүүлэхэд анхаарч ажиллах, мөн Солонгосын хойгт энх тайвныг тогтоох яриа хэлэлцээрүүдэд УИХ-ын нөлөө бүхий гишүүний хувьд дэмжиж өгөхийг хүслээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат БНСУ-д ажиллаж амьдарч байгаа зарим иргэд хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийн дагуу тэдгээр иргэдэд эрх зүйн туслалцаа авах боломж нөхцлөөр хангахад нь анхаарч туслахыг Элчин сайд Ли Ё Хунаас хүслээ.

Уулзалтад БНСУ-ын Элчин Сайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Пак Инжон, Зөвлөх Пак Сон Воо болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Д. Амарбаясгалан, зөвлөх Ц. Оюундарь нар оролцлоо.

Дашрамд дурьдахад БНСУ-д вакцинжуулалт дэлхийн бусад орнуудаас нэлээн сүүлд эхэлсэн ч одоогийн байдлаар нэгдүгээр тунгийн хамрагдалт 80 гаруй хувьтай, хоёрдугаар тунгийн хамрагдалд 70 гаруй хувьтай байгаа юм байна. БНСУ зөвхөн Монгол гэхгүй, бүх л гадаад иргэдэд хандан, Засгийн газраас хууль бусаар оршиг суугч иргэдэд ямар нэг хязгаарлалт хийхгүй тул вакцинд хамрагдахыг уриалсаар байгаа юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр үе үеийн Ерөнхий сайдуудыг хүлээн авч уулзана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр үе үеийн Ерөнхий сайдуудыг хүлээн авч уулзана
 
Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг хэвээр үлдээлээ
Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг хэвээр үлдээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.