1990 оны хувьчлалаар хувийн өмчид шилжсэн "Гоожингийн өндөр"-ийн эргэн тойронд түүх, соёлын биет өв соёлын хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт зэрэг асуудлууд хөндөгдөж буй. Иймдээ ч тус байгууламжийг хэрхэх талаар иргэд олон нийтийн дунд багагүй хугацаанд санал, хэлэлцүүлэг өрнөсөөр байна. Өнгөрөгч 10 дугаар сарын 27-нд НЗДТГ болон бусад холбогдох албаныхан "Гоожингийн өндөр"-ийн эзэмшигчидтэй уулзаж, санал солилцсоноор үүссэн нөхцөл байдал, шийдвэрлэх санал дүгнэлтийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл гурав дахь удаагаа байгуулагдсан ажлын хэсэг хэрхэн ажиллах талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа.
-“Гоожингийн өндөр”-ийн асуудлаар мэргэжлийн албадын төлөөлөл болон эзэмшигч иргэд уулзаж, санал солилцсон юм билээ. Уулзалтаар ямар үр дүнд хүрэв?
-Соёлын өв дурсгалуудыг дүүрэг, яам, нийслэлийн төвшинд ангилан, бүртгэдэг. “Гоожингийн өндөр” гэх байгууламжийн хувьд Баянзүрх дүүргийн соёлын өвд бүртгэлтэй газар. Тухайн байгууламжид өмнө хүмүүс амьдарч байгаад өөр хүнд худалдаж, өмчлүүлсэн байдаг. 2014 онд одоогийн эзэмшигч иргэд нь худалдаж авсан юм билээ. Соёлын өвд бүртгэлтэй учраас хөдөлгөөн хийх ямар нэгэн боломжгүй байсаар өдрийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд галд өртсөн асуудал ч гарсан.
2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг соёлын өвийг хэрхэх талаар судлах ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж байсан. Тодорхой төвшинд яригдаад төсөв мөнгөний асуудлаас шалтгаалж шийдэгдэлгүй өнгөрсөн. Одоогийн нөхцөлд соёлын өв маань сүйдэх аюултай нөхцөл байдалд хүрчихээд байгаа.
Эзэмшигч иргэд нь тухайн байгууламжийг зарж, үл хөдлөх хөрөнгөө хөдөлгөөнд оруулах сонирхолтой. Ажлын хэсгийн уулзалтаар тухайн иргэдтэй уулзсан. Уулзалтаар цаашид санхүүгийн төвшинд тохиролцож, нийслэл өмчдөө аваад дараагаар сэргээн засварлах ажлыг хийж иргэдэд түүх, соёлын үүднээс таниулах үзмэр бий болгож байршуулъя гэх шийдэлд хүрсэн. Нүүлгэх сонирхол бий. Гэхдээ нүүлгэх хэмжээний компани одоогоор байхгүй.
Тэгэхээр “Гоожингийн өндөр” байгууламжийг цаашид ямар байдлаар авч явахаа ярилцаж байна. Ирэх жилийн төсвөөр санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, хамгаалалтдаа авч, үзмэр байгуулна гэсэн үг.
-Эзэмшигч иргэд 2016 оноос хойш “Гоожингийн өндөр”-ийн газрыг худалдаж авах санал НЗДТГ-д удаа дараа тавьсан юм билээ. Тэгвэл уулзалтаар эзэмшигч иргэдийн зүгээс ямар байр суурийг илэрхийлсэн бэ?
-Эзэмшигч иргэд нь “Гоожингийн өндөр” байгууламжийг 470 мкв орчим газрынх нь хамт өмчилж авсан юм билээ. Тухайн өмчилж авсан газартаа өөр юм хийх гэхээр соёлын өвд бүртгэгдсэн барилга байгаа тул тодорхой үнэ тохиролцоод, улсад хүлээлгэж өгөх бодолтой байгаа гэх байр суурийг илэрхийлсэн. Бид одоохондоо санал солилцох шатанд л явж байна. Газрынх нь өмчийг тодорхой хэмжээнд үнэлээд авах эрх зүйн зохицуулалт байгаа. Харин соёлын өвийг хэрхэх талаар ярилцах хэрэгтэй болно шүү дээ.
-Эзэмшигчдийн зүгээс газрын үнэлгээгээ хэлсэн үү. Нэг тэрбум төгрөгөөр худалдаж авах санал тавьж байсан гэх мэдээлэл бий?
-Өмнө яригдсан байхыг үгүйсгэхгүй. Үнэлгээг тодорхой журмын дагуу тогтоох учраас одоогоор шууд хэлэх боломжгүй. Өмнө байшин барих зорилгоор тухайн газартаа зөвшөөрөл авчихсан байсан.
-2018 онд “Гоожингийн өндөр”-ийн барилгыг нийслэлийн өмчид авах тухай захирамжийн хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Тухайн үед байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлттэй та танилцсан уу. Ажлын хэсгээс яг ямар дүгнэлт гаргасан байсан бэ?
-Худалдаж авъя, сэргээн засварлах шаардлагатай гэх дүгнэлтүүдийг өмнөх ажлын хэсгийн үед ч гаргаж байсан. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадаагүйн улмаас шийдэгдэлгүй өнөөдрийн хүрсэн хэрэг шүү дээ.
-Тухайн үед санхүү, мөнгөний асуудлаас болоод шийдэгдээгүй. Гэтэл өнөөдрийн нөхцөлд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төсөв, санхүү, эдийн засгийн эрсдэл өмнөхөөсөө хүнд нөхцөлд байгаа. Өмнө төсөв санхүүгээс болоод шийдэгдэж чадаагүй шигээ энэ удаад дахиад л орхигдох вий гэх болгоомжлол байна?
-Санхүүгийн асуудал бол төр, засаг маань юуг чухалчилж авч үзэх вэ гэдэг л асуудал. “Гоожингийн өндөр” гэх соёлын биет өв бол нэлээн хүндрэлтэй нөхцөл байдалд орчихсон учраас гарцаагүй засаж сайжруулах ёстой. Энэ бол эргэж бидэнд олдохгүй өв шүү дээ. Тиймээс эзэмшигч иргэдтэй тохиролцож, ямар нэг байдлаар санхүүгийн эх үүсвэр тавьсны үндсэн дээр шийдвэрлэнэ.
-Нүүлгэх шилжүүлэхээс илүү сэргээн засварлах тал дээр арга хэмжээ авах боломж байгаа юу?
-Манай улсад энэ чиглэлд туршлага, чадвар муу байна. Нүүлгэн шилжүүлж чадах уу гэдэг дээр дотоодын компаниуд хэцүү л байгаа юм. Тиймээс Оросын компаниудтай холбогдож байгаа. Аль хувилбар нь илүү боломжтой вэ гэдгийг л судалсаны үндсэн дээр шийднэ.
-НСУГ-ын дарга Ж.Дамдинцэрэн өмнөх ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэгэхээр “Гоожингийн өндөр”-тэй холбоотой мэдээллүүдийг танд өгсөн болов уу гэж бодож байна?
-Тэгэлгүй яахав. Өмнө бид “Гоожингийн өндөр” байгууламжид очиж, танилцаж, нөхцөл байдлыг хараад нүүлгэе хэмээн дотоод удирдлагын төвшинд ярьж байсан үе. Тэгэхээр одоогийн нөхцөлд эзэмшигчидтэй дахин зөвшилцөж, хэлэлцээ хийх нь.
~Соёлын өвүүдийг сайжруулах, хадгалж авч үлдэх, сэргээн засварлахын тулд нийслэл өөрөө санхүүгийн чадавхтай байх ёстой~
-Зөвхөн “Гоожингийн өндөр” гэлтгүй түүх соёлын үнэт биет өв болсон бусад сэргээн засварлах шаардлагатай өвүүддээ нийслэлээс цаашид хэрхэн анхаарч ажиллах юм бэ?
-Соёлын өвүүдийг сайжруулах, авч үлдэх, сэргээн засварлахын тулд нийслэл өөрөө санхүүгийн чадавхтай байх ёстой. Энэ удаагийнх аминд тулчихсан асуудал учраас ингэж шийдвэрлэж байгаа.
Нийслэлийн музей гэхэд орчин нөхцөл нь сэргээн засварлах шаардлагатай, зориулалтын бус нөхцөлд түүх соёлын үнэт дурсгалууд хадгалагдаж байна. Эхлээд музейн засварыг яах вэ, дараагаар үзмэрүүдээ хэрхэх тал дээр гол санхүүгийн асуудлаа шийдвэрлэнэ гэсэн үг. Харин санхүү сайжирсны дараа хүлээгдэж буй асуудлаа шийдэх жишээтэй.
Мөн санхүүгийн эргэлтэд орох үзмэрүүдийг илүү онцлох ёстой. Хүн ирж үзэж сонирхдог, түүний төлөө мөнгө төлөх хэмжээний нөхцөлтэй байх хэрэгтэй гэх мэтчилэн.
Нийтдээ дүүргүүдийн хэмжээнд 146, нийслэлд 13 биет өв бүртгэгдсэн бөгөөд сэргээн засварлах шаардлагатай. Шинээр гарч ирж байгаа дурсгалт газрууд байна.
Жишээлбэл, энэ жил гэхэд Гачуурт тийш Хүннүгийн үеийн булшийг судалж, шинэчилсэн. Энэ мэтчилэн өвүүдийг шинээр судлах тал дээр ч ажиллаж байна. Боломжоороо төсөв, санхүүг нь шийдэж ч байгаа. “Гоожингийн өндөр”-ийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэнэ.
-Санхүүгийн асуудал л нэлээн төвөгтэй байдаг байх нь?
-Санхүүгийн асуудлаас болж тулгамдаж буй асуудлаа орхиод байвал нэг л өдөр нурах хэмжээний болчих учраас ямар ч хэцүү хүнд нөхцөлд сэргээн засварлахад шаардагдах төсөв санхүүг шийдвэрлэж байх ёстой.
-Газрын үнэлгээгээ нийслэл өөрөө хийгээд худалдаж авч болно гэх байр суурийг эзэмшигчдийн зүгээс өгсөн гэсэн?
-Газрын үнэлгээг бүсчлэл болон байрлалаар нь тогтооно. Одоохондоо газрын үнэлгээг нарийвчлан хэлэх боломжгүй юм.
"Гоожингийн өндөр"-ийн асуудлын эргэн тойронд өрнөж буй сэдэв, олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн асуултуудад хариулт өгөх зорилгоор нийтлэл, ярилцлагын хүргэж буй. Тус асуудалтай холбогдуулан бэлтгэсэн өмнөх сурвалжилгыг энд дарж уншина уу.