Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гоожингийн өндөр“-ийн байгууламжийг 2 иргэн, 15 жилийн хугацаатай эзэмшиж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 53 секунд

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан наймдугаар Богд Жавзандамба 1914 онд бариулж байсан түүхтэй "Гоожингийн өндөр"-ийн барилгыг тоох төр байтугай тордох эзэнгүйн улмаас "балгас" болсон дүр зурагтайгаар өнөөдөртэй золгосон. Тэгвэл сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд түүх соёлын дурсгал болсон өвийг нураах гэж байна гэх мэдээлэл тархаж, олон нийтийн шүүмжлэлтэй нүүр тулсан билээ.

"1990 оны хувьчлалаар өмчлөгч болсон иргэдээс 2014 онд худалдаж авсан"

Баянзүрх дүүрэгт байрлах "Гоожингийн өндөр" хэмээх түүх, соёлын дурсгалт байгууламжийг Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л.Оргилбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар 2014 оноос эхлэн 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа аж. Тухайн эзэмшигч иргэд үе үеийн НЗДТГ-т "Гоожингийн өндөр"-ийг худалдан авах саналыг хүргүүлдэг хэдий ч газрын үнэлгээг хэт өндөр хэлснээс төсөв, санхүүгийн асуудлаас шалтгаалан нийслэлтэй тохиролцоонд хүрч чадаагүй болохыг бидний өмнө бэлтгэсэн сурвалжилгаас уншиж болно.

Тэгвэл түүх, соёлын өв болсон байгууламж яаж яваад хувь хүмүүсийн эзэмшилд оччихов, төр яагаад хувьчилав гэх асуудал хөндөгдөх нь зүй. Бидний мэддэгчлэн 1990 оноос өмнө хувийн өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрдөггүй байсан үе. Харин 1990 оны оноос өмчлөх эрх бол хүний эдийн засгийн суурь эрх хэмээн үзсэнээр хувь хүн, гэр бүл, аливаа хуулийн этгээд шударгаар өмч хөрөнгө олж авах, ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхтэй болсон. Энэ үетэй зэрэгцэн "Гоожингийн өндөр" ч хувийн өмчид шилжсэн ба 12 айл тус байгууламжид амьдарч байсан аж. Харин одоогийн эзэмшигч гэх Б.Мөнхбаатар нь 1990 оны хувьчлалаар албан ёсны өмчлөгч болсон иргэдээс өндөр дүнгээр "Гоожингийн өндөр"-ийг 2014 онд худалдаж авч, эзэмших болсон байна.

"Байгууламжийг 2008 онд Баянзүрх дүүргийн, 2015 онд нийслэлийн хамгаалалтад авчээ"

Байгууламжийг эзэмшиж буй иргэдийн зүгээс тухайн барилгыг нийслэлийн соёлын дурсгалт өвөөр бүртгүүлэх, эсвэл барилгыг буулгаж, дахин барилга барих зөвшөөрөл авах хүсэлтэйгээ илэрхийлсээр ирсэн байдаг. Иймдээ ч иргэн Б.Мөнхбаатар хувьчилж авсаныхаа дараа тус хэсэгт өөр барилга барихаар төлөвлөсөн боловч 2008 онд Баянзүрх дүүргийн, 2015 онд нийслэлийн хамгаалалтад авсанаар дахин шинэ асуудал ч үүсчээ. Товчхондоо, өмчөө хэрхэх вэ гэх асуудал.

Иргэн Б.Мөнхбаатар хэрвээ тус байгууламжийг нурааж, суурин дээр нь өөр барилга барина гэж зүтгэснээрээ зүтгэсэн бол соёлын биет өвийг нураасан хэрэгт холбогдоно. Иймд эзэмшигч иргэн соёлын бие өвийг худалдаж авах үнэлгээгээ нийслэл өөрсдөө хийж, өмчдөө авах саналыг НЗДТГ-д удаа тавьж ирсэн байна.

"Гоожингийн өндөр"-ийг нүүлгэн шилжүүлэх боломжтой эсэхийг судлахыг үүрэгдэв

"Гоожингийн өндөр"-тэй холбоотой асуудлыг судлах ажлыг хэсэг 2016, 2018 онуудад гарч ажилласан ч боловсруулсан санал дүгнэлт, хэрэгжих эсэх нь тодорхойгүй явсан. Тэгвэл өнөөдөр "Гоожингийн өндөр"-ийн асуудал хөндөгдөж эхлэхэд өмнөх ажлын тайлангаа ч бүрэн өгөх хэмжээний албан тушаалтан байсангүй нь харамсалтай.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Гоожингийн өндөр"-ийн асуудлаар холбогдох газрын удирдлагууд болон эзэмшигч иргэдтэй уулзаж, санал солилцсон байна. Уулзалтаар тухайн байгууламжийн асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулсан юм. Тодруулбал, "Гоожингийн өндөр"-ийг нүүлгэн шилжүүлэх үү аль эсвэл сэргээн засварлах уу, ер нь цаашид ямар байдлаар авч явах боломж байгааг судлахыг Нийслэлийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга С.Дэлгэрмаад даалгасан юм.

Ямартай ч тус байгууламжийн асуудлаар гурав дахь удаагийн ажлын хэсэг байгуулагдах нь. Ажлын хэсгийг хэдэнтэй байгуулж болно. Хамгийн гол нь, түүх соёлын үнэт өвүүдэд тулгамддаг асуудлууд, цаашид хэрхэх тал дээр бодитой үр дүнг үзүүлэх ажлын хэсэг байгаасай.

"Гоожингийн өндөр"-тэй холбоотой бэлтгэсэн өмнөх сурвалжилгыг энд дарж уншина уу.

Ц.Янжиндулам

С.Эрдэнэ: Хүүгийн маань эрүүл мэнд аюултай байдалд байна
С.Эрдэнэ: Хүүгийн маань эрүүл мэнд аюултай байдалд байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.