Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Намын Их хурлыг С.Эрдэнэ гэдэг хүн бараг хийлгэхгүй байх

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
19 минут 45 секунд

Парламентын хоёр ч сонгуульд дараалан үнэмлэхүй ялагдаж, эцэстээ хоёр хуваагдсан Ардчилсан намын дотоод асуудалд олон нийт ихээхэн анхаарал хандуулж байгаа. Хэдхэн хоногийн өмнө болсон нөхөн сонгуульд хоёр салаад байсан АН-ынхан нэгдэж буйгаа олон нийтэд зарлаж, нэг "туган" дор оролцсон юм. Гэвч харамсалтай нь нэр дэвшүүлсэн Улсын баатар Э.Бат-Үүл болон Б.Гарамгайбаатар нар нь хүссэн хэмжээний санал авч чадсангүй. Хэдийгээр дахин санал хураалт байгаа хэдий ч магадлал хэцүүхэн л болсон. Одоо харин сонгуулийн дараа Ардчилсан намынхан уг үйл явдалдаа дүгнэлт хийж талцал хуваагдлаа нэг мөр орхих уу. Нэр төдий нэгдсэн уу зэрэг Ардчилсан намтай холбоотой асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Бөхчулууны Пүрэвдоржтой ярилцлаа.

"АН-ын нэгдлийг хагалан бутаргах сонирхол манайхан дунд ч, өрсөлдөгч намынхан дунд ч байгаа”

-Хоёр салсан Ардчилсан намынхан нөхөн сонгуульд нэгдэж оролцлоо. Харамсалтай нь үр дүн сайнгүй гарлаа. Нэгдэж сонгуульд орсон үйл явдлыг танай намын олон гишүүд, дэмжигчид хараад талцал хуваагдлаа дуусгах нь гэж хүлээж байх шиг байна?

-Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд ардчилсан хувьсгалын тэргүүнд явж ирсэн Э.Бат-Үүл баатар нэр дэвшсэн. Э.Бат-Үүл баатар бол нэг хүн, нэг үзэл санаанд баригддаггүй. Өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл санааны төлөө тууштай явдаг учраас хуваагдаж байсан хоёр нам маань нэгдээд сонгуулийн үйл ажиллагаанд нь идэвхтэй ажиллая гэсэн юм. Тиймээс О.Цогтгэрэл, М.Тулгат тэргүүтэй намын нөхдүүд маань Э.Бат-Үүл баатрын сонгуулийн үйл ажиллагаанд нь хамтарч, идэвхтэй оролцлоо. Энэ бол сайн дохио. Хамтын ажиллагаа цаашаа илүү ойрхон, бие биенээ ойлгох зүйл болчихоосой л гэж би хувьдаа бодож байгаа. Гэхдээ үүнийг хагалан бутаргах сонирхол өрсөлдөгч намууд дунд ч бий, манай намынхан дунд ч байна. Тиймээс аливаа нэгэн зүйлд автахгүйгээр, янз бүрийн буруу, зөрүү хүмүүсийн үг хэлэнд орчихгүйгээр урагшаа хараад явчихаасай л гэж бодож сууна.

Гэтэл нөхцөл байдал бас тийм биш бололтой. Залуучууд улс төрийн хувьд туршлага багатай учраас янз, янзын хүмүүсийн ятгалгад автах зүйл зарим нэг зүйл дээр ажиглагдаж л байна. Үүнийгээ л хойш нь тавьчихвал болчихно л гэж харж байгаа.

-Ажиглагдаад гэж хэлэхийг бодоход дахиад л “салан тусгаарлах” зүйл явагдаад байна уу?

-Хамтарсан Их хурал зарлах ч юм уу, Үндэсний бодлогын хорооны хурал зарлахад нэг талынх нь санал санаачилга нь хэтэрхий яваад, нөгөө талынхаа санал бодлыг зөвшөөрөхгүй байх хандлага анзаарагдаад байгаа. Хоорондоо сайн зөвшилцөж байгаад олон нийтийн өмнө гараад асуудлаа яриад явах ёстой. Гэтэл зөвхөн нэг талынх нь санаачилгаар яваад байвал энэ чинь хуурамч нэгдэл болж хувирна.

-Ардчилсан нам Монголын улс төрийн намуудын хоёр тулгуур баганын нэг. Гэтэл өнөөдөр тантай гадаад биш, дотоод улс төрийг чинь сууж байгаа нь харамсалтай. Таны бодлоор АН өнгөрсөн цаг хугацаанд яг юун дээр алдчихсан юм бэ?

-Манай нам хэд хэдэн намын нэгдэл гэдгийг тодруулъя. Энэ хуваагдал 2016 оноос өмнө байсан. 2012 онд засаг барьж байхдаа тодорхой фракциудын лидерүүд өөрсдийн амбицыг дарж чадахгүй, хоорондын эв нэгдлээ харуулж чадаагүйгээс бол Засгийн газраа унагасан. АН-ыг Засаг барьж байхдаа хийж бүтээсэн ажлыг ард түмэн хүлээн зөвшөөрдөг хэдий ч, хамгийн гол нь 2016 онд та нар эв нэгдэлгүй байна, эв нэгдлээ хангаад ир гэж нэлээн хатуу “шанаа” өгсөн шүү дээ. Гэтэл лидерүүдийнх нь амбиц, хоорондын асуудал нь дарагдахгүй бүр даамжирсан. Үүнээс нь болоод нам хоёр хуваагдах хүртлээ явж байна гэхээр бид 2016 онд иргэдээс өгсөн сануулгыг огт ойшоохгүй байна л гэсэн үг. Эв нэгдэл бол энэ намыг урагш нь алхуулах ганц хэрэгсэл, цорын ганц зөв зам. Өнөөдөр ард түмэн эрх баригчдыг үнэхээр хариуцлагагүй, муу ажиллаж байна гэж дүгнээд байна. Тиймээс зөвийг нь зөвтгөөд, бурууг нь илчлээд өгөх өөдтэйхэн сөрөг улс төрийн хүчин байгаасай л гэж биднээс хүсээд байгаа юм. Харамсалтай нь, манайхан ерөөсөө хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байна. Жишээ нь, нэгдсэн намгүй болохоор УИХ дээр үг хэллээ ч гэсэн нийгэмд хүрэх, дэмжлэг авч чаддаггүй. Гишүүд үг хэлээд сөрөг хүчнийхээ үүргээ тодорхой хэмжээнд биелүүлээд байгаа ч нам гэдэг арын дэмжлэг нь ерөөсөө учраа олохгүй байна. Гол улс төр чуулганы танхимд л өрнөж байна шүү дээ.

УИХ-ын гишүүдийн хамгийн их хүсч байгаа юм нь нэгдсэн нэг намтай, намын даргатай болчихоосой. Тэр нам нь УИХ-д байгаа сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг дэмжээд урагшлаасай гэдэг юм. Ингэж чадвал бидэнд илүү боломж байна.

"2016 оны сонгуульд Ц.Элбэгдорж, 2020 оны сонгуульд Х.Баттулга намаа ялагдуулсан гэж АН-ын олонх үздэг"

-АН-ын талцал хуваагдлыг экс Ерөнхийлөгч болох Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай холбож тайлбарлаж байна. Та ч сая амбицаа дарж чадахгүй, хоорондоо ойлголцож чадахгүй лидерүүдээс болсон гэх агуулгыг хэлсэн нь энэ хоёр хүнд хандсан байв уу?

-Шулуухан хэлье. Манай намын гишүүдийн олонхын үзэж буйгаар 2016 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Ардын намын дарга М.Энхболдтой нийлж өөрийнхөө намыг унагасан гэж ярьдаг. 2020 оны сонгуулиар Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхтэй нийлээд намаа унагасан гэж үзэж байгаа нь үнэн.

Тиймээс бид лидерүүдийнхээ хувийн амбицаас цаашаа гарч, илүү салж байж үр дүнд хүрнэ. Ер нь улс төрийн онолоороо аливаа нам үүсгэн байгуулагчдаасаа салж, урт хугацаанд ажиллаж чадсан намыг л нам гэж хэлдэг юм. Гэтэл өнөөдөр манай намын үүсгэн байгуулагчид намаа бараг "булшилж" байна. Тиймээс Ардчилсан намыг шинэ үеийнхэн авч явах цаг нь үнэхээр болсон. Гэхдээ ахмадуудаа хаях тухай бид яриагүй. Харин өөрсдийнхөө гаргаж ирсэн шинэ залуу улс төрчдийнхөө ард суугаад, зааж зөвлөөд, хамтдаа улс төр хийгээд явбал бидэнд илүү боломж байгаа. Харамсалтай нь, хууччуул маань өөрсдийнхөө амбицыг дарж чадахгүй, үргэлж л эхний эгнээнд явах сонирхолтой. Ард түмэн энэ хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас л манай нам сонгуулиар ялагдаад буй юм.

-Ахмадууд нь залуучуудаа, залуус нь ахмадуудаа буруутгасаар он удаан жил өнгөрлөө. Ардын намын үеэ сольдог туршлагыг ярьж өчнөөн жил “матрын нулимс” унагалаа. Хатуухан хэлэхэд шинэ боловсон хүчин хангалттай бус учраас үеэ сольж чадахгүй яваад байгаа юм биш үү. Эсвэл залуучуудад зориг дутаад байна уу?

-Энэ бол хэн удаан засагласандаа байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ардчилсан нам найман жилд нь засгийн эрх барьсан. Үлдсэн 22 жилд нь Ардын нам төр барилаа. Олон жил засагласан учраас төрд олон хүний бэлтгэж, чадавхжуулах боломжийг тэд илүү авсан гэсэн үг. Тиймээс төрд тодорхой хугацаанд ажиллаад төрийн болон улс төрийн албаны хүч, эрх мэдлийг мэдэрчихсэн залуучууд улс төрдөө тууштай оролцоод байгаа хэрэг. Гэтэл манайх дөрвөн жилийн хугацаатай, дундаа арав гаруй жилийн зайтай хоёрхон удаа засагласан тул боловсон хүчнээ бэлтгэж чадахгүй байгаа юм. Боловсон хүчнээ бэлтгэж чадахгүй байгаа учраас нөгөө залуучууд нь товойж гарч ирж чадахгүй, манлайлал үзүүлээд нийгмийг уриалаад явах чадваргүй харагдаад байна. АН, МАН хоёрын боловсон хүчний ялгаа нь хэр зэрэг удаан засагласнаасаа шалтгаалаад зөрүү ажиглагдаад буй.

-Сонгуулиудаар намаа унагасан хоёр хүн одоо ч Ардчилсан намын “бужигнуулаад” байна. Та бүхэн асуудлаа шийдэхгүй ингэж явсаар 2024 оны сонгуульд ялагдвал дахиад энэ хоёр хүн рүү бурууг чихээд суух хэрэг үү. Хэзээ таслан зогсоох юм бэ?

-Манай намын гарч ирэх гээд, урагшаа алхах гээд байгаа залуучуудын нэг буруу зүйл нь хуучин байсан нөхдүүдийг сэргээж авч ирээд, тэдний үйл хэргийг нь яриад, тэдэнтэй хамтарч урагшаа явах тухай ярих юм. Тэр хүмүүсийг мартаад, ярианаасаа болон сэдвээсээ хасах ёстой байхгүй юу. Ингэж байж бид өөрсдийнхөө үзэл санаа, сөрөг хүчний үйл хэргийг хэрхэн биелүүлэх талаар өөрсдийнхөө үзэл санааг илүү урагш нь гаргаж ярина. Ингэвэл бид амжилтад хүрнэ. Хуучин хүмүүстэйгээ байгаад л байвал нөгөөдүүл нь сэргээд л, улс төрд хавчуулагдаад яваад байх болно. Аль болох урагшаа хараад шинэ үеийн сонгогчид руу чиглэсэн улс төрийн үйл ажиллагаа хийж цаг болсон.

"Манайхан Ардын намд очоод үйлчилж, бараг тэдний дохио зангаагаар явж байна"

-Шинэ үеэ гаргаж ирье, хууччуулаа арын фронт руу шилжүүлье гэсэн хэрнээ Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг дэвшүүлэх гэж зүтгэдэг. Сая гэхэд л Э.Бат-Үүл баатрыг дэвшүүллээ. Ардын намтай өрсөлдөх залуу хүн алга гэж ойлгох уу?

-Үнэхээр аль ч талд нь шүүмжлэлтэй хандах нэг зүйл бий. Ихэнх лидер улс төрчид, хуваагдсан байгаа хоёр тал нь Монгол Ардын намд очоод үйлчилж байна. Тэдний дохио зангаагаар бараг явж байна. Зарим нь Ардын нам биднийг дэмжих болов уу гэсэн байр суурьнаас асуудалд хандаж байна. Жишээлбэл, намын тамганы асуудалд яг ингэж хандлаа. Нэг нь шууд МАН-д үйлчлээд тамганыхаа хэргийг гаргаад явчихдаг. Нөгөөх нь аятайхан байвал бид нарт тамга өгөх болов уу гэсэн байртай горьддог. Ингэж намынхаа асуудлыг шийддэггүй байхгүй юу. 200 мянган гишүүн үзэл бодлоороо нэгдчихсэн Ардчилсан нам бол бидний л нам. Гэтэл үүнийг Ардын намаар шийдүүлж, энэ намтай ойлголцож намын тамгаа авах тухай яриа ерөөсөө байж болохгүй. Бид Ардын намтай алалцаж байж намын тамгаа авах ёстой гэдгийг манай шинэ хоёр залуу ерөөсөө ойлгохгүй байна.

-Ардчилсан намын хуваагдал, тамганы талцал уг нь гарахгүй байх боломжтой байсан. Тамга гэдэг зүйлээр Ардын намын “урхинд” ороход хэн нэг хүн буруутай л байх?

-С.Эрдэнэ дарга 2020 оны сонгуульд ялагдаад хариуцлага хүлээж намын Их хурлыг хуралдуулаарай гээд Ц.Туваан даргад тамгаа өгсөн. Үүнийг хойшлуулснаас хамгийн том алдаа нь эхэлсэн. Ер нь бол орон нутгийн сонгуулийг өнгөрүүлчихье гэдэг бодол Ц.Туваан даргад байсан байх. Орон нутгийн сонгууль өнгөрөөд л С.Эрдэнэ дарга гарч ирээд гэрчилгээ, улсын бүртгэл дээр нэр нь бичигдсэн гэдгээрээ дайраад, цаашаа намын асуудалд ороод явчихсан. Дээд шүүх дээр аль аль тал нь бичиг баримт аваачиж өгдөг. Гэтэл Дээд шүүх бид танай намын дотоод асуудалд оролцохгүй. Нэг бичиг цаас, нэг шийдвэр л аваад ирээч гэдэг. Дээд шүүхийн зөв шүү дээ. Одоо тэр нэгдсэн нэг тушаал шийдвэрээ л аваачиж өгье л дөө. Ингэхийн тулд нэгэндээ буулт хийж, ойлголцох ёстой. Гэтэл тал талдаа Ардын намын “гарыг” хараад суугаад байж болохгүй.

"1990 оны үзэл санаанаасаа хөдлөөд баруун төвийн үзэл гэхээсээ илүүтэй шинэ платформыг гаргаж ирэх цаг болсон"

-Ардын нам гэснээс танай намыг баруун төвийн үзэлтэй. Намын бүтэц, зохион байгуулалтын хувьд Ардын намыг дуурайж явдаг нь алдаа юм биш үү?

-Намуудын бүтэц намын тухай хуульдаа л захирагдчихаад байгаа юм. Жоохон ойролцоо зүйлүүд байгаа нь үүнтэй л холбоотой. Хамгийн гол нь үзэл санаа, үзэл баримтлалын ялгарлыг бид зөв гаргаж тавих хэрэгтэй. Ардчилсан нам баруун төвийн үзэл гэхээсээ илүүтэй шинэ платформыг гаргаж ирэх цаг болсон. Өөрөөр хэлбэл, коммунизм, социализмыг байхгүй болгож гарч ирсэн 1990 оны үзэл санаанаасаа жаахан хөдлөөд шинэ үеийнхэнд чиглэсэн бодлого гаргаж чадахгүй бол бид амжилтад хүрч чадахгүй. Дэлхий даяар баруун төвийн үзэл санааг дэмждэг намууд ялагдал хүлээж байна. Хамгийн сүүлд Герман зүүн төвийн үзэл санаатай нам засгийн эрх барихаар болж байх жишээтэй. Тиймээс бид сонгуулийн үеэр ажиллах тактикаа сайн бодож мөрийн хөтөлбөрөө боловсруулах шаардлагатай. Хоёр том намын нэг нь сонгууль болгоноор ялагдаад байж болохгүй. Монгол Ардын нам хариуцлагагүй байна. Ялангуяа ковидын үед бизнесийн орон зайг хамгаалж, иргэд рүү чиглэсэн зөв бодлого боловсруулж чадахгүй байна. Хувийн хэвшлийнхэн олноороо хаалгаа бариад эхэлсэн энэ үе биднийг дараагийн сонгуульд илүү хариуцлагатай орохыг шаардаж байна. Ардчилсан нам бизнесийг, бүтээн байгуулалтыг дэмжинэ.

-АН-ын Их хурал 11 дүгээр сард болох сураг гарсан. Нөхөн сонгууль дуустал дүр эсгэсэн нэгдэл явчихсан юм биш биз. Цаашдаа асуудлаа хурлаараа шийдэж чадах уу?

-11 дүгээр сарын 5-ны хурал бараг л болохгүй байх. Сонгууль дуусахаар С.Эрдэнэ гэдэг хүн гарч ирээд “Би бол албан ёсоор хурал зарлах эрхтэй субъект. Тиймээс 11 дүгээр сарын 5-ны хурал гэж байхгүй” л гэж хэлэх байх.

-Тантай ярилцах боломж тохиосон дээрээ асуухгүй өнгөрч болохгүй зарим зүйл байна. Намрын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Ерөнхийлөгчийг чуулганаас сонгох, “давхар дээлтэй” сайдуудын тоог нэмэх зэрэг дөрвөн хүрээнд хийхээр ярилцаж буй сураг гараад удлаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

-Би гурван зүйл дээр нь санал нийлж байна. Бид 2 сая гаруй хүнтэй байхдаа 76 гишүүн сонгохоор хуульчилсан. Одоо 3 сая 300 мянга гаруй болчихлоо тиймээс парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг дэмжинэ. Хоёрдугаарт, бидний сонгууль үнэхээр олдоод байна. Их хурлын сонгууль болоод жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Эрх барьсан нам энэ сонгуульд нэг жил бэлдэж, ард түмэнд таалагдах ажил хийсээр байгаад ажил явуулж чаддаггүй. Энэ буруу учраас парламентаас Ерөнхийлөгчийг сонгох нь зөв. Гуравдугаар, ардчиллыг бэхжүүлэхэд хамгийн чухал зүйл бол сонгуулийн пропорционал систем. Энэ бол олонхын санаа бодлыг парламент дотор оруулж ирдэг хамгийн том гүүр болох учир энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа. Харин дарга, даамлын тоог нэмж, гишүүдийг Засгийн газар руу оруулан “давхар дээлтэй” гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулахыг ерөнхийдөө дэмжиж байгаа.

-Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал Ардын намынхан дунд мөн яригдаад эхэллээ. Ерөнхийлөгчөөс эхлээд гишүүд нь хүртэл “хөшигний” цаана шахалт үзүүлж байна?

-Үнэхээр хариуцлага тооцохоос өөр аргагүй, салбараа авч явж чадахгүй сайд нар байна. Энэ хүмүүстэй хариуцлага тооцоод явах нь Засгийн газраа илүү тогтвортой болгож чадна гэж харж байна. Хариуцлага тооцож чадахгүй ингээд бахь байдгаараа байвал сөрөг хүчний хувьд бид үгээ хэлнэ. Тос дотроосоо өтнө гэдэг шиг энэ асуудал нь нам дотроо дэлбэрэх вий гэдэг л болгоомжлол байна.

-Танай бүлгийн Засгийн газартай хариуцлага тооцох бичиг цаасны сураг алдарлаа. Энэ бичиг хаана явна. Бүлгийн гишүүд чинь гарын үсэг зураагүй, зарим бүр барааг нь ч хараагүй гэсэн байна лээ. Та гарын үсэг зураа л байлгүй дээ?

-Би гарын үсэг зурсан. Манай бүлгийн гишүүдийн ихэнх нь зурсан.

Ярилцсанд баярлалаа.

Г.Лхагвадорж

НЭМГ: Амны хаалтыг 2-3 цаг тутамд солихгүй бол эргээд халдвар тараах эрсдэл үүсгэдэг
НЭМГ: Амны хаалтыг 2-3 цаг тутамд солихгүй бол эргээд халдвар тараах эрсдэл үүсгэдэг
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.