Барилга хот байгуулалтын яамнаас барилгын материалын үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга "Гадаад зах зээлд төмрийн хүдэр, Хятад, Австрийн эдийн засгийн дайнтай холбоотой төмрийн үнэ өссөнтэй холбоотойгоор импортоор оруулж ирж байгаа арматурын үнэ өссөн. Мөн тээвэртэй холбоотой материалын үнэ өсөж байна.
Арматур, төмөр хийц, дулаалгын материалуудын үнэ өндөр байна. Арматур л гэхэд 81 хувь, дулаалгын материалууд 92 хувь, тоосго 52 хувь, мод модон материал 69 хувийн өсөлттэй байна.
Шалтгаан дээр нь дүн шинжилгээ хийхэд, нэгдүгээрт, манай барилгын материалын салбар импортын бараанаас хамааралтай байна. Цар тахлын эхний жил гадны инженер техникийн ажилчид орж ирээгүй учир цементний үйлдвэр зогсч, хомстол үүсч, үнэ өссөн.
Хоёрдугаарт, хил хаагдсантай холбоотой импортын барааны үнэ нэмэгдсэн. Гадаад зах зээлд төмрийн үнэ өссөн. Импортын арматурын үнэ их өссөн. Эхний ээлжинд улсын төсвөөр хэрэгжиж буй барилга байгууламж дээр үнийн өсөлтийг хэрхэн тооцох вэ гэдгийг урьдчилан тооцолсон. 2021 оны үнийн өсөлтийн индексийг тодорхойлсон. Статистикийн газраас 1.36 гэж гаргасан бол яамнаас 1.45 гэж гаргасан. Үнэхээр үнэ өссөн эсэхийг тооцох гэж, хоёрдугаарт, өсөлт юунаас шалтгаалсан бэ гэдгийг олох гэж хоёр аргаар тооцоо хийсэн. 2021 оны нэгдүгээр сараас өмнө ажил нь эхэлсэн 2022, 2023 онуудад урт удаан үргэлжлэх төслүүд дээр энэ индексээ бариад явна. Энэ жил барилгын ажил нь эхэлсэн төслүүд дээр материалын үнийн өсөлтөө тооцоолж, цаашаагаа энэ индексээр бодоод явъя гэсэн байдалтай байна" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Барилгын материалын үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан орон сууцны үнэ тэнгэрт хадлаа. Энэ асуудлыг хэрхэх вэ?
Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд "Орон сууцны үнэ өсөхөд хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой. Хоёрдугаарт, ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдэж, барилгын компаниуд үнээ өсгөж байгаа байдал анзаарагдаж байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар 822 тэрбум төгрөгийн зээлийг 10 мянга гаруй зээлдэгчид олгосон байна. Яг энэ хэмжээ нь өнгөрсөн оныхтой харьцуулбал, 2.4 дахин их байгаа гэсэн үг. Эрэлт нэмэгдсэний хэрээр үнийн өсөлт явагдаж байна.
Хуучны орон сууцны хувьд иргэд хуучнаа сольж, шинэ байранд орохыг хүсдэг. Авах гэж байгаа байр нь үнэтэй учир хуучин байраа үнэтэй зарахыг л хүсч байна. Төр орон сууц барьдаггүй учир үнийн хязгаарлалт хийх боломжгүй. Хувийн хэвшлүүд барьдаг. Гэхдээ эрэлт, нийлүүлэлтэн дээр түшиглэж, үнийг тогтворжуулах аргыг авч хэрэгжүүлнэ" гэлээ.