Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХБЯ: 778 барилгад үнэлгээ хийхэд 377 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Тоосгон болон модон хийцтэй барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 3 секунд

Турк болон Сирийн хойд хэсэгт газар хөдөлсний улмаас нас барсан хүний тоо 15,000 даваад байна. Байгалийн гамшгаас илүүтэй чанаргүй, найдваргүй барилгуудаас үүдэж иргэд үй олноороо амиа алдсан гэж Туркийн иргэд үзэж байна. Тиймээс уг асуудалтай холбогдуулан манай улсын барилга байгууламж хэр байгаа талаар БХБЯ-ны ахлах мэргэжилтэн О.Баярбаатартай ярилцлаа.

-Ер нь аль бүсчлэлд, хэдэн баллын газар хөдлөлтийн идэвхтэй бүс байгаа вэ?

-БХБЯ 2012-2015 оны хооронд Одон орон геофизикийн хүрээлэнтэй хамтраад Улаанбаатар хот болон түүний дагуул дүүрэг болох Налайх, Багануур, СХД-ийн Эмээлт орчим, Багахангайд инженер геологийн судалгааг хийж гүйцэтгэсэн байдаг. Энэ судалгаагаар нийт газар нутгийн 2 хувь нь 9 баллад оршиж байна. 50 хувь нь 8 балл, 48 хувь нь 7 баллад оршиж байна гэсэн судалгаа гарсан байдаг.

-Нийслэлийн барилгуудын хэдэн хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй вэ?

-БХБЯ болон МХЕГ /одоо байхгүй/, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газартай хамтраад 2002 оноос өмнө баригдсан барилга байгууламжийг паспортжуулах ажил судалгааг 2012 оноос хойш хийж гүйцэтгэж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 9821 барилга байгууламж байгаа. Үүнээс 1844 нь 2002 оноос өмнө баригдсан байна. 2012-2022 онд нийт 778 барилгад газар хөдлөлтийн эрсдлийг үнэлэх, газар хөдлөлтөд тэсвэртэй үгүйг үнэлэх паспортжуулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Нийт 778 барилгаас нь 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 195 нь хүчитгэх шаардлагатай, 377 нь тэсвэргүй /заавал буулгаж шинээр барих/ дүгнэлт гарчихаад байна. Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд 2002 оноос өмнө баригдсан барилга байгууламжийн 40 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй.

-Тэсвэргүй барилгууд хэдэн оноос өмнө ашиглалтад орсон байна вэ?

-70, 80, 90 оноос өмнөх гээд янз бүр байна. Ихэвчлэн тоосгон болон модон хийцтэй барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн судалгаа байна.

-Барилгын компаниуд барилгаа Улсын комисст хүлээлгэн өгдөг. Бодлогын яамны хувьд танайхаас ямар шаардлага, хяналт тавьдаг вэ. Газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхэд шаардлага тавьдаг уу?

-Барилгын тухай хуулинд захиалагчийн, зураг төсөл зохиогчийн, гүйцэтгэгч байгууллагын чиг үүргүүдийг зааж өгсөн байдаг. Зураг төсөл зохиогч байгууллагын чиг үүрэг нь норм, дүрм, хуулийн дагуу барилга байгууламжийнхаа зураг төслийг боловсруулах. Тэр зураг төсөл нь хамгийн түрүүнд газар хөдлөлтийн эрсдлийг тооцсон байх ёстой. Улаанбаатар 7,8, 9 гэсэн гурван бүстэй. Аль бүсэд байгаагаа тооцоод зураг төслөө гаргаад, түүнийхээ дагуу холбогдох эксперт, инженерүүд зураг төслийг нь хянадаг. Зураг төсөл зохиогч болон захиалагч байгууллагын хяналт дор барилга байгууламжийг барьсны үндсэнд Улсын комисс хүлээн авдаг.

-Газар хөдлөлтөд тэсвэргүй барилга 40 гаруй хувь байна гэсэн. Дахин төлөвлөлтөд оруулах юм уу, хүчдэлийг нь нэмэх асуудал яригдаж байгаа юу?

-2002 оноос өмнөх барилгуудыг үе шаттайгаар буулгаад шинээр бариад явж байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Соёлын төв зэргийг Улсын төсвийн хөрөнгөөр шинэчлэдэг. Харин орон сууцны хувьд заавал төсөл хэрэгжүүлэгч хувийн ААН, компанитай хамтраад 3 талын гэрээгээр буулгаж, шинээр барих ажлыг хийж байна. Улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа 221 барилгаас Улаанбаатарт 58 нь байна. Тиймээс төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай хамтраад 58 айлыг 108 айл болгохоор ч юм уу, аль болох аль аль талаа хохироохгүйгээр үе шаттайгаар буулгаад шинээр бариад явж байна.

-Сүүлийн үед иргэд даацын ханаа нураах тохиолдол их гарч байна?

-Даацын хана бол тухайн барилгын түшиг тулгуур. Даацын ханаа буулгах бол заавал МХЕГ-аас зөвшөөрөл авдаг байсан. Одоо МХЕГ татан буугдсан. Тиймээс мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж буулгах зөвшөөрөлтэй байх ёстой. /Одоо МХЕГ-ын үйл ажиллагаа яам, агентлагуудад хуваарилагдсан байгаа/.

Цахим худалдаагаар 32,000 тонн нүүрс арилжлаа
Цахим худалдаагаар 32,000 тонн нүүрс арилжлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц