Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн. Энэ үеэрээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдсэн.
Энэ талаар иргэд цахим орчинд "2030 он хүртэл 8 жил байна. 1 жилд 125 сая мод, өдөрт 342 мянга, цагт 14 мянга, минутанд 237, нэг секунтэд 4 мод тарих нь байна" гэсэн тооцооллыг гаргасан байдаг. Тэгвэл уг асуудалд ЕТГ-ын дэд дарга А.Үйлстөгөлдөр дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр "Өдөрт 342.000 мод тарьж чадах уу гэсэн байна. Жилд 365 өдөр мод тарих боломжгүй. Өвлөөс бусад улиралд тарьж байгаа. Хэрэв жилд хамгийн багадаа 50 хоног тарина гэж үзвэл өдөрт 342.000 биш 2.500.000 мод тарих шаардлага үүснэ гэж бодъё. Бид гар аргаар биш ой, усны аж ахуйн технологи, машин механизмыг ашиглан хэрэгжүүлнэ.
Энгийн жишээ: Жижиг DAMCON-ы машин 4 эгнээгээр гэж үзвэл өдөрт 20.000-ыг суулгах боломжтой.
2.500.000-ыг 20.000-т хуваавал бидэнд 125 машин л хэрэгтэй гэж гарч байна. Энэ бол зөвхөн жишээ. Бид олон улсын туршлага, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан олон арга хослуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" хэмээжээ.