Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Очирбат: Дарханы замын хоёр эгнээг 2022 оны арваннэгдүгээр сард нээнэ

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
8 минут 59 секунд

No description available.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил эхэлснээс хойш гурав дахь жилтэйгээ нүүр тулах гэж байна. Энэ хугацаанд Азийн хөгжлийн банк /АХБ/-ны санхүүжилтээр хийж буй хоёр эгнээ замаас одоогийн байдлаар гурван багц хэсгийн замын ажил дуусч, зорчих хөдөлгөөнөө нээгээд буй. Тэгвэл хариуцах “эзэнгүй” үлдсэн 90 км болон шинээр нэмж тавьж буй хоёр эгнээ замын явцын талаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын зөвлөх С.Очирбаттай ярилцлаа.

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй хоёр эгнээ замын 2, 4-р багц хэсгийн ажил ямар шатандаа явж байна вэ. Шинээр гүйцэтгэгч компаниуд нь шалгарсан уу?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй 204 км замын 1, 3 , 5-р багц хэсгийн зам буюу 130 км замын ажил дуусч, зорчих хөдөлгөөнийг нээгээд байна. Одоогийн байдлаар үлдсэн засвар үйлчилгээнүүдийг хийх ажиллаж байгаа бөгөөд албан ёсоор есдүгээр сард замын ажил бүрэн дуусах байх. Үүний дараагаар нэг жилийн баталгаат засварын хугацаа нь үлдэнэ. Харин 2 болон 4-р багц хэсгийн гэрээ байгуулагдаагүй. Захиалагч нь ЗТХЯ. Яамнаас тус хоёр багц ажлын гүйцэтгэгчийн тендерийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу явуулж, сонгон шалгаруулсан. Шалгарсан компанитай гэрээ байгуулахаар Азийн хөгжлийн банкинд саналаа хүргүүлсэн байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар манайд зам ажлыг эхлүүлэх гэрээ хэлцэл, зураг төсөл ирээгүй байна.

-Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр хоёр эгнээ нэмж тавьж байгаа. Тус хэсгийн замын ажил хэр үргэлжилж байгаа вэ?

-Тус хэсгийн 224 километр замын ажил таван гүйцэтгэгчтэй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард талууд гэрээнд гарын үсэг зурсан. Гуравдугаар сараас эхэлж замын ажил эхэлсэн бөгөөд ажлын явц 13-33 хувьтай явагдаж байна.

Нэгдүгээр багц хэсгийн замын ажлын гүйцэтгэл 33 буюу хамгийн өндөр хувьтай үргэлжилж байгаа. Замын ажилд хамгийн их хугацаа шаарддаг далан гүүр, ухмал, гүүр, хоолойн ажлынхаа 60-80 хувийг бүх гүйцэтгэгч компаниуд хийчихсэн. Бүх гүйцэтгэгч нарыг аравдугаар сарын сүүл үе гэхэд замын далан, хиймэл байгууламж, гүүрийн ажлынхаа 80-90 хувийг хийж дуусгах шаардлагыг тавьж байгаа. Дууссаны дараагаар замын суурь хийх ажил руу шилжихээр зорилт тавьж байна.

-Хамгийн их хугацаа шаарддаг замын ажлуудын гүйцэтгэл харьцангуй өндөр хувьтай үргэлжилж байгаа тохиолдолд ирэх онд замын зорчих хөдөлгөөнийг нээж чадах болов уу?

-Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил АХБ-ны санхүүжилтээр хийж буй хэсгийн замын ажилтай харьцуулахад нэлээн ахицтай явж байна. Өнгөрөгч өвөл нэлээдгүй бэлтгэл ажлыг хангасан байсан. Зарим тохиолдолд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан саад бэрхшээл гарсан. Цар тахал ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Ерөнхий төлөвлөгөөгөөр, Европын банкны төслийн хоёр эгнээ зам ирэх оны 11 дүгээр сард дуусна.

Тус замын ажилд Монголын туслан гүйцэтгэгч компанийн тоог нэмэгдүүлж ажиллуулсан нь гүйцэтгэлд ч сайнаар нөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар замын ажилд 1500 орчим ажилтан ажиллаж байна. Үүнээс 40 гаруй Хятад инженер техникийн ажилтан байна. 700 гаруй техник ажиллаж байгаа. Ер нь дотоодын туслан гүйцэтгэгч компанийн хүчээр Европын банкны төслийг урагштай явуулж байна.

"Өдрийн 50 мянган төгрөгийн цалинг голоод ажиллах хүн олдохгүй байна"

No description available.

-Гэхдээ Монголын туслан гүйцэтгэгч компаниудад замын ажил хийж байгаа нэр зүүгээд орхидог хэмээн шүүмжлэлтэй хандах тал ажиглагддаг. Зам ажлын явцад Монгол гэлтгүй Хятад компанийн ажилчдадаа хяналт тавьж чадаж байна уу?

-Чанар, технологид хяналт тавихаар 30 гаруй Монгол, таван гадаадын инженерүүд ажиллаж байгаа. Ажил эхлүүлэхийн өмнө зөвшөөрөл авч, харин дууссаны дараа лабораторийн хэмжилтийн шалгалт оруулдаг.

-Гэхдээ хяналтын ажилчид замын чанар тал дээр анхаарч чадаж байгаа гэдэг нь эргэлзээтэй. Тухайлбал, өнгөрөгч гуравдугаар сард Дарханы замд хийсэн аудитын дүгнэлтээр замын чанартай холбоотой асуудал үүссэн. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөөч?

-Тухайн үед Азийн хөгжлийн банкнаас авсан хөрөнгө нь хүрээгүй юм билээ. Тэгэхэд нь Азийн хөгжлийн банк захиалагчтай ярилцаад замын дээд талд таван см тавих хэмжээний мөнгийг хасах яриа хийсэн юм билээ. Мөнгө санхүүгийн хувьд одоо гайгүй болсон учраас хучилтаа 10 см болгоё гэдэг яриа явагдаж байгаа.

-Одоогийн нөхцөлд замын ажил хүн хүчний хувьд хангалттай хэмжээнд бий юу?

-Хангалттай сайн гэж хэлэхэд хэцүү. Чадвараас шалтгаалсан зүйл яригдах болчихоод байгаа юм. Зарим нь ажлын гүйцэтгэлээ бичиж чадахгүй байна. Ажил явуулах хүсэлт, төлөвлөгөөгөө бичиж чадахгүй байна. Хяналтын багийнхан Хятад, Монгол аль алиныг нь л сургаж байна шүү дээ. Хятадууд чинь Монголд л зам барьж сурч байна шүү дээ. Тиймээс Монгол, Хятад аль ч талын компанийн ажилчдад тусгай сургалт хийх хэрэгтэй байна.

-Өнөөх яригдсаар л байдаг хоёр, дөрөвдүгээр багц хэсгийн замд шалгарсан компаниуд ажлаа хийж чадаагүйгээс маш их цаг хугацаа алдлаа. Тэгэхээр гэрээ цуцлахаас өөрөөр тухайн компаниудтай хариуцлагын төвшинд асуудал ярьсан уу?

-2019 оны зургадугаар сарын сүүлээр Азийн банкны гүйцэтгэгчийн гэрээнд тус хоёр компани зурсан байдаг. Гэрээ байгуулснаас хойш хугацаанд замын ажил урагшгүй явж байсан. Анх замын ажлаа эхлүүлэх гэж байх үедээ 2 болон 4-р багц хэсгийн компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллуулах хүсэлтээ тавьж 20 гаруй Монгол компанитай уулзсан байдаг. Тухайн үед Монгол компаниуд нь үнийг нь голсон. Харин тендер авсан Хятадын Шинжааны компаниуд ч удирдлага, зохион байгуулалтын хувьд тун муу компаниуд байсан. Гэтэл тухайн компани нь Казахстан улсад АХБ-ны төслийн замын тендер авчхаад хийж чадалгүй хөөгдсөн компани Дарханы замын ажилд сонгогдчихсон. Үүнийг саяхан л олж мэдсэн. Хийж чадахгүй гэдэг нь явцдаа тодорхой болсон учраас хяналтын зөвлөлийн зүгээс өнгөрсөн оны есдүгээр сард сануулга хүргэсэн.

-Замын ажилд тулгарч байгаа хамгийн том бэрхшээлийг юу гэж харж байна вэ?

-Ажилчид олдохгүй байна. Говь-Алтай аймгаас хүртэл ажилчид авч ирж замын ажилд оролцуулж байна шүү дээ. Өнгөрсөн жил ч ийм байдалтай байсан. Өдрийн 50 мянган төгрөгийн цалинг голоод хүн ажиллахгүй байна.

-Дарханы замын дуусгаж ашиглалтад өгөх боломжтй цаад хугацааг хэзээ гэж төлөвлөсөн бэ. Зорилтдоо хүрч чадах уу?

-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорио тавьчихгүй бол Европын сэргээн босголтын сангийн санхүүжилтээр тавьж буй хоёр эгнээ замын ажил ирэх оны арвандүгээр сард ашиглалтад орно. Харин Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй замын 2,4-р багц хэсгийн замыг хэзээ дуусна гэдгийг шууд хэлж чадахгүй. Учир нь Азийн хөгжлийн банкнаас хэзээ гэрээгээ байгуулж, зураг төсөл ирнэ тухайн үед л замын ажил эхэлнэ шүү дээ.

С.Ганбаатар: Л.Оюун-Эрдэнийн ЗГ анх удаа “Рио Тинто“-той Монголын эрх ашгийг эн тэнцүү ярьж байна
С.Ганбаатар: Л.Оюун-Эрдэнийн ЗГ анх удаа “Рио Тинто“-той Монголын эрх ашгийг эн тэнцүү ярьж байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.