Ш.Бямбасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахдаа огт эргэлзээгүй

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
28 минут 40 секунд

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Хаврын чуулган нээлтээ хийгээд удаагүй байгаа ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дэргэд байгуулагдсан Боловсролын зээлийн сангийн асуудлаарх ажлын хэсэг өнгөрөгч өдрүүдэд байнгын хороодод санал дүгнэлтээ танилцуулж, тогтоолоо батлаад амжлаа. Танай ажлын хэсэг БЗС-гийн холбогдох журмуудыг шинэчлэх, боловсронгуй болгох чиглэлд нэлээд ажилласан харагдлаа. Энэ талаар яриагаа эхэлье?

-Тийм ээ. Өнгөрсөн намрын чуулганаар манай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дэргэд Боловсролын зээлийн сангийн журмыг сайжруулах зорилго бүхий дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. Намрын чуулганаас хойш гэж үзвэл манай дэд ажлын хэсэг багагүй хугацаанд ажиллалаа. Зарим ажлын хэсгүүдийг бодвол ирцийн хувьд ч сайн оролцоотой байсан. Энэ ч утгаараа ажил нэлээд урагштай, хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн байнгын хороогоор санал дүгнэлтээ хэлэлцүүлчихлээ. Зөвхөн журам хэлэлцээд зогссонгүй. Хамгийн ил тод, шударга, алдаа мадаггүй байх ёстой энэ сан яагаад иймдээ тултал дампуу явж ирэв. Яаж засаж залруулах вэ гэдэгт бас төвлөрч ажилсан. Үнэхээр асуудал их байсан. Ямартай ч Засгийн газарт хүргүүлэх тогтоолоо баталсан. Дараа дараагийн ажлууд хийгдээд явна.

-Боловсролын зээлийн сан тойрсон асуудлаас олны шүүмжлэлийг дагуулсан хэсэг нь эргэн төлөлттэй холбоотой асуудлууд байсан. Эргэн төлөлттэй холбоотой асуудалд Засгийн газарт ямар чиглэл өгөхөөр тогтоолдоо тусгаж байгаа вэ?

-Үндсэндээ журам байгаад ч журмаа хэрэгжүүлдэггүй байсан юм байна. Жирийн иргэний ойр зуур зээлийн мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн санд орчихдог байж олон олон хүний эрх ашигтай холбоотой Боловсролын зээлийн сангаас авсан зээлийн мэдээлэл яагаад өнөөдрийг хүртэл Монголбанкны Зээлийн мэдээллийн санд ороогүй байдаг юм бэ. Асуудал эндээс л эхэлнэ. Тиймээс цаашид энэ мэдээллийг заавал Зээлийн мэдээллийн санд оруулдаг байх саналыг тусгаж байгаа. Ар өврийн хаалгаар Боловсролын зээлийн сангаас зээл авч сурчихаад төлөхгүй байгаа явдал бол суралцах хүсэлтэй бусад олон хүний боломжийг хулгайлж байгаа хэрэг.

-Байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээлээ төлөөгүй иргэдийн мэдээллийг оруулах асуудал хоёр жилийн турш яригдсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй гэж байсан. Үүнийг яаж эрчимжүүлэх юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд зээл авсан сая орчим хүн байгаа. Маш олон хүний асуудлыг ярьж буй учраас аль нь аль зөрчил рүүгээ орох вэ гэдэгт бид ялгалт хийж байгаа гэх тайлбарыг Боловсролын сайд П.Наранбаяр өгч байсан. Ялгалт хийх ажлыг энэ улиралд багтаан дуусгаж, Монголбанк руу холбогдох мэдээллийг өгөөд эхэлнэ гэж байгаа. Үүнд нь холбогдох хяналтаа сайн тавиад явна.

-Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан таны байр суурийг тодруулах нь зөв болов уу гэж бодлоо. Өнгөрөгч өдрүүдэд хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэхтэй холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй хэд хэдэн кейс гарч олны шүүмжлэлийг дагууллаа. Та энэ нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Хувь хүний мэдээлэл, ялангуяа мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргийн материал дахь мэдээллийг хэсэгчлэн задруулж, аль нэг талыг нь нийгэмд буруутан мэтээр харагдуулах байдал олон жилийн өмнөөс давтагдаж ирлээ. Сүүлдээ энэ нь байдаг л үзэгдэл мэтээр харагдаад байна. Энэ маш буруу. Миний хувьд хэвлэлийн мэдээлэлтэй л байгаа. Гол асуудал нь Засгийн газар нэг редакцын залуусыг буруутгах гэж бүх талаар л үзэх шиг боллоо. Олон ч мэдэгдэл хийлээ. Айсан хүнд аргал хөдлөнө гэхчээр энэ бүхэн наад захын хуулийн мэдлэггүй хүнд ч ойлгомжтой харагдаж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь тухайн процесст ямар том баг ажиллаж, хэдэн залуусыг буруутган асуудлыг нь сэвэх гэж оролдов. Гэвч тэдний энэ оролдлого бүтээгүй. Ард иргэд маань ч аливаад шүүлтүүртэй хандаж, ойлгож ухаардаг болсон байна. Тус редакцын залуусын өмнө нь хийж байсан контентуудад Засгийн газартай холбоотой асуудлуудаар бодит фактад тулгуурлан асуудал дэвшүүлсэн байдаг. Өнгөрсөн өдрүүдэд үүссэн асуудлын шалтгааныг үүнээс үүдсэн байх гэсэн гол хардлага бидэнд байгаа шүү дээ. Миний хувьд ч адил байр суурьтай байгаа.

-Төсөвт хүндрэл үүссэн нь бодитой. Улам ужгирах нь цаг хугацааны л асуудал-

-Төсвийн тодотголтой холбоотой асуудал хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн хөндөгдөж эхэллээ. Төсвийн орлогын 50 орчим хувийг бүрдүүлдэг нүүрсний үнэ 40 орчим хувиар буурч, энэ хэмжээгээр төсвийн орлого 38.9 хувиар бага төвлөрч, 493 тэрбум төгрөгийн алдагдалтай /1 сарын байдлаар/ гараад байна. Гэтэл эрх баригчид төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэдэг зүйлийг хэлээд байгаа. Таны хувьд төсөвт тодотгол хийх асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Намрын чуулганы туршид 2025 оны төсөв хэлэлцсээр байгаад өндөрлөсөн. Тухайн үед төсөв тойрсон олон хэлэлцүүлэг өрнөж байсан. Намрын чуулганаар төсөв тойрсон олон зөрүүтэй байр сууриуд гарч байсны илрэл нь өнөөдөр бодитоор гарч ирж байна. Тухайн үед зарим гишүүдийн зүгээс нүүрсний үнэ байнга ийм байхгүй гэдэг зүйлийг хэлсэн боловч нэр бүхий сайд нар нь нүүрсний үнэ унахгүй гэж “амалж” байсан шүү дээ. Манай улсын эдийн засаг ашигт малтмалын экспортоос, экспортын бүтээгдэхүүний үнэ нь гадаад орчноос маш их хамааралтай. Өнөөдөр нүүрсний үнэ дунджаар 80 орчим ам.доллар байна гэж Ц.Туваан сайд хэлж байна. Биет хэмжээгээр гарч буй нүүрс нь өнгөрсөн жилүүдтэй адил мэт харагдаж байгаа ч орлогын хувьд эхний хоёр сарын байдлаар л гэхэд нэг орчим их наяд төгрөгөөр тасраад байна. Энэ байдал төсөв дээр маш том ачаа болох нь ойлгомжтой. Иймээс бид асуудлыг бодитойгоор ярих ёстой. Одоо бид аливааг “Болчих байлгүй дээ” гэж гэгээлгээр харахаа болих хэрэгтэй. Төсвийн нөхцөл байдлаас шалтгаалж биднийг цаашид илүү том эрсдэл хүлээж байж болно. Бүлэг дээр мэдээлэл авсан. Төсөв тодотгох хэмжээнд хүрээгүй гэдгийг хэлж байгаа. Экспортын бүтээгдэхүүний биет хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна, орлого нэмэгдүүлэх өөр боломжуудыг судалж байна гэсэн.

Миний хувьд төсөв тасарна, тасрахгүй гэж маргаж суухын оронд эртхэн бодит нөхцөл байдалдаа дүгнэлт хийгээд дараагийн авах арга хэмжээгээ бодолцох хэрэгтэй гэж харж байгаа.

-Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Засгийн газрын 14 мега төсөл байгаа. Энэ төслүүдийг эрэмбэлэх шаардлагатай гэдэг зүйлийг зарим гишүүдийг илэрхийлж байсан. Үнэхээр ч нэг амьсгаагаар олон том төслүүдийг хөдөлгөх эдийн засгийн боломж бидэнд бий юу гэдгийг бодох хэрэгтэй болж байна?

-Өчигдөр УИХ-аас Гашуунсухайт Ганцмод боомтын хэлэлцээрийг соёрхон баталлаа. Мэдээж Засгийн газрын хэрэгжүүлэх гэж буй 14 мега төсөл бүгд л хэрэгтэй төсөл. Гол нь цаг үе ямар байна вэ, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн боломж бий юу, хүний нөөц бэлтгэгдсэн үү зэрэг асуултыг тавьж, тооцооллоо хийх хэрэгтэй. Энэ утгаараа мега төслүүдээ эрэмбэлэх хэрэгтэй гэдэгт 100 хувь санал нэгдэж байгаа.

Ганцхан жишээг хэлье. 2020 онд газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрх баригчид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгачихсан, яриад явж байсан. Дөрвөн жил өнгөрч, нэг парламент солигдчхоод байхад ч ярьсаар л яваа. Ямар ч асуудлыг Засгийн газар, намын түвшинд ярихдаа хариуцлагатай байж, хэлсэн үгэндээ эзэн байх хэрэгтэй. Надад газрын тос боловсруулах үйлдвэрийг хэзээ ашиглалтад орох талаар ярьсан үе үеийн дарга нарынх нь яриа байдаг. Одоо ашиглалтад орох хугацаа нь 2027 он болчихсон явж байна. Төрийн ажил ийм байдлаар явбал өртөг л нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Энэтхэг улсын Засгийн газраас авч байгаа. Эргээд энэ зээлийг Монголын татвар төлөгчид л төлнө. Энэ утгаараа бид төслийн эргэн төлөлт, эдийн засгийн үр өгөөж гээд олон зүйлийг ярих ёстой. Бизнес эрхлэгч аливаа төсөл хөтөлбөр рүү хөрөнгө оруулалт хийхдээ төслийнхөө эхлэлээс дуусах хүртэл бүх зүйлийг л тооцож үзэх ёстой байдаг шүү дээ. Гэтэл газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орлоо гэж үзэхэд бидэнд түүхий эд байхгүй. Түүхий эдгүй үйлдвэр үйл ажиллагаа явуулах ямар боломжгүй. 1.7 тэрбумын зээлээр боссон үйлдвэр маань зэврэх үү гэдэг асуудал бий болчхоод байгаа юм. Тэгэхээр энэ мэт үр дагавраас нь эхлээд төслүүдээ бид эргэн харах ёстой. Бид гангийн, зэс хайлуулах үйлдвэр барина гээд ярьж байна. Гэтэл энэ үйлдвэрүүд ашиглалтад ороод бүтээгдэхүүний үнэ өртгийн хувьд ч зах зээлд өрсөлдөх чадвар, орон зай байна уу, үгүй юу, түүнийг авч явах монгол инженер техникийн хүний нөөц нь бэлтгэгдсэн үү зэрэгт тодорхой мэдээлэл байхгүйгээр ярьж буй Засгийн газарт миний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа.

Олон жил гоё сайхныг нь ярьсаар гүйцэтгэл дээрээ алддаг. Тиймээс мега төслүүдтэй холбоотой асуудалд ул суурьтай хандах нь зөв. Газрын тосны үйлдвэр ашиглалтанд ороход 1л шатахуун хэдэн төгрөгийн үнэтэй байх вэ гэдэг ганц тоог өнөөдрийг хүртэл ямар ч сайд даргын амнаас би сонсоогүй. Ийм төсөл гэж байдаг юм уу.

Ураны төслийн хувьд уран хортой хоргүйн талаар төр нь нийгэмтэйгээ маргалдаад суух асуудал биш юм уг нь. Энэнд хоёр асуудал л чухал. Нэгд стратегийн энэ ашигт малтмалын хувьд геофолитикийн ямар нөхцөл байдалд бид шийдэр гаргаж байна вэ, хоёрт ямар технологи ашиглах гэж байна вэ гэдэг асуудал л яригдана. Уран хортой, эрсдэлтэй ашигт малтмал гэдэг нь тодорхой. Химийн хичээл үзсэн хүн бүхэн хэлнэ. Тиймээс Монголын төр үнэхээр энэ төслийг явуулах гэж байгаа бол дээрх хоёр асуудлаар л нийгэмтэйгээ, олон нийттэйгээ зөвшилд хүрэх нь чухал.

-Таны хувьд эртхэн төсвийн тодотголоо хийгээд, асуудлыг нэг талдаа гаргах нь зөв гэж харж байгаа юм байна. Гэхдээ төсвийн асуудал дээр танай намынхан хэр байр суурь нэгтэй байгаа вэ. Л.Гантөмөр сайд Эдийн засаг хөгжлийн яам дээр байгаа учраас танай намынхан МАН-ын шийдвэрийг дагах гээд байна гэдэг шүүмжлэл гарч байсан?

-Бүлгийн хурал дээр намын дарга, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр бидэнд мэдээлэл өгсөн. Олон улсад үүсээд буй нөхцөл байдал, түүнийг дагаад эдийн засагт бий болох нөлөөлөл, хүчин зүйлсийн талаар ярьсан. Ялангуяа түүхий эдийн үнэ унаж буйтай холбоотойгоор ямар арга хэмжээ авах гэж байгаа талаарх тайлбараа бүлгийн гишүүдэд нэлээд дэлгэрэнгүй өгсөн. Тиймээс илүү сайн мэдээлэлтэй байгаа. Хийж хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээнүүдийг нь харъя гэсэн л байр суурьтай байна.

Харин хамтарсан нэрийн дор, олон чухал төслүүдээ урагшлуулах гэж байна гэх лоозон доор хулгай, худал хуурмагаа нуучихаад үнэнийг нь ил болгосон хэвлэл мэдээлэл, хувь хүн рүү кампаничилж дардаг байдал үргэлжилж болохгүй.

-Төсвөөс гадна хаврын чуулганаар орж ирэх чухал хуулийн төслүүд байна. УИХ-ын дарга бизнес эрхлэгчдийг бүх шатанд эрвийх дэрвийхээрээ дэмжих ёстой гэдэг зүйлийг хэлсэн байдаг. Энэ утгаараа Татварын багц хуулийн төсөл олон нийтийн хүлээлтэд байгаа. Хуулийн төслөөр бизнес эрхлэгчидтэй холбоотой ямар агуулгыг тусгах нь нь зөв гэж харж байгаа вэ?

-Засгийн газраас Татварын багц хуулийг боловсруулж байгаа. Эл хуулийн төсөлд өөрсдийн байр суурийг нэгтгэж оруулах ёстой гэдэг үүднээс УИХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэг гаргасан. Миний бие энэ ажлын хэсэгт орж ажиллаж байна. Цар тахлаас хойш Монголд бизнесийн орчин төдийлөн сайжрахгүй байна шүү дээ. Нэг талаасаа харахад ДНБ-д эзлэх төсвийн эзлэх хувь 35 орчим хувь руу ороод ирж байна. Гэтэл татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн тоо цөөрөөд байгаа мөртлөө төсвийн орлого нэмэгдэж байгаа нь аж ахуйн нэгжийн нуруун дээр ирж байгаа ачаа нэмэгдэж байна гэсэн үг. Тиймээс бид татвар дээрээ ямар бодлого барих ёстой вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Монголтой төстэй эдийн засагтай улсуудаас жишээлж судлах хэрэгтэй байна. Зарим нэг гишүүд Европын зарим орон болон өндөр хөгжилтэй улс орнуудад ямар бодлого барьдаг талаар харьцуулаад яриад байгаа юм. Харьцуулахдаа манай улсын татвар бага юм байна, татвараа бууруулж болохгүй юм байна гэдэг өнцгөөр харж яриад байна. Гэтэл бид тухайн улс орнуудтай харьцуулах хэмжээний эдийн засгийн бүтэцтэй улс биш.

Манай улс 100 хувь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засагтай улс шүү дээ. Тэгэхээр эдийн засгаа солонгоруулахын тулд бусад салбарынхаа татварыг бууруулж тэднийг босгож ирэх хэрэгтэй.

Жишээлбэл, булангийн орнууд уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд тулгуурласан эдийн засагтай байдаг. Тиймдээ ч тухайн салбарынхаа хууль эрх зүйн орчноо тодорхой болгож, тэндээс татвараа авч бусад салбартаа тэтгэмж хэлбэрээр олгодог. Бусад салбараа босгож ирэх гээд хичээгээд байна гэсэн үг шүү дээ. Бид ч энэ чиглэл рүү явах ёстой. Манай зах зээл дээр бизнес эрхлэгчид уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээнд өндийж ирэхэд хэцүү. Бараг л боломжгүй байна. Энэ чиглэлд бид удахгүй байр сууриа нэгтгэж, нэгдсэн мэдээлэл өгөхөөр болсон.

-Газрын тосны үйлдвэр ашиглалтанд орлоо гэж бодоход 1 литр шатахуун ямар үнэтэй байхыг мэдэж байгаа хүн алга. Ийм төсөл гэж байдаг юм уу-

- Орон нутагт бизнес эрхэлж буй иргэдийн хувьд хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөх нь бий. Таны хувьд орон нутагт бизнес эрхэлж байсан хүн. Бизнесийн орчныг сайжруулах чиглэлд ажиллахаа илэрхийлдэг гишүүдийн нэг. Тэгвэл таны хувьд энэ чиглэлд ямар шийдэл хэрэгтэй байна гэж та харж байна вэ?

-Хөрөнгө оруулалтыг нийслэл рүү л хэт төвлөрүүлж байна шүү дээ. Нийслэлд л асуудал байгаа мэтээр ярьж байна. Миний харж буйгаар, бид орон нутгийн бизнес эрхлэгчид рүүгээ хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэнд байгаа иргэдийн ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх боломжийг нь хангах зорилгоор дэд бүтэц, эрчим хүч, орон сууц зэрэг олон асуудлыг нь бид шийдэж дэмжих хэрэгтэй байна. Энэ хэрээр орон нутагт олон боломж гарч ирнэ. Төрөөс тодорхой дэмжсэн бодлого байхгүй учраас орон нутаг хаягдаж байна. Нөгөөтээгүүр орон нутагт хүний амьдрах орчин Улаанбаатараас доогуур байгаа учраас л залуус тийш очиж, ажиллаж амьдрахыг бодохгүй байна. Тиймээс энэ ялгааг бид байхгүй болгох ёстой. Хэрэв үүнийг шийдэж чадвал Улаанбаатарт байгаа утаа, түгжрэл, хүн амын төвлөрөл зэрэг олон асуудлыг давхар шийдээд явах боломжтой.

Мэдээж Улаанбаатар хотод хөрөнгө оруулалтууд хийлгүй яах вэ. Гэхдээ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүс нутагт хийх ажил, арга хэмжээгээ тодорхой болгох хэрэгтэй. Сонгуулиа бид бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулчихлаа. Гэвч төсвийн хүрээнд энэ чиглэлд бодитой ажил хийгдэхгүй байгаа. Зүүн бүс дээр л гэхэд аялал жуулчлалын бүс болгоно, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах бүс болгоно гээд зарлачихсан. Гол нь түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөвт суулгасан тодорхой ажил байхгүй байна. Үүнийг өөрчилж байж л хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн амьдрал ахуйг сайжруулна.

-Ер нь хөдөө орон нутагт бизнес эрхлэгчдэд бий болдог давуу болон сул тал нь юу байдаг вэ?

Хөдөө орон нутагт бизнес эрхэлнэ гэхээр зах зээл багатайн дээр хүний нөөц боловсон хүчний асуудал тулгардаг. Боловсролтой, чадвартай залуус нь гадаадад, эсвэл Улаанбаатарт суурьшчихдаг. Эдгээр залуус орон нутагт очиж ажиллах сонголт хийнэ гэдэг тун хэцүү зүйл. Хамгийн энгийн жишээ. Хүүхдээ сайн хувийн сургуульд сургая гэхэд тийм боломж байхгүй. Тэгэхээр бид хөдөө орон нутгаа хөгжүүлье гэж байгаа бол эдийн засаг, нийгмийн гэлтгүй бүх салбарт хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй. Нөгөө талдаа хөдөө орон нутагт ажиллаж амьдрахын давуу тал бий. Тухайн орчинд орчин үеийн олон талын үйлчилгээ дутмаг байгаагаас залуус тэр орон зайд шинэ төрлийн бизнес нэвтрүүлж ажиллаж боломж байна. Жишээлбэл, Улаанбаатарт кофе шоп ажиллуулъя гэвэл энэ их өрсөлдөөн дунд олон хүндрэл бий шүү дээ. Гэтэл эсрэгээрээ энэ үйлчилгээ нь орон нутагт илүү хөл дээрээ босох боломжтой гэдэг ч юм уу. Энэ мэт давуу тал байдаг.

-Татварын багц хууль энэ хаврын чуулганаар хэр урагштай байж чадна гэж та харж байна?

-Ер нь бид гал унтраах зорилгоор ажил хийдгээ багасгах ёстой. Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн хуулийн төслийг батлах ёстой. Хэлэлцүүлгийн шатанд яваа Татварын багц хуулийн төслийн талаар сонсоход хүлээлтэд хүрэхээргүй байгаа. Тиймээс энэ хуулийн төсөл дээр хөнгөн хуумгай хандаж болохгүй гэдэгт намын бүлэг дээр нэгдсэн байр суурийг илэрхийлж, ажлын хэсэг дээрээ нэлээд сайн төвлөрч ажиллана.

-Нэгэнт хаврын чуулганаар орох хуулийн төсөл асуусан дээрээ нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой хуулийн төслийг онцлон асуумаар санагдлаа. Та энэ хуулийн төсөлд ямар байр сууринаас хандаж байгаа вэ. Олон нийтийн дунд Ардчилсан намын сайд нь хөрөнгө хураах талаар ярилаа гэж шүүмжлэх хүмүүс байгаа?

-Энэ хуулийн төсөлтэй холбогдуулаад намын бүлэг дээр ярьж, хэлэлцсэн зүйл байхгүй байна. О.Алтангэрэл сайдын хуулийн төсөлтэй холбогдуулан хэвлэлд өгч байгаа мэдээллээс мэдээлэл авч байна. Ер нь бид хуулийн хэрэгжилтийг л харах ёстой. Хууль ямар нэгэн хоёрдмол утгагүйгээр хэрэгждэг байх ёстой. Аливаа аж ахуйн нэгжийн хөрөнгийг хураана гэвэл бид түүнд нэлээд нухацтай хандах ёстой. Яагаад гэвэл компани хууль зөрчөөд явбал хуулийн этгээд гэдгээрээ хуулийн хариуцлагаа үүрээд л явна. Гол нь тэр компанид давуу эрх олгож байгаа улс төрийн өндөр дээд албан тушаалтан буруутай үйлдэл хийсэн байвал тэнд хариуцлагын асуудлыг гаргаж ярих ёстой. Өнгөрсөн хугацаанд хариуцлага тооцож ирсэн нь тун цөөн. Тэгэхээр бид өндөр албан тушаалтны гэмт хэргийг түлхүү ярих ёстойгоос биш аж ахуйн нэгж рүү хандаад байж болохгүй. Тухайлбал, энэ чиглэлд хуулийн төсөл дээр хэрхэн ялгаж салгаж байгаа вэ гэдэгт төдийлөн мэдээлэлгүй байна. Хуулийн төслийг өргөн барьж, УИХ дээр хэлэлцүүлэг эхэлсэн үед намын бүлэг ч нэгдсэн байр сууриа илэрхийлнэ байх.

-Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахдаа огт эргэлзээгүй-

-Намрын чуулган завсарласны дараагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал хөндөгдсөн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн боловсруулсан албан бичигт Ж.Баярмаа гишүүн та хоёр хамгийн анх гарын үсэг зурахаа илэрхийлсэн. Та яагаад энэ шийдвэрийг гаргасан юм?

-Тухайн үед томилолтоор тойрогтоо ажиллаж, залуучуудтай уулзалт хийгээд явж байсан. Миний хувьд энэ асуудалд эргэлзээгүй. Тойргийнхоо олон иргэдтэй уулзаад явж байхад төрд итгэх итгэл өдрөөс өдөрт багасаж байгааг хэлж байсан. Эх орондоо итгэл алдарна гэдэг урт хугацаандаа ямар хор уршигтай вэ гэдгийг бид бодоод үзэх хэрэгтэй. Ирээдүйд эх орноо авч явах залуучууд нь энд үлдэхгүй нь гэдгийн маш том дохио. Тиймээс Засгийн газар ч тэр асуудлын хаана нь явна вэ гэдгээ бодитоор нь гаргаж хэлдэг байх хэрэгтэй. Илүү дутуу пиаргүйгээр, илүү дутуу попролгүйгээр. Маш том пиар баг ажиллуулаад, үйл ажиллагаагаа рекламдах байдлаар ажилладаг Засгийн газартай байж болохгүй гэж бодсон учраас би гарын үсгээ зурсан юм.

-Энэ асуудал танай нам дотор нэлээд зөрчилдөөн үүсгээд амжих шиг болсон. Ер нь танай намын уур амьсгал хэр байна?

-Ямар ч асуудалгүй. Би УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд уг асуудалд хандсан. Бусад гишүүд ч үүнд хүндэтгэлтэй хандсан. Хэн нь ч намайг боль гэж хэлээгүй, буруу зүйл хийлээ гэж зэмлээгүй. Ганц нэг буруу тийш хандсан өнгө аястай хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Тэгэхээр манай намын хувьд ямар ч асуудал байхгүй гэсэн үг.

-Тухайн үед АН-ын дарга Л.Гантөмөр зарим гишүүдэд хариуцлага тооцох талаар ам алдсан байдаг?

-Хэвлэлээр энэ мэт мэдээллүүд гарч байсан. Л.Гантөмөр сайд ордны коридорт явж байхдаа үгийн алдаа гаргасан болов уу гэмээр ярилцлагуудыг өгсөн байсан. Албан ёсоор тэгж хэлсэн зүйл байхгүй. Хэрэв ярьсан бол энэ нь өөрөө маш буруу асуудал. Намаасаа нэр дэвшүүлж, сонгогдож гарч ирсэн байхад эргээд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхэд тэгж халдаж болохгүй.

-Гэхдээ танд шүүмжлэл ирээгүй гэж үү?

-Ер нь том төслөөр далайлгаж, Монголоо хорлох гэж байна, хөгжлийг гацаах гэж байна зэргээр ярих хүмүүс байна. Гэтэл би эсрэгээрээ энэ том төслүүдээс дэмжих ёстойг нь дэмжиж байгаа. Бүгд л ач холбогдол өндөртэй төслүүд. Гол нь өнөөдрийн Засгийн газрын тэргүүний явуулж байгаа хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын индекс ухарч буй байдал зэргээс харвал энэ чиглэлд дорвитой ажил хийж чадахгүй байна гэж харсан учраас дэмжихгүй гэх байр сууриа л илэрхийлсэн. Түүнээс биш нам юм уу Засгийн газрын асуудал болгоод байсан зүйлгүй.

-Хариуцлага тооцохтой холбоотой мэдээлэл гарсны дараагаар Ардчилсан нам нь хүртэл дотоод ардчилалгүй болжээ гэх зүйлийг олон нийт хэлж байсан. Таны харж буйгаар Ардчилсан намын дотоод ардчилал хэр вэ?

-Дотоод ардчилал сайтай нам шүү дээ. Би МАН-ын бүлгийн хуралд орж үзсэнгүй. Гэхдээ манай намынхан чинь намын даргатайгаа хүртэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд, санал солилцоод явж байдаг шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа

Б.Билгүүн: Цуврал дуустал хэрхэн тоглохоо багаараа ярилцаад, өнөөдөр бүрэн хэрэгжүүлж чадлаа
Б.Билгүүн: Цуврал дуустал хэрхэн тоглохоо багаараа ярилцаад, өнөөдөр бүрэн хэрэгжүүлж чадлаа
 
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Сэтгэгдэл (26)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!