Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, өмссөн хувцас, харилцаа хандлагаараа үйлчлүүлэгчдээ хүндэлж, соёл түгээдэг Улаанхуаран-ТЭЦ 3 чиглэлийн автобусны жолооч С.Жамсрандоржийг UBN сайт онцолж ярилцлаа.
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Содномбалжир овогтой Жамсрандорж гэдэг. Автобус тээвэр нэг баазад 13 дахь жилдээ ажиллаж байна.
-Та ажилдаа хэзээнээс костюм өмсөж эхэлсэн бэ?
-2024 онд шинэ автобусаа хүлээж аваад л өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье. Жолооч гэхээр л тостой жолооч гэж ярьдаг байдаг гэсэн түгээмэл ойлголтыг өөрчилье гэж шийдсэн. Автобус бол үйлчилгээний байгууллага. Банканд ороход биднийг ямар орчин ямар хүмүүс угтдаг билээ. Тиймэрхүү хүмүүсээс дутахааргүй л үйлчилгээ үзүүлэх ёстой гэж боддог. Тэр ч утгаараа хувцаслалтдаа ингэж анхаарах нь миний хувьд өөрийнхөө хэмжээнд ажлаа, бааз байгууллагаа, үйлчлүүлэгчдээ хүндэлж байгаа хүндлэл.
-Өдөржингөө жолооны ард суугаад явахад энэ хуьцаслалт тухгүй биш үү?
-Хүмүүс тэгээд байдаг юм. “Бие чинь барихгүй байна уу. Эвгүй биш байна уу” гэж их асуудаг. Би хүүхэд байхаасаа л иймэрхүү хувцаслалтад дуртай байсан болохоор өмсөөд сурчихсан. Огтхон ч тухгүй санагддаггүй.
-Та зорчигчиддоо ингэж хүндэтгэлтэй хандаж байгаа болохоор зорчигчдоосоо ч хүндлэл мэдэрдэг байх?
-Тэгэлгүй яахав. Хамгийн гоё нь тэр шүү дээ. “Ямар гоё хувцастай жолооч вэ. БАЯРЛАЛАА" гэх үгсийг өдөр бүр сонсох хамгийн ГОЁ МЭДРЭМЖ. Дайвар хүнээс баярлалаа гэх үг сонсох хамгийн гоё шүү дээ.
-Та яагаад автобусны жолооч болохоор шийдсэн бэ. Үе дамжсан автобусны жолооч гэж сонссон. Үнэн үү?
-Хоёр талын хоёр өвөө 2-уулаа автобусны жолооч. Аав автобусны жолооч. Ээж бас автобусанд кондуктраар ажилладаг байсан. Хүүхэд нас минь автобус баазад өвөөгийн, аавын хамт олон дунд өнгөрсөн гэж хэлж болно. Тийм болохоор багаасаа л автобусны жолооч болохыг мөрөөддөг байсан гэж хэлж болно. Одоо бол мөрөөдлөө биелүүлээд л явж байна.
-Таны автобус бас их гоё цэвэрхэн юм. Маш гоё тав тухтай мэдрэмжийг төрүүлж байна?
-Энэ бол миний хоёр дахь гэр. Тиймээс чадахаараа гоё тохижуулж, цэвэрхэн байлгахыг хичээдэг. Манай баазад автобусны цэвэрлэгээ хариуцсан хүмүүс бий. Цэвэрлэгээ бол тэдний ажил гээд даатгаад үлдээхийг хүсдэггүй. Орой буучихаад хамтарч цэвэрлэчихээд ажлаасаа буудаг. Аавын минь өвөөгийн минь нэр хүнд намайг дагалдаж явдаг учраас ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, тэднийхээ нэрийг сэвтээхгүйг хичээж явдаг.
-Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?
-Стресстэхгүй байхыг хичээдэг. Замын түгжрэлээс эхлээд стресстэх шалтгаан олон бий. Гэхдээ энэ бол бүх хүний л толгойны өвчин болсон асуудал. Тийм байхад түгжрээд байна гээд ялархаад, бухимдаад байж болохгүй. Тиймээс уурласан, бухимдсан төрхийг зорчигчиддоо харуулахгүйг хичээж өөрийнхөө хэмжээнд чадахаараа гэрэл түгээхийг л зорьдог.
Сэтгэгдэл (29)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!