"Мизес Монгол" ТББ-ын судлаач Э.Оргил-Эрдэнэтэй ярилцлаа.
----------------------------
-Монголбанк мөнгөний бодлогыг дахин хатуурууллаа. Энэ нь мэдээж инфляцыг хазаарлах зорилготой. Гэвч Засгийн газар 14 мега төслөө хэрэгжүүлэх ёстой байдаг. Харин том төслүүд нь төрийн худалдан авалтаар дамжин инфляцыг халаах болно шүү дээ. Мега төслийн үр дагавар нь ирээдүйд бидний үр хойчид маш том өр болж, үүнийг төлөх сөрөг үр дагавартай болохыг та анхааруулжээ?
- Энэ бол маш том аюул. Яагаад гэвэл зээлийн тэлэлт бий болгох нь өөрөө бизнес мөчлөгийн онолоор цаасан дээр эдийн засгийн асар их өсөлт бий болгож байгаа юм шиг мөртлөө бодит байдал дээр инфляцын хямрал руу түлхэж байдаг. Нөгөөталд, инфляц нь өсөөд л байна.
Одоо 14 мега төсөл бараг 90 хувь нь Хятадаас шууд хамааралтай болж эхэллээ. Энэ нь Хятадын өрийн хавхны дипломаси гэж байдаг. Өөрөөр хэлбэл, өрхийн урхинд шууд орж байна. Нэг улсаас гадаад өр зээл хэтэрхий хамааралтай болж эхлэхэд Хятадын бодлого Монголд бүхэлдээ хэрэгжиж буй нэг хэлбэр мөн.
Хятад өрийн хавхны дипломасыг 20, 30 улсад хэрэгжүүлж байгаа. Жишээ нь, Тажикстан хэдхэн жилийн өмнө газар нутгаа алдсан шүү дээ. 1198 км кв газар нутгаа өрөндөө өгсөн байдаг. Үүнтэй адил бас бус өчнөөн улс өөрсдийн боомтыг алдсан, 99 жилээр түрээслүүлэх байдлаар алдсан. Энэ мэтчилэн том гүрнүүд олон янзаар өрийн урхийг хэрэгжүүлдэг. ОХУ-ын тухайд эдийн засгийн коридор гэж олон услын байгууллагаар дамжуулан асар их төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэвч энэ нь цэвэр их гүрний бодлого байдаг. Монгол Улсыг өнөөдрийн түвшинд харахад Хятадын эдийн засгийн бодлогын нэг хэсэгт бид өөрсдөө гүйгээд орж, энэ өрийн хавханд орж байгаа юм биш үү гэж би харж байна.
ХЯТАДЫН ӨРИЙН ХАВХНЫ ДИПЛОМАСИ ДЭЛХИЙ ДАХИНД ХҮЧТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙХАД БИД ГҮЙЖ ОРОХ ШААРДЛАГАГҮЙ. 14 МЕГА ТӨСЛИЙГ ЭРЭМБЭЛЭХ ЁСТОЙ
- Уг нь эдийн засгийг тэлэх зорилготой биш үү. Нөгөөтэйгүүр, газарзүйн байршил геополитикийн хувьд манай улс хоёр хөршөөс хараат бус байх боломжгүй. Тиймээс гуравдагч хөршийн бодлого хамгийн чухал байдаг. Энэ утгаараа сүүлийн хоёр жил төрийн айлчллалууд их боллоо. Харин үр дүнгээ өгөх хүлээлт хэр байна?
-Монгол Улс гадаад бодлогын хувьд сайн гэж боддог. Гэхдээ ОХУ, Украины дайнтай холбоотой Орос Хятадын харилцаа илүү сайжрах төлөвтэй, илүү хамтран ажиллах нөхцлүүд нь бүрдсэн. Энэ бол бидэнд нэг талаараа том эрсдлийг дагуулж байгаа. Бид гурав дахь хөршийн бодлого гэж ярьдаг ч манай улсын гадаад бодлогын бичиг баримт дээр нэн тэргүүнд хөршүүдтэйгээ найрсаг сайн харилцаатай байх ёстой гэдэг. Мэдээж Орос, Хятадтай ойлголцох нь зөв ч заавал 14 мега төслийг яг одоо цаг хугацаанд, Хятадын өрийн хавхны дипломаси гэх зүйл дэлхийд хүчтэй явж байхад бид гүйж орох ямар ч шаардлага байхгүй. Бид эрэмбэлэх ёстой.
Жил бүр бид алдагдалтай төсөв баталж, жил бүр өрийн системийг тэлээд байна гэсэн үг. Улам л амьдрал хэцүүдэж байна. Бид заавал 14 мега төслийг хэрэгжүүлэхээс илүү иргэн хүний нуруун дээр очиж байгаа дарамтыг багасгах ёстой. Эсрэгээрээ татварыг бууруулах ёстой, төрийн оролцоог багасгах ёстой.
1.1 сая иргэн ажил хийж амьдрахын төлөө зүтгэж байхад төрийг данхайлгаж 290 мянган төрийн албан хаагч бий болгож байгаа нь сүйрэл шүү дээ. Үүнийг багасгах ёстой. Жишээ нь, олон улсад Аргентин, АНУ дорвитой арга хэмжээ авч эхэллээ. Аргентин ганц жилийн дотор төрийн албан хаагчдаа бараг 37 мянгаар цомхотголоо. АНУ үргүй зардлыг бүгдийг танаж хулгай луйврыг ил болгож байна. Бидэнд ийм зүйл байхгүй. Эрх баригчид нэг талдаа гарч улам л гүнзгийр ч байна. Сэтгүүлзүйн салбар ч өөрсдөө халаасанд нь орох шиг боллоо.
- Та яриандаа хэд хэдэн асуудлыг хөндлөө. Ялангуяа эдийн засгийн өсөлт нь инфляцын хямрал руу түлхдэг гэлээ?
- Дээр хэлсэнчлэн зээлийн тэлэлт болгох нь цаасан дээр эдийн засгийн асар их өсөлт бий болгож, томоохон компаниуд, шинэ мөнгөнд хүрч байгаа хүмүүс нь илүү их давуу талыг олно. Үүнийг арилжааны банкуудаар тайлбарлая. Жишээ нь, өнгөрсөн оны Топ-6 арилжааны банкны нийт цэвэр ашиг 1.7 их наяд төгрөг. Гэтэл мөнгөний нийлүүлэлтээс үүсэж байгаа хамгийн том ашгийг түрүүлж хүртсэн нь энэ ашгийг авч байгаа юм. Харин цаг хугацааны явцад мөнгө тарах шат дамжлага бүрт төгрөг үнэ цэнээ алдаж байгаа нь хамгийн том аюул. Өөрөөр хэлбэл, инфляц бий болгох замаар дунд, доод давхаргаас дээш чиглэсэн баялгийн дахин хуваарилалт хийж байна гэсэн үг. Үүний адил 14 мега төсөл нь их хэмжээний өр зээл тавьж инфляц нэмэгдэнэ.
Монгол Улсын хувьд авч үзвэл, нэг талдаа асар их мөнгө хэвлэж нөгөөталд бодлогын хүүгээ чангалж байгаа нь төвбанкаар дамжуулж манифуляц /удирдах, өөрийн зорьж байгаа зүйлээ хийлгэх/ хийж байна гэсэн үг.
Сонгуулийн жил 5.9 их наяд төгрөг хэвлэж иргэдийн мөнгөөр өөрсдийг нь худалдан авч буй л хэлбэр. Одоо эдийн засаг хүндэрч эхлэхэд татвар нэмэхээс эхлээд бодлогын хүүг чангаруулж байна. Төвбанкаар дамжуулан манифуляц хийхээр баялгийн тэгш бус хуваарилалт бий болдог. Хөнгөлөлтэй зээл хөтөлбөрүүд гаргах тусам төртэй хамтарсан компаниуд 3 хувийн ч юм уу, асар бага хэмжээний зээл авч байгаа шүү дээ. Гэтэл зах зээлийн зарчмаар 20 хувийн хүүтэй зээл авч буй жижиг дунд бизнесүүд өрсөлдөх боломжгүй болж байна гэсэн үг. Тийм биз. Жишээ нь, Монголд 99 мянган компани бүртгэлтэй. Тэдний 40 хувь нь X тайлан өгдөг. Үлдсэн компаниудын 85 хувь нь 1-9 ажилтантай байгаа байхгүй юу. Энэ нь бодлогын хүүг төвбанкнаас монофоль байдлаар шууд удирдаж байгаа нь жижиг дунд үйлдвэр томрохгүй байх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, төртэй хамссан том бизнесүүд, эсвэл картелууд танил талтай хүмүүс л зээлийг авч байна. Гэтэл зах зээлийн зарчмаар бор зүрхээрээ явж буй жижиг дунд бизнесүүд хохироод үлдэж байна шүү дээ. Энэ нь өөрөө хамгийн хортой. Нөгөөталд, энэ нь үнийн сигналыг будилуулдаг.
- Жишээ нь?
- Хөгжлийн банкаар дамжуулан нэг хэсэг асар их хөнгөлөлттэй зээлүүд гаргахад гурилын салбарт маш сонин үзэгдэл ажиглагдсан. Гурилын үйлдвэрүүд улсын хэмжээнд 10 сая хүний буюу дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай. Гэтэл Хөгжлийн банкаар дамжуулан гаргасан хямд хүүтэй их зээлийн төлөө бизнеснүүд уралдсан. Ингээд л энэ зээлийг авсан бизнесүүд гурилын салбар луу орж, улмаар дампуурсан. Учир нь, зах зээл дээр үнийн сигналыг будилуулах нь бодит байдал дээр биелэлээ олж хямд хүүтэй зээл авсан компаниуд дампуурсан байхгүй юу. Тэгэхээр бодлогын хүүг хүчээр тогтоох нь ийм сөрөг үр дагавартай.
БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨНӨ ГЭДЭГ НЬ ЭДИЙН ЗАСГИЙГ ХУМЬЖ БАЙГАА ХЭЛБЭР
- Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хүргэж зээлийн нөхцлийг чангаруулах бодлого барьсан нь “Та нар их зээл авч байна шүү, танагтай байгаарай” гэсэн л сигналь өгөх шиг боллоо. Гэвч өнөөдөр инфляц, бодлогын хүүгийн шийдвэр улс төр, төвбанк, эсвэл хэвлэл мэдээлэл зэрэг тодорхой хэсэг бүлэгт л хамаатай юм шиг явж ирлээ. Иргэдийн хувьд өнөө маргаашийн талхны мөнгөө хэрхэн олох нь чухал болохоос инфляц, бодлогын хүүг тэр бүр анхаардаггүй. Гэвч нөхцөл байдал улам хүндрэх үү?
- Хүндэрнэ. Гэхдээ би зөвхөн Монгол Улсад ийм байна гэж хэлэхгүй. Яагаад гэвэл, дэлхийн аль ч улсад төвбанкны систем бодлогын хүүг шууд удирдаж байгаа шүү дээ. Бодлогын хүүг байсхийгээд оролдох нь эдийн засгаараа их тоголж байна. Нөгөөталд, эдийн засаг хүндэрч байгаагийн хэлбэр. Эдийн засаг уруудах шинжтэй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байдаг. Бидний өр зээлийн системийг томруулахын хэрээр цааш үүсэх хямрал нь улам томордог. Тэгэхээр, бодлогын хүүг БУУРУУЛАХ нь зээлийн тэлэлтийг бий болгох замаар зах зээлд илүүдэл мөнгө нийлүүлнэ. Энэ нь хүмүүс илүү өндөр үнээр бараа бүтээгдэхүүн авна. Бодлогын хүүг ӨСГӨНӨ гэдэг нь эдийн засаг дахь зүйлээ эргүүлээд татаж байгаа хэлбэр. Өөрөөр хэлбэл, бодит зах зээлийн хүү рүү ойртуулах гэж байгаа л нэг хэлбэр. Үүнийг ганцхан Австрийн эдийн засгийн онолын Дэг сургуульд зааснаар, зах зээлийн жамаараа хүү тогтож байх ёстой юм. Тэгээд яах вэ, Монголбанк бодлогын хүүг нэг бууруулж, нэг өсгөөд байна. Энэ нь ер нь зах зээлийн зүй тогтлыг гажуудуулж байна гэж үзэж байгаа юм.
- Тэгэхээр бид сэтгэлээр унаад эхлэв үү. Аль эсвэл бүр сэтгэл гутралд орох хэмжээнд хүрсэн үү?
- Эрх баригчид сонгуулийн жил бүр л мөнгө хэвлэдэг. Гэхдээ өнгөрсөн оны тухайд нэлээн өндөр хувьтай мөнгөний нийлүүлэлтийг 5.9 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ бол Монголын түүхэнд байхгүй их тэлэлт байхгүй юу. Энэ нь хожим үр дагавартай шүү дээ. Сонгуулийн жилд зах зээлийн тэлэлтийг бий болгосноор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэрэгслийн тоо хэмжээ нь нэмэгдэхгүй мөртлөө үүнээс давсан хэмжээний их мөнгө хэвлэсэн нь өөрөө үнийн өсөлт болж харагдаж байгаа юм шүү дээ. Үүнийг инфляц гэж нэрлэдэг. Тэгвэл хүмүүс үүнээс хэрхэн зайлсхийх вэ? гэвэл мөнгөний нийлүүлэлт төрийн оролцоог багасгахын төлөө л дуугарч тэмцдэг байх ёстой. Аль ч улс оронд үүнийг зохион байгуулалттай бодлогоор хийдэг ч үүнийг ойлгох нь их чухал л даа.
-АНУ болон Монгол Улсын бодлогын хүүгийн зөрүү их гарч байна. Үүний зэрэгцээ төсвийн тэнцлийн алдагдал хавсарвал нэлээн хүнд нөхцөл байдал руу орох шинжтэй.Судлаачийн хувьд та хэрхэн харж байна вэ?
-Ер нь бол олон улс оронд инфляцын хямрал явагдаж байна. Энгийн жишээгээр тайлбарлавал, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг том зургаар нь авч үзвэл 100 гаруй триллион ам.доллар. Үүний өр нь 350 орчим триллион ам.долларт очсон. Энэ нь төвбанкнаас мөнгө хэвлэдэг, эсвэл бонд гаргадаг.
Засгийн газар, төвбанк хоорондоо өрийн системээ нэмээд л аргацааж байгаа нь инфляцын хямрал гүнзгийрээд л байна гэсэн үг. Эцсийн зогсоол нь асар хүчтэй эдийн засгийн хямрал руу оруулна.
Жишээ нь, Америкийн 2008 оны санхүүгийн хямралын шалтгаан нь моргажийн асар хямд зээлүүдийг олон жилийн хугацаанд гаргасан. Гэтэл тэр нь энэ салбартаа асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, өөрөөр хэлбэл зээлийн тэлэлтийг илүү томруулсаар эцсийн бүлэгт бизнес мөчлөгийн онолоор уналтад орж систем нурах эрсдэл рүү орж үүссэн байхгүй юу. Улмаар 2008 оны санхүүгийн хямрал болсон. Үүнтэй адил хэрэв бид мөнгө хэвэлж төрийн оролцоо эдийн засагт тэр хэмжээгээр инфляцыг л үйлдвэрлээд байна гэсэн үг. Ерөөсөө мөнгөний нийлүүлэлтийн өсөлт гэдэг бол инфляц гэсэн үг. Үүнийг бол эдийн засгийн ухаанд аль онолын сургуулиас хамаарч зарим нь шууд үнийн өсөлт гэж тайлбарладаг. Үнийн өсөлт гэдэг нь үр дагавар болохоос биш тухайн мөнгөний үнэ цэнэ өөрөө алдаж буй хэлбэр байхгүй юу.
-Гэтэл мөнгөний бодлогыг чангаруулна гэдгийг төвбанк өнгөрсөн намраас л инфляци өсөхөд сануулах байдлаар хүүг алгуур нэмэх байдлаар дохио өгч байсан шүү дээ. Төвбанк 2027 оноос инфляц зорилтот 5 хувийн интервалд хүрнэ гэдгийг мэдэгдсэн. Энэ хүртэл бодлогын хүү буурахгүй, зээл хумигдана, эдийн засагт бүсээ чангална гэж ойлгох уу?
-Тийм. Одоо бол мөнгөний нийлүүлэлттэй холбоотой зах зээлд зээлийн тэлэлт үүсэж байгаа болохоор эхлээд графикаар яривал шууд өсөлт үүснэ. Өөрөөр хэлбэл, илүүдэл мөнгө зах зээлд цутгасны үр дагавар нь, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэрэгслийн тоо хэмжээ нэмэгдэхгүй мөртлөө түүнээс давсан тоо хэмжээний мөнгийг нийлүүлэхээр нэгж бүтээгдэхүүнд оногдож буй төгрөгийн хэмжээ ихэснэ гэсэн үг. Энэ болд харагдах байдлаараа үнэ өснө. Цаасан дээр бол эдийн засаг өсч харагддаг. Тэгэхээр өнгөрсөн оны ДНБ-ийн 4.9 хувьтай гарлаа гэж сүртэй зарлаад байгаа шүү дээ. Бодит амьдрал дээр, энэ нь зах зээлд илүүдэл мөнгө нийлүүлж байна гэсэн үг. Энэ бол инфляцын хямралыг бий болгож байгаа. Энэ нь нэг нэгж бүтээгдэхүүнд оногдож буй төгрөгийн хэмжээ өсөхөөр үнэ өснө. Тиймээс бодлогын хүүг хатууруулах нь зөв гэхээс илүү энэ систем нь өөрөө ийм нөхцөл байдал руу очсон.
ИНФЛЯЦЫН ХЯМРАЛ УДААН ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛБЭЛ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ БИЙ БОЛНО. ИРГЭД БАРУУН ХАЛААСАА ТЭМТРҮҮЛДЭГ БАЙСАН БОЛ ОДОО БАРУУН, ЗҮҮНГҮЙ ТЭМТРҮҮЛЖ БАЙНА
- Бодлогын хүү эргээд 2022-2023 оны өндөр хувь руу очих нь. Анзаарвал, түүхэндээ инфляц, бодлогын хүү нэг шугам дээр ирсэн тохиолдол байхгүй. Ингэхэд инфляц, бодлогын хүүгийн савлагаа чөлөөт зах зээлд шилжээд эдийн засгийн бүтэц нь буруу явж ирэв үү. Аль эсвэл төр эдийн засагт гар дүрэх болсонтой холбоотой юу?
- Өнөөдрийн хямралын тайлбарлавал, мэдээж эдийн засаг дахь төрийн оролцооноос үүдэлтэй. Сүүлийн найман жилийн хугацаанд улсын төсөв 12 их наядаас 30 гаруй их наяд болж бараг гурав дахин өслөө. Энэ нь мөнгөний нийлүүлэлт, төрийн оролцоо өндөр байгаагийн шинж. Төрийн оролцоо өндөр байсан аль ч салбар ер нь дампуурдаг л түүхтэй. Энэ бол угаасаа нотлогдсон.
Инфляцын хамгийн хор уршигтай нь, нийгэмд үймээн самууныг бий болгодог. Түүхэн баримтуудаар яривал, эртний Ромын эзэнт гүрэн сүйрэх болсон шалтгаан инфляц. Хэрэв инфляцын хямрал цаашид урт хугацаанд үргэлжилбэл эмх замбараагүй байдал бий болно.
Хүмүүс баруун халаасаа тэмтрүүлдэг байсан бол одоо баруун, зүүнгүй тэмтрүүлж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол аюултай.
- Нүүрсний орлого өндөр үед эдийн засаг 7 хувьд хүртэл өсөж, бодлогын хүү зөөлөрсөн. Энэ өсөлт иргэдэд мэдрдэгдсэн үү. Одоо зээлийн нөхцлийг чангаруулахаар иргэд банкуудаас зээл авч чадахгүй банк бусаас зээл авах өндөр хүүгийн дарамтанд орох байх?
- ДНБ-ий өсөлт энгийн иргэнд очиж буй хэлбэр биш. Одоо нүүрсний орлого тодорхой хэдэн том компани дээр л очиж байгаа. Сүүлдээ 44 их наядын хулгай гэж баахан ярилаа. Үүнийгээ нэг хэсэг ярьж байгаад намжаах хэлбэр лүү орж байх шиг. Өөр янз бүрийн сенсац гаргаж байна.
Нүүрсний орлого иргэнд очиж буй хэлбэр ерөөсөө ч биш. Энэ бол шууд утгаараа төр хувийн хэвшлийн хамтарсан картелуудаас үүдэлтэй баян ядуугийн зааг ялгааг л томруулж буй хэлбэр.
Иргэнд бодит орлого нэмэгдэх нөхцөл нь тэр татварын дарамтыг л болиулах хэрэгтэй байхгүй юу. Чөлөөт зах зээлийн зарчмаар 20 хувийн хүүтэй бизнесийн зээл авч үйл аижллагаа эрхэлж байхад төрийн оролцоотой 3 хувийн хүүгийн зээлтэй том компаниуд надтай өрсөлдвөл би л ялагдана. Энэ зүйлээ л болих хэрэгтэй. Том компаниуд нь хэтэрхий томорч, жижиг дунд нь улам агшиж бүр ядуу хүмүүсийн тоо улам нэмэгдэж бүр хэцүү болж эхэлж байгаа шүү дээ. Бодит амьдрал дээр, ургамлын тос граммаар зарж байгаа шүү дээ.
ХҮМҮҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГГҮЙ БАЙДАЛ ДЭЭР ЭРХ БАРИГЧИД МАНИФУЛЯЦ ХИЙЖ, ХАА БАЙСАН АНУ-ЫН ТАРИФТАЙ ХОЛБОЖ ЭСВЭЛ ОЙЛГОМЖГҮЙ ГРАФИКААР ТАЙЛБАРЛАДАГ
- Харамсалтай нь, таны хэлсэнчлэн төр эрх мэдлээрээ далайлгаж мөнгө хэвлэдэг, инфляцыг өдөөдөг. Харин инфляцыг иргэд ойлгохгүй бол бид уруудаж тэд амьдралаас тасарсаар байх болно гэдгийг та сануулж байсан шүү дээ. Магадгүй доод түвшин улам гүнзгийрэх ч байх?
- Дээр хэлсэнчлэн Монголд байгаа компаниудын 85 хувь нь 1-9 ажилтантай байна гэдэг нь дундаж давхарга зах зээлийн зарчмаар өсөх боломжийг нь төрийн оролцоо үгүй хийж байна. Төр зах зээлд ямар нэг хэлбэрээр хөнгөлөлттэй зээл гаргаж, мега төсөл, бүтээн байгуулалт нэрээр асар их мөнгө нийлүүлж байна шүү дээ. Сонгуулийн жил бүр ч ойлгомжтой. Үүний үр дагавар нь инфляцын гүн хямралыг бий болгодог. Үр дагаварыг нь төсөөлөхөд хэцүү л дээ. Энэ байдлаараа бид удаан явбал эдийн засаг хүндэрнэ. Ер нь иргэд эрх баригчид жил бүр нэг зүйл ярьдаг. Иргэдийн олонх эдийн засгийн мэдлэг тааруу гэж хэлэхэд болно. Энэ бол ганц Монголд биш дэлхий нийтээр ийм байдаг гэхэд болно. Хүмүүсийн эдийн засгийн мэдлэггүй байдал дээр эрх баригчид манифуляц хийж тоглодог. Үүнийгээ тайлбарлахдаа АНУ-ын тарифын бодлоготой холбодог эсвэл элдэв янзын бөөн график ярьж толгой эргүүлдэг. Бодит амьдрал дээр бидний гадаад өр нэмэгдсээр л байдаг.
- Уг нь дундаж давхарга хүчтэй бол инфляцын дарамт бага байна шүү дээ?
- Одоо эдийн засаг дэндүү хөөсөрсөн. Би хувьдаа одоогийн бүтэц хагарахад бэлэн болсон гэж үзэж байгаа. Тиймээс энэ бүтцийг хамгаалахын тулд тэдэнд мөнгө хэрэгтэй. Үүний тулд янз бүрийн том төсөл хөтөлбөр бодж олоод зээл хэлбэрээр гаднаас авна. Сонгуулийн цикл болоход иргэдийг дахин худалдан авна.
Ер нь бидний өр зээл томроод байгаа болохоос биш иргэдийн гар дээр ирж буй бодитой мөнгө үнэ цэнтэй байхаа больж эхэлж байна шүү дээ.
- Төвбанк төрөөс хараат бус бие даасан байх боломж байна уу?
- Төвбанкк хараат бус байх хэцүү. Жишээ нь, жижиг дунд хөнгөлөлттэй зээлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд төв банкаар л дамжина. Төвбанкаар асар хямд зээл гаргана. Мэдээж арилжааны банкууд хямд зээл гаргах дуртай. Яагаад гэвэл түрүүлж мөнгөн хүрч байгаа гэдгээрээ хамгийн их ашгийг хийнэ. Тиймээс байнга дэмжиж байдаг. Ер нь төвбанкны ерөнхийлөгчийг эрх баригчид сонгодог гэхээс илүүтэй магадгүй арилжааны банкуудын картелжсан хүмүүсийн нөлөө илүү ордог байх гэж боддог. Яагаад гэвэл, жил бүр төвбанкнаас гаргаж буй хөнгөлөлттэй зээлүүд чинь арилжааны банкууд л хамгийн түрүүнд ашиг хүртнэ шүү дээ.
-Магадгүй ковидын үеэс ч хэцүү хямрал болно гэж үү?
-Тийм. Хамгийн гол нь, инфляц үйлдвэрлээд байгаа том хор уршиг нь нийгэмд эмх замбараагүй байдлыг бий болгоно. Хүмүүс энэ байдлаараа удаан тэсэхгүй. Энэ бодлогоор удаан явбал хүмүүс улам илүү ширүүн болно. Түүхэнд хамгийн аймшигтай үйл явдлууд инфляциас болж моралын хувьд нийгэм маш хүнд байдалд очдог. Элдэв янзын гэмт хэрэг гарахаас эхлээд сэтгэл сэртхийлгэм үйл явдал гардаг. Манайд хараахан гайгүй л байх шиг байна. Магадгүй нэг өдөр энэ систем нурж унахад иргэд маш хүчтэй дуугараад эсэргүүцэл тэмцэл үзүүлнэ гэж бодож байна.
- Өр зээл нэмэгдэхийн хэрээр ханшийн дарамт улам өсөх нь?
- Төгрөг үнэ цэнээ алдаж эхлэх чинь эдийн засгийн онолчдын тайлбарлаж байгаагаар үнэ өсөөд байан гэсэн үг. Жижиг дунд бизнесүүд илүү хийж бүтээе гэхэд Нийгмийн даатгал, НӨАТ, ХХОАТ зэрэг татвар нь нэмэгддэг. Үйлчилгээний зардал нийслэлийн дарамт улам нэмж байна. Бизнесийн орчныг хумьж байна л гэсэн үг.
ДӨРВӨН ТУТМЫН НЭГ НЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛЖ ТӨР ДАНХАЙЖ БАЙГАА НЬ ТӨВЛӨРСӨН ТӨЛӨВЛӨГӨӨТ ЭДИЙН ЗАСАГТАЙ БОЛЖ БАЙНА
-Уг нь өөрөө унасан хүүхэд уйлдаггүй л гэдэг. Харин бид орлого өндөр үед үрдэг, тасарвал гаднаас буруу хайдаг л байдалтай байна?
-Үнэндээ АНУ-ын худалдааны тариф Монголд бодит утгаараа инфакт үзүүлэхгүй шүү дээ. Яагаад гэвэл, төрийн бодлого байнга л инфляцыг үйлдвэрлэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, тасралтгүй өрийн системээ бид томруулаад байна гэсэн үг. Цаг хугацаа өнгөрөх тусам дунд, доод давхарга дээр очиж буй ачаалал нь илүү хүндэрч байна гэсэн үг. Би жижиг, дунд бизнесүүдийн жишээг татсан нь зөвхөн тэр 85 хувийн 1-9 ажилтантай хэдэн жил явж байгаа вэ. Одоо татварыг нэмнэ, ус, дулааны үнэ нэмэгдэхээр энэ нь дахиад л хумигдана. Тэгвэл нийгмийн доогуур түвшинд амьдарч буй хүмүүст төгрөг үнэ цэнээ алдахаар нэг бүтээгдэхүүн дээрх төгрөгийн нэмэгдэл нь үнийн өсөлтөөр бүр л хүнд тусна.
Жишээ нь, төрийн оролцоотой холбоотой нэг сонин жишээ татъя. Монгол Улсад 1.1 сая хүн буюу нэг сая нэг зуун 90 мянган хүн ажил хийж байна. Үүний 290 мянга нь төрийн албан хаагч нар.
Өөрөөр хэлбэл, 220-230 мянган албан хаагч, дээр нь төрийн өмчийн компанийн ажилчид 60 гаруй мянган хүн бий гэж тооцвол дөрвөн хүн тутмын нэг нь төрийн албан хаагч болж байна шүү дээ. Энэ нь бараг л төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай болж байна гэсэн үг шүү дээ.
Гэтэл халамжийн системийг нь бодож үзвэл, нийт 77 төрлийн халамжинд хамрагдаж буй хүмүүсийн тоог авбал өнгөрсөн жил 2.6 сая гэсэн тоо гарсан. Үүнд мэдээж хүүхдийн мөнгө, элдэв тэтгэвэр, тэтгэмж бүх зүйл орно л доо.
Тэгэхээр бид нэг талдаа халамжийн төр байгуулж, нөгөө талдаа төр нь данхайгаад байгаа нь эдийн засгийн агуулгаар социализм руу шилжиж буй хэлбэр мөн байхгүй юу. Төвлөрсөн төлөвлөгөө рүү л явж байна гэсэн үг.
Тэгээд Төвбанкаар дамжуулан зах зээлд илүүдэл мөнгө бий болгох замаар манифляц хийж байна. Сонгуулийн үеэр бодлогын хүүг буурулж иргэдийг мөнгөөр нь худалдан авч дараа жил нь бодлогын хүүгээ хатууруулж байна. Өөрөөр хэлбэл, төрд өөрийн гэсэн мөнгө байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Эсвэл өр зээл хүүтэй зээл. Үүнийг төмөр хатагтай гэж нэрлэгддэг байсан Маргерет Тэчир хэлж байсан нь бодит үнэн шүү дээ. Бид өрнөөс өрийн хооронд явж байна. Олон улсын байгууллагаас асар их зээл авч байна, эсвэл мөнгө хэвлэдэг. Эсвэл төрийн оролцоогоор манифляц хийж байна. Энэ нь урт хугацаандаа дампууралд хүргэнэ. Өөр сонголт байхгүй. Ер нь ямар нэг өвдөлтгүй үүнээс гарна гэсэн ойлголт байхгүй. Одоо бол аль хэдийн эдийн засаг хөөсөрсөн.
ТӨРД СӨРӨГ ХҮЧИН БАЙХГҮЙ БОЛЖ ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ БАЙНА
-Харамсалтай нь энэ өвдөлтийг гал унтраах байдлаар түр аргалсаар удлаа?
-Тийм. Жишээ нь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож байна. Үр дагаварыг нь тайлбарлавал, би баншны кафе ажиллуулдаг байхад 792 мянган төгрөгөөр биш 600 мянган төгрөгөөр тохирч ажилтантай болъё гэж бодоход цалингийн доод хэмжээг 792 мянган төгрөг болгож тогтоосноор миний энэ боломжийг хааж байгаа юм. Энэ нь эдийн засагт ажилгүйдлын түвшинг нэмэх байдлаар инфакт үзүүлдэг. Энэ бол дахиад л буруу. Эд яагаад цалингийн доод хэмжээг өсгөж байна вэ гэхээр, торгуулийн хэмжээ цалингийн доод хэмжээгээр явдаг. Жишээ нь, торгуулийг хоёр дахин өсгөлөө. Дээр нь татваруудыг нэмдэг. Нийслэлийн татвар 1 хувь байсан бол 2 хувь болж одоо 5 хувь болно ч гэх шиг. Цаг хугацаа өнгөрөх бүрт төр эдийн засаг дахь оролцоогоо нэмж, төр данхайж байна. Энэ бүтэц улам дийлдэшгүй том болж байна.
Ардын нам, Ардчилсан нам, Хүн нам гээд бүгдийг нь худалдан авч нэг талд зогслоо. Нэг үгээр, төр нь иргэдийнхээ эсрэг ажиллаж эхэллээ Тэр мөнгө иргэдийн гар дээр биш төрд төвлөрөөд байна. Төрд төвлөрүүлэх бүх нөхцлийг төвбанкаар дамжуулан хийж байна шүү дээ.
Яагаад зургаан арилжааны банк 1.7 их наяд төгрөгийн ашигтай байхад иргэд ядуураад байна вэ. Энэ нь төвбанкны манифуляц. Гэтэл эдийн засгийн өвдөлтийг мэдрүүлэхгүйгээр төр боомилоод байна. Гол нь төрд сөрөг хүчин гэж байхаа болилоо.
Сөрөг хүчингүй төр байхаар дуртай зүйлээ хийж байна. Иргэд 14 мега төслийг хүсэж байгаа юм уу, үгүй шүү дээ. Эрх баригчид л давуу байдлаа ашиглаж шууд л тулгаж байгаа. Энэ үр дагавар хэзээ нэгэн цагт маш том бууна. Бид эдийн засгийн хямралд автах нь тодорхой.
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!