“Улаанбаатарт баригдах метроны өртөөнүүдэд 150-200 худалдаа, үйлчилгээ явуулах орон зай гарч ирнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өчигдөр болж, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай асуудлыг хэлэлцсэн байдаг. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ү.ОЮУНЗУЛ "Метроны шугам дагасан ажлын байрны тоо хэдээр нэмэгдэх вэ" хэмээн асуухад Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.МӨНХДАЛАЙ "Төслийн төсөвт өртөг бодит зах зээлийн судалгаагаар хийгдсэн. Метроны 15 өртөөний 14 нь газар доогуур хийгдэнэ. Тэгэхээр өртөөнүүдэд нийтдээ 150-200 жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ явуулах орон зай гарч ирнэ гэж тооцоолж байна. Метроны шугам дагасан хотуудын эдийн засгийн үзүүлэлт эрчимтэй өсөж, үүнийг дагасан ажлын байрууд олноор нэмэгдэнэ. Эдийн засгийн эрчимтэй таталцал бий болох учир нийслэлд төвлөрүүлэх орлого ч нэмэгдэнэ. Тиймээс нийт төсөвт өртгөө 11 жилийн хугацаанд нөхнө гэж үзэж байгаа. Түрээс, зар сурталчилгаа, тасалбарын орлого зэргээс 29-30 жилийн хугацаанд төслийн өөрийн өртгөө бүрэн нөхнө гэсэн санхүүгийн тооцоолол гаргасан. Хоёр орны хамтарсан мэргэжлийн геологичид хөрсний судалгаа хийсэн. Хөрсний ямар нэг онцгой эрсдэл бол байхгүй гэдгийг тогтоосон байгаа. Метроны төслийн худалдан авах, ханган нийлүүлэгчээр аль болох дотоодын аж ахуй нэгж, туслан гүйцэтгэгчдийг оруулах хүсэлтэй байгаа. Метроны ажлыг гүйцэтгэх хүрээнд 700 орчим ажлын байр бий болно. Түүнчлэн метрог ашиглалтад орсны дараа худалдаа, үйлчилгээг дагасан 150.000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн суурь тооцоолол гарсан. Мөн метроны төсөлтэй зэрэгцээд мэргэжилтэн бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2025 онд ШУТИС-д метроны 4 анги элсэлт авахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Мөн ШУТИС-ийн 8 багшийг метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-д сургахаар явуулаад байна" гэсэн юм.

Улаанбурхан өвчний тохиолдол наймаар нэмэгдэж, 93-т хүрлээ
Улаанбурхан өвчний тохиолдол наймаар нэмэгдэж, 93-т хүрлээ
 
Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл, ажлын байрны төлбөртэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч байна
Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл, ажлын байрны төлбөртэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч байна
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!