УИХ-ын гишүүн, Эрчим хүчний реформын үндэсний хорооны гишүүн М.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Үндэсний хороо эрчим хүчний салбарт дөрвөн том шинэчлэлийг хийхээр зорьж байна-
-Хамтарсан Засгийн газрын шийдвэрээр эрчим хүчний реформын үндэсний хороо анх удаа байгуулагдсан байдаг. Энэ салбарт гарсан бодлогын алдааг засахын тулд Үндэсний хороо хэрхэн ажиллахаар зорьж байгаа вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Бид эрчим хүчний салбарт маш олон ажлуудыг хийхээр зорилт тавин ажиллаж байгаагийн нэг нь салбарын хуулиудыг шинэчлэх юм. Энэ хүрээнд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаад судалгаа, шинжилгээгээ боловсруулаад ажиллаж байна. Эрчим хүчний тухай хуулийг анх 2001 онд батлахдаа босоо тогтолцоотой байсан Эрчим хүчний удирдах газрыг задалж, олон компанийн бүтэцтэй болгосон байдаг. Ингэснээр тухайн компаниуд бие даасан байдлаар чөлөөт өрсөлдөөний зарчмаар үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн зорилттой байв.
Улс орнуудын туршлагаас харахад хуулийн шинэчлэл хийхдээ ААН-үүдээ дэмжих замаар салбарын үйл ажиллагаагаа сайжруулж явсаар жинхэнэ утгаар нь реформыг хийж чадсан байдаг. Монгол Улсын хувьд 2001 онд хуулиа баталчхаад реформын шинэчлэлийг орхигдуулж ирснээс болж өнөөдөр гал алдах хэмжээндээ хүрчихсэн гэж дүгнэж болно. Өнгөрсөн хугацаанд хуульд нийт 15 удаагийн өөрчлөлт оруулсан гэдэг ч яг үнэндээ аргацаасан байдлаар асуудалд хандаж ирсэн буюу бодлогын өөрчлөлтийг бүрэн хийж чадаагүй байсан.Тиймээс УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг нэлээд олон реформын өөрчлөлтийг эрчим хүчний хуульд тусгуулах чиглэлээр ажиллаж байна.
-Үндэсний хороо байгуулагдаад 5 сар болж байна. Оны өмнө цахилгааны үнийг 30 хувиар нэмэгдүүлсэн асуудлаас хойш нийгмээрээ үндэсний хороо нэртэй үнэ нэмдэг хороо байгуулагдчихсан юм уу гэдэг шүүмжлэлийг тасралтгүй хэлж ирлээ. Дээр нь хорооны үйл ажиллагаа ч ил тод биш, мэдээллээр маш муу хангаж байгаа зэрэг асуудлыг ярих боллоо шүү дээ?
- Намар бид эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт нь хүргэж шинэчилсэн асуудал нь реформын хүрээнд хийсэн нэг гол ажил мөн. Яах аргагүй энэ салбар олон жил үнийн шинэчлэл хийхгүй явж ирснээс болж өнөөдөр маш хүнд нөхцөлд орчихсон байсан. Эрчим хүчний зайлшгүй хязгаарлалтын улмаас дөн өвөл айл өрх, ААН-ийнхээ цахилгааныг таслахаас өөр аргагүй байдалд байсан. Улс орны бүтээн байгуулалтууд ч мөн эрчим хүчний хангамжгүйгээр явах боломжгүй учраас олон төсөл хөтөлбөрүүд хойшилж, ААН-үүдэд зөвшөөрөл олгоогүй.
Үндсэндээ улс орны эдийн засгийг боомилсон ганц салбар болж хувираад байсан гэсэн үг. Тиймээс салбарыг сэхээнээс босгох нэн тэргүүний арга зам нь үнийг өртөгт нь ойртуулах явдал. Гэхдээ реформыг ганц үнэ тариф нэмэгдүүлэх асуудлаар ойлгож болохгүй. Үндэсний хороо гол дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг нь үнэ тарифын шинэчлэлийн асуудал мөн.
Хоёрдугаарт, шилжилтийн бодлогыг боловсруулах ажлыг Шадар сайд Т.Доржханд хариуцаад ажиллаж байна. Бид сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглаж, тархмал эх үүсвэрийг олноор бий болгох тухай олон удаа ярьж ирсэн. Энэ ч утгаараа оновчтой бодлого боловсруулах нь чухал. Гурав дахь зорилт нь эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх асуудал. Реформын гол суурь нь хуулийн шинэчлэл. Эрчим хүчний салбар төрөөс хараат бус өөр өөрийгөө аваад хөгжүүлээд явдаг байх, найдвартай хэрэглээ, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлаж компанийн зарчмаар ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ ажлыг миний бие хариуцаад ажиллаж байна.
Дөрөвдүгээрт, салбарын засаглалыг сайжруулах. Уг ажлыг УИХ-ын гишүүн Б.Найдалаа хариуцан ажиллаж байгаа. ЗГ-ийн 14 мега төсөлд туссан эрчим хүчний төслийг хөдөлгөх, гаднын хөрөнгө оруулалт татах асуудлыг Шадар сайд Т.Доржханд өөрөө хариуцаад явж байгаа.
-Энэ салбар урт хугацаатай өр төлбөрийн хувьд нэг их наяд найман зуун тэрбум төгрөгийн өртэй нөхцөл байдал үүсэхээр байгаа гэж салбарын сайд нь тухайн үед мэдээлж байсан. Нэг хэрэглэгчид хүрэх цахилгааныг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, дундаж үнэ нь 216 төгрөгөөр нийлүүлж ирснээс үүдэн алдагдал хүлээж буй гэдэг. Үнэ нэмснээс хойш санхүүгийн хувьд ямар өөрчлөлтүүд өнгөрсөн 3 сарын хугацаанд гараад байгаа вэ?
- Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудтай уулзахад ямар ч гэсэн нүүрс авдаг уурхайн компаниуд, төмөр замын тээврийн авлагыг барагдуулсан. Эрчим хүчний салбар татаасгүй болсон зэрэг маш сайн үр дүнгүүд гарч байгааг хэлж байсан.
Бид эрчим хүчээ дотооддоо бүрэн хангаад зогсохгүй гадагшаа экспортолно гэсэн амбицтай. Гэтэл бодит байдалд эх үүсвэрийн дутагдалтай, зах зээл нь бага. Хамгийн том саад нь төр өөрөө энэ салбарыг бүчилчхээд байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалтыг татахад маш хүнд. Гаднын хөрөнгө оруулагчид алдагдал ихтэй, дэд бүтцээ хөгжүүлж чадаагүй, төрөөс хамааралтай ийм салбарт хөрөнгө оруулахгүй нь мэдээж. Тиймээс хамгийн түрүүнд засаглалаа сайжруулж, алдагдалгүй болж, хууль эрх зүйн орчноо сайжруулбал хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлж чадах юм. Ингэж байж энэ салбар эрүүл зарчмаараа явна.
-Эрчист Монголд Эрчим хүчний коипаниудыг нэгтгэх нь засаглалын том алдаа болно-
-Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, шударга өрсөлдөөний зарчмаар ажиллуулах зорилт тавьж байгаа хэрнэ эрчим хүчний салбарыг Эрчист Монгол гэдэг малгай дор нэгтгэх асуудлыг хуулийн төсөлд тусгаад УИХ-д өргөн барьчхаад байгаа шүү дээ. Саяхан УИХ дээр ажлын хэсэг байгуулагдсан байсан. Та ажлын хэсэгт орсон уу, ажлын хэсгийн гол зорилго нь юу юм бэ?
-Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах анхдагч хуулийн төслийг ЗГ-аас оруулж ирсэн. Хуулийн төсөлд асуудал дагуулахаар байгаа нэг зохицуулалт нь эрчим хүчний компаниудыг Эрчист-Монголд нэгтгэх асуудал байсан. Миний хувьд үүнийг маш том бодлогын алдаа гэж харж байгаа. Эрчим хүчний салбар бол өөрийн гэсэн онцлогтой салбар. 2001 онд бид хуулиа гаргаад салбарын төрийн өмчит компаниудаа задалчихсан.
Харамсалтай зүйл нь бид реформоо эргэж харж, хуулиа огт тордоогүйгээс болж л хэрэгжилт хангалтгүй явж ирсэн. Түүнээс биш эрчим хүчний төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, ажилчдад ямар ч асуудал байхгүй. Тэд хийх юмаа л хийж яваа. Харин ч өдийг хүртэл байж болох хамаг нөөцөө шавхаад элгээрээ хэвтэж байгаа салбар шүү дээ. Гол асуудал бид хуулиа баталчхаад алсын хараатай ажиллаж чадаагүйд л байгаа юм. Гэтэл арай гэж задалсан компаниудаа Эрчист-Монгол гэдэг малгай дор нэгтгэх гэж байгаа нь реформын маш том ухралт юм.
Энэ хуулийн төслийг өргөн барих үед би төсөл боловсруулагчдаас "Уул уурхайн төрийн өмчит компаниудыг Эрдэнэс Монголд нэгтгэсэн. Өнөөдөр үр дүн нь ямар байгаа вэ" гэж асууж байсан. Тухайн үед Баялгийн сангийн хуулийг арай гэж гаргаж батлаагүй бол үнэндээ Эрдэнэс Монгол нэгдлийн үйл ажиллагаа тааруу явж ирсэн гэж хариулж байсан.
Тавантолгой зэрэг уул уурхайн компаниудад ажиллаад явж байхдаа ч үүнийг асууж байсан. Компаниуд Эрдэнэс Монгол бидэнд үйлчилгээ үзүүлж байгаа гэх нэрээр бид нараас хөлс авдаг. Яг ямар үйлчилгээ үзүүлдэг нь тодорхойгүй гэж хариулж байсан. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниуд Эрдэнэс Монголын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдгаа илэрхийлж байсан гэсэн үг.
Ийм байдлаар Эрчист Монголыг байгуулж, тэнд эрчим хүчний компаниудыг төвлөрүүлнэ гэдэг бол энэ салбарын ирээдүйг боомилж байгаа хэлбэр. Нөгөө талаас бүхэл бүтэн салбарын бодлогоор зангидаж ажиллах ёстой яам нь байсаар атал зэрэгцүүлж Эрчист Монгол гэдэг данхар бүтцийг угсрах шаардлага байхгүй гэдэг асуудлыг тавихаар эрчим хүчний компаниудад хуулийн хэлтэс, хүний нөөцийн алба гэж байдаг юм байна. Тэдгээрийг татан буулгаад Эрчист Монголд нэгтгэнэ гэдэг тайлбарыг хийдэг.
Үнэн хэрэгтээ хуулийн хэлтэс, хүний нөөцийн албаны үйл ажиллагааг хувийн хэвшилтэй гэрээ байгуулаад ажиллах бүрэн боломжтой асуудал. Ядаж л буух эзэнтэй, буцах хаягтай байна. Гэтэл үүний төлөө ийм том нэгдлийг байгуулна гэдэг бол маш буруу.
Дэлхий дээр төрийн өмчит компаниудыг чөлөөт өрсөлдөөний зарчмаар бие даасан статусаар задалснаар реформоос ухарсан улс огт байдаггүй. Эсрэгээрээ нэг компанийн бодлогод төвлөрүүлснээр хамгийн том ухралтыг хийдэг аюултай. Гэхдээ хуулийн төсөл эцэслэгдэн батлагдаагүй байна. УИХ дээр Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан 31 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад ажиллаж байна. Миний хувьд өнөөдрөөс эхлээд тус ажлын хэсгийн гишүүнээр ажиллахаар болсон байгаа. Инженер мэргэжилтэй хүний хувьд эрчим хүчний реформд бодит дуу хоолойгоо өргөөд, зарчмын зөв шаардлагаа тавиад явна гэсэн бодолтой байна даа.
-Төрийн өмчит эрчим хүчний компаниудыг Эрчист-Монголд нэгтгэснээр салбарын хувьд яг хаанаа доголдол үүсэж, ухралт хийнэ гэж харж байгаа юм бэ?
-Бид эрчим хүчний салбарыг чөлөөт зах зээлийн зарчим руу шилжүүлье гэж амны уншлага болтлоо л ярьж байгаа. Өөрөөр хэлбэл энэ салбарт компаниуд шударгаар өрсөлдөх ёстой. Гэтэл төр өөр дээрээ нэгтгэснээр тэнд ямар ч өрсөлдөөн гарч ирэхгүй болчхож байгаа юм.
Энгийн жишээгээр авч үзье. Өнөөдөр хэрэглэгчид очиж байгаа эрчим хүчний тарифыг тооцохдоо өртөгт үндэслэдэг. Компаниуд өрсөлдөж байж л бодит өртгийг тооцох үндэс нь бүрдэнэ шүү дээ.
-Эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар нь явуулах ёстой-
-Тэгвэл хуулийн төсөлд тусгаад байгаа Эрчист Монголыг байгуулж, эрчим хүчний чиглэлээрх төрийн өмчит компаниудыг нэг дор төвлөрүүлэх асуудал танай Үндэсний хорооны зорилт, ач холбогдлыг үгүйсгэчхэж байгаа юм биш үү?
-Товчхондоо тийм. Эрчим хүчний үндэсний хороо байгуулагдсанаас хойш өнгөрсөн хугацаанд хуулийн шинэчлэлийг хийх санаатай ижил төстэй улс орнуудын туршлагыг судалж, яавал энэ салбарыг лебралчлах вэ гэдэг талаас ажиллаж ирсэн. ЗГ-аас хуулийн төсөл боловсруулахдаа бидний зорьж буй ажлын эсрэг зохицуулалтыг тусгаад оруулж ирж байгааг үнэндээ гайхаж байгаа.
Нэг итгэл найдвар байгаа нь УИХ дээр байгуулагдсан ажлын хэсэгт орж ажиллаж байгаа хүний хувьд энэ асуудлыг онцгойлон хөндөнө. Ажлын хэсгийг ахалж байгаа Б.Энхбаяр гишүүн ч мөн маш сайн ойлгож, хуулийн төсөлд туссан зарим асуудлыг засах шаардлагатай байгаа тухайгаа илэрхийлсэн. Тиймээс хамгийн олон хууль тогтоогч нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ажлын хэсэг арай ч энэ салбарыг улаан гал руу нь түлхчихгүй байх гэж маш их найдаж байгаа.
Хамгийн том саад нь төр өөрөө. Нэг талаас хэрэглэгч эрчим хүчний тасралтгүй найдвартай хэрэгцээг хүсээд, шаардаад байдаг. Нөгөө талд үйлдвэрлэгчид чөлөөтэй өрсөлдөж, бүтээгдэхүүнээ нийлүүлмээр байдаг. Харамсалтай нь тэг дунд нь төр өөрөө монополь байдлаар зах зээлийг нь барьчхаад байгаа юм.Энэ байдлыг өөрчлөхийн төлөө Үндэсний хороо чадах бүхнээ хийж зорьж ажиллах болно.
-Ярилцлагын төгсөлд таниас шинэ парламентад сонгогдсон хууль тогтоогчийн хувьд яагаад эрчим хүчний салбарт илүүтэй анхаарч, ажиллах болсон талаар сонирхож асууя. Инженер хүний хувьд эрчим хүчний салбарын асуудал илүү ойр байв уу. МАН-ын жагсаалтын хоёрт бичигдэж сонгогдсон гэж санаж байна?
-Миний эх орондоо 10 жилийн дараа эргэж ирсэн гол зорилго ердөө л энэ салбарт чадах хувь нэмрээ оруулах явдал байсан. Монгол Улсын их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөнийхөө дараа цахилгаан дамжуулах сүлжээний гол инженерийн тооцоо, судалгааг хийдэг албанд 14 жил ажилласан. Сүүлийн 10 жилийн хугацаанд Австрали улсад магистр, докторын зэргээ хамгаалангаа ажиллаж амьдарсан. Үүнээс сүүлийн дөрвөн жилд нь тус улсын Зөвлөх үйлчилгээний компанид ахлах инженерээр ажиллаж байсан. Ингээд өнгөрсөн оны зун МАН-аас жагсаалтын хоёр дугаарт орж, өөрийн сурсан мэдсэн зүйлс, хуримтлуулсан туршлагаа эх орныхоо хөгжлийн төлөө зориулаач гэсэн том урилга ирүүлсэн. Урилгыг маш их хүндэтгэн хүлээж авсан.
Манай эрчим хүчний салбар маш их буянтай салбар. Хүнийг салбарынхаа төлөө сэтгэлтэй болгож төлөвшүүлдэг. Тиймээс ч Австралид ажил амьдралаа бүгдийг нь орхиод энэ салбарынхаа төлөө эргэж эх орондоо ирсэн. Маш том зориг гаргаж, хариуцлага хүлээж байгаа учраас мэргэжлийн салбарынхаа төлөө хичээж ажиллана л гэж зорьж байна даа.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!