БАЙР СУУРЬ: “ХӨРӨНГӨ ХУРААХ“ хуулийн төслийг агуулгын хувьд дэмжиж болох ч одоо байдаг л ХУУЛЬ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 50 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болсон талаараа мэдээлж буй. Гэвч уг төслийг хэлэлцүүлэх эсэх, чуулганы хуралдаанаар гишүүдийн дэмжлэгийг хэр сайн авч чадах нь сонирхол татаж байгаа юм. Учир нь төсөл анх яригдаж эхэлсэн цагаасаа багагүй шүүмжлэлийг дагуулаад амжсан билээ. Үүнтэй холбогдуулан зарим УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

"Хууль бус хөрөнгийг одоо ч хурааж байгаа"

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой хууль одоо ч байгаа шүү дээ. Өнөөдөр хууль бус хөрөнгийг хурааж байгаа. Жишээлбэл, нүүрсний хулгайн асуудал дээр шүүхээс хөрөнгийг нь хураасан шийдвэр гарсан байдаг. Энэ хууль нь байсаар атал шинээр өргөн барих гэж байгаа хууль гэдэг шууд утгаар нь хүмүүс цочирдож хүлээж аваад байх шиг байгаа юм. Харин өргөн баригдах гэж байгаа хуулийн төсөлд хөрөнгө хураахтай холбогдсон хуулийн процессын асуудлууд нь тодорхой байх ёстой. Энэ тохиолдолд төсөлтэй танилцаж байж л саналаа хэлнэ. Одоохондоо мөн л хэвлэлийн мэдээлэлтэй байна.

"Авлигатай тэмцэх тэмцлийн нэг том агуулга нь хууль бус хөрөнгийг хураах"

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: ХЗДХ-ийн сайдын оруулж ирэх гэж байгаа хуулийн төслөөр ерөнхий мэдээлэл авсан. Хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгийн эх үүсвэрээ нотолж чадахгүй байгаа тохиолдолд түүнийг нь улсад хураан авах тухай л асуудал яригдаж байгаа юм билээ. Үндсэн хуулиараа энэ зөв байх. Энэ нь нэг талаас авлигатай тэмцэх тэмцлийн нэг том алхам болох байх гэж харж байна. Өнөөдөр улс төрийнхөн, сайд дарга нар хаанаас, ямар эх үүсвэрээр орлогоосоо давсан эд хөрөнгөтэй байгааг нотлох ёстой болж таарах байх. Тиймээс миний хувьд хэлэлцүүлгийн шатанд байж болох хууль гэж дэмжинэ. Зарим нэг гишүүд үгүйсгэсэн байр суурийг сонсож байхад "хуучин, коммунизмын үед байдаг байсан феодалуудын хөрөнгийг хурааж байсан цаг үе рүүгээ эргээд орох гэж байгаа юм уу" гэсэн шүүмжлэл явж байгаа юм билээ. Тэр дундаа Ардчилсан намаас сонгогдсон сайд байж ийм асуудлыг оруулж ирж дэвэргэж байгаа нь буруу гэх агуулгаар хандаж байгаа зүйл ажиглагдаж л байна лээ.

"Хууль ухарч үйлчлэх ёсгүй"

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ Үндсэн хуульт, хууль засагладаг улс орон гэдэг бол баталсан хууль нь ухарч үйлчилдэггүй. Тэр зарчмаа хадгалах ёстой гэж харж байна. Түүнээс нэг хууль батлаад, өнгөрсөн хугацаанд болсон асуудлуудыг сөхөөд байвал тэр нь эсрэгээрээ буруу ашиглагдах магадлал өндөр. Тиймээс хууль ухарч үйлчлэх ёсгүй гэдэг зармын байр суурьтай байгаа.

"Цэвэр бизнесийн ашгаар хөрөнгөжсөн хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй"

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар: Хууль бус, хулгай, авлигын замаар олсон хөрөнгийг хураахтай холбоотой зохицуулалт одоогийн мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудад бий. Ашиг олохын төлөө буюу бизнесийн цэвэр үйл ажиллагаагаар бий болгосон хөрөнгийг дунд нь хамаатуулж хураах ёсгүй. Хэрэв хулгайн хөрөнгө тохиолдолд тэр боломжийг нь олгож өгсөн төрийг алба хаагч нарт эхлээд хариуцлага тооцдог болох ёстой. Хуулийн төсөлтэй танилцаж байж зарчмын байр сууриа илэрхийлнэ. Харин төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хөрөнгийг илрүүлэх, хураах, хуулийн хариуцлага оногдуулахтай холбоотой асуудалд АТГ-ыг ажлаа тааруу хийж байна гэж дүгнэхээр байгаа.

"Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчид хүндэтгэлтэй хандах ёстой"

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Одоо байгаа хуулийг шинэ хууль болгосон байдлаар ярьж байгаа бол аль алийг нь харьцуулж үзэх ёстой. Нэн түрүүнд хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлээд, гишүүдэд танилцуулагдах байх. Хоёрдугаарт, бид ардчилсан улс. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчид хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс Үндсэн хуулиа дагаж л бид шийдвэрээ гаргах ёстой.

"Хуулийн төслийг агуулгын хувьд дэмжиж байна"

УИХ-ын гишүүн Б.Бейсен: "Хөрөнгө хураах"-тай холбоотой хуулийн төсөл нэгэнт бэлэн болчихсон, УИХ-аар ороод ирвэл анхаарч хэлэлцэх ёстой. Гишүүд уг хуульд хэрхэн хандахыг сайн мэдэхгүй юм. Одоо ч холбогдох хуулийн байгууллагууд хууль бус хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтны асуудлыг шалгаж байгаа. Гол асуудал хэр шударга ажиллаж чадаж байна вэ гэдэгт байна. Миний хувьд уг хуулийн төслийг агуулгын хувьд дэмжинэ.

Нийтийн эзэмшлийн зам, талбайд 2045 зөрчил илэрчээ
Нийтийн эзэмшлийн зам, талбайд 2045 зөрчил илэрчээ
 
Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл, ажлын байрны төлбөртэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч байна
Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл, ажлын байрны төлбөртэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч байна
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!