“УЛААН ХАМГААЛАГЧ”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 11 секунд

Засгийн газрын 2024 оны тайланг УИХ дээр хэлэлцэж байна. Үүнээс хамтарсан засагт 6 сар нь хамаатай тул чуулган, байнгын хорооны хурал дээр багагүй улстөржиж эхэллээ. Байнгын хорооны хурал дээр л бие биеийхээ сайн мууг дуудалцаж байсан гишүүд өнөөдөр ил цагаандаа гарч “Танай, манай сайд” гэдэг дээрээ тулж ам хоорондын зөрчил маягийн юм өрнүүлэв.

Мэдээж Засгийн газарт шүүмжлэлтэй хандах хугацаа нь одоо болсон. Өнгөрсөн хугацааны ажилд нь дүгнэлт өгөх цаг нь ч ирж буй байх. Гэхдээ парламентын гэхээс илүүтэй нам хоорондын улс төр үүний ард явж байна. Өөрөөр хэлбэл, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улстөрийн асуудал саарал ордонд илэрч эхэллээ гэхэд болно. Өнгөрсөн долоо хоногт Н.Учрал руу чиглэсэн ураны асуудлыг Х.Баттулгын талынхан босгож ирсэн юм. Үүний цаад зорилгыг өнөөдөр өглөөний нийтлэлээрээ та бүхэнд хүргэсэн. Товчхондоо, Х.Баттулгын талынхан МАН-ын дараагийн даргад зүтгэж магадгүй байгаа кандидатыг жагсаалтаас гаргахын тулд л ураны асуудлыг эрчимтэй сэвж буй хэрэг. Ил тод гэмээр ийм улстөрийн акцыг анзаарсан Н.Учрал сайд ч өнөөдөр Х.Баттулга гишүүнд хариу барьсан юм.

Тэрбээр, “Хөдөө орон нутгаар Баялгийн сангаа иргэддээ авч ирье. 34-50 хувиа төрдөө авъя гээд төрийн тэргүүн байсан хүн яриад яваад байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогддог “Төгрөг нуурын орд”-ыг одоо ярих цаг нь болсон. Тавантолгойн бүлэг ордын 50%, гурван тонны нөөцтэй, тусгай АМНАТ-аар бодоход 15 их наяд төгрөг ард түмэнд ирэх байсан ордыг 250 сая ам.доллароо дөрвөн гадаадын иргэнд оффшороор дамжуулаад зарагдсан Адилхан яръя. Энэ танхимд байгаа гишүүдээсээ манлайлаад явах нь зөв” гэв.

Н.Учрал сайдын энэ ярианд хоёр зүйл агуулагдаж байна. Эхнийх нь “Ухаа худаг”, MCS-ийнхэн стратегийн ордыг хуйвалдаж аваад, ард түмний өмчийг идчихлээ гэдэг байр суурийг багаараа илэрхийлээд яваа Х.Баттулга ч өөрөө Ж.Оджаргалаасаа дутахгүй байгалийн баялаг хувьдаа авч зарсан асуудалд холбогдох уу. Тэр нь бүр Сингапур түншүүдээ оролцуулах оффшороор дамжуулан худалдсан асуудал. Дараагийнх нь урантай холбоотой асуудлаар хэн, яагаад өөрийг нь ороогоод байгаа вэ гэдэгт хариулт өгсөн зүйл боллоо.

Харин энэ том “зодоон” дунд нэгэн сонирхолтой дүр гарч ирсэн нь АН-ын дарга Лу.Гантөмөр байв. Н.Учралын “Төгрөг нуурын орд”-той холбоотой асуудлыг бараг ярьж дуусаагүй байхад шахуу Лу.Гантөмөр дарга чуулганы танхимаас Х.Баттулгыг өмөөрөв. Нэг кабинетад хамтарч байгаа хамтрагчаа “Улстөржлөө, алдаа гаргалаа” гэв. Мөн Баялгийн санг амилуулахаар хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа Х.Баттулгыг битгий харлуул гэх маягаар өмөөрөв.

Үнэхээр хууль бусаар, эрх ашгаа шингээж Тавантолгойн тал шиг хэмжээний ордыг нааш цааш нь болгосон эсэхийг тогтоох ёстой. Ийм байтал Х.Баттулгыг ингэж улаан нүүрээрээ хамгаалан босож буй нь юуг илтгэж байна вэ. Үнэхээр саарал ордонд яригддаг шиг Лу.Гантөмөр дарга намаа, ардчиллаа Х.Баттулгын талд зарчихсан, "бөлдөгдүүлчихсэн" явж байгаа нь үнэн юм биш үү гэх асуулт тулгарч байна. Ардчилсан намынхан ингэж бужигнаж байснаас засгаасаа гаргаад зам мөрөө хөөвөл дээр байлтай.

О.Цагираг

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 185 хүн өвдөж, хавьтал болсон 7220 хүн байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 185 хүн өвдөж, хавьтал болсон 7220 хүн байна
 
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!