Хичээл, сургуульдаа яарах бяцхан үрсээ дагуулсан эцэг, эхчүүд зах худалдааны төвүүдийг зорих нь ихсэж байгааг хөл хөдөлгөөн ихтэй, давчуухан гудамжтай Улаанбаатар хотын дүр зургаас бэлхэнээ харж болно. Хичээлийн бэлтгэлээ хангасан ч халдвараас сэргийлэх мэдлэгийнхээ “бэлтгэлээ” хүүхдүүд маань хэр базаав. Тэгвэл бид хоёр жил гаруйн хугацаанд коронавирусээс шалтгаалж суралцах эрхээ “хаалгасан” хүүхдүүдээс цар тахлын үед халдвараас хэрхэн сэргийлэх талаар хэр мэдээлэлтэй байгааг нь сонирхлоо.
Цахим буюу зайн сургалтад хамрагдсан хүүхдүүд сургуулийн танхимд очиж, найз нөхөд, багш нарынхаа царайг харна гэдэг юу юунаас илүү баяртай мэдээ гэдгийг хүүхдүүд хэлж байна. Ингэхдээ халдвараас өөрийгөө хэрхэн сэргийлэх талаар тодруулахад “Амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, гараа ариутгах, хүн хоорондын зай барих” гэсэн үндсэн дэглэмүүдийг хэлж байгаа нь авууштай.
Өнөөдрийн нөхцөлд хүн амын дунд халдварын эрсдэл томчууд руу гэхээсээ илүүтэй вакцингүй бүлэг буюу 12-оос доош насны хүүхдүүд рүү чиглэх хандлагатай байгааг албаныхан мэдээлсээр буй. Тухайлбал, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Хичээл сургууль нээгээд явахаас өөр аргагүй. Вакциндаа хамрагдсан 12-17 насныханд санаа зовох зүйл алга. 11-ээс доош насныханд анхаарал сайн хандуулах шаардлагатай. Биеийн тамир, дуу хөгжмийн хичээлүүд хязгаарлагдана. Багш, ажилчид вакциндаа идэвхитэй хамрагдах хэрэгтэй+TEST+Хавьтал" хэмээн жиргэж байсан удаатай.
"САХИЛГА СУЛ-эцэг, эхчүүд"
Тэгвэл дотоодод дельта хувилбар тархсан эрсдэлтэй энэ үед хүүхэд багачуудад хамгийн том үлгэр дууриалал үзүүлэх хүмүүс бол эцэг, эхчүүд. Тэр дундаа боловсролын байгууллагын үйл ажиллагаа удаан хугацаанд тасалдсанаас сурагчдын хувьд эцэг, эхчүүд багшийн дайтай үүрэгтэй хүмүүс болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл ганцхан худалдааны төв ороход л амны хаалтаа дутуу зүүж, халдвар хамгааллаа мөрдөхгүй байгаа эцэг, эхчүүдийн дүр зурагтай олонтоо таарсан юм. Бороотой энэ өдөр ч зах хөл хөдөлгөөнд дарагдаж, борооны ус туучсан эцэг, эхчүүд хүүхдээ хөтөлсөөр нааш цааш холхино. “Одоо дүрэмт, бэлтгэлийн хувцсаа л авчихад болно биз дээ” хэмээн хүүтэйгээ ярилцаж буй охиноо тэвэрсэн ээж бүрхэг өдрийн жиндүү салхийг үл тоон, бэлтгэлийг нь хангаж явна. Хичээл, сургууль эхлэх гэж буй эгзэгтэй цаг үеийг бага ч болтугай тооцоолж, хүүхдүүдээ эрсдлээс хамгаалах аргыг нь үйлдлээрээ үлгэрлэх шаардлага нийгэмд байсаар байгааг энд дундах нь зүй.
Таны хүүхэд халдвар хамгааллын мэдлэгийг ганцхан цэцэрлэг, сургууль дээрээ мөрдөх бус ямар ч цаг үед байнга мөрддөг дадал болтлоо хэвшүүлэх нь учирч болзошгүй олон тохиолдлоос хамгаалах юм. Та ирээдүйгээ хүмүүжүүлнэ.