Үнэндээ бол энэ амьдрал өөрөө самсара

Огноо
Унших
4 минут 19 секунд

Самсаа шархирангаа инээд алдаж болдогийг Самсара мэдрүүлэв. Инээд алдангаа үхэл, нүглийн тухай бодлогоширч болдгийг ч бас Самсара харуулав. Учир дараалалтай, уялдаа холбоотой логикоор инээлгэнэ гэдэг бол үнэндээ алиалж марзагнаж хүчлэхээс тэс ондоо ойлголт юм байна гэдгийг эхлээд дурдая.

...Самсара бол үхэл амьдралын зааг дахь түр зогсоол. Амьд биш мөртлөө үхээгүй хүмүүсийн хоргодох байр ч гэж хэлж болох юм. Амьд ч биш үхсэн ч биш тэр хүмүүс үхнэ эсвэл сэхнэ. Үнэндээ бол энэ амьдрал өөрөө самсара аж. Амьдрал өөрөө л үхэл амьдралын зааг юм. Хэзээ үхэх эсвэл хэр удаан амьдрахаа хэн ч мэдэхгүй. Яг л самсарад үхэх үү үлдэх үү гэдгээ мэддэггүйтэй адил.

Амьд байгаа биднээс ялгаатай нь тэд “хэзээ ч үхэж болох юм шүү, тэр нь яг одоо ч байж болно” гэдгийг мартдаггүй. Мартдаггүй болохоор тэд үхлийн үүдэнд очоод амьдралдаа харамсахгүйн төлөө хичээнэ, ухаарна. Самсарад атаархах нэг шалтгаан энэ.

Самсарад атаархах бас нэг шалтаг бий. Тэнд өнгө мөнгө, зэрэг зиндаа, танил тал биш зөвхөн шударга ёс л үйлчилнэ. Магадгүй орчлон дээрх цор ганц шударга зүйл үхэл байх.

Цаг минут бүр үхэлд бэлэн амьдарна гэдэг ямар вэ? Тарчлаан уу эсвэл боломж уу? Инээх зууртаа ингэж бодоход хүрнэ.

Хангалттай хайрлаагүй юм биш биз, амьдралын үнэ цэнийг мэдрээгүй юм биш биз, цагаа дэмий үрж байгаа биш биз, нүгэл үйлдээгүй биз, үхлийн өмнө харамсахгүй байж чадах уу гэх асуултуудыг тайзан дээрээс инээдэнд дайгаад үггүйгээр алгуурхан гулсуулж тархинд чинь “хадна”.

Амьдрал дээр бид үхэл яг хажууд явааг мартчихдаг. Үхэхгүй юм шиг аашилж, мөнх юм шиг шунадаг. Үхэхийн цагт тэр нь үнэ цэнтэй байх уу гэдгийг бодож үзэх сөхөөг Самсара- тэртээх хоёр зүрх жүжиг танд олгоно.

Гэхдээ хүн төрөлхтөн үхлээс бус үхэхийн цагт харамсах вий гэдгээс л айдаг болохыг дурлаж үзээд анх удаа үхлээс айж буй Мишээлийн дүрээр ёгхийтэл ухааруулна. Нээрэн тийм шүү дээ. Үхэхийн цагт амьдралд харуусал үлдээгүй бол үхлээс айх шалтгаан байхгүй биш гэж үү. Харамсахгүйн төлөө тэгэхээр амьдралыг хангалттай таашааж, зөв амьдрах ёстой биш гэж үү.

Элгийг чинь хөштөл инээлгэх зуураа л энэ бүхнийг тархинд чинь зоож орхино. Гомдоож байсан хүнээсээ дахиад нэг уучлалт гуймаар, хайртай хүмүүстээ хайртайгаа дахин нэг сануулмаар, өнгөрч байгаа хором мөч бүрийг нандигнамаар санагдана. Амьдрал ямар богинохон, амьдрах хүсэл ямар их, хайрлахын хүч ямар шидтэйг үзүүлнэ.

Л.Сөрөлтийг дуулвал дуулчихдаг, алиа зан арга залийг хослуулсан нэгэн л гэж боддог байсан бол энэ жүжгээр би түүнийг мэргэжлийн жүжигчин хүн мөн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Бас тэр Мишээлийн дүрд тоглосон Х.Намуун гэдэг охиныг энэ салбарыг шуугиулах нь дээ гэж бодогдов. Г.Эрхэмбаяр бас л "бяртай" жүжигчин аж. Тайзны шийдэл, жүжигчдийн ур чадвар мэдрэмжтэй ярих зүйлгүй. Н.Наранбаатар найруулагч шүү дээ.

Эцэст нь Мөрөөдлийн театр өөрийн гэсэн орон зайгаа бардамхан дархалж байгааг ч бас бахдав.

Эх орноосоо урвасан гэх  З.Санждорж нарын хурлыг дахин хойшлуулжээ
Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарын хурлыг дахин хойшлуулжээ
 
“Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаан дахь ЗГ-ын үнэлгээ F байна“
“Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаан дахь ЗГ-ын үнэлгээ F байна“
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!