Дээгүүрээ хамтарч, доогуур нь зодолдож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 5 секунд

Хамтарсан Засгийн газар хагас жилийн хугацаанд юу хийснээ УИХ дээр тайлагнаж байна. Бүтэн жилийн тайланг бүхэлд нь энэ засагтай холбож үзэх нь өрөөсгөл хэдий ч гишүүд бол ингэхийг хүсэж буй бололтой. Нээрээ ч авлигын эсрэг ажлаа 100 хувь, замын түгжрэлийг бууруулах ажлаа 100 хувь гээд өөрсдийгөө үнэлээд ороод ирэхээр эгдүүцэхгүй ер нь яах юм.

Харин Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийх энэ өдрүүдэд анзаарагдаж буй өөр нэг зүйл нь засагт хамтарч буй намуудын бие бие рүүгээ дайрч эхэлсэн явдал байв. Яахав зарим нь ч үнэндээ эрүүл шүүмжлэлүүд байж л байна лээ. Гэхдээ улс төрийн агуулгаараа хамтарч буй нөхцөлд бүх шийдвэрийг кабинетын зарчмаар гаргадаг уламжлалтай. Жишээлбэл эрчим хүчний үнэ, төсөв өргөн барихдаа танхимаараа хэлэлцүүлээд АН, МАН, ХҮН намаас бүрдсэн бүх сайд нарын саналыг авч, олонхоороо шийднэ. Хэрэв улс төрийн үзэл баримтлал, хуульт ёс, шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйлээс илтэд зөрж байвал эхний ээлжид тухайн сайд нь хамтарч ажиллахгүй гэдгээ хэлэх ёстой. Бүр цаашлаад хамтарсан засагт байгаа намууд хамтарлаасаа гарах тухай хөндөх учиртай. Гэвч өнөөдрийг хүртэл тийм зүйл өрнөсөнгүй.

Харин энэ хооронд нь парламентын танхимд АН-ын гишүүн нь МАН-аа хусдаг. МАН-ын гишүүн нь АН-аа ч, ХҮН намаа ч хусдаг. ХҮН нам нь зөрүүлээд засгаа ч гөвөх үзэгдэл илтэд ихсэв.

Саяхан цагаан сарын дараа хамтарсан Засгийн газарт алба хашиж байгаа АН-ын Ч.Өнөрбаяр нь гарч ирээд дулаан, цахилгааны үнэ тэргүүтэй Засгийн газрынхаа хийсэн ажлуудыг баахан буруушаасан. Энэ “өвчин” нь савнаасаа хальж Монголбанкны ерөнхийлөгчид халдаад улмаар хэнд ч гай тарьж амжаагүй байсан дулааны үнэ тарифын реформоосоо Засгийн газар ухарсан юм. Тэгээд ч болоогүй МАН-аас томилогдсон аймгийн засаг ноёдыг албан тушаалаа хэтрүүлсэн гээд гэнэтхэн нэг өглөө хэвлэлээр дамжуулаад далийтал “шанаадаж”.

Хариуд нь МАН-ынхан сая Ч.Өнөрбаярыг, сайд Э.Одбаяртай нь нийлүүлж байгаад байнгын хороо дээр баахан шүүмжилж асуудал босголоо. Дээр нь нэмээд “Ноорог”-ийн асуудлаасаа болоод ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нь ноорог болох шахсанд АН-ынхан илтэд бухимдаж харагдсан. Амтай, хэлтэйгээрээ Б.Пүрэвдорж гишүүн “П”-гээ хүртэл уншин байж намаасаа томилогдсон сайд нараа өмөөрч харагдана лээ. Бүр шарандаа “Энэ засгаас гар” гэхээн бухимдсан нь зүгээр ч нэг үг биш байх. Өчигдөр гэхэд л ХҮН намынхан асуудал үүсгэж, байнгын хороо дээр МАН-ынхан эрчийг авлаа. П.Наранбаяр сайдын хувьд ч өмөөрөөд байх зүйлгүйгээр маапаантай тушаал гаргасан уу гэвэл гаргасан байсан. Төсвийн хууль зөрчихөөс эхлээд, ашиг сонирхлын зөрчлийг нь хүртэл сайтар ухаж шалгах ёстой л юм билээ.

Ийнхүү засагт хамтарч буй талаад ердөө 9 сарын нүүр үзээд л бие, биенээ хэмэлж эхлэв. Өөрөөр хэлбэл, гадна талаас нь энэ Засгийн газрын “бөөрийг гаргах” хүсэлтэй хүн олон буй. Үүнийг давж гарахад багагүй нөлөө үзүүлэх зүйл бол засагт хамтарсан талууд аль нэг нэгнээ үзэн ядахгүй байх явдал. Мөн ийм хэмжээний толихилцоон нэг үгийг хоёр, нэг хэрүүлийг олон л болгож үл ойлголцол руу бүхэлд нь аваачих нь гарцаагүй.

Тиймээс хамтарсан засагт дургүйцэх явдал улам бүр томорч, гишүүд хоорондын болон нам хоорондын зөрчил рүү тун удахгүй явахад бэлэн болжээ. Харин эндээс хамгийн их хохирч үлдэх нам нь МАН-ынхан юм. Хамтарсан засаг тарвал УИХ дотор дөрвөн тусдаа сөрөг хүчин бий болно. Бүгд бие биеэсээ ялгарч, түмэнд таалагдахын тулд зүсэн зүйлийн улс төрийг өрнүүлэх нь цаг хугацааны асуудал. Сөрөг хүчин болох шиг амархгүй зүйл үгүй. АН, ХҮН нам хоёр бол удлаа гэхэд л зургаан сарын дотор сөрөг хүчний дүрд орчихно.

Ш.Бямбасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахдаа огт эргэлзээгүй
Ш.Бямбасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахдаа огт эргэлзээгүй
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 6 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 6 хэм дулаан байна
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!