УРАНЫ улс төр Н.Учрал руу ЧИГЛЭЖ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 15 секунд
UBN.MN

Ураныг эсэргүүцэгчид өнгөрсөн долоо хоногоос багагүй дуулиан дэгдээж эхэллээ. Фотошопын эвлүүлгээсээ шат ахиж, айл бүрийн хойморт залраад амжлаа. Магадгүй олон хүн энэ хэлэлцүүлгийг хараад багагүй гайхсан байх.

Уг нь ураныг жинхэнээсээ эсэргүүцье гэж байсан бол чуулганаар баталж, ЗГ-ыг гэрээ байгуулахаас нь өмнө тэмцлийн хурц, мохоо хэлбэрүүд рүүгээ шилжих байсан юм. Гэвч тэгээгүй. Хэзээ хойно нь гарч ирээд маш том “галын” дэмжлэгтэйгээр улстөржиж байгаа нь цаанаа учиртай. Би лав төв телевизээр ийм олон тэмцэгчид шинжлэх ухааныг “булшилж”, нийгмийн оюун санааг бохирдуулж байхыг үзээгүй. Үзэх ч ёсгүй. Сэтгүүл зүйн зарчим, үнэт зүйл гэж юм бий. Тиймээс тавилттай, шахалттай юм л болсноос гарцаагүй биз.

Тэгвэл нэгэнт гацаах боломжоо аль эрт алдсан тэмцэгчид яагаад өнөөдөр гэнэт амилав. Тэднийг хэн араас нь “сумлав”. Бас дэмжив гэдэг сонин. С.Ганбаатар, Цэнхэр үст тэргүүтэй нөхдийг харахад хайж ядаад байх юмгүй Х.Баттулга талынхан гэдэг нь тогтоогдоно. Мөн хэн нөлөөлж байж Үндэсний телевизийн өндөр үүдийг манай эсэргүүцэгчдэд нээж өгөв гэдэг ч хачин. Одоо үргэлжилж буй жагсаал цуглаан, сошиалын сэдвийг ямар учраас ингэж тасралтгүй өрнүүлээд байна вэ гэдгийг бодох л учиртай.

Товчхондоо, хэн рүү чиглэсэн улс төр хийхээр кино зохиолын ээлжит ангиа түгээж байгаа вэ. Хайж ядаад байх зүйлгүй. Ураны улс төр Н.Учрал руу л 100 хувь чиглэж байна. Энэ гэрээний автор явж, явж Н.Учрал дээр буучихсан. Ер нь ямар ч том шийдвэр, гэрээ хэлэлцэл бүгд эцсийн шийдвэр гаргахад хариуцаж байсан хүнд л нэмэх, хасах оноо авч ирдэг уламжлалтай.

Тэгвэл ураны улс төр Н.Учрал сайд руу чиглэж байгаа юм бол ямар шалтгаанаар гэдэг асуулт зайлшгүй асуугдана. Мэдээж Ардын намыг харлуулах, өнгөтэй өөдтэй төслийг зогсоох гадны дотны ашиг сонирхол гээд багагүй таамаг дэвшүүлж болох юм. Гэхдээ хамгийн бодитой нь гэвэл ирэх намар болох Ардын намын Их хуралтай шууд холбоотой. Их хурлаа хийхэд намын даргаа солих уу, үгүй юу гэдэг зүйл яригдах магадлалтай. Улс төрийн уур амьсгал ч, нийгмийн хүлээлт ч шинэ хүнийг хүсэмжлээд эхэлчихсэн. Нөгөө талдаа Ерөнхийлөгчийн сонгуульд шинэ дүртэй, шинэ даргатай орох санаархал ч МАН-ынхан дунд өрнөж буй. Харин Л.Оюун-Эрдэнэ хугацаагаа хэдий хүртэл зурж, аль хүртэл засаглаж чадах нь одоогоор тодорхойгүй байна. Хамтарсан засагтай энэ цаг үед сүхээр цохиод ч унахгүй гэдэг нь Ч.Лодойсамбуу гишүүний албан бичгийн гарын үсэг нэмэгдэхгүй байгаагаас харж болно.

Гэхдээ Ардын намынхан хөшигний ард ирэх намар болох Их Хурлынхаа бэлтгэлийг базааж, хэн ямар хөдөлгөөн хийхийг анхааралтай ажиглаж буй. Тиймээс сонор сэрэмжээ алдвал улс төр шиг хурдтай өрнөдөг хуйвалдаан гэж үгүй. Хэрвээ дараагийн намын даргыг тодруулах санаархал хэрэгжвэл хэн байх вэ. Намын даргын хэмжээнд яригдах, намдаа ч олон нийтэд ч хүлээн зөвшөөрөгдөх лидер хэн энэ цаг үед Ардын нам дотор байна уу. Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хэн хүртэл бол. Ийм хүмүүсийн жагсаалтыг хамгийн түрүүнд Д.Амарбаясгалан, Н.Учрал нарын нэр бичигдэнэ. Тиймээс нэг нэгээрээ энэ марафоноос гарах нь эрх мэдлээ хамгаалагч, хүсэмжлэгч гээд олон талуудад ашигтай үзүүлэлт. Ер нь яаж ч бодсон Н.Учрал эвгүй кандидат. Түүнд залуучуудын холбоо нь байна. Сүүлийн хоёр сонгуулиар үзүүлсэн нийгмийн дэмжлэг нь ч байна.

Тиймээс ураны асуудлыг Н.Учралтай холбож ирээдүйн улс төрд нь нөлөөлөхөөр зэхэж буй нь энэ. Хамгийн чухал нь ураны эсэргүүцэл яг үнэндээ ураны эсэргүүцэл биш гэдгийг санах ёстой. Иргэдийн жинхэнэ эсэргүүцэл ийм байдаггүй юм. Одоо байгаа Х.Баттулга талыг баримтлагчид гэнэтхэн ажиг сэжиггүй төв телевизээр залрах хүртлээ томорч байна гэдэг цаанаа учиртай.

Харж л байгаараа тун удахгүй уран дээр Н.Учралыг наасан улс төр, сошиал постерууд хөвөрч өгнө.

Г.Лхагвадорж

Шинэ нам Ардчилсан намд нэгдэх шийдвэрээ баталлаа
Шинэ нам Ардчилсан намд нэгдэх шийдвэрээ баталлаа
 
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!