Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Мягмарсүрэн: Хосуудын дунд хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамж байхгүй бол нандин харилцаа нь үгүй болчихдог

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 49 секунд

Олон залуус хотын амьдралаас дайжин хөдөө орон нутгийг зорих болоод байна. Төр засгаас хөдөө орон нутгийг зориод байгаа залуусаа бодлогоор дэмжиж чадвал хүн амын хэт бөөгнөрөл, утаа, тоос тортгоос авахуулаад олон асуудлыг шийдэж болохоор байгааг харж болно. Тэгвэл бид саяхан цахим хуудсандаа хөдөө амьдарсан нэг жилийн түүхээ бичээд байгаа Б.Сугархүүгийн гэр бүлтэй, яагаад орон нутгийг сонгон амьдрах болсон талаар ярилцлаа. Тэдний хувьд Өмнөговь аймгийн Номгон сумыг зорин очиж ажил амьдралаа эхлүүлсэн бөгөөд олон залуу гэр бүлүүдийн үлгэр жишээ болж байгаа залуус. Ингээд тэдний хайр, энэрэл дүүрэн гэгээ цацарсан ярилцлагыг хүлээн авч уншина уу.

-Сайн байна уу. Анх хөдөөг зорих болсон шалтгаанаа уншигчиддаа сонирхуулна уу?

-Хүүхэдтэй болсоноо анх мэдээд хотын утаа, агаарын бохирдлоос хол байлгахын тулд хөдөөг зорьсон. Залуу хосууд хүүхдээ эрүүл өсгөх хурдан торниулах тал дээр анхаарах хэрэгтэй гэж бодон ийм шийдвэр гаргасан.

-Хотод амьдрах, хөдөө амьдрах хоёрын ялгаа нь юу вэ?

-Давуу тал нь гэвэл хүүхдээ хайраар дүүрэн, аз жаргалтай, ариун нандин хайраар тэтгэж ойр байх нь хамгийн чухал гэж бодоод энэ шийдвэрийг гаргаж байсан юм. Суманд амьдрахын давуу тал нь 30 минутын дотор гурав, дөрвөн ажил зэрэг амжуулж байна. Хотод нэг нэг ажил амжуулах гэж бүтэн өдөржин явдаг шүү дээ. Тэрнээсээ болж стрессддэг. Агаар салхинаас авахуулаад сайхан шүү дээ. Агаарт байхаар хүүхэд ч эрүүл саруул өсөж бойжоод өвчин ээрэхгүй маш амар санагдаж байна.

Эрүүл агаарт байснаараа олон давуу тал ажиглагдаж байна. Үеийнхээ хүүхдүүдийн хажууд хөгжлийн хувьд ондоо байна. Хотод байгаа нас чацуу хүүхдүүдээс түрүүлж мөлхөж алхаж байгаа нь анзаарагдаж байна. Хүмүүс асуухаар сумандаа сайхан амьдрах гэж ирлээ л гэж хариулдаг даа.

-Сумандаа нэг жил амьдарсан талаарх нийтлэл нь олон хүнд хүрсэн шүү дээ. Нийтлэлийнхээ талаар яривал

-Энэ чинь бид хоёрын аав ээж болсон хамгийн ариун надин түүх шүү дээ. Хүн маш гоё дурсамжууд бүтээчихээд ярих гэхээр мартагдчихдаг, бүдгэрчихдэг. Тийм учраас одоо санаж байгаа дээрэээ бичсэнийг олон хүн уншсан байсан. Охиндоо ч гэсэн чамайг нэг настай байхад аав, ээж нь ингэж түүх бүтээж байлаа, ингэж мөнгөө олж, ийм зүйлсийг сэтгэж байлаа гээд л эмгэн болоод ярина гэж бодож бичсэн юм./инээв/

-Таны нийтлэлд сумандаа бизнес эрхэлж олон зүйлийг алдаж оносон талаараа бичсэн байсан. Энэ талаараа дурдвал?

-Олон залуус хөдөө гарч амьдрахаар болж байгааг харсан. Бүгд л нэг зүйлийг хийж бүтээнэ гэсэн зорилготой байгаа байх. Бид хоёр ч гэсэн олон том зорилго тээж ирээд алдаж бас онож үзсэн. Бүх зүйлийг хамтдаа хийж байгаа болохоор амьдрал ямар сайхан амттай вэ гэдгийг мэдэрч байна. Хийсэн бизнесүүд минь явахгүй ч үе байсан гэхдээ бид бууж өгөөгүй. Хамгийн анх хоолны салбарт орно гэсэн бизнес төлөвлөгөө хийгээд тоног төхөөрөмж захиалаад аваад явсан. Гэтэл Ковидын улмаас хүмүүс гадуур хоол идэх нь битгий хэл гадагшаа ч гаргахгүй цаг хугацаа өнгөрсөн. Ингээд бид бодож төлөвлөж төлөвлөгөөнүүдээ өөрчилж олоy зүйл хийсэндээ. Жигнэж хэрчсэн гурилаа айлуудад хүргэлтээр хүргэнэ. Хэдэн дэлгүүрт өгнө. Их цаг авдаг ч анх эхэлсэн бидний бизнес болохоор адал явдал ихтэй байсан. Өөрсдөө бараг л өдөр болгон цуйван идсэндээ /инээв/.

Дараа нь охиноо төрсөний дараа бизнесээ арай томсгоод хэрчсэн гурил дээрээ бургер хийж дэлгүүрүүдэд тавьсан. Сургууль нээгдээд ашиг орлого ч хөөрхөн байсан. Тэгээд л удахгүй дахиад алдарт хөл хорио болж сумын хүмүүс чинь хөдөө гадаа яваад хүүхдүүд ч байхгүй бургер маань олигтой ч гүйхээ больсон.

Ингээд хөл хорионы үед гэр гэртээ дэглэмээ барьж байх үед нь тааруулж пицца хүргэлтээр хийж эхэлсэн байдаг юм. Энэ бол үнэхээр нүдээ олсон байсан. Манай пицца ч амттай байсан даа.

Удалгүй бидэнд Сумын тамгын газраас санал тавьсан. Манай ЗДТГ-ын цайны газрыг ажиллуулаач ээ гээд. Сургууль цэцэрлэг ажиллаагүй хүмүүс бага болохоор түрээс авахгүй. Харин юмнуудаа ажилчдад нь хямдралтай үнээр зарах тохиролцоо хийгээд цайны газрыг нь “Номгон кафе” гэж хаяглаад ажиллуулж эхэлсэн. Аймгаас юмаа захина, суманд зарим нь байхгүй байсан нь үнэтэй гэх мэт асуудал зөндөө байсан. Ингээд бид амарханаар нь бууз, цуйван, пицца, бургер, аяган бялуу, салат, кимбаб гэх мэт түргэн хоол аарц, цай, кофе зэрэг гаргасан. Овоож оцойтлоо орлого олоогүй ч хүнээс гуйхгүй хүүхдийн памперс, хоол унд хэрэглээний мөнгөө олоод л байсан. Хүүхдийнхээ зуун мянгыг үрэхгүй юмсан гэж хичээсэн тэгээд үрээгүй дээ.

-Суманд боловсрол, хөгжих тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Бид эдгээр зүйлсийг хийж амжуулахын хажуугаар ээж нь хэлний мэдлэг, харин аав нь арилжаа гэдэг зүйлд цагаа зарцуулж нарийвчлан сурсан юм. Мөн гоё зүйл нь манай сум чинь хөөрхөн цэвэрхэн гоё фитнесстэй . Ер нь хөгжье гэвэл боломж нь бүрдээд байгаа юм. Сум гэхээр хөдөө биш шүү. Өмнө нь бол ийм байсан. Шинэ сургууль гэх мэт Улаанбаатарт байхгүй тасарсан шинэ сургуультай. Амьдрал өрнөсөн өдөр хоногууд урамтай, сорилттой, адал явдалтай, бахархам шүү дээ.

-Энэ хугацаанд тулгамдсан ямар асуудал гарсан бэ?

-Хамгийн том ололт амжилт бол сайн аав ээж болох гэж хичээсэн минь юм. Залуу хосууд л болсон хойно маргалдаж санал зөрөлдөх үе байсан. Ер нь хүүхэдтэй болохоор хүүхэдгүй хосууд байснаас шал өөр болдог юм байна билээ. Гэхдээ элэг бүтэн хайраар дүүрэн гэр бүл байж хүүхдээ өсгөнө гэдэг хамгийн чухал зорилго доор ярилцаад ирэхээр аяандаа асуудлууд цэгцэрдэг санагдсан. Тиймээс бид үл ойлголцлыг даван гарахын тулд маш сайн ярилцдаг. Хүний нутагт танихгүй мэдэхгүй хүмүүс дунд аавд нь л их сорилт байсан болов уу.

-Залуу хосууддаа хандаж үг хэлээч?

-Одоо залуучуудад материаллаг зүйлээс илүүтэй гоё мэдрэмжүүд чухал. Эргээд үр хүүхэддээ ярих түүх дурсамж, өөрсдийн босгосон амьдралаараа бахархах л гоё гэж бодож байна. Өнгөрүүлж байгаа цаг хугацаанаасаа сайн сайхан зйүлсийг мэдрэх л чухал шүү дээ. Байр, машинаас илүү тав тухтай байх нь илүү. Байр машины төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамж байхгүй бол хүмүүсийн дунд нандин зүйл байхаа боличихно гэж боддог. Тийм битгий байгаарай нэгийгээ хайрладаг ойлгодог байгаарай гэж хэлье.

Ярилцсанд баярлалаа

СУРВАЛЖИЛГА: 3-4 хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгэхэд дор хаяж 500 мянган төгрөг шаардлагатай
СУРВАЛЖИЛГА: 3-4 хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгэхэд дор хаяж 500 мянган төгрөг шаардлагатай
 
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.