Уяаны шон дээр болжмор зүүрмэглэж, уяачдын гал, орон нутагтаа алсран буцсан энэ өглөө бол Монгол түмний баяр цэнгэлийн манлай болсон гэгээн өглөө билээ. Морьдоо хүлээсэн наадмын зурхай чимээ аниргүй дүнхийж наадамчдаа хүлээсэн цэнхэр асрууд дэрвэсэн энэ өглөө наадамчин олон дээлээ өмсөж дэнж хотойтол нааддаг түүхэн уламжлалтай. Тиймдээ ч Монгол түмний уламжлалт наадмыг үзэхээр гадны жуулчид жил бүр манай улсыг зорин ирдэг байсан нь саяхан. Нүүдэлчдийн хэв маягийг хадгалж үлдсэн цорын ганц улс гэдгээр нь бахархаж, бишрэх басхүү дэлхийг байлдан дагуулж байсан Их Эзэн Чингис хааны өлгий нутагт хөл тавих тэр л хүсэл, мөрөөдлөө биелүүлдэг байсан биз ээ.
Үндэсний их баяр наадмаар зургаан насны олон зуун морьд 30 орчим км газарт шандас юугаа сорин уралддаг нь манай гараг дээрх хамгийн том морины уралдаан гэхэд ч хилсдэхгүй. Хятадын судар бичигт Нүүдэлчдийн анхны наадам Хүннүгийн үеэс эхтэйг тэмдэглэн үлдээсэн байна. Хүннүчүүд зуны дэлгэр сард хурдан морь, хүчит бөх, сур харваагаар хурд, бяр, цэц мэргэнээ сорьдог байсан нь түүхийн хуудаснаа шарлан үлдсэн байх. 1206 онд Их Монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон билээ.
Улмаар 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж долдугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ. Үүний дараа 1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарсан байна. Энэ үеэс Ардын хувьсгал ялсны ой хэмээн наадмыг нэрийдэж эхэлсэн.
Тэгвэл эртний түүхтэй Монгол наадам тасалдаж байсан нь ховор. Харин дэлхий нийтийг өлмий доороо сөхрүүлж байгаа цар тахлын нөлөөгөөр наадам нэг жилийн хугацаагаар хойшлох болсон нь ганцхан миний гэлтгүй биет болоод биет бус өв соёлоо хамгийн ихээр бишрэн дээдэлдэг ард түмний хувьд ихээхэн гуниг дагуулсан үйл явдал боллоо.
Монгол хүн бүрийн хүүхэд насны дурсамж үндэсний их баяр наадамтай салшгүй холбоотой. Наадам үзэж, цэнгэлдэхийн гадаа тухлан хуушуур идэж, бөхчүүдийг дэргэдээс нь харж бишрэн харваачдын нумыг татахсан хэмээн мөрөөдөж, хурдан морины хүүхдүүдэд атаархдаг байгаагүй гэж үү. Домгийн шувуу үргээдэг Монгол наадам өнөө жил уяаны хэцэн дээр суусан болжмороо ч үргээж чадахгүй байгаа нь хүн бүхний сэтгэл зүрхэнд гунигийн сүүдэр үлдээгээд байна. Гэхдээ эрүүл саруул, энх тунх явбал дараа жилийн наадам битгий хэл далан жилийн цаадах наадмаар үр ачаа дагуулаад баярын магнай тэнэгэр цэнгэх биз ээ.
Монголын ард хоёр жилийн хугацаанд өнө эртнээс тэмдэглэж ирсэн цагаан сарын баяраа тэмдэглэлгүй өнгөрүүллээ. Гэхдээ ах дүү төрөл төрөгсдөө мартчихсангүй явна. Үүнтэй адил нэгхэн жилийн наадмаа тэмдэглэлгүй өнгөрүүллээ гээд түүх соёл, өв уламжлалаа мартахгүй байх гэдэгт итгэлтэй байна. Энэ зуунд амьдарч буй Монгол хүмүүний хувьд ганц удаа тохиож болох зуун жилийн ой үүгээр эхэлж үүгээр дууслаа.
Монгол түмэн минь сэтгэл зүрхэндээ сайхан наадаарай.
Х.Умаахан