Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авсан даруйдаа нохой шуугиулсан сонгуулийн уриа, мөрийн хөтөлбөрөө танилцуулж эхлэв. Сурталчилгааны чухал хэсэг бол уриа үг. Сонгуулийн уриа дэвшигчийг илэрхийлэхээс гадна олон нийтийг хөтөлсөн, өөртөө татсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг тийм амьтай уриа илэрхийлж чадсан хүн маш тодоор хоногшиж чадна. Сүүлийн үеийн судалгааг харахад монголчуудын бараг 50-иас дээшээ хувь нь хөвөгч буюу сонгуулийн өдрүүдэд саналаа хэнд өгөхийг шийддэг болж. Яг ийм нөхцөл байдалд өөрийгөө итгүүлж, анхаарал татах үгийг зангидсан эрхэм л хоногшиж чадна. Уулзалт, цуглаан бол нам тус бүрийн идэвхтэй, намдаа л саналаа өгөх ангиллын бөөн хүмүүсийн бөөгнөрсөн "жүжиг".
Тэгвэл энэ удаагийн сонгуульд оролцож буй гурван эрхэм тус тусдаа уриа үг, слоган дэвшүүлжээ. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол”, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол”, Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат “Монгол чадна” гэдэг уриаг дэлгэж тавив. Эдгээрийн тус тусад нь хэсэгчилж үзье. Азаар мань гурав дотор одоогоор Хятад хүн байхгүй бололтой. Тус бүртээ Монгол гэх агуулгыг тээж.
"Баялагтаа эзэн Монгол" буюу монголчуудын төрөлх натур дээр "тоглож", ажлаа ярих У.Хүрэлсүх
Ардын нам өнгөрсөн 4 жилд иргэдийн сэтгэл зүйг бэлдсэн зүйл дээрээ “тоглох”-ыг илүүд үзэв. “Баялагтаа эзэн Монгол” гэх уриаг Ардын намд гэхээсээ илүүтэй У.Хүрэлсүх хэмээх хувь хүнд “зориулсан” гээд шулуухан хэлчихэж болох юм. Учир нь тэрбээр 2017 оноос хойш байгалийн баялгийн талаар хамгийн их ярьсан хүн. Мөн ҮХ-д газрын доорх баялаг бол бидний өмч мөн гэдэг агуулгыг МАН “шигтгэсэн”. Ерөнхий сайдаар томилогдох чуулганд орохдоо л “Байгалийн баялагийг тэгш хуваарилна, нэг айл 34 лиценз эзэмшиж болохгүй. Газрын доорх баялаг бол ард түмний өмч. Төр ард түмний өмчийг эргүүлж авна” гэх зэргээр иргэдэд таалагдах зүйлсийг "чулуудаж" эхэлсэн. Түүний Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг буцааж авах, Оюутолгойн гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлж, татварын акт тавьсан. Мөн Асгатын мөнгөний ордныг Хятадуудаас тусгай байгууллагуудын хүчээр “булааж” авсан гээд байгалийн баялагтай холбоотой олон “ажил” хийсэн. Тиймээс энэ сонгуульд баялагтаа эзэн байх талаар ярьж орох нь өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа эхнээс нь дуустал ярих боломжийг түүнд олгоно. Нөгөө талаас монголчууд байгалийн баялаг гэдэг үгэнд ихэд акцент өгч ханддаг. Байгалийн баялгаа харийнханд алдахаас үхтлээ айдаг. Хэн нэгнээс “Баялгийн эзэн, таны юм” гэх үгсийг сонсох туйлын кайфтай улс. Эдийн засаг, улс орны хөгжлийг бодохоос илүүтэйгээр газар, шороо эх орондоо илүү санаа зовдог төрөлх натуртай ард түмэн. Мөн У.Хүрэлсүхийн урианаас халамж нэвт “үнэртэж” буйг хэлэх нь зүйтэй. Угаасаа МАН зүүн төвийн үзэлтэй нам учраас ийм өнгө аяс цухалзуулах нь ойлгомжтой. Тодруулбал, 2001 оноос хойшхи Ерөнхийлөгчийн сонгуулиуд МАН-аас нэр дэвшигч эвийн хүч, эсвэл баялагийн хүч гэсэн хоёрхон агуулга дээр л “тоглож” ирлээ.
"Дарангуйлалгүй Монгол" буюу Ерөнхийлөгчийг институтийг авч үлдэх гэсэн С.Эрдэнэ
"Дарангуйлалгүй Монгол" бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн бодож олсон сонгуулийн уриа үг. Нэг намын эсвэл нэг хүний дарангуйлал гэх агуулгыг АН-ынхан сүүлийн нэг жилийн турш давтаж байгаа. Энэ нь ч зөв. Монголчууд нэг хүнд эсвэл нэг намыг хэт хүчтэй байхыг тэвчдэггүй. Ялагдаж байгаа нэгнийг дэмждэг сонин өрөвч хүмүүс. Үг агуулгын хувьд идэвхтэй харагдаж байна. Ямар нэгэн зүйлд уриалан дуудсан шинжийг агуулжээ. Харин улс төрийн агуулгын хувьд сөрөг хүчнээс барьж болох л хувилбарыг дэвшүүллээ. Соц нийгэмд нэг нам, нэг хүний эрх мэдэл дор 70 жилийг туулсан монголчуудын хувьд. Мөн ардчилсан нийгэмд шилжээд 30 жилийг үдсэн ард түмний хувьд дарангуйлалд яс махнаасаа дургүй.
Өөрөөр хэлбэл, АН-ын энэ сонгуулийн арга тактик нь нэг намд УИХ, Засгийн газар, орон нутаг гээд төрийн бүхий л эрх мэдэл "хураагдсан". Дээр нь нэмж Ерөнхийлөгчийн институтийг өгөхгүй байцгаая л гэдэг агуулга. Товчоор хэлбэл, том агуулга нь явцуу байж болох ч яг өнөөдрийн нөхцөл байдалд өрсөлдөж буй хамгийн хүчтэй нөхөртөө “цохилт” өгөх гэсэн шууд зорилготой. Ямар ч байсан 2016 оноос хойш УИХ-д дараалан хэт олонх болж, сөрөг хүчиндээ зүү орох ч зай үлдээлгүй дөрвөн Засгийн газрыг байгуулсан өрсөлдөгчөө “баалсан” өнгө аяс С.Эрдэнийн урианаас үнэртэж эхэллээ. Энэ урианы гол зорилтод бүлэг нь нийслэл хотын хөвөгч масс руу л чиглэсэн мэт миний хувьд “уншигдаж” байна.
"Монгол чадна" буюу сонгогчдод яаж хүрэх нь эргэлзээтэй Д.Энхбатын уриа
Ерөнхийлөгч Х.Баттулгын “Монгол ялна” гэдгийн бараг л муужруулсан хувилбар мэт санагдав. Магадгүй Д.Энхбат нэр дэвшигчийн сонгуулийн “гараа” олон хүний хүлээлтэд хүрсэнгүй. Сул эхлээд яваандаа боолтоо чангалах тактик байхыг ч үгүйсгэхгүй. Аль ч сонгууль эхлэхэд хамгийн сайн ранктай байсан хүн сонгуулийн явцад хүссэн, хүсээгүй доошилдог. Харин дор байсан хүн нь өсдөг бичигдээгүй хуультай.
"Монгол чадна" гэх сонгуулийн уриа нь үг агуулгын хувьд идэвхтэй. Ямар нэгэн зүйлд уриалан дуудсан. Хийж бүтээхэд чиглэсэн мэт уншигдаж байна. Магадгүй тус эвслийн гол хүч ХҮН-ын хөдөлмөр гэдэг агуулгатай шууд холбож ойлгох нь зөв байх.
Улс төрийн агуулгын хувьд уг нь чадна гэдэг үгээрээ том агуулгыг харуулахыг хичээсэн бололтой. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар “Монгол ялна” гэдэгт хөөсөрч саналаа өгсөн ихэнх масс иймэрхүү агуулгаас татгалзах мэдрэмжтэй байгаа. Мөн яагаад ч бүү мэд, Х.Баттулгын "үргэлжлэл" ч юм шиг сэтгэгдэл төрүүлээд байх юм. Дээрээс нь ямар нэгэн амлалт, чадна гэдэг үг улс төрчдөд олон жил хууртсаар ирсэн монголчуудад нэг л наалдахгүй байх вий дээ. Ямар сайндаа л “Би чадна” гэдэг “сервис”-ээр аливаа худлаа, асуудалтай, бүтэхгүй зүйл дээр жишээ авч хошигноод удсан. Сонгуулийн үед нэр дэвшигч үе шаттайгаар уриа, мессежээ сольдог. Магадгүй Д.Энхбат нэр дэвшигч цаашдаа уг уриагаа өөрчилж, дараагийн шатны шинэ уриаг гаргаад ирэхийг ч үгүйсгэхгүй.
Сонирхолтой байх үүднээс, 1997 оноос хойшхи Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан эрхмүүдийн сонгуулийн уриаг танилцуулъя.
1997 – МАХН Н.Багабанди “Хийгүй Ерөнхийлөгч” /Ялсан/
АН П.Очирбат “Хээгүй Ерөнхийлөгч”
2001 - МАХН Н.Багабанди “Төрийг тогтворжуулна” /Ялсан/
АН Р.Гончигдорж “Төрийг тэнцвэржүүлнэ"
2005 - МАХН Н.Энхбаяр “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” /Ялсан/
АН М.Энхсайхан “Би авилгачдыг цээрлүүлнэ”
2009 - АН Ц.Элбэгдорж “Шударга байцгаая” /Ялсан/
МАХН Н.Энхбаяр “Эвийн хүчийг нэгтгэж, эх орны хишгийг өгүүлнэ”
2013 - АН Ц.Элбэгдорж “Монгол Улсын төлөө зүтгэе” /Ялсан/
МАН Б.Бат-Эрдэнэ “Эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ”
2017 – АН Х.Баттулга “Монгол ялна” /Ялсан/
МАН М.Энхболд “Эвтэй Монгол, ээлтэй төр”
Г.Лхагвадорж