Коронавирусний халдвар аваад 10 гаруй хонож буй резидент эмчийг ажлаас нь дуудсан гэх мэдээллийн дагуу тухайн эмчийн ээжээс тодруулга авлаа. Тэрбээр тодруулга өгөхдөө болж буй үйл явдлыг зөвхөн өөрийн цахим хүрээлэлд мэдүүлэхээс илүүтэйгээр олон нийтэд нөхцөл байдал ямар байгааг дуулгахыг зорьж буйгаа онцолсон юм.
-Халдвар авсан эмчийг ажлаас нь дуудаж байна гэсэн мэдээллийн дагуу танаас тодруулга авах гэсэн юм.
-Манай охин резидент эмч байгаа юм. Хүргэн маань бас гэмтлийн эмнэлгийн эмч. Хоёул ковид туссан. Эмчилгээнийх нь хугацаа арай дуусаагүй байтал эмнэлгээс нь утасдаад ажилдаа ор гээд байгаа юм. Дөрөвдүгээр сарын 13-нд халдвар аваад одоо 10 гаруй хонож байгаа. Хүргэн маань бага зэрэг ханиалгаад бүрэн эдгээгүй байгаа юм. Гэхдээ гол асуудал болоод байгаа зүйл нь манай охин оюутны ширээнээс гараад удаагүй резидент эмч. Хувийн машин тэрэг байхгүй. Нөхөр бид хоёр өөрсдийнхөө машиныг өгөөд унуулж байгаа. Гэтэл заавал өөрийнх нь дугаар дээр Qr код өгнө гээд явуулахгүй байна гэнэ.
-Өөрийн нэр дээрх хувийн унаагүй учраас ажилдаа явж чадахгүй байна гэж ойлгож болох уу?
-Тийм. Өнөө өглөө санаа зовоод ярьтал өвдсөн байгаа учраас яалт ч үгүй татгалзаад өнөө маргаашдаа очихгүй юм гэсэн. Хавь ойрынх нь ажлынхнаас нь асуухаар "Өөрийн машин дээрээ QR кодгүй бол явуулахгүй байна. Цагдаа нарт яаж ч учраа хэлээд зөвшөөрөхгүй байна" гэсэн. Зарим нь автобусны буудалгүй газар машинаа үлдээгээд явган явж ажилдаа очиж байна гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол ганц манай хүүхдэд тохиолдоод байгаа асуудал биш. Энэ дарга нар чинь өөрсдийнхөө амьдралаар нийт ард түмнийхээ амьдралыг төсөөлж байгаа юм шиг шийдвэр гаргаад байна шүү дээ. Тэр нь хөрсөн дээр буухгүй хүндрэл учруулж байна.
-Эмч, эмнэлгийн ажилтнууд хамаг ачааг нуруун дээрээ үүрч яваа хүмүүс шүү дээ. Эмчийн ар гэрийн хүн гэдэг утгаар нөхцөл байдал ямар байна вэ?
-Шийдвэрийг гүйцэтгэж байгаа эмч, ажилчдын хувьд цалин, мөнгөнөөс эхлээд асуудал их. Манай охины хувьд өдрийн цайны хоол, ундыг нь харахад л хэлэх ч үг олддоггүй. Эмч нар чинь өөрсдөө эрүүл саруул байж хүнийг эмчилнэ шүү дээ. Гэтэл өөрсдөө өвдөж зовоод ажлын бүтээмж муутай байхаар яаж хүнд тус хүргэх вэ.
-Голомтод ажиллаж буй эмч, ажилчид гэрийн бараа харалгүй удаан хугацаанд ажил дээрээ байрлаж ажиллаж байгаа. Энэ талаар?
-Тийм. Манай 10 жилийн найз цэргийн коспиталд байрлаж ажиллаж байгаа. 14 хоног ажлаа хийгээд 14 хоног тусгаарлагдаад бараг сарын дараа гэртээ харьдаг.
-Хүргэн тань бас халдвар авсан гэсэн. Гэмтлийн эмнэлэг дээрээс халдвар авсан уу?
-Тэгсэн. Манай хүргэний хувьд гэмтлийн эмнэлэгт ажилладаг. Бас л адилхан дөнгөж резидентээр төгсөөд эмнэлзүй хариуцсан эмчээр ажиллаж байсан. "Хагалгаа хийх хүн хүч дутагдаж байна" гэж дуудагдаж явж очоод хонож ажиллаад маргааш өглөөнөөс нь халуурч эхэлсэн. Ар гэрийн зүгээс хангалттай анхаарал халамж тавьж хараахан чадахгүй л байна. Гаднаас хоол, унд, хэрэгтэй зүйлсийг нь дөхүүлж өгөхөөс илүүг хийж чадахгүй байна шүү дээ. Санаа зовж л сууна. Энгийн иргэдийн хувьд халдвар аваад хүнд үеэ давсан бол гэрт нь 10 гаруй хоног тусгаарлаж байгаа бол эмч нарыг ᠌"халдвар авсан бол эмчлүүлээд шууд ажилдаа ор" гэсэн шаардлага тавьж байгаа гэж дуулдсан. Тэр нь одоо дүүрч. Гагцхүү шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь эмч, эмнэлгийн ажилчиддаа давуу эрхийг нь олгоод ядаж л ажилдаа явахад нь ингэж төвөг учруулмааргүй байна. Хэний ч машин тэргээр явж байлаа гэсэн ажлынх нь үнэмлэхийг шалгаад явуулмаар байна. Машин тэргийг нь эргэж тойруулаад, явган нүцгэн алхуулаад байхаар энэ хүмүүсийн чинь ажлын бүтээмж буурна шүү дээ.
Б.Цогзолмаа: Эмч хүн гэдэг өөрөө эрүүл саруул байж бусдыг эмчилдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.