ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 43 секунд

Хаврын чуулган өнөөдөр эхэлж, Монголын улс төр “сэрж” байна. Товчхондоо, согтуу галзуу нь мэдэгдэхгүй нэг тиймэрхүү улстөржилт та биднийг хүлээж байгаа. Энэ хаврын улс төрийн өнгө төрх өмнөх дөрвөн жилээс харьцангуй сонирхолтой, динамиктай болж өнгөрнө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх мэдэлтэй байгаа дээрээ хийх маш ач холбогдолтой томилгоонуудаа хийж чадах уу. Ерөнхий сайд руу чиглэсэн акц хэр хүчтэй өрнөх вэ. Төсөв санхүү маань бидэнд ямар “бэлэг” барих бол гээд биднийг хүлээж буй улс төрийн үйл явцуудаас хамгийн топ хэдийг нь өнөөдөр нэрлэе.

НЭГ, Төсвийн алдаагаа яах вэ

Хамгийн нэгдүгээр асуудал бол улсын төсвийн асуудал. Мордохын хазгай гэгчээр анхнаасаа л асуудал дагуулсан 2025 оны төсөв өнөөдөр жинхэнэ утгаараа хүндэрч, орлого 1 их наяд төгрөгөөр тасрах нь ойлгомжтой болсон. Эдийн засагчид нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаж, экспортын хэмжээ буурсан тул төсвөө тодотгохоос өөр гарцгүй боллоо гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч үүнийг Сангийн сайд болон Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй сууна. Сангийн сайд хэд хоногийн өмнө гарч ирэхдээ “Төсвийг тодотгохгүй” гэх байр суурь илэрхийлсэн. Төсвөө батлуулснаас хойш ердөө гурван сарын дотор тодотгоно гэдэг бол сайны дохио биш. Хэрвээ хавар тодотгол хийчихвэл Засгийн газар, Сангийн яам төсвөө жилээр нь төлөвлөх нь байтугай гурван сарын цаадахыг ч харж чаддаггүй гэдэг нэр зүүнэ.

Гэвч нэгэнт орлого дутаж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй тулгарах нь ойлгомжтой болсон тул эртхэн зөв замдаа орох нь зүйтэй. Харин Засгийн газар үүнийг хүсэх үү гэдэг л сонин. Хэрэг буруугаар эргэвэл төсвийн асуудал нь шүүмжлэлээр дүүрэн байгаа энэ засагт хасах оноо болох аюултай. Тиймээс УИХ төсвөө яах вэ гэдэг бол энэ хаврын чуулганы хамгийн том сэдэв, улс төр байх болно.

ХОЁР, АТГ болон Ерөнхий прокурорын томилгоо дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын ойлголцол харагдана

Дөрөвдүгээр сар дөнгөж гаргаад УИХ дээр Монголын улс төр, хуулийн байгууллагуудын хувь заяаг хааш нь эргүүлэх вэ гэдэг хамгийн чухал томилгоонууд хийгдэх гэж байна. Зургаан жилийн хугацаатай томилогдсон Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарын хугацаа энэ дөрөвдүгээр сард дуусгавар болж буй. Өнөөдрийн байдлаар томилгоотой холбоотой нэрс хараахан яригдаагүй байгаа ч энэ хоёр томилгооноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын харилцаа ямар хэмжээнд очих эсэх нь шийдэгдэнэ. Хэдхэн хоногийн өмнө сошиал орчинд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох тухай мэдээлэл гарсан. Ерөнхий сайд энэ томилгоог хүлээн зөвшөөрсөн бол Ерөнхийлөгчид тал засах талдаа байна гэсэн үг. АТГ-ын даргыг У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа зургаан жилийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгаар УИХ-д санал болгуулан томилуулсан. Гэвч одоо бол АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд санал болгож, УИХ-аар томилуулдаг хуультай болсон юм. Өөрөөр хэлбэл, АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилж байгаа бол Л.Оюун-Эрдэнэ нутгийн ах, Ерөнхийлөгчтэйгөө тултал арсалдах хэмжээнд очоогүй бөгөөд энэ хавар У.Хүрэлсүх АТГ-ын дарга, Улсын Ерөнхий прокурор хоёрын томилгоог хийнэ гэсэн үг юм. Товчхондоо, хуулийн байгууллагууд дээр хийгдэх эдгээр томилгоонууд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын цаашдын харилцааг шийдэж, Ардын нам төдийгүй Монголын улс төрийн ойрын хэдэн жилийг зүг мөрийг бидэнд алсаас харуулах болно.

ГУРАВ, О.Алтангэрэл сайдын УИХ, Засгийн газар хоёрыг үл ойлголцуулах ХУУЛИУД

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл бол энэ хаврын хамгийн эвгүй дүр. Эвгүй гэдэг нь өөрт нь эрсдэлтэй гэхээсээ илүүтэй ардчилалд, парламентын засаглалд хортой байж болохуйц тогтоолын төсөл, хуулиуд юм.

Эхнийх нь Ж.Оджаргалаас булааж авах сонирхол бүхий “Ухаа худаг” ордын лицензийг эргүүлж төрд авах асуудал. Яг одоогоор Засгийн газраас УИХ-д оруулж ирэх гэж буй тогтоолын төслийн агуулга нь нарийн гараагүй учраас энэ асуудлыг ерөнхий тойм зургаар нь ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, С.Баярын Засгийн газраас “Энержи Ресурс” ХХК-д өгсөн Ухаа худаг ордын лицензийг хууль зөрчиж, аж ахуйн нэгжид өгснийг буцаана л гэсэн үг. Үүнийгээ хийхийн тулд Засгийн газар болон УИХ хоёр зайлшгүй зөрчилдөнө. Хэрвээ энэ тогтоолын төслийг УИХ баталчихвал олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь гарсан компанийн өмч хөрөнгийг дээрэмдэж авах ажлыг УИХ нь өөрийн гараар хийх бөгөөд арбитрын буруутан нь УИХ болно. Хэрвээ УИХ “үгүй” гэсэн шийдвэр гаргавал Ж.Оджаргалд, MCS-д худалдагдсан гэж ард түмэнд гөвшүүлнэ.

О.Алтангэрэл сайдын оруулж ирж энэ хаврын дуулианыг нэмэх дараагийн нэг хууль бол хөрөнгө хураах хууль. Ардчилсан тогтолцоотой ямар ч улсад байхгүй энэ хууль УИХ, Засгийн газар хоёрыг дахиад л хооронд нь хагаралдуулна. Хөрөнгө хураана гэдэг гоё нэршилтэй ч ардчиллын зарчим, хүний өмч, хувийн өмч, чөлөөт зах зээл, гадна дотны хөрөнгө оруулалт гээд бүгдийг нь үргээж, зайлуулах энэ хуулийг гишүүд дэмжихгүй гэж шийдвэл “Авилгачдыг өмгөөлсөн УИХ” гэх нэрийг дахиад л зүүнэ. Хэрвээ дэмжээд явчихвал Венесуэлийн араас замнаж, хүй нэгдэл рүүгээ буцаад арван алхам ухрах учиртай. Энэ хуулийг УДШ нь ч дэмжихгүй байгаа. УИХ батлаад явуулчихвал Цэц дээр очоод асуудалд унана. Өөрөөр хэлбэл, энэ хавар УИХ руу барьж орж ирэх ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн хоёр ч асуудал УИХ, Засгийн газрыг хагаралдуулах болно. Цаашлаад иргэдийг ч талцуулж, хуваах нь гарцаагүй.

Эдгээр асуудлууд дээр нэмээд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эргүүлэн татах асуудал УИХ дээр яригдах байх. Мэдээж нэг хэсэг өдрүүдийг өөртөө татсан хэлэлцүүлэг өрнөх хэдий ч дээрх гурван топ сэдэв шиг улс орны хэмжээний асуудлыг шийдэхгүй. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцийг хооронд нь зөрчилдүүлж, эсвэл ойлголцуулахгүй билээ.

Дундговь аймагт УЛААНБУРХАН өвчний батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдэж, сэжигтэй 8 тохиолдлын сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлжээ
Дундговь аймагт УЛААНБУРХАН өвчний батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдэж, сэжигтэй 8 тохиолдлын сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлжээ
 
Н.Энхбаяр ШАХМАЛ ТҮЛШ, АГААРЫН БОХИРДОЛ хариуцсан Тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллана
Н.Энхбаяр ШАХМАЛ ТҮЛШ, АГААРЫН БОХИРДОЛ хариуцсан Тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллана
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!