VISUAL: “MCS”-н Ж.Оджаргал, “Моннис”-ын Б.Чулуунбаатар, “Макс”-ын Д.Ганбаатар тэргүүтэй бизнесийнхэн УИХ-д хэдэн “ГИШҮҮНТЭЙ“ вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 32 секунд

Энэ хаврын улс төр өнөөдрөөр НЭЭЛТЭЭ хийж байна. Ухаа худаг ордыг тойрсон "нанчилдаан"-аас эхлээд Зөвшөөрлийн тухай хууль, татварын багц хууль үргэлжлээд хууль бус хөрөнгийг хураах хуулийн төсөл зэрэг "халуухан" сэдвүүд шил шилээ даран биднийг хүлээж байна. Тэгвэл уламжлал ёсоор энэ хаврын улс төрийн үнэнч үзэгч басхүү "оролцогч" нь томоохон бизнесмэнүүд байх нь гарцаагүй.

Учир нь манайд бизнес, улс төр хоёр нэг шугаманд огтлолцдог болоод удаж байна. Гол зарчим нь ердөө л хэн хэнийхээ эрх ашгийн эрэмбийг дордуулахгүй байх явдал. Үүнийг нь батлах мэт тойрогт өрсөлдсөн гишүүд нь сонгуулиар томоохон бизнес эрхлэгчдээс нэг биш нэлээн хэдэн компаниудаар нь дамжуулаад хандивын мөнгийг хайр найргүй авчихсан байх жишээтэй.

Гэхдээ манай гишүүд "этик" нь байдаг бол хандив өгсөн компаниудыг биш санал өгсөн ард түмнийг төлөөлөх ёстой гэдгээ санах хэрэгтэй. Энэ зарчмаа барьж ажиллахыг нь сануулах үүднээс монголын томоохон бизнес эрхлэгчдээс хандив авсан гишүүдийн мэдээллийг хүргэж байна.

-СОНГУУЛИАР ХАМГИЙН ОЛОН ГИШҮҮНД, ХАМГИЙН ИХ ХАНДИВ ӨГСӨН ТОП ТАВАН КОМПАНИ НЬ Ц.ОДЖАРГАЛЫНХ-

MCS-ын Ж.Оджаргал. Тэр бол монголын улс төрийн хөшигний ард талын томоохон тоглогчдын нэг гэгддэг. Энэ утгаараа сонгуулиар зөвхөн гишүүд гэлтгүй намуудад ч хандив өгсөөр ирсэн. Хамгийн сонирхолтой нь, 2024 оны УИХ-ын сонгуулиар хамгийн өндөр дүнгээр хандив өгсөн топ таван компанид Ж.Оджаргалын Энержи ресурс, Юнайтедпауэр, Тавантолгой нисэх буудал, Ухаа худаг ус хангамж, Тавантолгой цахилгаан станц, ус хангамж гэх таван компани маргаангүй жагсаж байна. Тус тавхан компанийн хандив л гэхэд нийт дүнгээр 1.5 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Хандивын дүнг компани тус бүрээр харвал,

Ингэхдээ Ж.Оджаргал зөвхөн дээрх таван компаниар бус охин компаниудаараа ч дамжуулан хандивыг гишүүдэд тараасан байх аж. Сонгуулийн тухай хуульд заасанчлан хуулийн этгээд дээд тал нь 30 сая төгрөгийн хандив өгөх ёстой. Энэ утгаараа Эм Си Эс группынхээ 10 гаруй охин компаниараа дамжуулан хандиваа өгсөн байх аж. Үүнд дараах компаниуд багтаж байна.

  • Эм си эс эстэйт /30 сая/
  • Эс си эс Проперти /30 сая/
  • Эм си эс Пропертийз холдинг /30 сая/
  • Эрчим сүлжээ /60 сая/
  • Агар Энержи /60 сая/
  • Топ моторс /30 сая/
  • М Армор /20 сая/
  • Чингис Эко тур /50 сая/
  • Юнисервис солюшн /30 сая/
  • Скай инфра /60 сая/
  • Тек пак групп /20 сая/
  • Бьюдинг мэйнтэнэнс сервисэс /30 сая/ зэрэг компаниуд тус бүр 20-60 сая төгрөгийн хандивыг өгсөн.

-ЭМ СИ ЭС-ээс ХАНДИВ АВСАН ГИШҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ 450 САЯАР Л.ЭНХ-АМГАЛАН ТЭРГҮҮЛЭВ-

Тэгвэл дараах 14 гишүүн Ж.Оджаргалын компаниудаас хандив авч, сонгуулийн ажилдаа зарцуулсан байна. Эдгээрээс хамгийн их хандив авсан хүн нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болох нь харагдаж байна. Харин удаагаар нь Н.Учрал, Н.Наранбаатар, Б.Батцэцэг, Б.Пүрэвдорж нар жагсаж байна. Тэд 30-450 сая төгрөгийн хооронд хандив авчээ.

-Ж.ОДЖАРГАЛ 2024 ОНЫ СОНГУУЛИАР НАМ БОЛОН ГИШҮҮДИЙН ХАНДИВТ 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ГАРГАЖЭЭ-

Тэгвэл Ж.Оджаргал сонгуулийн хандивт нийт дүнгээр 4 ТЭРБУМ 60 САЯ төгрөгийн зориулжээ. Үүнд намын түвшинд болон 14 гишүүнд тараасан мөнгөн хандив багтаж байгаа юм. Харин энэ их мөнгөний хариу "эзэнд нь" очих уу гэдгийг асуулт болгон үлдээе.

-МАКСЫН Д.ГАНБААТАР Э.БОЛОРМАА, Х.ГАНХУЯГ НАРТ НИЙТ 180 САЯ ТӨГРӨГИЙГ ХАНДИВЛАВ-

Удаах хүн бол МАКС-ын Д.Ганбаатар. Улс төрд ч багагүй нөлөөтэй хэмээн яригддаг тэрбээр сонгуулиар хоёр гишүүнд нийт дүнгээр 180 сая төгрөгийг хандивласан. Тухайн хоёр гишүүн бол Э.Болормаа, Х.Ганхуяг нар. Макс Групп тухайн сонгуулиар өөрийн зургаан охин компаниараа дамжуулан хандиваа өгсөн байна. Ингэхдээ Э.Болормаад таван охин компаниараа 150 сая төгрөгийг хандивласан байх аж.

-"МОБИКОМ"-ЫН ТОЛГОЙ НЬЮКОМ ГРУПП СОНГУУЛИЙН ХАНДИВТ 120 САЯ ТӨГРӨГИЙГ ГАРГАВ-

Ньюком бол үүрэн телефоны салбар дахь томоохон компани. Ньюком ХХК-ын Ерөнхийлөгч Б.Баатармөнх сонгуулиар гурван гишүүнд 90 сая төгрөгийг хандивласан байна. Улстөрийн холбоогоор авч үзвэл, тус компанийн охин компани болох Ньюком Проперти ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даваамаа нь УИХ-ын гишүүн асан Н.Энхболдын эхнэр аж. Ямартай ч Ньюком улс төрийн хандиваас дутсангүй.

Хандив өгсөн гишүүдийн тухайд,

-"МОННИС"-ын Б.ЧУЛУУНБААТАР ГОЛ ХОЁР ХҮНД ХАНДИВАА ФОКУСЛАВ-

Моннис Группын Ерөнхийлөгч Б.Чулуунбаатарыг улс төрд багагүй нөлөөтэй хэмээн хэлцсээр ирсэн. Түүний хувьд өнгөрөгч сонгуулиар "гол тоглогч" гэж үзсэн хоёр хүндээ хандив өгсөн болтой.

-НОРДРОУД КОМПАНИ ГОЛДУУ ХЭНТИЙН ГИШҮҮДЭД ХАНДИВ ӨГЧЭЭ-

Дотоодын үйлдвэрлэгч НОРДРОУД ХХК мөн л багагүй хандивыг сонгуульд гаргажээ. Тус компани 70 сая төгрөгийг дөрвөн гишүүнд хандивласан байх жишээтэй.

Хандив авсан гишүүдийн тухайд,

-МИГ ДААТГАЛ АРДЧИЛСАН НАМЫН ХОЁР ГИШҮҮНД ХАНДИВ ӨГЧЭЭ-

Түүнчлэн МИГ ДААТГАЛ хоёр гишүүнд нийт 40 сая төгрөг хандивласан. Тухайн хоёр гишүүн нь Ц.Баатархүү, Б.Түвшин нар юм.

-Ж.ОДЖАРГАЛ МАН, ХҮН намд 2 ТЭРБУМ ТӨГРӨГ ХАНДИВЛАСАН бол НЬЮКОМ АН-д 30 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАСАН-

Мэдээж хандив гээч зөвхөн гишүүдээр зогсохгүй. Намуудад ч хамаатай. Өнгөрөгч сонгуулиар Ж.Оджаргал гол төлөв МАН болон ХҮН намд хандиваа өгчээ. МАН-д 36 компаниараа 1 тэрбум 80 сая төгрөгийн хандив өгсөн бол ХҮН намд 33 компаниар 990 сая төгрөгийн хандив өгсөн байна. Өөрөөр хэлбэл, намын түвшинд хоёр тэрбум 70 сая төгрөгийн зарцуулсан гэсэн үг. Харин дээрх томоохон компаниудаас Ньюком компани намын түвшинд өгөх хандивынхаа сонголтыг Ардчилсан намаар хийжээ. Тус компани Ардчилсан намд 30 сая төгрөгийг хандивласан юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -1 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -1 хэм хүйтэн
 
Г.Дамдинням: ААН-ээ татварын бодлогоор дэмжиж, гадны хөрөнгө оруулалтыг яаралтай татахгүй бол төсөв тасалдах эрсдэлтэй байна
Г.Дамдинням: ААН-ээ татварын бодлогоор дэмжиж, гадны хөрөнгө оруулалтыг яаралтай татахгүй бол төсөв тасалдах эрсдэлтэй байна
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!