Монгол Улсаас гадаадын 22 иргэнийг албадан гаргасан болохын Гадаадын иргэн харьяатын газар мэдээллээ. Тус газрын мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар зөрчилд холбогдсон 10 улсын иргэнийг ийнхүү гаргасан байна. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 108 иргэнийг хилээр оруулалгүй буцаажээ.
Тус газраас 22 удаагийн хяналт шалгалтаар 81 аж ахуйн нэгж байгууллага, 1786 иргэнийг хамруулжээ. Энэ үеэр зөрчилд холбогдсон нийт 396 гадаадын иргэн, 128 уригч иргэн аж ахуйн нэгж зөрчид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Зөрчилд холбогдсон иргэдийн дийлэнх хувийг Хятад, Вьетнам, Филиппин, Орос улсын иргэд эзэлж байна. Тухайлбал, БНХАУ-ын 195, БНСВУ-ын 51, БНФУ-ын 22, ОХУ-ын 14, бусад улсын 114 иргэн байна.
Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна гэж ГИХГ-аас мэдээлэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!