ХИЛИЙН ЗАСТАВААС: Нөхрийнхөө гуйлтаар “7-хон хоночихоод л буцна“ гэж очоод хоёр жил ЗАСТАВТ амьдарсан ХИЛЧИН БҮСГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 33 секунд

Эх орныхоо дархан хилийг хамгаалахад амь, амьдралаа зориулдаг хилчин эрчүүдийн тойрч биш дайрч гардаг хүндхэн даваануудын нэг нь их хотын амьдралд ээнэгшин дассан, ээж, аавын эрх танхи охидод ажил мэргэжлийнхээ онцлогийг ойлгуулж, хязгаар нутагт өрх тусгаарлан амьдрах асуудал байдаг.

Төрж өссөн төрөлх нутаг, амин хайртай аав, ээжээ "орхиж", төв суурин газраас алдслагдсан буйдхан заставт, хилчин бүсгүйн амьдралаар амьдрах сонголт хийх XXI зууны эрх танхи охидод амар сонголт биш.

"Алс бөглүү хилийн заставт амьдарч чадахгүй" гэх үгээр харилцаагаа дуусгах хосууд байхад амьдарна гэж оччихоод аавын хөвгүүдийг албанд нь үлдээгээд буцдаг нь ч бий. Мэдээж олон хүн сайнтай, муутай гэгчээр эр нөхрийнхөө бахархалт албыг хүндэлж, хилчин бүсгүйн амьдралаар амьдарч буй хатан ухаант бүсгүйчүүд ч олон. Тэдний нэг нь залуу хилчин Б.Бүрэнбатын гэргий Б.Дэлгэрням.

Тэрбээр багш мэргэжилтэй. Анх хилийн заставт очихдоо нөхрөө тайвшруулж, 7 хоночихоод буцах төлөвлөгөөтэй байсан ч хилийн застав, хилчдийн амьдралд татагдаж, буцах хугацаагаа өдөр өдрөөр сунгасаар нэг мэдэхэд хоёр жилийг ардаа үдсэн хилчин бүсгүй болжээ.

-ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ, ДУРТАЙ АЖИЛ, ХАЙРТАЙ ГЭР БҮЛЭЭ ОРХИОД ХЯЗГААР НУТАГТ ХИЛ ДАГАЖ АМЬДРАН ГЭХЭЭР ТӨЛӨӨЛӨЛД НЬ Ч БАГТДАГГҮЙ БАЙСАН-

Анх бусдын л адил хилчин бүсгүйн амьдралаас халширч, хамтдаа заставт амьдрах нөхрийнхөө саналаас 6 жил татгалзаж, хүүтэйгээ хамт тусдаа амьдарсан. Энэ хугацаандаа, "Салчихсан, нөхөргүй хүүхэд гаргасан байх" гэх мэт шивнээ үгсийг хаа нэгтээ сонсож, бүх зүйлээ орхиод хил рүү гүйчихмээр санагдах үе олон байсан ч эзэмшсэн мэргэжил, дуртай ажил, хайртай гэр бүл, хамт олон, найз нөхдөө орхиод нөхрөөсөө өөр хэнийг ч танихгүй хязгаар нутагт хил дагаж амьдран гэхээр төлөөлөлд нь ч багтахгүй байсан учраас шийдвэр гаргаж чадалгүй явсаар нэг л мэдэхэд 6 жил өнгөрчээ. Эцэст нь нөхөр Б.Бүрэнбатынхаа "Хилийн засвтавт хамт амьдахгүй юм бол ажлаасаа гарлаа. Өргөдлөө өглөө" гэх гомдоллосон үг, гунигтай харцтай нүүр тулснаар арга буюу хилийн заставыг зорьсон байна. Анх очихдоо нөхрөө тайвшруулж, 7 хоночихоод буцах төлөвлөгөөтэй очсон ч хилийн застав, хилчдийн амьдралд бага багаар татагдаж, буцах хугацаагаа өдөр өдрөөр сунгасаар өнөөдрийг хүртэл хилийн заставтаа амьдарч, хоёр жилийг ардаа үдсэн хилчин бүсгүй болжээ.

-""БУЦААД ЯВЧИХ ВИЙ ДЭЭ" ГЭХ АЙДАСТАЙГААР МИНИЙ АЯ ТАЛЫГ ХАРЖ, АРГА ААШАА БАРЖ БАЙСАН ХАНИЙГАА ХАРААД ЗАСТАВТ ҮЛДЭХЭЭР ШИЙДСЭН"-

Энэ тухайгаа тэрбээр, "Анх ирэхэд өнөөдрийнх шиг ийм халуун дулаан, тухтай байр, газын халаалт, өндөр хурдны интернеттэй орчин намайг угтаагүй. Мод, нүүрс хагалж гал түлэхээс эхлээд даарч, хөрөх гээд шантармаар орчин нөхцөл угтсан. Буцах талаар бодож байсан ч хоргодож үлдсэн шалтгаан бол "Буцаад явчих вий дээ" гэх айдастайгаар миний ая талыг харж, арга аашаа барж байгаа миний хань. "Б.Бүрэнбатынх гэдэг айл одоо л бүрэн бүтэн айл шиг айл боллоо" хэмээн ханиас минь дутахгүй баярлаж, халуун дулаанаар намайг угтсан хайр дүүрэн хилчид байсан. Би цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Энэ ажилдаа ч дуртай байсан. Тийм ч учраас мэргэжлээрээ ч ажиллах боломжгүй ийм бөглүү газарт яаж амьдрах билээ гэх бодол эхэндээ төрдөг байсан ч одоо байхгүй болчихсон. Одоо надад нөхрийнхөө хажууд хилээ манаад тайван байх нь илүү гоё санагддаг болсон. Амралтаараа гэртээ ээж, аав дээрээ очихоороо 10 ч хонохгүй застав руугаа яараад гэрээ санаад байдаг болсон байна лээ. Мэргэжлээрээ ажиллах тухай бол бүр бодохоо ч больж, цолтой болоод, үргэлжлүүлж сураад тэтгэвэрт гартлаа хилийн цэрэгт зүтгэхээр эргэлт буцалтгүйгээр шийдчихсэн байгаа" гэлээ.

"ХИЛИЙН МАНААНААСАА БУУГААД ИРЭХЭД ИНЭЭМСЭГЛЭЭД УГТАХ ЭХНЭРТЭЙ БАЙНА ГЭДЭГ ХИЛЧДИЙН ХУВЬД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ"

Харин түүний хань Б.Бүрэнбат, "Хилчний амьдрал, хилийн манаа бол миний хамгийн том бахархал. Дуртай албандаа, эх орныхоо дархан хилийг хамгаалаад зогсон гэдэг эр хүн бүрт тохиогоод байдаггүй ховорхон хувь тавилан гэж бодож хүндэтгэлтэй ханддаг учраас тэр байх. Түүнээс гадна ажлыг минь ойлгож, баттай ар тал минь болж чаддаг хайртай гэргийтэйгээ хамт байгаа учраас би өөрийгөө азтайд тооцдог. Манаанаас буугаад ирэхэд халуун хоол, цайтай, инээмсэглээд угтах эхнэртэй байна гэдэг хилчдийн хувьд чухал зүйл. Тиймээс танай сайтаар дамжуулан ханьдаа баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна" гэлээ.

Эх орныхоо дархан хилийг манаж, алс бөглүү хилийн заставт хэдэн биенээ харж, өдөр хоногийг өнгөрүүлдэг ч хийдэг ажил, хилийн манаа, заставын амьдралдаа сэтгэл хангалуун байдаг хилчин хосууд хилийн заставуудад олон бий. Бидний зочин Б.Бүрэнбат, Б.Дэлгэрням нар тэдний нэг. Гэрийн эзэн Б.Бүрэнбат Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0144 дүгээр салбарын харуулын даргаар, гэргий Б.Дэлгэрням нь тус салбарт туслах аж ахуй эрхлэгчэээр ажилладаг.

"ӨДӨР БҮР УТСААР ЯРЬЖ, ДҮРСТЭЙ ДУУДЛАГА ХИЙДЭГ Ч ЭЭЖ, ААВЫНХАА ОРОН ЗАЙГ ҮГҮЙЛЖ, САНАН БЭТГЭРЧ БАЙГАА НЯЛХ ҮРЭЭ ХАРАХААР СЭТГЭЛ ЭМЗЭГЛЭДЭГ"

Тойрсон хэдэн байшингаас өөр тогтож харах зүйлгүй мэнэнгийн талд хоёр биенээ түшиж, хариуцлагатай албаа нэр төртэй хашиж байгаа залуу хосод хүүрүүгээ дөхөж, ойрхон анги салбарт хуваарилагдах юмсан гэх нууцхан хүслээс өөр дутагдах гачигдах зүйл байдаггүй гэдгийг ярилцлагын төгсгөлд бидэнд учирласан юм. Хүү нь эмээ, өвөөтэйгээ хамт амьдардаг. Одоо хоёрдугаар ангийн сурагч. "Өдөр бүр утсаар ярьж, дүрстэй дуудлага хийдэг ч ээж, аавынхаа орон зайг үгүйлж, санан бэтгэрч байгаа нялх үрээ харахаар сэтгэл эмзэглэдэг" гэлээ.

Хүссэн үедээ хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй, хоёр талд нэгнээ санан бэтгэрдэг ийм зовлон хилчин айл бүрт бий. Хязгаар нутагт сургууль, цэцэрлэг байхгүй учраас ээж, аавынхаа энгэрт эрхэлж, хил даган өссөн хилчин хүүхдүүд 5 нас хүрээд төв суурин газарт амьдардаг эмээ, өвөө, ах, дүү, хамаатан саднуудаа барааддаг байна. Хил хамгаалах байгууллагаас эл асуудлыг шийдэх зорилт тавьж гурван яамны дэмжлэгтэйгээр Хилийн цэргийн 0306 дугаар ангид цэцэрлэг, сургууль барьж байгуулснаар өнөөдөр тус ангийн хилчин хүүхдүүд ээж, аавынхаа хажууд боловсрол эзэмшиж байна. Тун удахгүй бусад анги салбаруудад ч энэ боломж нээлттэй болж Б.Бүрэнбатынх шиг олон хилчин гэр бүл хүүхдүүдээ санаж, шаналахгүй амар тайван хилээ манах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Х.Нямбаатар: Надад 1 тэрбум төгрөг байхгүй. Хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй
Х.Нямбаатар: Надад 1 тэрбум төгрөг байхгүй. Хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй
 
Өнөөдөр Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглоно
Өнөөдөр Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглоно
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!