"Ноорог.мн" сайтын ажилчдаас мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Цаг үеийн асуудалтай холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс МЭДЭГДЭЛ гаргалаа. МЭДЭГДЭЛД:
"Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ нь хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг дээдлэх, хараат бус чөлөөт хэвлэлийг бэхжүүлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ дагуу дээрх үнэт зүйлсийг хөндөн ганхуулах аливаа үйлдэл, тэр дундаа төр, засгийн болоод хууль хүчний байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй хүчирхийллийн шинжтэй шийдвэр, үйл ажиллагаанд эрс шүүмжлэлтэй хандсаар ирсэн болно.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, түүний хэвлэн нийтэлсэн агуулгын талаарх гомдол маргааныг хуулийн байгууллага шалгах явцдаа ажилтан албан хаагчид нь хууль журмаас гадуур төдийгүй айлган сүрдүүлэх, эрүүдэн шүүх арга хэлбэрийг ашиглах, тухайлбал амралтын өдөр, ажлын бус цагаар гэнэт дуудан ирүүлэх, баривчлахаар сүрдүүлэх, байцаалт авах, ар гэрийнхэн, өндөр настай аав, ээж рүү нь утасдах, гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгуулан сэтгэл зүйн дарамт учруулах зэргээр авирлах нь удаа дараа давтагдаж байгаад харамсаж байна.
Тухайлбал www.asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэгийг 2025 оны 03 дугаар сарын 16 буюу ням гарагийн 22:00 цагийн үед гэрт нь мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудас гэгчийг гардуулан өгсөн байна. Энэ нь шууд бусаар хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй үйлдэл бөгөөд тухайн сэтгүүлчийг айлган сүрдүүлэх, ар гэрийнхэнд нь сэтгэл зүйн дарамт үзүүлсэн хэлбэр гэж үзэж байна.
Түүнчлэн www.noorog.mn сайтын редакцын ажлын байранд нэгжлэг хийх, шөнийн цагаар сэтгүүлч, ажилтнуудаас байцаалт, мэдүүлэг авсан нь хэвлэлийн хараат бус байдал, хүний эрхэд бүдүүлгээр халдаж буй хэрэг юм.
Дээрх үйлдлүүдийн талаар цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын удирдлагууд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн төлөөллийг биеэр хүлээн авч уулзан албан ёсны тайлбар өгөхийг шаардаж байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!