Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулан ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж оройны 10.00 цагаас өглөөний 05.00 хүртэл мэдүүлэг авсан талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Цэнгүүн ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод Ноорог.мн сайтын залуусыг шалгаж буй талаар мэдээлэл өгөх шаардлага хүргүүлсэн байна. Тэрбээр, энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тодруулбал, "Өчигдөр орой буюу 03 сарын 17-ны 22:00 цагийн үед Цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид Ноорог.мн сайтын ажлын байранд нэгжлэг хийж, тоног төхөөрөмж, эд зүйлс хурааж, өглөөний 05:00 цаг хүртэл тус сайтын 8 ажилтныг саатуулан, мэдүүлэг авсан тухай олон нийтэд мэдээлэл түгээд байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 19.9.1 заалтыг үндэслэж, хойшлуулшгүй, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэжээ.
Монголд өмнө нь ч энэ төрлийн гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Ганц сайтын үйл ажиллагаанаас шалтгаалж, үндэсний эв нэгдэл алдагдана гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 19.9.1 заалт нь Тагнуулын байгууллагын эрх үүрэгт хамаарах байтал Цагдаагийн байгууллага өөрт хамаатуулан Гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хуулийн зөрчил болох үндэслэл харагдаж байна.
Гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хүний эрхийг хангаж ажилласан уу? Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн үү? Эрүүдэн шүүлт явагдсан уу? Хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан уу. Эдгээр асуудлыг холбогдох хууль, хяналтын байгууллага яаралтай шалгах ёстой.
УИХ-ын гишүүний хувьд Цагдаагийн байгууллагаас “Гүйцэтгэх ажиллагаа”-тай холбоотой мэдээллийг хуулийн хүрээнд олон нийтэд өгөхийг шаардаж байна" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!